| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 101/2016/00908/И |
| Дугаар | 001/ХТ2017/00033 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2017/00033
“Алтансан актив ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05768 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1757 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 64 532 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтансан актив ББСБ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Д.Нарантуяа, Я.Ганхуяг нартай 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлүүлэхээр 40000058 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 40000058-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Ү-2204000989 Г-0057311 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байр 131 тоот хаягт байрлалтай 40 м.кв, Я.Ганхуяг, Д.Нарантуяа, Г.Энх-Амар нарын нэр дээр бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд авсан. Зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн 11-395642 дугаартай барьцаалбар үйлдсэн.Д.Нарантуяа, Я.Ганхуяг нар нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 2 200 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 9 758 646 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй байна.Иймд хариуцагч нараас нийт 64 532 258 төгрөгийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон байраа “Алтансан актив ББСБ” ХХК-д тавьж ийм их хэмжээний зээл аваагүй төдийгүй энэ асуудлыг мэдэхгүй байна. Мөн зээлийн баримт дээр зурсан гарын үсэг бол миний гарын үсэг биш юм. Миний бие хүнд өвчний улмаас эмнэлгээр олон сар эмчлүүлж байгаа бөгөөд энэ асуудлыг нэхэмжлэл гардаж аваад мэдсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Алтансан актив ББСБ” ХХК-иас зээлсэн мөнгийг миний бие захиран зарцуулаагүй төдийгүй энэ мөнгийг иргэн Б.Ариунжаргалд шууд шилжүүлсэн болно. Энэ тухай “Алтансан актив ББСБ” ХХК мэдэж байгаа болно. “Алтансан актив ББСБ” ХХК-д зээлийн эргэн төлөлтөө иргэн Б.Ариунжаргал нь хийхгүй байсан тул түүний өмнөөс миний бие 12 000 000 төгрөгийг төлчихөөд байхад үүнийг хасч тооцолгүйгээр илүү их мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05768 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 51 704 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Я.Ганхуяг, Г.Энх-Амар, Д.Нарантуяа нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204000989 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 131 тоот 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 416 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1757 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “452.1” гэснийг хасч, “452.2” гэсний дараа “453.1” гэж нэмж, “51 704 159” гэснийг “64 532 258” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, мөн заалтын “416 470 төгрөг” гэснийг “480 611 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1757 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “талууд зээлийн гэрээний 3.9-д “Зээл ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд төлнө гэсний дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 828 099 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05768 тоот шийдвэрт зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаа буюу 6 cap төлнө гэж тайлбарласан хариуцагчийн тайлбар үндсэлэлгүй талаар дурдаж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааний хүү буюу 333 хоногийн хүүд 22 200 111 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.Гэтэл анхан шатны шүүх ашигласан хугацааны хүүг гаргаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр дахин 12 828 099 төгрөгийг гаргуулж байгаа нь тодорхойгүй. Хариуцагч нь 40 000 000 төгрөг зээлж, зээлийн хариу төлбөрт 11 958 646 төгрөгийг төлсөн. Давж заалдах шатны шүүх 64 532 258 төгрөг төл гэж гаргасан шудрага ёсонд нийцэхгүй ба 40 000 000 төгрөгийн зээл авчихаад 77 557 824 төгрөг болгон буцаан өгөх учиргүй юм.Иймд анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05768 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчидын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны залруулга хийснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчидын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39 933 328 төгрөг, зээлийн хүү 20 499 108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 099 821 төгрөг нийт 64 532 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар зээлийн мөнгийг өөр этгээд хэрэглэсэн, нэхэмжлэлийн үнийн дүн буруу гэж шаардлагыг татгалзжээ.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх үндэслэлгүйгээр 12 828 099 төгрөгийг хариуцагчийн хүлээх үүргээс хассан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1., 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол үндсэн зээл болон хүүгээс гадна хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч нарыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн хамт төлөх үүрэгтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцдог бөгөөд хариуцагч нарын зүгээс Г.Гал-Очирт олгосон итгэмжлэлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1757 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН