Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00031

 

“.......... банк бус санхүүгийн

байгууллага” ХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г..........., Б........... нарт

холбогдох  иргэний хэргийн тухай

 

 

..........аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

..........аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 142/ШШ2021/01313 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “.......... банк бус санхүүгийн байгууллага” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г..........., Б........... нарт холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэг 97.925.325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй

“.......... банк бус санхүүгийн байгууллага” ХК-ийн зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .......... ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

............. ББСБ ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г..........., Б........... нарт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлсэн. Мөн С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч Г...........ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, ..........аймаг .......... сумын 4-р баг .......... хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-.......... дугаартай, ..........аймаг .......... сумын .......... баг 11-р хороолол Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалтай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлтэй төлдөг, зарим сард төлөлт хийдэггүй ба, зээл авсан өдрөөс хойш нийт 12.907.360 /Арван хоёр сая есөн зуун долоон мянга гурван зуун жаран/ төгрөг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Г..........., Б........... нар нь зээлийн гэрээний 5.4; 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байдаг. Зээл олгосон өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 59.968.726.65 /Тавин есөн сая есөн зуун жаран найман мянга долоон зуун хорин зургаан төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, төлөх ёстой хүү 31.585.509.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.032.660.01 нийт 92.586.895.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн зээлийн гэрээний үлдэгдлээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8.500 /Найман мянга таван зуун/ төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт төлбөр болох 92.595.395.69 /Ерэн хоёр сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г...........ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, ..........аймаг .......... сумын 4-р баг .......... хийд байр хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-.......... дугаартай, ..........аймаг .......... сумын .......... баг 11-р хороолол Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү. Мөн манай байгууллага Ковид-19 цар тахпын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд нөхцөл өөрчлөх боломж олгон шийдвэрлэсэн. Хариуцагч нарын хувьд 2020 оны 04 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй бөгөөд нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч .......... ББСБ ХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

.......... ББСБ" ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г..........., Б........... нарт 60.000.000 /жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтад зээлдүүлсэн байдаг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний 3.5 дахь хэсэгт заасан хүүний хөнгөлөлтийг эдэлдэг болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргүүдээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас манай байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийн гэрээний үүрэгт нийт 92.595.395.69 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын дээрх үнийн дүн нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцоолсон зээлийн үлдэгдэл дүн юм. Гэвч анх нэхэмжлэл гаргахад зээлийн үлдэгдэл, хүүний тооцооллыг гаргаснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 59.968.726.65 төгрөг, төлөх ёстой хүү 37.077.621,27 төгрөг нэмэгдүүлсэн хүү 863.105.88, шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8.500 төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт 97.925.325.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн дансны хуулганы тайлбар: Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөлтөө хийж байсан учир манай байгууллага энэ хугацаанд гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу хөнгөлөлттэй хүүгээр хүүний тооцооллыг хийж байсан. Гэвч зээлдэгч нь үүнээс хойш эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр хугацаандаа төлөлтөө хийгээгүй зөрчил гаргаж эхэлсэн учир Зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасан үндсэн хүүгээр тооцоолол хийж эхэлсэн болно. Мөн Монгол банкнаас ковид цаг үед авч хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих арга хэмжээний дагуу 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг зогсоож, хөнгөлөлттэй хүүгээр тооцоолж эхэлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г...........ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.......... дугаартай, ..........аймаг .......... сумын 4-р баг, .......... хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-.......... дугаартай, ..........аймаг .......... сумын .......... баг 11-р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

.......... ББСБ-аас зээлдэгч, ..........аймагт оршин суух иргэн Г..........., Б........... нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 92.586.859 төгрөг 69 мөнгөний нэхэмжлэл гаргасан ба зээлдэгч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Үүнд: 1. Зээлдэгч нар зээл хүсэхдээ зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкетад Г........... бизнесийн сарын орлого 12.000.000 төгрөг, зарлага 800.000 төрөг, Б........... сарын цалингийн орлого 1.100.000 төгрөг, бизнесийн орлого 4.000.000 төгрөг, сарын зарлага 1.800.000 төгрөг гэж тодорхойлсон ба барьцаалбар болгосон 425 м2 талбайтай хувийн орон сууц, 337 м2 талбайтай эзэмшил газар нь эрхийн зөрчилгүй байсан нь зээлийн гэрээ байгуулж, түүний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах бүрэн боломжтой гэж үзэж шийдвэр гаргах үндэслэл болсон байна. 2. Зээлийн хүүгийн хувьд сарын 4.4 хувь нь манай ББСБ-д мөрдөж байсан үндсэн хүү мөн бөгөөд зээлдэгчийн хувьд ганцхан энэ хүүг санал болгож гэрээ байгуулаагүй, сонгох нөхцөлтэй буюу зээлийн хүүг "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-т заасан хугацаандаа бүрэн төлөөд явбал "хөнгөлөлттэй хүү" буюу сарын 3.4 хувиар тооцохоор тохиролцсон байгаа. Зээлдэгч нар зээл авснаас хойш 2019 оны 08 сарын 25, 2019 оны 9 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 25-нд "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-иар тохиролцсон хугацаандаа хүүгээ хөнгөлөлттэй нөхцөлөөр төлсөн ба бусад хугацаанд хуваарь зөрчсөн тул хөнгөлөлттэй нөхцөлөөр хүүг тооцох үндэслэлгүй болсон байна. 3. .......... ББСБ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зээлийн үйл ажиллагааг Банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд явуулдаг. Энэ хуулийн 21, 22, 24 дүгээр зүйлд Зээлийн гэрээ, зээлийн хүүгийн харилцааг зохицуулсан ба зээлийн хүүг зээлдүүлэгч, зээлдэгч харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр тогтоох явдлыг хуульчилсан. Зээлдэгч Г..........., Б........... нартай байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн энэ шаардлага болон Иргэний хуульд заасан гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байх шинжийг хангасан тул зээлийн хүүг зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх бодит болон хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал, Ж.Нямаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

".......... ББСБ" ХК-ийн нэхэмжлэлийн шарлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. ".......... ББСБ ХК-ийн ..........аймаг дахь " .......... ББСБ" ХК-ийн салбараас 2019-07-29-ний өдөр миний төрсөн охин Г..........., иргэн Б...........той хамтран 60,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 60,0 сая төгрөгийг аваад үүнээсээ 0 сая төгрөгийг төлсөн. Энэ зээлийг авахдаа охин маань өөрийн өмчлөлийн газраа барьцаанд тавьсан юм. ".......... ББСБ" ХК-ийн нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч өөрийн төв болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж 10/1 Твин туэр-1-ийн 13 давхарт байрлах төвөөс нь авсан мэт харагдаж байна. Харин хоёр талын зээлийн гэрээнээс харах юм бол ".......... ББСБ" ХК-ийн ..........аймаг дахь Эрдэнэт салбараас 60,0 сая төгрөгийн зээлийг сарын 4.4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагч бид нарын төлөх учиртай төлбөр гэвэл: 60,0 саяаас төлсөн төгрөгийг хасаад үлдэх төгрөгийг төлж барагдуулна. Хүү төлөхгүй болохоо дараах хууль зүйн үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д: "хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох" гэсний дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2016-05-17-ны өдрийн 159 дугаартай тогтоолоороо " .......... ББСБ" ХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна. 3ээлийн болон барьцааны гэрээнүүд дээр дарсан тэмдгээс харахад ".......... ББСБ" ХХК-ийн ..........аймаг дахь Эрдэнэт салбар гэсэн байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т: "Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ" гэжээ. Мөн хуулийн 15 дугаар зүйлд: Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл гээд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-1-д: "банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх" гэжээ. З. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 Банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа"-г эрхлэн явуулах эрхтэй болохыг заажээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д: "банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуульд заасан "бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болохыг хуульчилжээ. 5. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д: "Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгоно" гэжээ. 6. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д: "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг" хэлнэ гэжээ. 7. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно" гэжээ. 8. Мөн хуулийн 9 дугаар зүйлийн 9.3-т: "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана" 9. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т: "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ" гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн буюу нэхэмжлэлдээ дурдсан /хавсаргасан/ нотлох баримтуудаас харахад Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлөө хавсаргаж өгөөгүй байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны "Веб сайт"-д Эрдэнэт салбар байгуулж тусгай зөвшөөрөл аваагүй болох нь харагдаж байгаа нь хүү шаардах эрхгүй болох нь харагдаж байна. Иймд: ".......... ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 45.502.755.69 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 47.092.640 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч Г..........., Б........... нар 2019 оны 07 сарын 29-ний өдөр ".......... ББСБ" ХК-ийн ..........аймаг дахь салбараас 60.000.000 төгрөгийг сарын 4.4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний дагуу 6 сарын хугацаанд зээлийн хүүд 12.907.360 төгрөг төлөөд үндсэн зээлээ төлөх сараас эхлээд Дэлхий нийтээр корона вирус нэртэй халдварт тахал өвчин гарч улмаар үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хааснаар орлого байхгүй болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байна. ".......... ББСБ" ХК-ийн ..........аймаг дахь салбараас зээл авсан байхад Улаанбаатар хот СБД-ийн 2-р хорооны хутаг дэвсгэрт байрлах ББСБ-аас зээл авсан мэтээр зээлийн гэрээнд бичигдсэн байгаа юм. Мөн ..........аймагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ ХК-ийн зээлийн хүүгийн дээд тал нь 3% байхад /зээлийн хэмжээнээсээ шалтгаалаад/ 4.4%-ийн зээлийн хүү хэт өндөр байна. Тухайлбал: 60.000.000 * 4.4%-12 сар = жилийн хүү 52.8% болж байна, 60.000.000 * 52.8%-иар тооцоход жилийн хүү = 31.680.000 төгрөг, 31.680.000 төгрөгийг 365 хоногтоо хуваахад = 86.794 төгрөгийн өдрийн хүү бодогдож байгаа юм. 86.794 өдрийн хүүг 30 хоногоор тооцвол = 2.603.000 төгрөг болж байгаа юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т: "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэжээ. ".......... ББСБ" ХК-ийн зээлийн хүү хэт өндөр байгаагийн дээр Дэлхий даяар болон Улс даяар цар тахлын улмаас олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон явдлуудаас үүдэлтэй хариуцагч нар давхар давхар хохирч эрх нь хөндөгдөж байна. Иймд:".......... ББСБ" ХК-ийн зээлийн хүүг бууруулж 3% болгож өгнө үү гэжээ.

..........аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/01313 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 242 дугаар зүйлийн 242.3.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г..........., Б........... нараас тус бүр 48.962.664 төгрөг гаргуулан .......... ББСБ ХК-д олгож, .......... ББСБ ХК-д холбогдуулан гаргасан зээлийн хүүг гурван хувь болгуулах Г..........., Б........... нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Г..........., Б.Буянцог нь .......... ББСБ ХК-д төлөх 97.925.328 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-.......... дугаарт бүртгэлтэй ..........аймаг .......... сумын 4-р баг, .......... баг хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-.......... дугаарт бүртгэлтэй ..........аймаг .......... сум .......... 11-р хороолол Г хэсэг 337.00 м.кв эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийн хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721 156 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г..........., Б........... нараас тус бүр 360.578 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

      “.......... ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй Г...........,Б........... нарт хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг ..........аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021.12.21-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 142/ШШ2021/01313 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. “.......... ББСБ” ХК ..........аймаг дахь салбараас зээлдэгч нар 2019-07-29-ний өдөр 60.0 сая төгрөгийг сарын 4.4%-ийн зээлийг 24 сарын хугацаатай аваад үүнээсээ 12.907.360 төгрөгийн төлбөрийг төлсөн. Хоёр талын гэрээний 7.1.3-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн түүнчлэн гэрээг байгуулах үеийн нөхцөл байдал илтэд өөрчлөгдсөн           тохиолдолд Зээлдүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг цуцлах, зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон өөрт учирсан хохирлыг барагдуулахыг шаардах гэсэн заалт дан ганц зээлдэгчийн эрх үүрэг гэсэн хэсэгт байгаа нь зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон зохицуулалт гэж үзэж байна. Иргэний хуулийн 220-р зүйл нь Нөхцөл нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гэжээ.Хуулийн энэхүү зохицуулалалт хоёр талд ижил хэмжээгээр үйлчлэх учиртай тул 2019 оны сүүлээр буюу 2020 оны 1-р сараас эхлээд дэлхий нийтээр цар тахал гарч хөл хорио тогтоосноор зээлдэгч нар ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадахгүй алдагдалд орсон. Мөн .......... ББСБ ХК-ийн нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч өөрийн төв болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж 10/1 Твин туэр-1-ийн 13 давхарт байрлах төвөөсөө зээлдэгч нарт зээл олгосон байх бөгөөд нэхэмжлэлийн агуулгаас харахад .......... ББСБ ХК-ийн ..........аймаг дахь Эрдэнэт салбараас 60.0 сая төгрөгийн зээлийг сарын 4.4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай олгосон байдаг. Зээлийн хүү төлөхгүй болохоо дараах хууль зүйн үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1-д:"хуульд заасан нөхцөл,журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох"гэсний дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2016-05-1 7-ны өдрийн 159 дугаартай тогтоолоороо “.......... ББСБ” ХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна. 3ээлийн болон барьцааны гэрээнүүд дээр дарсан тэмдгээс харахад ".......... ББСБ” ХК-ийн ..........аймаг дахь ЭРДЭНЭТ салбар гэсэн байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.4-т:"Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ"гэжээ.Мөн хуулийн 15-р зүйлд:Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл гээд мөн хуулийн 15-р зүйлийн 15.3-1-д:"банк бус санхүүгийн үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д:"банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа"-г эрхлэн явуулах эрхтэй болохыг заажээ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.2.1-д:"банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуульд заасан"бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болохыг хуульчилжээ. Мөн хуулийн 22-р зүйлийн 22.1-д:"Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгоно"гэжээ. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1 -д: “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг"хэлнэ гэжээ. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.1-д"Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн ' зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно” гэжээ. Мөн хуулийн 9-р зүйлийн 9.3-т: “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл,эрхлэх хугацааг тодорхой заана. Мөн хуулийн 9-р зүйлийн 9.4-т:"Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар,төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ” гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн буюу нэхэмжлэлдээ дурдсан /хавсаргасан/нотлох баримтуудаас харахад Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлөө нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлээгүй.  Иймд ..........аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-12-21-ний өдрийн 142/ШШ2021/01313 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж “.......... ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 50.832.688 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 47.092.640 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

 Давж заалдах гомдолтой танилцлаа. Зээлдүүлэгч Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020.11.20-нд В/281 тоот тушаал гаргасан. Энэ тушаалаар зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг 2020оны 11 дүгээр сарын 01-ээс зогсоосон ба энэ хугацаанаас хойш Г..........., Б........... нараас нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй. Мөн тушаалаар зээлийн хүүг 2020.11.01-ээс 2021.05.14 хүртэл гэрээнд заасан сарын 4.4 хувиар биш хөнгөлөлттэй хүү буюу сарын 3.3 хувиар тооцохоор зохицуулсан ба хариуцагч нараас энэ 3.3 хувиар хүүг бодож нэхэмжилсэн. Энэ байдал нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулж зээлдэгч нарт дарамт хохирол багатай байх боломжийг зээлдүүлэгч хангасан. Зээлийн үйл ажиллагаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам зөрчсөн гэсэн нь огт үндэслэлгүй зүйл. Гомдол гаргагч тусгай зөвшөөрлийн эрх бүхий субъектийн талаар, түүний үйл ажиллагаа, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрөө төөрөлдсөн бололтой байна. Энэ хэрэг 2021.05.14-өөс хойш зөвхөн шүүхийн үйл ажиллагаанаас шалтгаалж ихээхэн хугацаа алдаж байгааг анхаарч даруй шийдвэрлэж өгөхийг хүсье. Давж заалдах хуралд оролцож гомдолд үндэслэлтэй тайлбар гаргаж, хэрэгт байгаа нотлох баримтыг судлуулна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч .......... банк бус санхүүгийн байгууллага ХК нь хариуцагч Г..........., Б........... нараас зээлийн гэрээний үүрэгт 97.925.325.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 47.092.640 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй, зээлийн хэт өндөр хүүтэй зээл өгсөн хүүг төлөхгүй, ..........аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бусад банк бус санхүүгийн байгууллагын хүүтэй дүйцүүлэн хүүг 3% болгож бууруулж төлнө гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч Г........... Б........... нар нь .......... банк бус санхүүгийн байгууллага ХК-ийн ..........салбараас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №18019072901 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60 сая төгрөгийн зээлийг сарын 4.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар авсан байх ба зээлийн барьцаанд Г...........ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй ..........аймаг .......... сум 4-р баг .......... баг дугуй дэлгүүрийн ард байрлалтай 425 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус багийн 11 дүгээр хороолол Г хэсэг 337 м2 талбай бүхий газрыг тус тус барьцаалсан, зээлийн гэрээний хугацаанд 12.907.360 төгрөг төлсөн боловч 2020 оны 04 дүгээр сараас хойш зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, үндсэн зээл 59.968.726.65 төгрөг, зээлийн хүү 37.077.621.27 төгрөг, нэмэгдсэн хүү 863.105.88 төгрөг нийт 97.909.453 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 452, 453.-д зааснаар гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдсэн хүү төлөхөөр гэрээнд заасан болно..., ... хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлттэй төлдөг. 2020 оны 4 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй нь зээлийн гэрээний 2.1.11.-т заасан ноцтой зөрчил гаргасан, зээлийн хүү төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, хариуцагч нараас нараас 97.909.453 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасантай нийцжээ.

.......... банк бус санхүүгийн байгууллага ХК-ийн ..........салбартай байгуулсан №18019072901 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч Б........... хамтран зээлдэгчээр оролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүргийг хамтран гүйцэтгэх үүрэгтэй. Барьцааны гэрээгээр 2 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй, шүүх тухайн гэрээг хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 56, 175 дугаар зүйлд нийцсэн байна.

Улс орон даяар тархсан цар тахал халдварт өвчин Ковид-19-тэй холбоотойгоор .......... банк бус санхүүгийн байгууллага ХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/281 тоот тушаал гарч зээл төлөлтийн хугацаа сунгах, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцох нэмэгдсэн хүүг 2020 оны 11 дүгээр сарын 01-ээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний хоорондох хугацаанд хөнгөлөх, тооцохгүй байхыг зохицуулсан байх ба энэ хугацааны нэмэгдсэн хүүг хариуцагч нарт тооцоогүй, нэхэмжлээгүй байна. /ХХ 22-23 дугаар тал/

Монгол улсын Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн З101/554/С07дугаартай нэгжийн зөвшөөрлийн гэрчилгээгээр .......... банк бус санхүүгийн байгууллага ХК-ийн “..........салбар-07” салбар байгуулагдсан байна. /ХХ 42, 43 дугаар тал/

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1...........аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2021/01313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412.114 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ