Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2021/01313

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж 10/1 Твин тауэр-1 13 давхарт байрлах ИББСБ ХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Г хэсэг 127 тоотод оршин суух Боржигон овгийн Ганбатын Г.Х /регистрийн дугаар/,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-82 тоотод оршин суух Тайжнар овгийн Бүджавын Б.Б /регистрийн дугаар: 2/ нарт холбогдох,

97 925 325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

ИББСБ ХК-ийн зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ИББСБ ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г.Г.Х, Б.Б.Бт нарт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлсэн. Мөн С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч Г.Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороолол Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалтай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлтэй төлдөг, зарим сард төлөлт хийдэггүй ба, зээл авсан өдрөөс хойш нийт 12 907 360 /Арван хоёр сая есөн зуун долоон мянга гурван зуун жаран/ төгрөг төлж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Г.Г.Х, Б.Б.Бт нар нь зээлийн гэрээний 5.4; 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байдаг. Зээл олгосон өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 59 968 726.65 /Тавин есөн сая есөн зуун жаран найман мянга долоон зуун хорин зургаан төгрөгжаран таван мөнгө/ төгрөг, төлөх ёстой хүү 31 585 509.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 032 660.01 нийт 92 586 895.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн зээлийн гэрээний үлдэгдлээс гадна шүүхэд нэхэмжпэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8 500 /Найман мянга таван зуун/ төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт төлбөр болох 92 595 395.69 /Ерэн хоёр сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г.Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг Хүрэнбулаг хийд байр хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороолол Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү. Мөн манай байгууллага Ковид-19 цар тахпын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд нөхцөл өөрчлөх боломж олгон шийдвэрлэсэн. Хариуцагч нарын хувьд 2020 оны 04 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй бөгөөд нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч ИББСБ ХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ИББСБ" ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр В18019072901 тоот Зээлийн гэрээ, С18019072901 тоот Зээлийн барьцааны гэрээгээр Г.Г.Х, Б.Б.Бт нарт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг, сарын 4.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтад зээлдүүлсэн байдаг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний 3.5 дахь хэсэгт заасан хүүний хөнгөлөлтийг эдэлдэг болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргүүдээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас манай байгууллага шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийн гэрээний үүрэгт нийт 92 595 395.69 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжпэлийн шаардлагын дээрх үнийн дүн нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцоолсон зээлийн үлдэгдэл дүн юм. Гэвч анх нэхэмжпэл гаргахад зээлийн үлдэгдэл, хүүний тооцооллыг гаргаснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Зээлдэгч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 59 968 726.65 төгрөг, төлөх ёстой хүү 37 077 621,27 төгрөг нэмэгдүүлсэн хүү 863 105.88, шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой гарсан нотариатын зардалд 8 500 төгрөгийн авлагын зардал гарсан байна. Ингээд нийт 97 925 325.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн дансны хуулганы тайлбар: Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөлтөө хийж байсан учир манай байгууллага энэ хугацаанд гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу хөнгөлөлттэй хүүгээр хүүний тооцооллыг хийж байсан. Гэвч зээлдэгч нь үүнээс хойш эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээр хугацаандаа төлөлтөө хийгээгүй зөрчил гаргаж эхэлсэн учир Зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасан үндсэн хүүгээр тооцоолол хийж эхэлсэн болно. Мөн Монгол банкнаас ковид цаг үед авч хэрэгжүүлсэн эдийн засгийг дэмжих арга хэмжээний дагуу 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүг зогсоож, хөнгөлөлттэй хүүгээр тооцоолж эхэлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Зээлийн барьцааны гэрээний дагуу Г.Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг хийд байр, хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаартай, Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 11-р хороолол, Г хэсэгт байрлах 337 м.кв амины орон сууцны зориулалттай газраар хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ИББСБ-аас зээлдэгч, Орхон аймагт оршин суух иргэн Г.Г.Х, Б.Б.Бт нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 92 586 859 төгрөг 69 мөнгөний нэхэмжлэл гаргасан ба зээлдэгч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Үүнд: 1. Зээлдэгч нар зээл хүсэхдээ зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкетад Г.Г.Х бизнесийн сарын орлого 12 000 000 төгрөг, зарлага 800 000 төрөг, Б.Б.Бт сарын цалингийн орлого 1 100 000 төгрөг, бизнесийн орлого 4 000 000 төгрөг, сарын зарлага 1 800 000 төгрөг гэж тодорхойлсон ба барьцаалбар болгосон 425 м2 талбайтай хувийн орон сууц, 337 м2 талбайтай эзэмшил газар нь эрхийн зөрчилгүй байсан нь зээлийн гэрээ байгуулж, түүний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах бүрэн боломжтой гэж үзэж шийдвэр гаргах үндэслэл болсон байна. 2. Зээлийн хүүгийн хувьд сарын 4.4 хувь нь манай ББСБ-д мөрдөж байсан үндсэн хүү мөн бөгөөд зээлдэгчийн хувьд ганцхан энэ хүүг санал болгож гэрээ байгуулаагүй, сонгох нөхцөлтэй буюу зээлийн хүүг "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-т заасан хугацаандаа бүрэн төлөөд явбал "хөнгөлөлттэй хүү" буюу сарын 3.4 хувиар тооцохоор тохиролцсон байгаа. Зээлдэгч нар зээл авснаас хойш 2019 оны 08 сарын 25, 2019 оны 9 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 25-нд "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-иар тохиролцсон хугацаандаа хүүгээ хөнгөлөлттэй нөхцлөөр төлсөн ба бусад хугацаанд хуваарь зөрчсөн тул хөнгөлөлттэй нөхцөлөөр хүүг тооцох үндэслэлгүй болсон байна. 3. ИББСБ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зээлийн үйл ажиллагааг Банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд явуулдаг. Энэ хуулийн 21, 22, 24 дүгээр зүйлд Зээлийн гэрээ, зээлийн хүүгийн харилцааг зохицуулсан ба зээлийн хүүг зээлдүүлэгч, зээлдэгч харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр тогтоох явдлыг хуульчилсан. Зээлдэгч Г.Г.Х, Б.Б.Бт нартай байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн энэ шаардлага болон Иргэний хуульд заасан гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байх шинжийг хангасан тул зээлийн хүүг зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх бодит болон хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгуй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал, Ж.Нямаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "ИББСБ" ХК-ийн нэхэмжлэлийн шаарлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. "ИББСБ ХК-ийн Орхон аймаг дахь " ИББСБ" ХК-ийн салбараас 2019-07-29-ний өдөр миний төрсөн охин Г.Г.Х, иргэн Б.Б.Бттой хамтран 60,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 60,0 сая төгрөгийг аваад үүнээсээ 0 сая төгрөгийг төлсөн. Энэ зээлийг авахдаа охин маань өөрийн өмчлөлийн газраа барьцаанд тавьсан юм. "ИББСБ" ХК-ийн нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч өөрийн төв болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо Сөүлийн гудамж 10/1 Твин туэр-1-ийн 13 давхарт байрлах төвөөс нь авсан мэт харагдаж байна. Харин хоёр талын зээлийн гэрээнээс харах юм бол "ИББСБ" ХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбараас 60,0 сая төгрөгийн зээлийг сарын 4.4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагч бид нарын төлөх учиртай төлбөр гэвэл: 60,0 саяаас төлсөн төгрөгийг хасаад үлдэх төгрөгийг төлж барагдуулна. Хүү төлөхгүй болохоо дараах хууль зүйн үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д: "хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох" гэсний дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2016-05-17-ны өдрийн 159 дугаартай тогтоолоороо " ИББСБ" ХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна.

2. 3ээлийн болон барьцааны гэрээнүүд дээр дарсан тэмдгээс харахад "ИББСБ" ХХК-ийн Орхон аймаг дахь Эрдэнэт салбар гэсэн байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т: "Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ" гэжээ. Мөн хуулийн 15 дугаар зүйлд: Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл гээд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-1-д: "банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх" гэжээ. З. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 Банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа"-г эрхлэн явуулах эрхтэй болохыг заажээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д: "банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны хуульд заасан "бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болохыг хуульчилжээ. 5. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д: "Энэ хуулийн 3.1-д заасан санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгоно" гэжээ. 6. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д: "банк бус санхүүгийн үйл ажлллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг" хэлнэ гэжээ. 7. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно" гэжээ. 8. Мөн хуулийн 9 дугаар зүйлийн 9.3-т: "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана" 9. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т: "Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ" гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн буюу нэхэмжлэлдээ дурьдсан /хавсаргасан/ нотлох баримтуудаас харахад Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлөө хавсаргаж өгөөгүй байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны "Веб сайт"-д Эрдэнэт салбар байгуулж тусгай зөвшөөрөл аваагүй болох нь харагдаж байгаа нь хүү шаардах эрхгүй болох нь харагдаж байна. Иймд: "ИББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 45 502 755=69 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 47 092 640 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Г.Х, Б.Б.Бт нар 2019 оны 07 сарын 29-ний өдөр "ИББСБ" ХК-ийн Орхон аймаг дахь салбараас 60 000000 төгрөгийг сарын 4.4%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн гэрээний дагуу 6 сарын хугадаанд зээлийн хүүд 12 907 360 төгрөг төлөөд үндсэн зээлээ төлөх сараас эхлээд Дэлхий нийтээр корона вирус нэртэй хардварт тахал өвчин гарч улмаар үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хааснаар орлого байхгүй болж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн байна. "ИББСБ" ХК-ийн Орхон аймаг дахь салбараас зээл авсан байхад Улаанбаатар хот СБД-ийн 2-р хорооны хутаг дэвсгэрт байрлах ББСБ-аас зээл авсан мэтээр зээлийн гэрээнд бичигдсэн байгаа юм. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ ХК-ийн зээлийн хүүгийн дээд тал нь 3% байхад /зээлийн хэмжээнээсээ шалтгаалаад/ 4.4%-ийн зээлийн хүү хэт өндөр байна. Тухайлбал:

1. 60 000 000 * 4.4%-12 сар = жилийн хүү 52.8% болж байна.

2. 60 000 000 * 52.8%-иар тооцход жилийн хүү = 31 680 000 төгрөг

3. 31 680 000 төгрөгийг 365 хоногтоо хуваахад = 86 794 төгрөгийн өдрийн хүү бодогдож байгаа юм.

4. 86 794 өдрийн хүүг 30 хоногоор тооцвол = 2 603 000 төгрөг болж байгаа юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т: "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэжээ. "ИББСБ" ХК-ийн зээлийн хүү хэт өндөр байгаан дээр Дэлхий даяар болон Улс даяар цар тахлын улмаас олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон явдалуудаас үүдэлтэй хариуцагч нар давхар давхар хохирч эрх нь хөндөгдөж байна. Иймд:"ИББСБ" ХК-ийн зээлийн хүүг бууруулж 3% болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ИББСБ ХК нь Г.Г.Х, Б.Б.Бт нарт холбогдуулан зээлийн үүрэг 97 925 325.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Г.Г.Х, Б.Б.Бт нар нь ИББСБ ХК-д холбогдуулан зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

ИББСБ ХК нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №В18019072901 дугаартай зээлийн гэрээ байгуулж Г.Г.Х, Б.Б.Бт нарт 60 000 000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлүүлж, барьцаанд хариуцагч Г.Г.Хын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг баг хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг 11-р хороолол Г хэсэг 337.00 м.кв эзэмшлийн газрыг барьцаалсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээл авсан талаар маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлээс 47 092 640 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс нь татгалзсан бөгөөд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ..."ИББСБ" ХК нь хариуцагч нарыг зээл авах үед тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол 16-нд гарсан байдаг. Орхон аймаг дахь салбараас зээл авсан байхад Улаанбаатар хот СБД-ийн 2-р хорооны хутаг дэвсгэрт байрлах ББСБ-аас зээл авсан мэтээр зээлийн гэрээнд бичигдсэн байна. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ ХК-ийн зээлийн хүүгийн дээд тал нь 3% байхад /зээлийн хэмжээнээсээ шалтгаалаад/ 4.4%-ийн зээлийн хүү хэт өндөр байна... гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зээлдэгч нар нийт 12 907 360 төгрөгийг төлсөн боловч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу огт төлөөгүй байна.

Одоогийн байдлаар нэхэмжлэгч нь үндсэн зээл 59 968 726.65 төгрөг, зээлийн хүү 37 077 621.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863 105.88 төгрөг, нийт 97 909 453 төгрөг төлөгдөөгүй болох нь хэрэгт ирүүлсэн зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч хугацаа хэтрэлттэй төлдөг, зарим сард төлөлт хийдэггүй, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь зээлийн гэрээний 2.1.11-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг буруутгах боломжгүй байх ба хариуцагч нар нь зээлийн хүү төлөхөөс татгалзсан нь үндэслэлгүй юм.

Иймд үндсэн зээл 59 968 726.65 төгрөг, зээлийн хүү 37 077 621.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 863 105.88 төгрөг нийт 97 909 453 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж ИББСБ ХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх ба тул хариуцагч нараас төлбөрийг тэнцүү гаргуулах нь зүйтэй байна.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулсан байх ба барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, Санхүүгийн зохицуулах хорооноос Эрдэнэт салбар байгуулж тусгай зөвшөөрөл аваагүй гэж тайлбарладаг.

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор ИББСБ ХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тус хорооны 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 443 дугаар тушаалаар ИББСБ ХК-нд Орхон аймаг Баян-Өндөр суманд Салбар-07-г байгуулахыг зөвшөөрч З101/554/С07дугаартай Нэгжийн зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна.

Нэгэнт ИББСБ ХК-д тусгай зөвшөөрлийг олгосон байхад Эрдэнэт салбарт тусгай зөвшөөрөл олгоогүй гэж буй нь үндэслэлгүй. Салбар, нэгж тус бүрд тусгай зөвшөөрөл олгохыг хуульчлаагүйг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Г.Г.Х, Б.Б.Бт нар нь "ИББСБ" ХК-д холбогдуулан зээлийн хүүг бууруулж 3 хувь болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэдэг.

Тухайн үед талууд гол нөхцөлөө тохироод өөрөөр хэлбэл хүүг тохиролцоод хариуцагч нар хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулсан байх ба, мөнгийг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авсан байна. Тиймээс шүүх талуудын тохиролцсон зээлийн хүүг бууруулах боломжгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721 156 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 721 156 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИББСБ ХК-д олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 242 дугаар зүйлийн 242.3.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Хонгрозул, Б.Б.Бт нараас тус бүр 48 962 664 төгрөг гаргуулан ИББСБ ХК-д олгож, ИББСБ ХК-д холбогдуулан гаргасан зээлийн хүүг гурван хувь болгуулах Г.Г.Х, Б.Б.Бт нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Г.Хонгрозул, Б.Б.Б нь ИББСБ ХК-д төлөх 97 925 328 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2101010593 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сумын 4-р баг, Хүрэнбулаг баг хойд дугуй дэлгүүрийн баруун талд байрлах 425 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Э-2101000222 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг 11-р хороолол Г хэсэг 337.00 м.кв эзэмшлийн газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийн хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721 156 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Г.Х, Б.Б.Бт нараас тус бүр 360 578 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА