Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 47

 

Ө.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 731 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1022 дугаар магадлалтай, Ө.Г-д холбогдох 1905004820702 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 425 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 887 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас 8 сарыг нэмж, биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 8 сар хорих ялаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 хоногийн ялын 1 жил хорих ялыг нэмж нийт 1 жил 8 сар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр 09-ний өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 , 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт биечлэн эдлэх ялыг 7 жил хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Ө. Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10-157 тоот М.А-н гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 182,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Ө.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Ө.Г-г цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ө.Г-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүх Ө.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. ... Анхан шатны шүүх Ө.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан Ө.Г-н мэдүүлэг зэргээс үзэхэд хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” буюу хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг бүрэн үндэстэй тогтоогдсон байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх Ө.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ... нотолбол зохих байдлуудыг нотлоогүй ... гэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаагаар дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж ...шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан магадлал болсон байна.

Хоёр. Ө.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.У-н орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдэл дээрээ баригдаж, эрүүлжүүлэгдэн улмаар цагдан хоригдож, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн байдаг. Энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос тодорхой харагддаг.

Ө.Г нь нэг цаг хугацаанд 2 өөр газар байх боломжгүй бөгөөд “тухайн гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч А-н эд зүйл алдагдах тухай цаг хугацаанд иргэн У-н гэрээс эд зүйл хулгайлж байгаад баригдаж хоригдсон” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т зааснаар хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг тогтоох үндэслэл болох боломжгүй юм.

Мөн тус хэргийн гэрч Л.Б... хэрэг гарсан гэх цаг хугацааны талаар тодорхой мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр “хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй” талаар дурдсан байдаг.

Гэмт хэргийн талаар эдгээр нөхцөл байдал баримтаар тогтоогдсоор байтал хэргийг хэдий хугацаанд, хэн үйлдсэнийг тогтоолгохоор давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 3, 7, 13, 14 дэх хэсэгт зааснаар үнэн зөв үнэлээгүйд, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчмуудыг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд заасан шаардлагад нийцсэн байна. Иймд  магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ө.Г-н өмгөөлөгч Л.Ганцэцэгийн гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ө.Г-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “... шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн өмсөж явсан гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй бөгөөд шүүгдэгч Ө.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Ө.Г-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж эргэлзээгүйгээр нотолсон “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна.

Гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг болно.

Дээрх хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Ө.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл, баримт цуглараагүй учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй алдааг тогтоож анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Г-г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ уг ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “шийтгэх тогтоол” гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй болно.

 

Иймд цагаатгах тогтоолд дээрх зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн  гаргасан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1022 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 731 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шийтгэх тогтоол ...” гэснийг “... цагаатгах тогтоол ...” гэж өөрчилж, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж

2. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР