Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 58

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 781 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1048 дугаар магадлалтай, Б.Б-т холбогдох 1909018290670 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Шинэ төгөл” орон сууцны гадна өсвөр насны буюу 11 настай Э.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж сагсны бөмбөгөөр нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо “... Миний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг огт авч хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүндрүүлж ялла гэсэн утгатайгаар буцааж миний эрх зүйн байдлыг улам дордуулж байна.

... Прокурор энэхүү процессийг анхан шатны шүүх дээр огт яллаагүй байхад давж заалдах шатны шүүх буруу зүйл ангиар ялласан гэж дүгнэсэн болно.

Миний бие Санхүү эдийн засгийн их сургуульд суралцдаг бөгөөд тус сургуулийн хичээл нь өглөөний 08:00 цагт эхлэн 19:00 цагт дуусдаг бөгөөд хичээлийн бусад цагаар бие даалт, курсын ажил бичиж зарах зэргээр өөрийн сургалтын төлбөр болон, бусад хэрэгцээтэй зардлыг олдог тул шийтгэх тогтоолд дурдагдсан 1,000,000 төгрөгийн ялыг 4 сарын хугацаанд биелүүлэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан сурч боловсрох эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүснэ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тухайн торгох ялын мөнгийг тогтсон хугацаанд төлж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд шүүхээс оногдуулсан ... торгох ялыг ... хорих ялаар сольж эдлүүлдэг бөгөөд миний эрх зүйн байдлыг улам дордох болно.

Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үеэс эхлэн өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулахад саад бололгүй үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн байдаг. Хувийн байдлын хувьд Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны зөвлөлийн дарга, тус сургуульд урилгаар элсэн орсон тус сургуулийн шилдэг оюутнуудын нэг болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Иймд дээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир “... Хэлэх тусгайлсан саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Давж заалдах шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүх магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б-ийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.  

Прокуророос Б.Бийг 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “Шинэ төгөл” орон сууцны гадна өсвөр насны буюу 11 настай Э.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж сагсны бөмбөг нүүр рүү нь 2 удаа шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байхад шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болно.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол ...” гэж гэмт хэргийн шинжийг заагаад, мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Гэтэл шүүх бага насны буюу 11 настай хүүхдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг анхаарч үзэлгүй, хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан байна. “Бага насны хүүхэд” гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт зааснаар ойлгоно.

Анхан шатны шүүх энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар зүйлчилсэн, няцаасан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь зүйтэй болно.

Иймд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “... анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1048 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР