Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00045

 

Д.Батхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00584 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1820 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Батхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Архивын Ерөнхий газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч У.Мөнхбат, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архивын Ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б24 тоот тушаалаар Д.Батхуяг нь Архивын Ерөнхий газрын сургалт судалгааны ажлын албаны даргаар томилогдсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн.2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б14 тоот ажлаас халах тухай Архивын Ерөнхий газрын даргын тушаал гарсан. Д.Батхуяг нь тушаал гарснаас хойш 2 сарын дараа буюу 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасны дараа Төрийн албаны зөвлөлд хандахад Архивын Ерөнхий газрын даргын ажлаас халах тухай 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Б14 тоот тушаалыг хүчингүй болгосон.Дараа нь ажилд орох тухайгаа Архивын Ерөнхий газрын даргад амаар мэдэгдэхэд Хууль зүйн яамнаас шалгалт явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандан ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 443 дугаар магадлалаар Д.Батхуягийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Архивын Ерөнхий газрын дарга эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор Д.Батхуягийг ажилд нь эгүүлэн тогтоосон хэсгийг хэвээр үлдээж, цалин гаргуулах хэсгийг хангахгүй орхисон.Д.Батхуягийг ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарснаас хойш Архивын Ерөнхий газрын дарга Улсын Дээд шүүхийн тамгын газарт гомдол гаргаад 2016 оны 02 дугаар сард Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учраас дахин Архивын Ерөнхий газрын гомдлыг хянах шаардлагагүй гэсэн хариу ирүүлсэн. Дээрх шийдвэрийн мөрөөр Д.Батхуяг ажилдаа эргэн орох гэсэн боловч Архивын Ерөнхий газар шийдвэрийг гүйцэтгэхгүй байсан учраас албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан.Мөн 33 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Архивын Ерөнхий газраас үйлчилгээний албан тушаалд ажиллахыг санал болгосон боловч Д.Батхуяг нь уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй, төрийн захиргааны албан тушаалд 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн учраас үйлчилгээний албан тушаалд орохгүй гэсэн хариу өгсөн.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэг удаагийн тэтгэмж аваад эргэн ажилд орохгүй байхаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацааны 19 сарын цалинг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цалин хөлс гаргуулах тухай асуудал гараагүй учраас цалин хөлсийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн нэг сарын цалин 1 358 459 төгрөгийг 19 сараар тооцож, нийт 19 018 426 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Батхуягийн нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд Архивын Ерөнхий газрыг хариуцагчаар татаж, уг маргаан шийдвэрлэгдэж дууссан. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгад ажилгүй байсан хугацааны цалин дурдагдсан байсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх Д.Батхуягийн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хангасан.Харин Улсын Дээд шүүхийн тогтоолоор цалин гаргуулах шаардлагыг нь хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх явцад Д.Батхуягийн хариуцан ажиллаж байсан Архивын Ерөнхий газрын сургалт сурталчилгааны ажлын даргын орон тоо хасагдсан. Уг орон тоо хасагдсан учраас Д.Батхуягийн цалинг бууруулахгүйгээр ямар орон тоон дээр томилж ажиллуулах талаар судалж байсан.Ийнхүү судалж байх явцад Д.Батхуяг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Архивын Ерөнхий газраас санал болгосон ажлын байранд ажиллах ямар ч сонирхолгүй, мөнгө авах зорилготой байсан. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авахаар өөрөө хүсэлтээ өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон.Энэ утгаараа нэгэнт Д.Батхуягтай холбоотой хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Батхуяг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацаа болон ажилд эгүүлэн томилсон хугацаа чухал. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Батхуяг нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Архивын Ерөнхий газар хүлээн зөвшөөрөөгүй. Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тогтоолоор Д.Батхуягийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00584 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Архивын ерөнхий газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалин 19 018 426 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Батхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 100 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж Д.Батхуягт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1820 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00584 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Архивын ерөнхий газраас 8 719 140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батхуягт олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн үлдэх хэсгийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ныг хүртэлх 6 cap 9 хоногийн цалин гэх 8 719 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.Д.Батхуяг нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалингаа нэхэмжилсэн бөгөөд тэрхүү хэсгийг Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар тогтоолоор хасч шийдвэрлэсэн буюу тухайн шаардлагыг нь хангаж шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжпэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхээс шийдвэр, магадлал, тогтоол гарч одоо хүчин төгөлдөр хэвээр байхад тухайн асуудлаар дахин шийдвэр гаргаж, хариуцагчаас 8 719 140 төгрөгийг гаргуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Батхуяг нь Архивын ерөнхий газарт ажилд эгүүлэн томилогдохоос татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулахыг хүссэн. Үүний дагуу Архивын ерөнхий газраас тэтгэмжийг Д.Батхуягт шилжүүлснээр түүнтэй холбоотой Хөдөлмөрийн харилцаа нэг мөр дуусгавар болсон юм. Анхан шатны шүүхийн дээрх үйл баримтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор нь шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтанд олгогдох бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад харилцан тохиролцож, төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул Д.Батхуягтай холбоотой хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ” хэмээн зөв дүгнэн, хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй.Дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1820 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Архивын Ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “ажлаас халах тухай” Б\14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Архивын Ерөнхий газрын Сургалт судалгааны газрын даргын албан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүх 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Батхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 434 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Батхуягийг цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилохыг Архивын Ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 761 068 төгрөг олгохоор шийдвэрлэжээ \хх-ийн 9-12 дугаар тал\.

Улсын Дээд шүүх хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай хэсгийг хассан байна \хх-ийн 13-16 дугаар тал\.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын алба 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6\449 дүгээр албан бичгээр хариуцагчийн өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэнийг мэдэгджээ \хх-ийн 17-18 дугаар тал\.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1438 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай гүйцэтгэх хуудас бичжээ \хх-ийн 19-20, 21-22 дугаар тал\.

Нэхэмжлэгч Д.Батхуяг ажилд томилогдох шаардлагаасаа татгалзаж, 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Архивын Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Д.Батхуягт буцалтгүй тусламж олгохоор “6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж буюу цалин 6 352 446 төгрөгийг төсвийн цалин хөлс болон урамшууллын зардлаас” олгож, Д.Батхуягийн ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш 2016 оны 5 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулахаар шийдвэрлэсэн ба ийнхүү төлбөр төлөгдсөнөөр төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ \хх-ийн 23, 48, 49, 50 дугаар тал\.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч Д.Батхуягийн “2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан 14 сарын хугацааны цалин”-тай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлээс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны нөхөх олговрын асуудлыг Улсын Дээд шүүх 2015 оны 313 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчид 6 сар 9 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 8 719 140 төгрөг олгохоор \хугацааг магадлалд алдаатай зааж\ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1820 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 154 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН