Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00584

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамж, 10 тоотод оршин суух, Олхонууд овогт Дамдингийн Батхуяг /РД:УХ60121311/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа цогцолборын зүүн урд өөрийн байранд байрлах, Архивын ерөнхий газарт холбогдох,

ажлаас үндэслэлгүй халагдсан болон шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас 2015 оны 2 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баяржаргал, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.     

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Архивын Ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б24 тоот тушаалаар Д.Батхуяг нь Архивын Ерөнхий газрын сургалт судалгааны ажлын албаны даргаар томилогдсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б14 тоот ажлаас халах тухай Архивын Ерөнхий газрын даргын тушаал гарсан. Д.Батхуяг нь тушаал гарснаас хойш 2 сарын дараа буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасны дараа Төрийн албаны зөвлөлд хандахад Архивын Ерөнхий газрын даргын ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б14 тоот тушаалыг хүчингүй болгосон. Дараа нь ажилд орох тухайгаа Архивын Ерөнхий газрын даргад амаар мэдэгдэхэд Хууль зүйн яамнаас шалгалт явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандан ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад 2015 оны  09 дүгээр сарын 10-ны өдрийн 443 дугаар магадлалаар Д.Батхуягыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Архивын Ерөнхий газрын дарга эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 314 дугаар тогтоолоор Д.Батхуягын ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг хэвээр үлдээж, цалин гаргуулах хэсгийг хангахгүй орхисон. Д.Батхуягыг ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарснаас хойш Архивын Ерөнхий газрын дарга Улсын дээд шүүхийн тамгын газарт гомдол гаргаад 2016 оны 02 дугаар сард Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учраас дахин Архивын Ерөнхий газрын гомдлыг хянах шаардлагагүй гэсэн хариу ирүүлсэн. Дээрх шийдвэрийн мөрөөр Д.Батхуяг ажилдаа эргэн орох гэсэн боловч Архивын Ерөнхий газар шийдвэрийг гүйцэтгэхгүй байсан учраас албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан. Мөн 33 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архивын Ерөнхий газраас үйлчилгээний албан тушаалд ажиллахыг санал болгосон боловч Д.Батхуяг нь уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Би төрийн захиргааны албан тушаалд 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн учраас үйлчилгээний албан тушаалд орохгүй гэсэн хариу өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмж аваад эргэн ажилд орохгүй байхаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацааны 19 сарын цалинг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цалин  хөлс гаргуулах тухай асуудал гараагүй учраас цалин хөлсийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Хөдөлмөрийн  хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн нэг сарын цалин 1.358.459 төгрөгийг 19 сараар үржүүлээд нийт 19.018.426 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баяржаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Батхуягын нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд Архивын Ерөнхий газар хариуцагчаар татагдаад маргаан шийдвэрлэгдэж дууссан. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгад ажилгүй байсан хугацааны цалин дурдагдсан байсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх Д.Батхуягын ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн  хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хангасан. Харин Улсын дээд шүүхийн тогтоолоор цалин гаргуулах шаардлагыг нь хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх явцад Д.Батхуягын хариуцан ажиллаж байсан Архивын Ерөнхий газрын сургалт сурталчилгааны ажлын даргын орон тоо хасагдсан. Уг ажлын орон тоо хасагдсан учраас Д.Батхуягын цалинг бууруулахгүйгээр ямар орон тоон дээр томилж ажиллуулах талаар судалж байсан. Ийнхүү судалж байх явцад Д.Батхуяг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байсан. Нэхэмжлэгч Д.Батхуяг нь Архивын Ерөнхий газраас санал болгосон ажлын байранд ажиллах ямар ч сонирхолгүй, мөнгө авах зорилготой байсан. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авахаар өөрөө хүсэлтээ өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Энэ утгаараа нэгэнт Д.Батхуягтай холбоотой хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Батхуяг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацаа болон ажилд эргүүлэн томилсон хугацаа чухал. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Батхуяг нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Архивын Ерөнхий газар хүлээн зөвшөөрөөгүй. Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тогтоолоор Д.Батхуягыг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Д.Батхуягын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажлаас үндэслэлгүй халагдсан болон шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас 2015 оны 2 сарын 24-нөөс 2016 оны 5 сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 19 018 426 төгрөг  гаргуулах”-ыг шаарджээ.    

 

Хариуцагч Архивын ерөнхий газар нь “...уг нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэр, магадлал тогтоол гарч хүчин төгөлдөр болсон тул дахин шүүхийн шийдвэр гаргуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй“ гэж маргажээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Архивын ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/24 дүгээр ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Д.Батхуягийг 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сургалт, судалгааны газрын даргаар томилон ажиллуулж байжээ.

 

Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас халах тухай Б/14 дугаар тушаалаар Д.Батхуягийг ажлаас халсан байх бөгөөд уг тушаалыг Д.Батхуяг нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд уг тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

      

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 434 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар тогтоол зэргээс үзэхэд Д.Батхуягийн гаргасан “Архивын ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас халах тухай Б/14 дугаар тушаал”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Д.Батхуягийг цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилохыг хариуцагч Архивын ерөнхий газрын даргад даалгахаар шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1438 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 33 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Батхуяг нь Архивын ерөнхий газарт ажилд эргүүлэн томилогдохоос татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “...цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих эсхүл зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно “ гэж заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн байна.

 

Уг хүсэлтийн дагуу Архивын ерөнхий газраас 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 6 352 446 төгрөгийг төлбөр авагч Д.Батхуягийн Хаан банкин дахь 5031053802 тоот дансанд шилжүүлэн, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.    

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор нь шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтанд олгогдох бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож,  төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул Д.Батхуягтай холбоотой хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр холбогдох хуулиудын заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Д.Батхуягийн цалин гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 434 дүгээр магадлалын заалтыг хасч, зарим заалтыг өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар тогтоол хүчинтэй байна.

 

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн Д.Батхуягын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Д.Батхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

  

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Архивын ерөнхий газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалин 19 018 426 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Батхуягын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 100 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж Д.Батхуягт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ