Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1820

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00584 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архивын Ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б24 тоот тушаалаар ХХХ нь Архивын Ерөнхий газрын сургалт судалгааны ажлын албаны даргаар томилогдсон. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б14 тоот ажлаас халах тухай Архивын Ерөнхий газрын даргын тушаал гарсан. ХХХ нь тушаал гарснаас хойш 2 сарын дараа буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасны дараа Төрийн албаны зөвлөлд хандахад Архивын Ерөнхий газрын даргын ажлаас халах тухай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б14 тоот тушаалыг хүчингүй болгосон. Дараа нь ажилд орох тухайгаа Архивын Ерөнхий газрын даргад амаар мэдэгдэхэд Хууль зүйн яамнаас шалгалт явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд хандан ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад 2015 оны  09 дүгээр сарын 10-ны өдрийн 443 дугаар магадлалаар ХХХ-ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Архивын Ерөнхий газрын дарга эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор ХХХ-ийг ажилд нь эгүүлэн тогтоосон хэсгийг хэвээр үлдээж, цалин гаргуулах хэсгийг хангахгүй орхисон. ХХХ-ийг ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр гарснаас хойш Архивын Ерөнхий газрын дарга Улсын Дээд шүүхийн тамгын газарт гомдол гаргаад 2016 оны 02 дугаар сард Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учраас дахин Архивын Ерөнхий газрын гомдлыг хянах шаардлагагүй гэсэн хариу ирүүлсэн.

Дээрх шийдвэрийн мөрөөр ХХХ ажилдаа эргэн орох гэсэн боловч ХХХХ шийдвэрийг гүйцэтгэхгүй байсан учраас албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан. Мөн 33 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ХХХХ-аас үйлчилгээний албан тушаалд ажиллахыг санал болгосон боловч ХХХ нь уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй, төрийн захиргааны албан тушаалд 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн учраас үйлчилгээний албан тушаалд орохгүй гэсэн хариу өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэг удаагийн тэтгэмж аваад эргэн ажилд орохгүй байхаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан. 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацааны 19 сарын цалинг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цалин  хөлс гаргуулах тухай асуудал гараагүй учраас цалин хөлсийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Хөдөлмөрийн  хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн нэг сарын цалин 1 358 459 төгрөгийг 19 сараар тооцож, нийт 19 018 426 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХ-ийн нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд ХХХХ хариуцагчаар татаж, уг маргаан шийдвэрлэгдэж дууссан. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгад ажилгүй байсан хугацааны цалин дурдагдсан байсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх ХХХ-ийн ажилгүй байсан хугацааны 3 сарын цалинг олгохоор шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн  тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хангасан. Харин Улсын Дээд шүүхийн тогтоолоор цалин гаргуулах шаардлагыг нь хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж байх явцад ХХХ-ийн хариуцан ажиллаж байсан Архивын Ерөнхий газрын сургалт сурталчилгааны ажлын даргын орон тоо хасагдсан. Уг орон тоо хасагдсан учраас ХХХ-ийн цалинг бууруулахгүйгээр ямар орон тоон дээр томилж ажиллуулах талаар судалж байсан.

Ийнхүү судалж байх явцад ХХХ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Нэхэмжлэгч ХХХ нь ХХХХ-аас санал болгосон ажлын байранд ажиллах ямар ч сонирхолгүй, мөнгө авах зорилготой байсан. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авахаар өөрөө хүсэлтээ өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Энэ утгаараа нэгэнт ХХХ-тай холбоотой хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Ажилгүй байсан хугацаа болон ажилд эгүүлэн томилсон хугацаа чухал. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ХХХ нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг ХХХХ хүлээн зөвшөөрөөгүй. Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 315 дугаар тогтоолоор ХХХ-ийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. ХХХ-ийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ХХХХ-т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилгүй байсан хугацааны цалин 19 018 426 төгрөг гаргуулахыг хүссэн ХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 100 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж ХХХ-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 434 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 313 дугаар тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан миний хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн Архивын ерөнхий газрын даргын шийдвэр, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 6 352 446 төгрөгийг миний Хаан банкин дахь 5031053802 тоот дансанд шилжүүлсэн баримт зэргийг буруу үнэлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглэхдээ миний цалин хөлсөөр хохирсон байдлыг харгалзан үзэлгүй буруу дүгнэсэн. Эрүүл мэндийн шалгаанаар ажилдаа орох хугацаа дууссан ч ажилдаа эргэн орох хүсэлт гаргах боломжгүй байдал бий болсон буюу шүүхэд маргаан хянагдаж байсныг харгалзан үзэлгүй цалин хөлсний талаарх харилцааг шийдвэрлэсэн зохицуулалтыг хасаж шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн шүүхийн 313 дугаар тогтоол хүчинтэй байна гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Улсын Дээд Шүүхийн 313 дугаар тогтоолийн хянавал хэсэгтэй нийцэхгүй байхад мөн хуулийн 70.3-т заасныг зөрчсөн гэж магадлалын цалин бодож олгосон хэсгийг хасжээ.

Гэхдээ энэхүү шийдвэрээс үзвэл ХХХ намайг ажлаас үндэслэлгүй халагдсан гэдгийг тогтоож, ажилд томилохыг хариуцагчид даалгасан гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүхийн харъяалалаа зөв сонгож ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй байдаг. Мөн намайг ажилд эгүүлэн томилсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 343 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 313 дугаар тогтоолын дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1438 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 33 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архивын Ерөнхий газрын захиргаанаас намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай ижил төвшиний ажилд томилох боломжгүй гэж төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллахыг санал болгосон. Би энэхүү саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн тэтгэмж авах хүсэлт гаргасан ба 6 353 446 төгрөгййн тэтгэмжийг авсан.

Дээрх шийдвэр гарахад ХХХХаас миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн олгох эсэхтэй холбоотой асуудлаар аливаа нэг тохиролцоо хийгээгүй. Гэтэл би тус байгууллагын даргын “ажлаас үндэслэлгүй халж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 14 сарын хугацаанд ажилгүй байж энэхүү хугацаанд авах ёстой байсан 19 018 426 төгрөгийн цалин хөлсөөрөө хохирсон байдаг тул цалингаа гаргуулах тухай шаардлагыг гаргасан. Ийнхүү шаардлага гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасныг үндэслэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 343 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 313 дугаар тогтоолын дагуу өөрийн хөдөлмөрийн гэрээг сэргээгдсэн гэж үзэж байгаа болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ХХХ нь ХХХХ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болон шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас 2015 оны 2 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан 14 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19 018 426 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг маргааныг захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэж маргажээ.

            Нэхэмжлэгч ХХХ-ийн Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын даргын үүрэгт ажлаас 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 313 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн, маргаж буй “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны цалинг нөхөн олгуулах” талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

            Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэх эрхгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны олговор шаардсан нэхэмжлэлд холбогдох хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүх шийдвэртээ энэ тухай дурдсан атлаа дээрх хугацаанд хамаарах шаардлагыг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй тул уг алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Харин нэхэмжлэгч ХХХ-ийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц, цалин хөлс нь буурахгүй ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч байгууллага биелүүлэх үүрэгтэй.

            Хариуцагч ХХХХ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, улмаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх явцад нэхэмжлэгчтэй харилцан тохирч, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгожээ. 

            Иймд хариуцагч байгууллагын Улсын дээд шүүхийн тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа талуудыг тохиролцон эвлэрлээр дуусгавар болох хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буруутай байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг зөрчсөн хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин хөлсөөр хохирсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

            Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалингийн хэмжээ 1 358 459 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэлх 6 сар 9 хоногоор тооцож 8 719 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/00584 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг   “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-аас 8 719 140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХ-т олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн үлдэх хэсгийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар зохигчид улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ