Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00659

 

 

 

 

 

       2022         04          08                                           210/МА2022/00659

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00434 дугаар шийдвэртэй,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ц” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 530,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “Б” ХХК нь “Эн Си Ди групп” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 14, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус “Арматур нийлүүлэх гэрээ” байгуулж, “Б” ХХК нь “Эн Си Ди групп” ХХК-д  2,300 тонн арматур нийлүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу “Б” ХХК нь 2020 оны 10 дугаар сард “Ц” ХХК-иас 120 тонн барилгын арматур төмөр худалдаж авсан. Худалдаж авсан арматур төмрийг “Эн Си Ди групп” ХХК-д гэрээний дагуу худалдан борлуулсан.

Гэтэл “Ц” ХХК-иас худалдан авч борлуулсан арматур нь чанарын шаардлага хангахгүй талаар “Эн Си Ди групп” ХХК мэдэгдсэн. Иймд “Ц” ХХК-ийн захирал Б.Мөнхбаатарт “арматур чанарын шаардлага хангахгүй байна” гэдгийг манай компаниас мэдэгдсэн. Үүний дагуу “Ц” ХХК нь Барилга хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторт арматурыг 2 удаа шинжилгээ хийлгэсэн. Хоёр удаагийн шинжилгээгээр арматурын шинжилгээ муу гарсан.

“Ц” ХХК нь 120 тонн арматур төмрөөс барилгад ороогүй үлдэгдэл болох 50 тонн арматур төмрийг “Эн Си Ди групп” ХХК-аас очиж авсан. Харин 70 тонн арматур төмөр “Эн Си Ди групп” ХХК-ийн баригдаж байгаа барилгад ашиглагдсан. “Эн Си Ди групп” ХХК нь 70 тонн арматур орсон барилгад “Цамхаг өргөө бюлдинг” ХХК-иар барилгын хүчитгэл хийлгэсэн. “Ц” ХХК-ийн эд хөрөнгийн доголдолтой арматураас болж “Эн Си Ди групп” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн албан тоот бичгээр “Б” ХХК-иас 230,000,000 төгрөгийн барилгын хүчитгэл хийсэн зардлыг шаардсан, үүний дагуу манай компани “Эн Си Ди групп” ХХК-д хохирлыг бараа материалаар нөхөн тооцож төлсөн. Үүнээс болж “Эн Си Ди групп” ХХК нь “Арматур нийлүүлэх гэрээ”-г цуцалсан.

Иймд “Ц” ХХК-иас учруулсан хохиролд 230,000,000 төгрөг, олох ёстой байсан ашиг 300,000,000 төгрөг, нийт 530,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Б” ХХК нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн манай компаниас арматур төмөр худалдан авсан. “Б” ХХК-ийн худалдан авах хэмжээтэй йн арматур төмөр манай компанид байхгүй тохиолдолд өөр компаниас худалдаж авдаг байсан.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Б” ХХК-аас арматур төмөр шаардлага хангахгүй байгаа талаар залгаж хэлсэн. Худалдан авагч Вива сити компани гэрээгээ цуцлах гээд байгаа учраас танайх арматур төмрөө аваад зараад мөнгийг нь гаргаад өгөөч гэж нэхэмжлэгч талаас гуйсны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 53 тонн арматурыг Вива сити компаниас манай хашаанд буулгасан. Нийт 53 тонн арматурын үнэ 86,390,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 36,390,000 төгрөг, 11 дүгээр сарын 09-нд 25,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 11-нд 55,000,000 төгрөг “Б” ХХК-ийн ХААН банкны данс руу шилжүүлсэн.

Үүнээс хойш нэхэмжлэгч талаас утсаар яриагүй, худалдан авалт хийгээгүй. Гэтэл 2021 оны зун “Б” ХХК-ийн өмгөөлөгч залгаж, Номингийн Вива ситид хүчитгэл хийсэн 240,000,000 төгрөг болсон, үүнээс 100,000,000 төгрөгийг өгчих гэж хэлсэн. Шинжилгээний бичиг, манайхаас худалдан авсан арматур гэдгийг нотлох нотолгоо, Номингийн барилгад хүчитгэл хийсэн акт зэрэг ямар ч баримт байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц” ХХК-аас 530,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 807,950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.1. Анхан шатны шүүх “Ц” ХХК-ийн дэд захирал Б.Мөнхбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасан, хуулийн хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Б.Мөнхбаатар нь тус иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 15-д “...хуулийн 43.8.1-т заасан “үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч” гэдэг нь иргэний болон захиргааны хэрэгт захиргааны байгууллага ба шүүх, арбитрын байгууллагад төлөөлөгч буюу хуулийн зөвлөгчөөр оролцож байсан хийгээд зохигчтой холбоотой эрх зүйн бусад маргаанд түүнийг төлөөлөн оролцож байсны улмаас хэргийн байдлыг мэдэх болсон этгээдийг хамааруулан ойлгоно..." гэж тайлбарласан.

4.2.а Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор “Эн Си Ди групп” ХХК-ийн борлуулалтын албаны дарга У.Мөнхзулыг "Эн Си Ди групп” ХХК-иас “Б” ХХК-д хандсан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийж өгсөн “Төлбөр барагдуулах тухай” мэдэгдэлтэй нь холбогдуулж гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан.

4.2.б. Мөн барилгын хүчитгэл хийсэн талаар “Цамхаг өргөө бюлдинг” ХХК-ийн захирал Г.Оргилыг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх дээрх хүсэлтийг захирамжаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2.в. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн хэрэг маргааныг гол үндэслэл болсон Барилгын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 0005398 дугаартай шинжилгээний дүнтэй холбогдуулан дээрх шинжилгээний дүнг гаргасан холбогдох ажилтныг шүүхэд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг гаргасан. “Ц” ХХК-аас нийлүүлсэн арматур нь чанарын хувьд доголдолтой байсан нь Барилгын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 0005398 дугаартай “шинжилгээний дүн”-гээр нотлогддог. Дээрх шинжилгээнд “Ц” ХХК-иас манай компанид нийлүүлсэн 12-ийн диаметрийн арматур нь бодит байдал дээр хэмжээний хувьд 12 диаметр хүрэхгүй, 10 диаметртэй гэж шинжилгээний дүнгээр гарсан.

Гэтэл шүүгч гэрч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, эргэлзээ бүхий байдлыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн.

4.3. Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас “Ц” ХХК-ийг 2021 онд чанаргүй арматур оруулж ирж байсныг шалгасан талаар улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл, албан шаардлага, албан даалгавар, дүгнэлт, актыг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар гаргуулахаар хүсэлтийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчиж, хариуцагчийн татгалзлыг няцаах нотлох баримтыг хуулийн хүрээнд бүрдүүлэх боломжийг нэхэмжлэгчид олгоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжилж байгаа шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотолж чадаагүй. Хэрэгт хамааралтай талаас нь тайлбарлаж нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 530,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Эн Си Ди групп” ХХК-ийн борлуулалтын албаны дарга У.Мөнхзул, мөн барилгын хүчитгэл хийсэн “Цамхаг өргөө бюлдинг” ХХК-ийн захирлыг тус тус гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх 173/

 

Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, тодорхой бус байдалтай орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

3.б. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас “Ц” ХХК-ийг 2021 онд чанаргүй арматур оруулж ирж байсныг шалгасан талаар улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэл, албан шаардлага, албан даалгавар, дүгнэлт, актыг нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Эдгээр баримтыг маргааны үйл баримтад ач холбогдолтой гэж хэргийн оролцогч үзэж өөрөө бүрдүүлэх боломжгүйн улмаас хүсэлт гаргасан байхад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШЗ2022/01792 захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

3.в. Харин анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Мөнхбаатарыг гэрчээр асуулгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжилгээний дүнг гаргасан холбогдох ажилтныг гэрчээр асуулгах хүсэлтийг анхан шатны шүүх шинжилгээний дүнг шинжлэн судлах боломжтой гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй.

 

Уг ажиллагаа нь хэргийн бодит нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болох тул давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй.

 

4. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул талуудын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдал, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,807,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                   ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА