Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2021/02361/И |
Дугаар | 210/МА2022/00701 |
Огноо | 2022-04-13 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2022/00701
Дугаар 210/МА2022/00701 |
Ж.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02246 дугаар шийдвэртэй,
Ж.Б-гийн нэхэмжлэлтэй
ШШҮХд холбогдох
Авч байсан цалин, тэтгэврийн зөрүүд 58,944,225 төгрөгийг нөхөн төлүүлэх, цаашид уг зөрүүг олгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би ШШҮХд 2001 оноос 2013 он хүртэл 12 жил ажилласнаас эхний 10 орчим жил нь химийн лабораторт шинжээч, ахлах шинжээчээр ажилласан.
Химийн лабораторт ажиллах хугацаандаа органик уусгагчийн хордуулах нөлөөгөөр мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон бөгөөд эмнэлэг, хөдөлмөр магадлах комисс 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоон акт гаргасан. Уг актад миний өвчний оношийг “Мэргэжлийн шалтгаант химийн бодисын архаг хордлого” хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь, хугацааг 1 жил, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг мэргэжлээс гэж тодорхойлсон. Үүнээс хойш хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон актын хугацаа дуусмагц тухай бүрт шинэчлэн тогтоон, нийт 11 акт гараад байна.
2011 оны 01 дүгээр сарын 20-нд намайг химийн бодистой харьцахгүй нөхцөлд ажиллах эмнэлгийн шийдвэрийг байгууллагадаа мэдэгдэн, хүсэлт гаргахад 2011 оны 02 дугаар сараас миний албан тушаалыг өөрчилж, Тамгын хэлтэст ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Би албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан, шинжээчийн ажлын туршлага, ажлын гүйцэтгэл, үр дүн сайн, мэргэжлийн түвшин илүү байснаас дэвшин томилогдож байснаас байгууллага, удирдлагаас анхааран үзэж, дэвшүүлэн томилоогүй юм.
Ажлын байр өөрчлөгдөн, химийн хорт бодистой харьцахгүй нөхцөлд ажиллахдаа тухайн ажил, албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авч байснаас надаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүйгээр цалин өгөөгүй, хөдөлмөрийн хөнгөлттэй нөхцлөөр ажиллуулж байгаагүй бөгөөд 2013 он хүртэл жил ажилласан ч өвчлөл даамжран, хордлого бүхий л эрхтэн системийг хамарснаар цаашид ажил үүргээ хэвийн гүйцэтгэх бололцоогүй болж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахад ШШҮХгийн захирлын 2013 оны a/477 дугаар тушаалаар 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас чөлөөлсөн.
ШШҮХ мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг 2012 онд нэг удаа олгосон ба үүнээс хойш дахин олгоогүй.
Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т зааснаар шинжээчээр ажиллаж байх үедээ авч байсан цалин болон хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон хугацаандаа авч байсан тахир дутуугийн тэтгэврийн зөрүүгээ нөхөн олгуулах эрхтэй гэж үзэж ШШҮХд хандахад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэжээний нөхөн төлбөр 5,150,439 төгрөг олгосон, 18 сарын цалин хөлтсэй тэнцэх хэмжээний 10,925,121 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон, тухайн байгууллагад албан тушаал дэвшин ажиллаж байх хугацаанд цалин, бусад нэмэгдэл тэтгэмж авч байсан ба зэрэглэл бууруулаагүй, дэвшүүлэн томилогдож байсан гэсэн үндэслэлүүдийг дурдан нөхөн төлбөр олгохоос татгалзаж, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/3294 дугаартай албан бичиг ирүүлсэн.
Надад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон шийдвэр хууль бус бөгөөд энэ шийдвэрээс болж би хохирсон. Учир нь тэтгэмж олгох үндэслэлээ "Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно" гэжээ. Гэтэл би эрүүл мэндийн шалтгаантай байсан ч албанаас халагдаагүй, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэрт гарч байгаа бол гарах үед нь, халагдсан бол халагдах үед нь өгдөг бол надад тэтгэмж олгох үед би албанаас чөлөөлөгдөөд 2 сар өнгөрч, хэдийнээ цэргийн алба хаагч биш болсон байсан.
Миний хувьд цэргийн албыг 20-оос дээш жил хаасан учраас тэтгэвэрт гарахдаа бүрэн хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах байтал, эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан "хууль бус" шийдвэрийн улмаас уг тэтгэмж авах эрхээ алдсан.
Цэргийн алба хаагчид олгох нэг удаагийн тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар, төрийн алба хаагчид олгох нөхөн төлбөрийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тэтгэмж бол нөхөн төлбөр биш.
Би 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 51,710,131 төгрөгийг тахир дутуугийн тэтгэвэрт авсан. Харин шинжээчээр ажиллаж байсан бол энэ хугацаанд 110,654,356 төгрөгийн цалин хөлс авах байсан бөгөөд тухай хугацаанд авсан тахир дутуугийн тэтгэврийг хасвал зөрүү 58,944,225 төгрөг болно.
Иймд нөхөн төлбөрт 58,944,225 төгрөгийг ШШҮХгээс гаргуулж, цаашид тахир дутуугийн тэтгэвэр авсан хугацаанд авч байсан цалин, тахир дутуугийн тэтгэврийн зөрүүг олгохыг ШШҮХд даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ж.Б- нь 2011 оноос 2021 онд авах байсан албан тушаалын цалингийн зөрүүг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй.
Ж.Б- нь анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 324 дүгээр тушаалаар Криминалистикийн шинжилгээний төвд химийн шинжээчээр ажиллаж байсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн нөхцөл сольсон 149 дүгээр актаар Ж.Б- “Мэргэжлийн шалтгаант химийн бодисын архаг хордлого” оноштойгоор 6 сарын хугацаатай хөдөлмөрийн нөхцөл солих шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох комиссын 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 149 дүгээр актаар “Мэргэжлийн шалтгаант химийн бодисын архаг хордлого” оноштойгоор 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар тогтоолгосон.
Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ж.Б-гийн ажиллах орчин, нөхцөлийг өөрчилж тухайн албан хаагчийн эрх зүйн байдлыг өмнөхөөс дордуулалгүйгээр ажлын байраар ханган ажиллуулж байсан ба албан тушаалын цалинд зөрүү үүсээгүй харин ч албан тушаалын хувьд чиглэлийн ахлах мэргэжилтэн, тасгийн даргаар дэвшүүлэн томилон ажиллуулж байсан.
Ж.Б-гийн эрүүл мэндээс шалтгаалан өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын байрыг нь өөрчилж тус хүрээлэнгийн Тамгын хэлтэст ахлах мэргэжилтнээр томилон ажиллуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх заалтыг үндэслэн тус хүрээлэнгийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/421 дүгээр тушаалаар 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 5,150,439 төгрөг олгосон.
Ж.Б-гийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн хувь тэнцүүлэн тэтгэвэрт гарган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байсан тул 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн б/477 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дууссаны дараа буюу 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн б/559 дүгээр тушаалаар Монгол улсын Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг үндэслэн 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 10,925,121 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгосон.
Нэхэмжлэгч Ж.Б- тус байгууллагын гаргасан шийдвэр, албан бичгээр гаргасан лавлагаа зэргийг өөрийн хүсэл зоригт нийцүүлэх, Цагдаагийн ерөнхий газраас тэтгэвэр тогтоолгоход өөрт олгогдох 36 сарын тэтгэмжээ авах боломж гарцыг хайн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т зааснаар нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 58,944,221 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож, цаашид тахир дутуугийн тэтгэвэр авсан хугацаанд авч байсан цалин, тахир дутуугийн тэтгэврийн зөрүүг олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 452,671 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ж.Б- нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 149 дүгээр актаар “органик бодисын хордуулах нөлөө Т52” гэх оноштойгоор 6 сарын хугацаатай хөдөлмөрийн нөхцөл сольж, хөдөлмөрийн чадвар алдалт 55 хувиар тогтоолгож, түүнээс хойш хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг сунгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасныг үндэслэж, ШШҮХгийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/421 дүгээр тушаалаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон тул 5,150,439 төгрөгийн нөхөн олговор олгосон. Түүнчлэн эрүүл мэндээс шалтгаалан өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэж 2011 онд ШШҮХгийн захирлын Б/43 дугаар тушаалаар ажлын байрыг нь өөрчлөн, ШШҮХгийн тамгын хэлтэст ахлах мэргэжилтэн, чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөрүүлж ажиллуулсан.
Гэтэл Ж.Б- 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ж.Б- нь 2001-2013 он хүртэл ШШҮХгийн химийн шинжээч, химийн ахлах шинжээч, чиглэлийн ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа албан тушаалын цалин, бусад нэмэгдэл тэтгэмжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авч байсан.
Шүүхийн шинжилгээний байгууллагын зүгээс Ж.Б-гийн ажиллах орчин нөхцөлийг өөрчилж, тухайн албан тушаалтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар арга хэмжээ авч тасгийн дарга хүртэл дэвшүүлэн ажиллуулж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах шатанд гаргасан гомдлын үндэслэл нь ойлгомжгүй байна. Авилгатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас миний бүх бичиг баримтыг шалгасан. Шүүхийн шинжилгээний албан хаагч бол төрийн тусгай албан хаагч, Төрийн албаны тухай хуульд зааснаар нөхөн төлбөрийн асуудал зохицуулагдах ёстой. Хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдсон бол 1 болон түүнээс дээш удаа нөхөн төлбөрийг олгоно гэж заасан. Надад анх хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсоноос хойш 2 жилийн дараа нөхөн төлбөр өгсөн, дахин олгогдож байгаагүй.
Хөдөлмөрийн нөхцөл буюу өвчлөл үүсгэж байгаа орчноос холдуулах тухай хүсэлтээ гаргахад ижил албан тушаалд томилогдон ажилласан. Ажлын байрны шаардлага хангаж байсан учраас 2 жилийн хугацаанд миний хувьд 4 албан тушаалд томилогдон ажилласан болохоос биш захиргаа намайг харж үзсэн асуудал байхгүй. Даргын албан тушаалд ажиллахад миний бие дийлэхгүй байсан учир ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан.
Хуульд заасны дагуу тухайн ажлыг хийсэн болохоор цалин, нэмэгдэл тэтгэмжээ авч байсан. Өөр албан тушаалд томилогдож байсан ажлууд бол ямар ч хөнгөлөлттэй нөхцөлтэй ажил байгаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.
2. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч ШШҮХд холбогдуулан шинжээчээр ажиллаж байхдаа авч байсан цалин болон хөгжлийн бэрхшээлтэй байх 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авч байсан цалин, тэтгэврийн зөрүүд 58,944,225 төгрөгийг нөхөн төлүүлэх, цаашид уг зөрүүг олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Ж.Б- нь Цагдаагийн ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний төвд 2001-2003 онд химийн шинжээч-дадлагажих ажилтнаар, мөн газрын Шинжилгээний хүрээлэнд 2003-2005 онд химийн лабораторын шинжээчээр, мөн газрын ахлах шинжээчээр, Шүүхийн шинжилгээний үндэсний төвд 2005-2009 онд криминалистикийн хэлтэст химийн ахлах шинжээчээр, ШШҮХд криминалистикийн хэлтэст 2009-2011 онд химийн ахлах шинжээчээр тус тус ажиллаж байсан.
Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр Ж.Б-д “Мэргэжлийн шалтгаант химийн бодисын архаг хордлого” гэх онош тавигдсаныг үндэслэн түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг мэргэжлээс гэж тогтоожээ. Улмаар Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссоос 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд дээрхи оношоор түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоон акт гарган сунгасан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувь болгон тогтоожээ./хх 13-24/
Ж.Б- нь 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн одоог хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа нь холбогдох дэвтэрт хийгдсэн бичилтээр тогтоогдож байна. /хх 25-29/
5. Нэхэмжлэгч Ж.Б- нь 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 110,654,352 төгрөгийн цалин болон цолны нэмэгдэл авах байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, үүнээс тахир дутуугийн тэтгэвэрт авсан 51,710,131 төгрөгийг хасч цалин болон тахир дутуугийн тэтгэвэрийн зөрүү 58,944,221 төгрөгийг шаарджээ.
6. Ж.Б-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохоос өмнө ажил олгогч 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар Тамгын хэлтэст дотоодын хяналт, өргөдөл гомдол хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэнээр томилон ажиллуулж байсан ба тус хүрээлэнгийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тасгийн даргаар тус тус ажиллаж байгаад тус хүрээлэнгийн захирлын 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн б/477 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.
Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар Ж.Б-г 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах газарт хяналт-шалгалт, аудит хариуцсан ахлах байцаагчаар томилж, хошууч цолыг сэргээн олгож, ...2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт дотоод аудит хариуцсан ахлах байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаагаар тогтоогдож байна.
7. Иймд нэхэмжлэгч нь төрийн байгууллагаас ажлаас чөлөөлөгдсний дараа дахин төрийн албанд ажиллаж цалин хөлс авч байгаа тул хөдөлмөрийн чадвар алдалтаас шалтгаалан цалин, тэтгэврийн зөрүүгийн нөхөн төлбөр олгоход албан хаагч ажил эрхлэж байгаагаас хамаарч олгох эсэх талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна. Энэ тохиолдолд Ж.Б- нь авах ёстой байсан цалин хөлсний зөрүүг шаардсан эсхүл байгууллагын гэм буруутай үйл ажиллагаанаас болж гэм хорын хохирол учирсан эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн төлбөр, цалин хөлс, тэтгэврийн зөрүү шаардаж байгаа бол уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Харин Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулснаар үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзвэл уг маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч байгууллагын нэрийг алдаатай бичснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/02246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 452,671 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Э.ЗОЛЗАЯА