Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 595

 

                                                                                                                                                                               

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Э.Лхагвадорж, Ц.Эрдэнэбаатар нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Мөнхцэцэг,

ялтан Ц.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлоор Э.Лхагвадорж, Ц.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 201626010951 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Туучид овогт Энхбатын Лхагвадорж, 1988 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хайрхан бар” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 29-4926 тоотод оршин суудаг,

          Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЙЮ88012078/, 

 

          Мандал хайрхан овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаатар, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Москва комплекс” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47-04 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ШЗ86101411/,

          Ц.Эрдэнэбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд иргэн Э.Лхагвадоржтой “такси барих” асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

          Э.Лхагвадорж нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд иргэн Ц.Эрдэнэбаатартай “такси барих” асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Лхагвадоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Ц.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э.Лхагвадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Ц.Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Э.Лхагвадоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаатарыг 260 /хоёр зуун жар/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ялтан Э.Лхагвадоржид, мөн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Ц.Эрдэнэбаатар нарт тус тус мэдэгдэж, Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, …тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Ялтан Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын явцад Э.Лхагвадоржийн биед учирсан хавирганы хугарал нь ямар үйлдлийн улмаас, хэзээ учирсан болохыг тогтоож чадаагүй. Тухайн үед маргаан үүсэхэд Э.Лхагвадорж, Ц.Эрдэнэбаатар нараас гадна нэг гэрч байсан. Гэрч “наад хүн чинь согтуу байна гээд салгаад явах гэхэд араас “ална аа” гэх шиг болсон. Эргээд харахад толгой руу нь чулуу шидээд хагалсан. Ц.Эрдэнэбаатар ах толгойгоо хагалуулчихаад зууралдаад авсан. Би утсаараа цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Э.Лхагвадоржийг эрүүлжүүлэхээр авч явсан. Ц.Эрдэнэбаатар ах гомдол өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоолоо бичүүлээд аваад явсан” гэж мэдүүлсэн байдаг. Энд өшиглөсөн, зодсон, цохисон гэж огт дурдагдаагүй. 1 сарын хугацаанд Ц.Эрдэнэбаатарыг мөрдөн байцаагч огт дуудахгүй байж байгаад нэг дуудахаар нь очиход “чи бас сэжигтнээр татагдана. Нөгөө хүний чинь хавирга хугарсан” гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн дүгнэлт нь ирээгүй тул дахин шүүх эмнэлэгт очиж үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж тогтоогдсон. Э.Лхагвадорж нь эрүүлжүүлэхэд очиход хавирга нь хугарсан, Ц.Эрдэнэбаатар түлхэж унагаасан талаар яригдаагүй байсан. Э.Лхагвадорж маргааш нь өгсөн мэдүүлэгтээ “нэг мэдсэн чинь барилцаад авсан байсан” гэсэн боловч сүүлд “нуруу руу өшиглөсөн” эсхүл “цохисон” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Мөрдөн байцаагч мэдүүлгийн зөрүүг гаргаагүй. Э.Лхагвадорж нь эрүүлжүүлэхэд хэдэн хүнтэй хоноод юу болсон эсэхийг, эрүүлжүүлэхийн эмч үзлэг хийсэн эсэхийг, биед нь өвчин, зовиур байгаа талаар хэлсэн эсэхийг шалгаж тогтоох хэрэгтэй. Маргаан гарснаас хойш 5 хоногийн дараа Э.Лхагвадорж шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг. Энэ хугацаанд хаана, юу хийсэн болохыг нь тогтоох хэрэгтэй. Эдгээрийг одоо тогтоох боломжгүй гэж үзвэл Ц.Эрдэнэбаатарыг цагаатгаж өгнө үү. Хэрвээ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар эдгээр байдлыг тогтоох боломжтой гэж үзвэл нотлох баримтыг хангалттай бүрдүүлж байж Ц.Эрдэнэбаатарыг яллаж өгнө үү” гэв.

          Ялтан Ц.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

          Прокурор О.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч “Хэргийн газарт нэг гэрч байсан. Гэрч нь тухайн үед зодоон болоогүй гэж мэдүүлдэг” гээд байна. Хэргийн газарт байсан гэрч нь Ц.Эрдэнэбаатарын дүү тул нэг талд ашигтай мэдүүлэг өгөх байх. Мөн “Шүүгч гэрчид нөлөөлж загнасан” гэж байна. Шүүх хуралдаан дээр гэрч бичиг баримтгүй ирсэн тул шүүгч биеийн байцаалтыг нь тодруулахад өөрийн нэрнээс бусдыг нь санахгүй байсан. Энэ үед өмгөөлөгч “энэ хүнийг гэрчийн мэдүүлэг өгүүлэхгүй. Та сэтгэл зүйн хувьд нөлөөлөөд байна” гэсэн. Э.Лхагвадоржийг эрүүлжүүлэх байранд өөр хүнд зодуулсан байж магадгүй гэж хардаад байна. Тухайн маргаан нь 5 дахь өдөр болсон. Э.Лхагвадорж согтуу байсан тул эрүүлжүүлэхээр ахмад Ариунбаярт хүлээлгэн өгсөн баримт байдаг. Шүүх хуралдаан дээр Э.Лхагвадоржоос “Тухайн үед таны хавирга гэмтсэн юм уу? Яагаад гэмтсэн бэ” гэж асуухад “Бид таксины асуудлаас болоод маргахад Ц.Эрдэнэбаатар намайг түлхээд өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд чулуу аваад шидсэн” гэж хариулсан. “Яагаад та тухайн үедээ цагдаад мэдэгдээгүй юм бэ” гэхэд “намайг шууд эрүүлжүүлэх рүү авч явсан. Би тухайн үедээ согтуу байсан тул сайн мэдээгүй. Шөнөдөө цээж хөндүүрлээд хоносон тул маргааш өглөө нь мөрдөн байцаагч дээр очоод хавирга хугарсан байж магадгүй” гэж хэлсэн гэдэг. Бямба гаригт буюу 26-ны өдөр шинжээч томилсон тогтоол өгсөн тул 1 дэх өдөр нь шинжээчид үзүүлсэн гэдэг. Ц.Эрдэнэбаатараас “та яаж Э.Лхагвадоржоос салсан юм бэ” гэж асуухаар “би түлхчихээд яваад өгсөн” гэдэг. Гэтэл Ц.Эрдэнэбаатар нь өшиглөсөн тул Э.Лхагвадорж уурандаа чулуу шидсэн байдаг. Ц.Эрдэнэбаатарын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт 1 сарын дараа гаргасан. Мөрдөн байцаагч нь Э.Лхагвадоржид тухайн 26-ны өдөр шинжээч томилсон тогтоол өгөөгүй гэж хардаад байдаг. Мөрдөн байцаагч хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг үнэн зөв явуулдаг тул шинжээч томилсон тогтоолын хугацааг хуурамчаар үйлдэнэ гэж байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нар 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газрын урд талын замд хоорондоо “Таксигаар хэн эхэлж үйлчлүүлэх” асуудлаас болж хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож Э.Лхагвадоржийн бие махбодид “зүүн 8-10 дугаар хавирганы далд хугарал” буюу хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Ц.Эрдэнэбаатарын бие махбодид “зулайн язарсан шарх” буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч /шүүгдэгч/ Э.Лхагвадоржийн “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах караокед нэг найзтайгаа хоёулаа орж 1 шил “Ерөөл” архи, 3 пиво уугаад орой 18 цагийн орчим гараад …би гэртээ харих санаатай Авто сургуулийн урд талын буудал дээр ирээд зогсож байсан таксинд суух гэж байтал нэг танихгүй хүн хүрч ирээд миний суух гэж байсан таксинд суух гэхээр нь би түүнд хандаж “би наад таксинд чинь суух гэж байна” гэхэд нөгөө залуу “би 1000 төгрөгөөр явах гэж байна” гээд томроод тэгээд бид хоёр маргалдаад замын урагшаа гарсан. Тэгээд хоорондоо барьцалдаад тэр залуу намайг түлхэхэд нь би хөл алдаж арагшаа унаад алхахаар нь би босож ирээд газраас чулуу аваад шидтэл нөгөө залуугийн толгойд оночихсон. Тэгээд тэр залуу хүрч ирээд намайг барьж аваад цагдаа дуудаж өгсөн. ...Би Эрдэнэбаатар гэх тэр залууг таньдаггүй болохоор урьд өмнө хэрэлдэж маргалдсан өс хонзон санасан зүйл байхгүй. ...Би шинжээчийн 4336, 4430 тоот дүгнэлтүүдтэй танилцлаа гаргах санал, хүсэлт байхгүй. Эрдэнэбаатарын биед учирсан зулайн няцарсан шарх гэмтэл нь миний түүн рүү чулуу шидсэнээс үүссэн гэмтэл юм. Миний биед учирсан зүүн 8-10 дугаар хавирганы далд хугарал гэмтлийг Эрдэнэбаатар гэх тэр залуу тонгорч унагаад зүүн хавирга руу өшиглөснөөс учирсан. ...Би эрүүл мэндийн даатгалтай учраас хавирганы хугарал гэмтлийг үнэ төлбөргүй шарлага хийлгээд зүгээр болсон болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” /хх-11-13, 49-50/,

хохирогч /шүүгдэгч/ Ц.Эрдэнэбаатарын “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу шөнийн захын хажууд байрлах “Монгол зоог” нэртэй цайны газрыг түрээсээр ажиллуулдаг байсан юм. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би “Монгол зоог” цайны газартаа очиж тухайн өдрийнхөө орлогыг авчихаад гараад автбусны буудал дээрээс 500 төгрөгөөр “Толгойт”, “Их наран”-гийн чиглэл рүү явдаг таксинуудын хажууд очоод зогстол нэг танихгүй залуу ирээд таксины жолоочоос “Их наран” руу 500 биз дээ” гэхэд таксины жолооч “үгүй” гэхэд нөгөөх залуу “яахаараа 500 төгрөгөөр явдаггүй юм бэ” гэсэн. Би тэр залууд “500 төгрөгөөр явдаг такси цаана чинь зогсдог юм” гэхэд “чи юу юм бэ” гэснээ “намайг суучих хамт явъя” гэхээр нь “би яахаараа суудаг юм, суухгүй” гэхэд миний цамцнаас татаад урагшаа зам хөндлөн гарсан. Тэгтэл араас манай дүү Даваажаргал ирээд намайг явъя гэхээр нь би тэр залууг түлхчихээд буцаад алхтал араас чулуу шидээд толгой хагалчихсан. Тэгээд миний толгойноос цус гараад би хүзүүний ороолтоор цусаа дараад нөгөөх залуу руу очиж барьж аваад, тэгэхэд Даваажаргал цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. ...Миний толгой руу тэр залуу чулуу шидсэнээс болж толгой хагарч, цус гарсан. ...Би тэр залууг танихгүй болохоор урьд өмнө хэрэлдэж маргалдсан өс хонзон санасан зүйл байхгүй. Би бодохдоо тэр залууг түлхэхэд газарт унаад тэгээд л уурандаа чулуу авч над руу шидсэн байх гэж бодож байна. ...Би түлхэж унагаснаас биш өшиглөсөн асуудал байхгүй. ...Би архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглээгүй эрүүл байсан. Харин нөгөө залуу архи уусан, үнэртэж байсан ч гайгүй харагдаж байсан. ...Би шинжээчийн 4430 тоот дүгнэлттэй танилцлаа гаргах санал хүсэлт байхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-15-16, 40/,

гэрч Б.Даваажаргалын “...Ц.Эрдэнэбаатар манай ах Бямба-Очиртой багын найз болохоор би түүнтэй ах дүүгийн харилцаа холбоотой байдаг. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би Эрдэнэбаатар ахын ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” цайны газарт нь хоол идэхээр очоод байж байтал цайны газрын урд Эрдэнэбаатар ахыг нэг танихгүй залуу хувцаснаас нь татчихсан зам хөндлөн урагшаа гарч байхаар нь би араас нь гүйж замын урд гараад очиход чи юу гээд байгаа юм бэ гээд хоёулаа маргалдаад байгаа бололтой зогсож байхаар нь би Эрдэнэбаатар ахыг явъя гээд татаад дагуулаад алхтал нөгөөх залуу ална аа гэж дуугарахаар нь эргээд хартал нөгөө залуу газраас чулуу авч шидээд Эрдэнэбаатар ахын толгойд нь оночихсон. Эрдэнэбаатар ахын толгойноос цус гараад хүзүүнийхээ ороолтоор толгойгоо дараад нөгөө залуу руу очиж барьж авахад нь би цагдаа руу ярьж дуудлага өгөхөд цагдаа ирээд түүнийг аваад явсан. ...Би тэр залууг танихгүй. Юунаас болж чулуу шидсэнийг мэдэхгүй. Намайг дагуулаад явтал араас нь чулуу шидсэн. ...Эрдэнэбаатар ах тэр залууг цохиж зодсон, хавирч тонгорч унагааж байгаа харагдаагүй. ...Эрдэнэбаатар ах үг дуу цөөтэй, хэр баргийн юманд уурлаж уцаарлаад байдаггүй, тайван дөлгөөн, эелдэг харьцаатай, хүнийг хүндэлдэг, хүнд тусархаг, шулуун шударга зантай, хүнд муу зүйл бодож санаад, архи уугаад хэрүүл маргаан үүсгээд байдаггүй хүн байгаа юм...” /хх-17-18/,

гэрч Д.Одхүүгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 худалдааны төвийн баруун урд талын машин зогсоол дээр зогсож өөрийн “Марк-2” загварын 00-21 УБИ улсын дугаартай автомашинаар таксинд явж халтуур хийдэг юм. 2016 оны 5 дугаар сарын сүүлээр байсан шиг санаж байна нэг өдөр би 21 худалдааны төвийн баруун урд талын зогсоол дээр зогсож байтал нэг согтуу залуу хүрч ирээд “Их наран” руу 500 биз дээ” гэхээр “ах нь километрээр явна” гэхэд нөгөөх согтуу залуу “500 төгрөгөөр явчихаач” гэхэд миний хажууд зогсож байсан залуу /21 худалдааны төвийн баруун талд 21 цайны газрыг ажиллуулдаг байсан залуу/ нөгөөх согтуу хүн рүү хандаж “500-аар явдаг такси цаана чинь байдаг юм” гээд баруун тийшээ автобусны буудлын тийшээ заахад нь нөгөө залуу түүн рүү “чи юу юм бэ” гэхэд нөгөөх нь “би чамд 500-гийн такси цаана зогсдог гэж байна” гээд тэр хоёр маргалдаж байснаа бие биенээ заамдаад зам хөндлөн урагшаа гараад явсан. Тэр үед миний машинд хүн орж ирж суусан болохоор би тэгээд л хөдлөөд явчихсан. ...Цайны газрын залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байх шиг байсан. Харин нөгөө залуугаас архи нилээд үнэртэж байсан ч харахад гайгүй харагдаж байсан. ...Тэр хоёр залуу зууралдаад замын урагшаа гарахад нь би хөдлөөд явчихсан болохоор замын урагшаа гараад юу болсныг мэдэхгүй байна. ...Тухайн үед ойр орчимд ямар хүмүүс байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг таксинд явахаар машинтайгаа зогсож байхад эхлээд цайны газрын залуу ирээд зогсож байтал дараа нөгөөх согтуу залуу ирсэн...” /хх-19-20/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4336 тоот шинжээчийн дүгнэлтийн “…1. Ц.Эрдэнэбаатарын биед зулайн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй…” /хх-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4430 тоот шинжээчийн дүгнэлтийн “…1. Э.Лхагвадоржийн биед зүүн 8-10 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй…” /хх-28/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, ялтан Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарт тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан, хүнд биш ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайхан нь “…Ц.Эрдэнэбаатарын гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад ял халдаасан нь үндэслэлгүй ба Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах эсвэл шүүгдэгч Ц.Эрдэнэбаатарыг цагаатгаж өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх Ц.Эрдэнэбаатар, Э.Лхагвадорж нарын үйлдсэн гэмт хэргийн талаар зөв хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Эрдэнэбаатар болон Э.Лхагвадорж нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа бий болсноос үүдэн тэд харилцан бие биендээ санаатай гэмтэл учруулсан болох нь шинжээчийн 4336, 4430 тоот дүгнэлтүүд, хохирогч, шүүгдэгч Э.Лхагвадоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортойгоор өгсөн мэдүүлэг зэргээр Ц.Эрдэнэбаатарын гэмт үйлдэл болон Э.Лхагвадоржид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо, хамааралтай гэж үзэхээр байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

               ШҮҮГЧИД                                                         Б.ЗОРИГ

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ