Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 65

 

М.А-т холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

   Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр магадлалтай, М.А-т холбогдох 1808037301311 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Д овогт М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, М.А-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-гийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч О.Намжилцогт нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Б, гэрч Х.Ж, гэрч Г.Д, гэрч Б.Б, гэрч Л.Б, гэрч Б.Б, гэрч Ч.О нарын мэдүүлэг, цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ч.Э нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгээс харахад 01:18:08 минутад амь хохирогч газар унахдаа гавал тархины гэмтлийг авснаас болж талийгаач ухаангүй болж өөрийгөө удирдах идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй болсон байна” гэх мэдүүлэг, хяналтын камерийн 01:17-01:18 секунд хүртэлх бичлэг зэргээр М.А-ын Ч.О руу халдаж байгаа санаатай үйлдлийн улмаас Б.Г нь газарт унаж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учирснаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байна. Талийгаач нь ар дагзаараа савж унасан тархины битүү гэмтлийг авснаас хойш ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй гэртээ хэвтэж байгаад, 1 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түргэн дуудаж, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийгдэж байгаад 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан.

М.А нь “би түлхээгүй” гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх заалтын дагуу өөрийнхөө эрхийг эдэлж байна гэж үзсэн.

М.А нь Б.Г-г гэмтээх санаатай үйлдэл хийгээгүй ч Ч.О-г түлхсэн үйлдлийн улмаас Ч.О, Б.Г хоёр арагш унасан эс үйлдэхүйн улмаас Б.Г-гийн эрүүл мэндэд тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учир миний нөхөр нас барсан болно.

Дээрх үйл баримтаар М.А-ын үйлдэл, Б.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар на барсан хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой. Анхан болон давж заалдах шатны шүүх М.А-т хариуцлага хүлээлгэхгүй буюу хүний амь нас хохироосон этгээдийг цагаатгаж байгаа нь хохирогч О.Б надад шударга бус санагдаж байна. Хууль шүүхийн байгууллага ямар нэгэн байдлаар М.А-ын талд үйлчлээд байгаа сэтгэгдэл төрж байна. Иймд энэ хэргийг сэргээн шалгаж, миний нөхрийг нас барахад хүргэсэн буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү. ... Бид өнчрөл, хагацал үзээд 1 жил 5 сар болох гэж байна. Шүүх гомдол саналыг зөв шийдвэрлэх байх гэж хүлээсээр гурван шатны шүүх хурал болж байна. Та бүхнийг хэргийг зөв шийдвэрлэж өгөхийг хүсье.

Миний ханийн амь насыг нь хохироосон үйлдэл нь бичлэгт тодорхой байхад хүний амийг чихрийн цаас мэт зүйрлэж байгаад харамсаж байна. Ч.О түлхээгүй гэж мэдүүлсэн. Гэтэл дараа нь мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Бичлэгээс харахад цохисон уу, түлхсэн үү гэдгийг ямар ч хүн ойлгохоор байгаа. Ямар ч нөхцөлд М.А түлхээгүй, цохиогүй бол хань минь эсэн мэнд байх ёстой. Гэтэл биднийг үл тоож, нэг ч удаа утсаар яриагүй, уулзаагүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч С.Чулуунбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх ямар нэгэн хууль зөрчсөн, буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явц болон хурал үргэлжлэх хугацаанд оролцогчдын ярих эрхийг хязгаарласан асуудал гараагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргасан. Мөн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзээд магадлал гаргасан. Талийгаач гэртээ ирж хоносон буюу 30 гаруй цагийн дараа эмнэлэгт хүргэгдэж нас барсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-тай харилцаж, ярилцсан бөгөөд О.Б “хүнд зодуулсан юм уу, цагдаа дуудах уу” гэхэд хэрэггүй гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй тул тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүх М.А-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд М.А нь Ч.О бусадтай маргалдаж байсныг зогсоох, түүнийг бусадтай зодолдохоос сэргийлэх зорилгоор түлхэсний улмаас Ч.О хохирогч Б.Г-тэй давхардан унаж, Б.Г-гийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон, амь хохирогчид гэмтэл учруулах зорилготой үйлдэл хийгээгүй, гэм буруугүй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-гийн гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.А-ыг 2018 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Ч.О-г түлхсэний улмаас Б.Г давхарлалдан унаж, гавал тархины битүү гэмтэл учирч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож түүний үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.А нь Ч.О-г бусадтай маргалдаж байхад нь болиулах, зогсоох үйлдэл хийсэн, өөрөөр хэлбэл түүнийг бусадтай зодолдохоос сэргийлж, маргааныг таслан зогсоох зорилгоор Ч.Отгонсаруулыг түлхэх үед цаанаас ирсэн Ч.О нь хажуугаар нь өнгөрч явсан Б.Г-гийн дээрээс давхарлалдан унасан, улмаар шүүгдэгч нь амь хохирогчийг унасан даруйд шууд босгож байгаа үйл баримт мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.       

Анхан шатны шүүх шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүгнэсэн бөгөөд тухайн нөхцөл байдалд М.А нь ямар санаа, зорилгоор Ч.О-г түлхсэн, түүний үйлдэлдээ хандаж буй хандлага, сэдэл, санаа зорилго нь бусдын буюу хөндлөнгийн, гуравдагч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулахаар, хууль бусаар санаатай болон болгоомжгүй байдлаар халдаж буй гэм буруугийн аль аль шинжийг хангахгүй, үгүйсгэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан шинжийг агуулж байгаа талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв тухайн этгээд өөрийн үйлдлээрээ хор уршгийг урьдаас мэдээгүй, мэдэх бололцоогүй бол гэм буруугүйд тооцогддог. Хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь гол төлөв амьдралд буй болсон тохиолдлын шинжтэй нөхцөл байдалтай холбоотой байдаг. Эрх зүйд гэм буруугүйгээр гэм хор учруулсныг тохиолдол гэж нэрлэх бөгөөд тухайн үйл явдалд хэн нэгэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй болно.

Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэл/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог. 

Хэргийн үйл баримтыг авч үзвэл хэдийгээр амь хохирогч Б.Г-д учирсан гэмтэл нь Ч.О-г түлхсэн М.А-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч энэ нь маргаан гаргахгүй, зодоон болох үйл баримтыг таслан зогсоох зорилгоор хийгдсэн, Ч.О-г түлхэхэд Б.Г-гийн амь насыг хохироох үр дагавар үүсэхийг тухайн нөхцөл байдалд ухамсарлах, хохирол учрахыг урьдчилан мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.А-ыг гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээр дурдсан үйл явдлын улмаас хүний амь нас хохирсон байх боловч шүүгдэгчийн үйлдэл, тухайн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүй нь гэм буруугийн  болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй юм. 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-гийн гаргасан “... шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 939 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                     ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН