Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0163

 

 

2018 оны 03 сарын 06 өдөр   

  Дугаар 221/МА2018/0163

Улаанбаатар хот

 

 

“Ө Ю Ж С С С С” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан, гуравдагч этгээд “А” ХХК, “Д г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэртэй, “Ө Ю Ж С С С С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө Ю Ж С С С С” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-318 дугаар тушаалын “Бух чулуу” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалын “Д г” ХХК-д, мөн сайдын 2016 оны А/220 дугаар тушаалын “Э Т Э Д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө Ю Ж С С С С” ХХК-иас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны А/433 дугаар тушаалын “Ангараг чулуу” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ө Ю Ж С С С С” ХХК-ийн захирал С.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Манай компани Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 3000 м.кв газрыг Аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр замын трасс орсон гэдэг шалтгаанаар маргаан үүссэн ба 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн шийдвэрийн дагуу манай компани Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжийн дагуу 13.4 га газрыг эзэмшихээр болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулан авсан билээ.

Шинжилгээ хийлгэж буй газар нь Нийслэлд хамаарах эсэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамаарах эсэх нь маргаантай байгаа учраас нэхэмжлэгчээс гуравдагч этгээдээр Нийслэлийн Засаг даргыг оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр захирамжаар хийсэн шинжилгээ нь бүх талын тэгш оролцоог бүрэн хангаагүй гэж үзэхэд хүргэж байна. Маргаан бүхий газарт 21 дүгээр шон нь 3 өөр газар байрласан байхад зөвхөн Дархан цаазат газрын улсын байцаагчийн буюу хариуцагчийн зааж тодорхойлсноор ойлгож, бодит байдал 75 гээд тэмдэглэчихсэн шонг хариуцагчийн буруу хаягжуулсан гэдэг хариуцлагагүй баримт нотолгоогүй тайлбарыг хүлээн авч шийдвэрлэсэн, бодит байдал дээрээ 21 тоот шон гээд тодорхой тэмдэглэгээтэй байгаа шонг хайхрахгүй орхисон зэрэг нь учир дутагдалтай байна. Шинжээчийн дүгнэлт таамаг төдий гарсан байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй гуравдагч этгээдүүдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн газрууд нь “Богд уулын дархан цаазат газрын хилийн зааг” дотор байрлаж байна” гэж дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд уулын Дархан цаазат газрын мэргэжилтэн болон Дархан цаазат газрын Байгаль хамгаалагч нарын тайлбарыг дурдсан бөгөөд манай компанийн газар олгосон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн тайлбар болон Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг, шинжээчийн дүгнэлтийн 3-т дурдсан эргэлзээ төрүүлэхүйц тайлбар дүгнэлтүүдийг огт хайхраагүй байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/389 дүгээр захирамжаар “Ө Ю Ж С С С С” ХХК-д газар олгосон нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд манай компанийн эзэмшил газар дээр хариуцагчаас өөр хуулийн этгээдэд давхардуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар “Ө Ю Ж С С С С” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 134.000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд уг газар мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр А-318 дугаар тушаалаар “Б” ХХК-д 1.7 га газрыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “Д г” ХХК-д 1.5 га газрыг, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Э Т Э Д” ХХК-д 2 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас эзэмшүүлсэн, ашиглуулсан газрууд нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа талаар холбогдох баримтуудыг цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Маргаан бүхий газарт 21 дүгээр шон нь 3 өөр газар байрласан байхад зөвхөн Дархан цаазат газрын улсын байцаагчийн буюу хариуцагчийн зааж тодорхойлсноор ойлгож, бодит байдал 75 гээд тэмдэглэчихсэн шонг хариуцагчийн буруу хаягжуулсан гэдэг хариуцлагагүй баримт нотолгоогүй тайлбарыг хүлээн авч шийдвэрлэсэн, бодит байдал дээрээ 21 тоот шон гээд тодорхой тэмдэглэгээтэй байгаа шонг хайхрахгүй орхисон зэрэг нь учир дутагдалтай байна...” гэж дурдсан бөгөөд Улсын Их Хурал 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг “...Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын Гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэл тогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон...” байна гэж тусгасан ба шон дээр хаягжуулсан 21 тоот нь төмөр замын далангийн баруун талд байх тул дээрх тогтоолын дагуу уг шонг байрлаж буй байршлаас нь хамаарч 3 тоот шон гэж үзэхээр байна.

Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд тусгагдсанаар Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон байрлах ёстой ба тухайн газарт хаягжуулсан 75 тоот, шинжээч нарын таамаглаж буй 21 тоот /хугарсан хуучин шонгийн ул мөр/ шонгийн аль нэг нь байршлаараа дээрх тогтоолд заасан 21 тоот шон байх ёстой бөгөөд аль нь ч 21 тоот шон байсан нэхэмжлэгчийн маргаж буй газар Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/203 дугаар тушаалаар томилогдсон шинжээч нар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэмжилт хийсэн ба уг хэмжилт хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр захирамжаар хийсэн шинжилгээ нь бүх талын тэгш оролцоог бүрэн хангаагүй...” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар хариуцагч маргаан бүхий газарт аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах эрхтэй ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Б” ХХК, “Д г” ХХК-иудын газар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2049 дүгээр албан бичиг, хавсралт зураг зэргээр тогтоогдож байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж заасан тул хариуцагчаас гуравдагч этгээд нарт олгосон газрыг нийслэлийн Кадастрын мэдээллийн санд оруулсан байхыг шаардахгүй тул нэхэмжлэгч “Ө Ю Ж С С С С” ХХК-ийн захирал давж заалдах гомдолдоо “...13.4 га газар нь нийслэлийн газрын мэдээллийн санд нэхэмжлэгч компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг бол гуравдагч этгээдүүдийн газар нийслэлийн мэдээллийн санд байхгүй байна...” гэж дурдсан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                                      О.НОМУУЛИН

          ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

          ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА