Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 102/2019/02600/И |
Дугаар | 210/МА2022/00647 |
Огноо | 2022-04-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2022/00647
2022 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2022/00647 |
ББФ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/00023 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ББФ ХХК-ийн хариуцагч ИК ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ИК ХХК-аас ажпын хөлс 24,000,000 төгрөг гаргуулна.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ББФ ХХК 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ИК ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ...Аварга тосон рашаан сувилалын баазын нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээний төлбөрт нийт 60,000,000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд 24,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний 2.4.2-д зааснаар хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлын гүйцэтгэл 40,2 хувьд хүрэхэд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 12,000,000 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Ажлын гүйцэтгэлийг 65 хувьд хүргэх үед гэрээний 2.4.2-т заасан 12,000,000 төгрөг, 2.4.3-т заасан ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрэхэд төлөх ёстой 12,000,000 төгрөгийг төлөөгүй. ИК ХХК 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг 65 хувьд тооцуулан акт үйлдэж ажлын төлбөр тооцоогоо авсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 2.4.2, 2.4.3-т заасны дагуу гэрээ цуцлахаас өмнө хийсэн ажпын хөлс болох 24,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Талууд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, .... Аварга тосон рашаан сувилалын баазын нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. ИКХХК, Аварга тосон рашаан сувилал ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр уг нийтийн ариун цэврийн өрөөнүүд бүхий барилгын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэх гэрээг байгуулан, зөвхөн барилга угсралтын ажлыг нь хийж гүйцэтгүүлэх гэрээг ББФ ХХК-тай байгуулсан. Гэтэл ББФ ХХК гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүйн улмаас А Т Р С ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан. Хариуцагчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. Иймд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн нийт ажлыг нэгтгэн дүгнэж акт үйлдээгүй тул ажлын гүйцэтгэлийн үр дүнг талууд акт үйлдэн хүлээлцсэний дараа, хийж гүйцэтгэсэн хэмжээгээр нь тохирсон хөлсийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
3. Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу хариуцагч ИК ХХК-д холбогдох 24,000,000 төгрөг гаргуулах тухай ББФ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч тухай ББФ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1 Шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаагүй тухайд,
4.1.а. ИК ХХК нь А Т Р С ХХК-д гэрээний ажил хүлээлгэж өгөх үед нэхэмжлэгчийн гүйцэтгэснээс илүү ажил нэмж хийгээгүй нэхэмжлэгчээс өөр туслан гүйцэтгэгч байгаагүй гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 8, 10-р талд байдаг ба хэргийн оролцогчийн шүүх хуралд гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэл болно. Шүүгчийн захирамжийн дагуу А Т Р С ХХК-аас ирсэн албан бичигт “шүүхээс шаардсан дундын акт эх хувиараа манай байгуулагад байсан нь үнэн” гэснээс үзэхэд дундын акт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажил гүйцэтгүүлсэн тул гүйцэтгэсэн ажлыг тодорхой хувиар хүлээн авсан, хийсэн ажилд нь тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн нь тодорхой. ИК ХХК-аас А Т Р С ХХК-д гаргаж өгсөн “Дундын санхүүжилтийн тайлан байдаг. Уг баримтын талаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудасны сүүлийн мөрт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа” -ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар акт үйлдэх байдлаар загварыг явуулсан боловч “Аварга тосон” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй учир бодит байдал дээр акт үйлдэгдээгүй гэж тайлбарласан. Үүгээр уг баримтыг илгээж байснаа хүлээн зөвшөөрч байна. А Т Р С ХХК дундын акт үйлдсэн гэдгээ үгүйсгэхгүй байхад шүүх дээрх үйл баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй алдаа гаргасан. Эдгээр баримтууд нь хуульд заасан хэргийн нотлох баримт мөн. Гэтэл хэргийн нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагчийн тайлбарт үндэслэж шийдвэрээ гаргасан нь буруу.
4.2. Үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн тухайд,
4.2.а. Хариуцагчийн хувьд ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрсэн бодит байдлын талаар маргаагүй хүлээн зөвшөөрдөг. Шүүх ажлын 40 хувьд тохирох хөлс 24,000,000 төгрөг нэгэнт хулээн авсан атлаа нэмж гүйцэтгээгүй байгаа ажлын үнэ 12,000,000 төгрөгийг шаардахын тулд гэрээ хэвийн үргэлжлэх, эсхүл ажил дуусаагүй байхад гэрээ дуусгавар болсон явдалд нэхэмжлэгч буруугүй болохоо нотлох шаардлага үүснэ гэж дүгнэсэн. Шүүгч нэмж гүйцэтгээгүй байгаа ажлын үнэ 12,000,000 төгрөг гэж төөрөгдсөн. Гүйцэтгээгүй ажлын хөлс нэхэмжлээгүй. 12,000,000 төгрөг нь гэрээний 2.4.2-т заасан ажил гүйцэтгэл 40 хувьд хүрч акт үйлдэж баталгаажуулснаар олгох ёстой дүн. Бодит байдал дээр хариуцагч ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрсэнд огт маргадаггүй. Мөн ажлын гүйцэтгэл 40,2 хувьд хүрсэн талаарх 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн акт үйлдсэн баримт хэрэгт авагдсан. Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс “ажлын гүйцэтгэл ерөнхийдөө 40 хувь хүрснийг хүлээн зөвшөөрч байгаа” гэж хариулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн хийсэн ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрсэн нь талуудын тайлбар болон баримтаар нотлогддог учир нэгэнт гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах эрх нь нээлттэй. Ажил гүйцэтгэх гэрээг цуцлахаас өмнө гэрээний 2.4.2, 2.4.3-т заасан ажлын гүйцэтгэл 40 хувь, 60 хувьд хүрсэн тул хийсэн ажлын хөлс болох 24 000 000 төгрөгийг шаардах эрх нь нээлттэй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт ажлын гүйцэтгэл 60, 65, 80 хувьд хүрсэн гэх баримт байхгүй. Шүүгчийн захирамжаар А Т Р С ХХК-аас баримт шаардсан боловч тухайн баримт нь хэдэн хувийн санхүүжилтээр хэзээ тооцоо нийлсэн, ямар акт гэдэг талаар тусгагдаагүй, ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй. Мөн ажлын цаг хүрээний хувьд ерөнхий гүйцэтгэгч ИК ХХК болон ББФ ХХК-ийн хийж гүйцэтгэх ажил нь ижилхэн ажил гэдэг талаар маргаангүй, зөвшөөрсөн. Үүнд хариуцагчийн зүгээс маргасан. Тийм учраас анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа маргасан үйл баримтын талаар тодорхой дурдсан. Хийж гүйцэтгэх ажил бол маш зөрүүтэй. ББФХХК-ийн хувьд зөвхөн тухайн газар дээр нь ажилчдаа байрлуулж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ажлыг нь хариуцуулан гэрээ байгуулсан. ББФХХК нь 65, 80 хувьд гүйцэтгэсэн гэж байгаа бол өөрсдийнхөө тухайн ажилчдыг хэрхэн ажиллуулсан ажлын цагийн бүртгэл, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дэвтэр дээр хийсэн тэмдэглэл, ажлын зураг, өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, барилга угсралтыг хэдэн хувьд хүргэсэн, хэзээ энэ үйл ажиллагаа явагдсан талаар тайланг өөрсдөө гаргах байдлаар баталгаажуулах боломжтой байсан. Гэтэл 40 хувь хүртэл хийж гүйцэтгэсэн үйл баримтаа өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл хүлээн зөвшөөрч байсан учраас ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргаагүй. Гагцхүү гэрээнд зааснаар дундын санхүүжилт 12,000,000 төгрөгийг 40 хувьд хүрэхэд олгоно гэсэн заалтын дагуу 12,000,000 төгрөгөө авна. Цаашаа ажил хийвэл дахин мөнгө авна, хийхгүй бол 12,000,000 төгрөг буюу нийт 36,000,000 төгрөгийг 40 хувийн хийж гүйцэтгэлд авахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасны дараагаар ажлын гүйцэтгэл 65 хувьд хүрсэн гэдэг байдлаар тайлбар гаргаж, өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагыг 24,000,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар ажлын гүйцэтгэл 40 хувиас дээш гүйцэтгэгдсэн үйл баримт тогтоогдоогүй. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ББФ ХХК хариуцагч ИК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. Үүнд, ИК ХХК 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А Т Р С ХХК-тай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт байрлах Аварга тосон рашаан сувиллын баазын 3 нийтийн ариун цэврийн газрын барилгын ажлыг 45 хоногийн хугацаанд 224,344,090 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. Улмаар ИК ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ББФ ХХК-тай тус барилгын ажлыг 45 хоногийн хугацаатай, нийт 60,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх тухай ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Төлбөрийн хувьд урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 40 хувь 24,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаар, гэрээний үнийн дүнгийн 20 хувь 12,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрч акт үйлдэж баталгаажсанаар, гэрээний үнийн дүнгийн 20 хувь 12,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 60 хувьд хүрч акт үйлдэж баталгаажсанаар, сүүлийн санхүүжилт буюу гэрээний үнийн 20 хувь 12,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрч акт үйлдэж баталгаажсанаар тус тус олгохоор тохиролцон, хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний урьдчилгаа төлбөрт 24,000,000 төгрөг төлжээ./хх1, 5-9, 127-132/
5. Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэгдүгээрт ажлын гүйцэтгэл 65 хувьд хүрсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
5.а. Нэхэмжлэгч нь 65 хувьтай ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан бол хариуцагч гэрээний нийт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил 40 орчим хувьтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө, харин 65 хувийн ажил гүйцэтгэсэн баримтгүй, ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн акт үйлдээгүй гэж маргасан.
5.б. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг 65 хувьтай хариуцагчид хүлээлгэж өгсөн нь тогтоодсонгүй. Хэргийн 114-118 дугаар тал дахь ИК ХХК-ийн АГГ 19/17 тоот гэрээний дундын санхүүжилтын тайлан, акт гэх баримтад ажлын гүйцэтгэлийн хувийг 65 хувь гэж тэмдэглэсэн байх боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй “хуулбар” баримт байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А Т Р С ХХК-аас ирүүлсэн “дундын акт эх хувиараа байгууллагад байсан нь үнэн, тухайн акт нь манай байгууллагын дотоод үйл ажиллагааны явцад гээгдсэн тул гаргаж өгөх боломжгүй” гэсэн албан бичиг нь дээр дурьдсан хэргийн 114-118 дугаар тал дахь хуулбар баримтын үнэн зөвийг гэрчлэхгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагад нийцэхгүй. Мөн захиалагч А Т Р С ХХК, ерөнхий гүйцэтгэгч ИК ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчид, туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчид хэдэн хувийн гүйцэтгэлтэй ажил хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй байгаа зэрэг нөхцөл байдал, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл 65 хувьтай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. /хх107/
5.в. Ажлын хөлсний талаарх талуудын тохиролцоо буюу гэрээний 2.4.1, 2.4.2-т заасныг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлавал хариуцагчаас урьдчилгаанд төлсөн 24,000,000 төгрөг нь нийт ажлын гүйцэтгэлийн 40 хувийн хөлс /60,000,000*40%=24,000,000/ байна. Харин дараа, дараагийн хувиараар төлөгдөх төлбөрүүдийг цаашид гүйцэтгэх ажлын хөлс гэж үзэхээр байх ба гэрээний 2.4.2-т ажлын гүйцэтгэлээс хамаарч үлдэгдэл төлбөрийг тус бүр 12,000,000 төгрөгөөр хувааж өгөхөөр тохиролцсон байна. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”, “ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заасантай нийцсэн. Иймд нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нөхцөлд зохих хөлсөө шаардах эрхтэй болно.
6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаарх талуудын тайлбар, холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх талуудын тайлбарыг бүрэн дүүрэн үнэлээгүй, хариуцагчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, ажлын гүйцэтгэл 40 хувьд хүрч акт үйлдэж баталгаажуулснаар олгох ёстой дүнг нэмж гүйцэтгээгүй байгаа ажлын үнэ гэж төөрөгдсөн” гэж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
А.МӨНХЗУЛ