| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 171/2019/0224/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 86
Ц.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр магадлалтай, Ц.Н-д холбогдох 1825008390086 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 25-нд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Ц.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Н-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Н гаргасан гомдолдоо “... Энэ хэрэгт хохирогчоор оролцож буй Г.Г нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаатай болоод 2 жил болж байна. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед гэр бүлээрээ амарч байтал нөхөртэй нууц амрагийн харилцаатай Г.Г нөхрийн утас руу залгасан. Энэ үед нөхөр утсаар ярих боломжгүй усанд орж байсан тул би утсыг нь авч ярьсан. Гэр бүлдээ үүссэн таагүй нөхцөлийг хэл амаараа ололцоё гээд охиноо дагуулаад Г.Г-гийн гэрт нь очтол 2 найз хүүхэнтэйгээ нилээн согтуу гарч ирээд намайг үг хэлээр доромжлон, нийлж зодсон. Энэ үед би цагдаад дуудлага өгсөн. Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Г.Г намайг гэрт нь очиж зодсон хэмээн цагдаад гомдол гаргасан байдаг. Тухайн үед Г.Г-г цохисон, зодсон зүйл байхгүй. 11 дүгээр сарын 20-ны өдөр Г.Г нь мөн согтуу манай нөхөр рүү залгаж архины мөнгө 20,000 төгрөгийг өөрийн данс руугаа шилжүүлэн авсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн орой болсон тухайн үйл явдлын дараа 22-23 цагийн орчимд Г.Г нь хашаан дотроо орилолдон зодоон хийж байсныг харсан гэрч байдаг. Анхан шатны шүүхээс намайг гэм буруутай гэж үзэн 450,000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хүлээн авалгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгчид холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Харин хэрэг хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэх үед хэргйин хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг, Овоотын 4-39 тоот хашаанд Г.Г-тай маргалдан зодолдож, түүний биед тархи доргилт, дух, зүүн өвдөг, зүүн хөмсөгний зулгаралт, баруун өвдөг, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Н-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүйн дээр шүүхийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ц.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Ц.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын Ц.Н-д торгох ял оногдуулсан болон уг ялыг биелүүлэхтэй холбоотой 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Н-ын хяналтын шатны шүүхэд гаргасан “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН