Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 235

 

Ц.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 232 дугаар магадлалтай, Ц.Тт холбогдох 1808051101448 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Ц.Т нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Тыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Б гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Тыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хэрэг болох үед манайх Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 дүгээр гармын 21-21 тоот хашаанд нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Манай хадам эгч Т нь нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг ба манай гэрээр байнга орж гардаг, манай ойрын төрлийн хамаатан юм. Хадам эгч Т нь манай гэр хүнгүй үед ирж гэрт гал түлж, цай хоол хийчихээд заримдаа намайг байхгүй үед гэрт хонож, хүүхдүүдийг минь харж хандаж тусалдаг байсан. Манай гэрийн түлхүүр хаана байдгийг мэддэг.

Би өөрөө болон нөхөр Зориг нар гэрийн түлхүүрийг хаана байгааг хэлж, гэрт хүнгүй үед орж гарч байхыг зөвшөөрсөн. Хэрэг гарахын урд өдөр нь манай хадам эгч Т нь манай гэрт хоноод өглөө эрт манай хадам ээжтэй цуг уул руу модонд явсан ба өдөр нь уулнаас манай гэрт мод буулгаж ирээд манай гэрт хоол цай хийж амраад явсан байсан. Тогтуунбаяр нь түлээ бэлдэх гэж үе үе уул руу явж мод буулгадаг. Ингэхдээ манай гэрт мөн түлээний мод буулгадаг.

Тухайн үед ч гэсэн мод буулгаад манай гэрт цай хоол хийж идсэн байсан. Үүнд орон байранд хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хулгайлах гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсонд маш их гомдолтой байна. Тухайн гэрт манай ойрын хамаатан болох хадам эгч Т нь байнга орж гарч хонодог, манай гэрийн түлхүүрийг хаана байдгийг мэддэг, хууль бусаар нэвтэрч орсон зүйл байхгүй байхад түүний үйлдлийг хүндрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай гэрт 6 мөнгөн аяга байснаас тухайн үед 3 мөнгөн аягыг Т нь мөнгөний хэрэг гараад авсан гэдгээ сүүлд хэлсэн. Хэрэв санаатай хулгайлах байсан бол 6 мөнгөн аягыг бүгдийг нь авах байсан, 3 мөнгөн аягыг үлдээх шаардлагагүй байсан юм.

Хохирогчийн зүгээс тухайн хэрэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн удаа дараа хэлж байсан. Иймд Тыг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн зүйл байхгүй тул түүний зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

Мөн хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Тыг анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Тын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Т нь хохирогч Бийн гэрт хууль бусаар нэвтэрч орсон зүйл байдаггүй. Хохирогч Б нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрийн түлхүүр хаана байдгийг Т мэддэг талаар мэдүүлсэн. /хх-18-19/ Т нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгт гэрийн түлхүүр нь хаана байдгийг мэддэг, хааяа гэрт нь хүнгүй үед хоол цай хийж уудаг, хэрэг гарах үед төрсөн дүү Зоригийн хашаанд мод буулгаад гэрт нь орж цай уусан талаар мэдүүлсэн байна. /хх-75-77/

Хохирогч Б нь Тын төрсөн дүү Зийн эхнэр бөгөөд ойрын хамаатан садан тул дүү Зийн гэрийн түлхүүрийг хаана байдгийг мэддэг, хоол цай хийж уудаг, гэрт нь хүнгүй үед орж гарч байх зөвшөөрлийг Б, З нар өгсөн байдаг. Үүнээс үзэхэд Тын хувьд Бийн гэрт хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг авч үзэлгүй хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэж Тт ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Ц.Тыг иргэн Н.Бийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх Ц.Тыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч Н.Б анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Ц.Тыг хаана түлхүүр байдгийг мэддэг байсан талаар мэдүүлсэн ба түүнд түлхүүр хаана байгааг хэлснийг гэртээ орох зөвшөөрөл өгсөнтэй адилтгаж үзэхээр байна.

Ц.Т хохирогчийн гэрт ороод цай уугаад сууж байхдаа хүнд мөнгө өгөх ёстой байснаа санаж авдрыг нь түлхүүрээр онгойлгож мөнгөн аягыг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, 3 ширхэг мөнгөн аягыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ эргэлзээгүй, Ц.Тын хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн хулгайн хэрэг нь нотлох баримтуудаар батлагджээ. Иймд шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөлт оруулах нь хэргийн бодит байдалд нийцнэ гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                        

Хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Тт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарам 21-21 тоотод иргэн Н.Бийн гэрээс 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ц.Т нь дүү Ц.Зийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх эрхтэй болох нь хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэрийн түлхүүр хаяанд үлдээснийг манай ээж Л, нөхөр Ц.З, дүү С, нөхрийн эгч Т нар мэднэ” /хх-18/ гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эгч намайг ажилтай байхад гэрт ирж, манай хоёр хүүхдийг харж, хоол унд хийж өгдөг байсан. Эгч маань манай нөхөрт ирсэн тухайгаа хэлсэн байсан. Би хөдөө 2 хоног ажлаар явж байгаад ирсэн. Манайд байнга байдаг. Манай түлхүүрийг хаана байгааг мэддэг байсан. Манай хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгээс авч, хоол унд хийгээд байж байдаг...” гэх мэдүүлэг /хх-129/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Тын үйлдсэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.

Иймд энэ талаар хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, мөн хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бага насны хүүхэдтэй /хх-50/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 232 дугаар магадлалын тогтоох хэсэгт,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокуророос Ц.Тт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН