Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 232

 

    

 

 

 

 

 

 

 

 

                                       Ц.Т- т холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Т- ,

хохирогч Н.Б- , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т- , хохирогч Н.Б- , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Т- т холбогдох эрүүгийн 1808051101448 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Ц.Т-  нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамын 21-21 тоотод байрлах, иргэн Н.Б- гийн гэрт хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Т- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ц.Т- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Т- ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.Т- т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Т-  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Миний өсвөр насны хүүхдүүд харж хандах хүнгүй хүнд байдалтай байна. Миний нөхөр ажил хийж, би үр хүүхдээ асран, сургуульд нь хүргэж өгч авдаг байсан. Миний бие хэрэгт холбогдохын өмнө дүү Зоригийн хүүхдүүдийг харж хандан, ойр зуурын ажилд нь туслаж гэрээр нь орж гарч, эзгүй үед нь хоол ундыг нь хийдэг байсан. Зориг болон түүний эхнэр Болортуяа нар нь гэрийнхээ түлхүүрийг нуусан газраа надад хэлдэг байсан. Хэрэг гардаг үед, Зоригийн гэр эзгүй байсан тул түлхүүр нуудаг газраас нь түлхүүрийг нь авч гэрт нь орж гэрийг нь цэвэрлэж, хоол хийж, галыг нь түлсэн. Миний өртэй байсан хүн өрөө нэхэж над руу залгахаар нь Зоригийн авдарт байсан 6 аяганых нь гурвыг нь авсан. Тухайн үед Болортуяад хэлэх гэж байснаа болиод дараа хэлэхээр болсон. Сүүлд нь Болортуяад аягыг авснаа хэлтэл Болортуяа цагдаад гомдол гаргасан байсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Тухайн үед санаа зорилготойгоор гэрт нь ороогүй. Ц.Т-  миний бие хохирол төлбөргүй, өөрийн хууль зүйн мэдлэггүйгээс болж хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү” гэв.

 

Хохирогч Н.Б-  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхээс Т- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, ... Манай хадам эгч Т-  нь нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг ба манай гэрээр байнга орж гардаг, манай ойрын төрлийн хамаатан. Хадам эгч Т-  нь манай гэрт хүнгүй үед ирж гал түлж, цай хоол хийчихээд, заримдаа намайг байхгүй үед гэрт хонож, хүүхдүүдийг минь харж хандаж, тусалдаг байсан. Манай гэрийн түлхүүрийг хаана байдгийг мэднэ. Манай нөхөр Зориг бид хоёр гэрийн түлхүүрийг хаана байгааг хэлж, гэрт хүнгүй үед орж гарч байхыг зөвшөөрсөн. Хэрэг гарах өдрийн урд өдөр нь хадам эгч Т-  нь манай гэрт хоноод, өглөө эрт манай хадам ээжтэй цуг уул руу модонд явсан. ... Т-  нь уул руу явж түлээ бэлтгэдэг бөгөөд манай гэрт түлээний мод буулгадаг. Тухайн үед ч гэсэн манай гэрт мод буулгаад, гэрт цай, хоол хийж идсэн байсан. Энэ нь орон байранд хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй.

... Манай гэрт 6 мөнгөн аяга байснаас тухайн үед 3 мөнгөн аягыг Т-  нь “мөнгөний хэрэг гараад авсан” гэдгээ сүүлд хэлсэн. Хэрэв санаатай хулгайлах байсан бол 6 мөнгөн аягыг бүгдийг нь авах байсан. Хохирогчийн зүгээс тухайн хэрэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад удаа дараа хэлсэн.

Иймд Т-  нь хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн зүйл байхгүй тул түүний хэргийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж, ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Т-  нь хохирогч Болортуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч орсон зүйл байдаггүй. Хохирогч Болортуяа нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө, гэрийн түлхүүрээ хаана байдгийг Т-  мэддэг талаар /хх-18-19/ мэдүүлсэн. Т- ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...гэрийн түлхүүр нь хаана байдгийг мэддэг, хааяа гэрт нь хүнгүй үед хоол цай хийж уудаг. Хэрэг гарах үед төрсөн дүү Зоригийн хашаанд мод буулгаад, гэрт нь орж цай уусан.” /хх-75-77/ гэж мэдүүлсэн.

Хохирогч Болортуяа нь Т- ын төрсөн дүү Зоригийн эхнэр бөгөөд ойрын хамаатан садан тул дүү Зоригийн гэрийн түлхүүрийг хаана байдгийг мэддэг, хүнгүй үед хоол, цай хийж уудаг, орж гарч байх зөвшөөрлийг Болортуяа, Зориг нар өгсөн байдаг. Үүнээс үзэхэд, Т- ын хувьд Болортуяагийн гэрт хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдлыг авч үзэлгүй зөвхөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэж, Т- т ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцааж өгнө үү гэж гомдол гаргасан. Гэхдээ гомдлынхоо агуулгыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж, зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хэргийн 50 дугаар талд, Ц.Т- ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд авагдсан бөгөөд 2017 онд төрсөн бага насны хүүхэдтэй. Шүүхээс хэрвээ зүйлчлэлийг хөнгөрүүлвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ц.Т-  нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамын 21-21 тоотод байрлах, иргэн Н.Б- гийн гэрт хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Б- гийн: “...авдар дотор боож хийсэн 6 ширхэг мөнгөн аяганы 3 ширхэг нь алга болсон байсан. Алдагдсан мөнгөн аяганууд нь шинэ цагийн их гарын мөнгөн аяга байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. Өөрийн хадам эгч Т- ыг сэжиглэж байсан бөгөөд хадам ээж Л- , эгч Т-  нараас асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага шалгасны дараа Т-  хэргээ хүлээж, хулгайлсан 3 ширхэг мөнгөн аягаа 5 шард байрлах, “Цэн” нэртэй барьцаалан зээлдүүлэх төвд 155.000 төгрөгөөр тавьсан байсныг буцааж авчирч өгсөн. Т-  манай эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй” /хх-17/,

шүүгдэгч Ц.Т- ын яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээжтэйгээ хамт уул руу модонд яваад ээжийнхээ хашааны гадна модоо буулгаад уг хашаан дотор байх төрсөн дүү Зоригийн гэрт хүн байхгүй байхаар нь гэрийнх нь хаяанд байсан гэрийн түлхүүрийг нь аваад гэрт нь орсон. Цай уугаад сууж байхад би хүнд мөнгө өгөх ёстой байснаа санасан. Тэгээд бэр дүү Болороод хэлж байгаад мөнгөн аягыг нь авъя гэж бодож байсан боловч авчихаад дараа нь хэлье гэж бодоод гэрийнх нь түлхүүрийн хамт авдарынх нь түлхүүр байхаар нь авдарыг нь онгойлгож, 6 ширхэг мөнгөн аяганы дунд гарын 2 ширхэг, их гарын 1 ширхэг, нийт 3 ширхэг мөнгөн аягыг авсан. Аягануудыг гэртээ аваачиж нуугаад, маргааш өглөө нь Улаанбаатар хот орж 5 шарын автобусны буудал дээр байх “Цэн” нэртэй ломбардад 155.000 төгрөгөөр өөрийн нэр дээр барьцаанд тавьсан. Хүмүүсийн өрийг өгөөд үлдсэн мөнгийг өөртөө ашигласан. Дүү Зоригийн гэрийн түлхүүр хаана байдгийг би мэддэг байсан” /хх-77/ гэх мэдүүлгүүд,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг 200.000 төгрөг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэгийг тус бүр 150.000 төгрөг, нийт хохирлын дүн нь 500.000 төгрөгөөр тогтоож байна” гэх тайлан /хх-27-29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-81/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Т- ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ц.Т- ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгө хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ц.Т-  нь “хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү” гэсэн, хохирогч Н.Б-  нь “Хадам эгч Т-  нь манайхаар байнга орж гардаг, манай гэрийн түлхүүр хаана байдгийг мэддэг тул хууль бусаар орсон зүйл байхгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нь “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Ц.Т-  нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамын 21-21 тоотод байрлах дүү Ц.Зоригийн гэрт “үүдэнд тавьсан түлхүүрийг нь авч, тэдний зөвшөөрөлгүйгээр хаалгыг онгойлгон орж, улмаар авдранд байсан мөнгөн аягыг авсан” байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь нэвтрэн орж, хөрөнгийг нь хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  

Анхан шатны шүүх шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар  хорих ялын доод  хэмжээнээс доогуур ял оногдуулжээ.

 

Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртлэх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заажээ.

 

Гэтэл шүүгдэгч Ц.Т- ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар  хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Ц.Т- т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байна.

 

Иймээс “хэргийн зүйлчлэл өөрчлөх, ял шийтгэл хөнгөрүүлэх” талаар  гаргасан хохирогч Н.Б- , хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Ц.Т-  нарын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Мөн хэргийн баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Т-  нь бага насны буюу 1  нас 8 сартай хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр  /хх-50/ нотлогдож  байх боловч бага насны хүүхэд нь өөрийн төрсөн эцэг Р.Баянмонголын асрамжинд /гэрлэлт бүртгэлийн гэрчилгээгээ хх-49/ байгаа нь тогтоогдож байх тул асрамжийн асуудлыг заавал шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т- , хохирогч Н.Б- , хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ