Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 57

 

  Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч М.Идэрхангай /ҮД:0487/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овогт ...ийн ...т холбогдох 1808051101448 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шангас овогт ...ийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Ц.... нь 2018 оны 10 дугаар сарын 31 -ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гарам 21-21 тоотод иргэн Н....гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           1.Хохирогч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд гэрээс гарахдаа гэр доторх эд зүйлээ цэвэрлээд авдар болон гэрээ цоожилж шалгаад гарсан. Тэгээд орой 18 цагт гэртээ ирэхэд гэр цоожтой авдар цоожтой байхаар нь цай чанаж уучихаад харсан чинь манай авдар дотор байсан шилтэй будаа авдар дээр гараад ирсэн байхаар нь буцааж хийх гээд авдараа онгойлгосон чинь авдар дотор байсан бүх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд авдар дотор боож хийсэн байсан 6 ширхэг мөнгөн аяганы 3 ширхэг нь алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан мөнгөн аяганууд шинэ цагийн 2 нь дунд гарын нэг нь их гарын мөнгөн аяга байсан. Би жижиг мөнгөн аягануудаа 1 ширхэгийг нь 150.000 төгрөгөөр, их гарын мөнгөн аягаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Өөрийн хадам эгч ... гэх хүнийг сэжиглэж байсан бөгөөд би тухайн үед хадам ээж ... болон ... нараас асуухад тийм зүйл мэдэхгүй гэж хэлж байсан боловч цагдаагийн байгууллагаар шалгуулж ...тай уулзуулсаны дараа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргээ хүлээж хулгайлж авсан 3 ширхэг мөнгөн аягаа 5 шард байрлах “Цэн” нэртэй барьцаалан зээлдүүлэх төвд 155,000 төгрөгөөр тавьсан байсан бөгөөд буцаан авч өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх 15-17 х/,

 

2.Шүүгдэгч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрч байхад төрсөн дүү Зоригийн гэрт хүн байхгүй байхаар нь гэрийнх нь хаяанд байсан гэрийн түлхүүрийг нь аваад гэрт нь орсон. Тэгээд ороод цай ууж сууж байгаад хүнд мөнгө өгөх ёстой байснаа санасан. Би бэр дүү Болороод хэлж байгаад аягыг нь авъя гэж бодсон боловч авчихаад дараа нь хэлье гэж бодоод гэрийн түлхүүрийг нь хамт авдрынх нь түлхүүртэй байхаар нь авдрыг нь түлхүүрээр нь онгойлгоод авдар дотор байсан 6 ширхэг мөнгөн аяга байхаар нь түүнээс 2 ширхэг дунд гарын, 1 ширхэг их гарын мөнгөн аяга нийт 3 ширхэг мөнгөн аягыг нь аваад авдар болон гэрийн түлхүүрийг нь байсан газарт нь хийгээд түлхүүрээр нь буцааж цоожлоод явсан. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх 75-77 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн 2 дахь охин ... нь 1984 оны 06.25-ны өдөр төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Говьсүмбэр аймгийн 1-р 10 жилийг 8 дугаар ангиа төгсөөд СХД-ийн 21-р хороо 361-ийн гарамын тэнд хүнтэй сууж 3 хүүхэд гарган ажиллаж амьдарч байна. 2006 онд нөхөртэйгээ гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. Одоо бага хүүхэд нь 1 нас гаруйтай хөхүүл хүүхэдтэй. Манай охин нь тайван, дөлгөөн, үг дуу цөөтэй, ажилсаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Барагтаа л бол уурлаад байдаггүй. Үр хүүхэд болон гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамж сайтай. ...” гэх мэдүүлэг /хх 12 х/,

 

4.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бэр эгчт ... нь тайван, дөлгөөн, үг дуу цөөтэй, ажилсаг, хүний гэсэн сэтгэлтэй, цайлган цагаан сэтгэлтэй хүн байгаа юм. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэртээ хүүхдүүдээ хараад л суудаг. Одоо бага хүүхэд нь 1 настай хүүхдүүддээ л анхаарал халамж тавиад гэр бүлийнхэндээ туслаад л амьдардаг. хотоос зайтай болохоор хот хүрээ ороод ийш тийшээ яваад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

 

5.“1 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь 200,000 төгрөгийн, 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга нь 300,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх ““Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний /хх 27-30 х/,

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 х/       

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42 х/,

8.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 44 х/

9.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 46 х/

10.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/,

11.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 49 х/

12.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 50, 68-69 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

          Шүүгдэгч Ц.... нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гарам 21-21 тоотод байрлах иргэн Н....гийн гэрийн түлхүүрийг хаяанаас нь авч онгойлгон орж цоожтой байсан авдраас нь 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

           - Хохирогч Н....гийн “...би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд гэрээс гарахдаа гэр доторх эд зүйлээ цэвэрлээд авдар болон гэрээ цоожилж шалгаад гарсан. Тэгээд орой 18 цагт гэртээ ирэхэд гэр цоожтой авдар цоожтой байхаар нь цай чанаж уучихаад харсан чинь манай авдар дотор байсан шилтэй будаа авдар дээр гараад ирсэн байхаар нь буцааж хийх гээд авдараа онгойлгосон чинь авдар дотор байсан бүх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд авдар дотор боож хийсэн байсан 6 ширхэг мөнгөн аяганы 3 ширхэг нь алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 15-17 х/,

 

- Шүүгдэгч Ц....ын “… Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрч байхад төрсөн дүү Зоригийн гэрт хүн байхгүй байхаар гэрийнх нь хаяанд байсан гэрийн түлхүүрийг нь аваад гэрт нь орсон. ... гэрийн түлхүүртэй хамт авдрынх нь түлхүүр байхаар нь авдрыг онгойлгоод 6 ширхэг мөнгөн аяга байхаар нь түүнээс 2 ширхэг дунд гарын, 1 ширхэг их гарын мөнгөн аяга нийт 3 ширхэг мөнгөн аягыг нь аваад авдар болон гэрийн түлхүүрийг нь байсан газарт нь хийгээд түлхүүрээр нь буцааж цоожлоод явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 75-77 х/,

 

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “1 ширхэг дунд гарын мөнгөн аяга нь 200,000 төгрөгийн, 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга нь 300,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 27-30 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц....ын хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мөнгөн аяганууд авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч Ц....ын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалтай гэр бөгөөд уг гэр лүү хаяанд байсан түлхүүрээр нь онгойлгон нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Ц.... айл руу хуул бусаар нэвтэрч мөнгөн аяганууд авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Н.... 3 ширхэг мөнгөн аягаа хүлээн авсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хх 15-17, 102-103 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Улсын яллагч: Шүүгдэгч Ц....т 2 жил 01 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 01 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч Ц.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн шалгуурыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялын доод  хэмжээнээс хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Шангас овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц....ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4.Ц....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ