Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 115/2017/0014/З |
Дугаар | 221/МА2018/0077 |
Огноо | 2018-01-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2018/0077
2018 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2018/0077 | Улаанбаатар хот |
Д.М нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.М нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.М 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Д.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.М Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3.182.460 /гурван сая нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Д.М ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг тус тус үндэслэл болгосон. Д.М нь талбайгаас их хэмжээний мод гаргаж үхүүлэн байгууллагад хохирол учруулсан, үүрэг даалгавар биелүүлдэггүй, судалгаа мэдээлэл хангалтгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг даалгаврын биелэлтээр ажил дүгнэж хангалтгүй үнэлгээ авсан, ажилтнуудын дунд хов ярьж, мессеж бичиж хутган үймүүлж хамт олны эв нэгдлийг алдагдуулж байсан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд ажиллаж дараах дүгнэлт гаргасан.
1.Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангаагүй мэргэжлийн бус ажилтан байгаа нь салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилт саарахад нөлөөлж байна.
2.Байгууллагын бүтэц орон тоог Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн бүтэц, орон тоонд багтаан ажил үүргийн ачааллыг тэнцвэржүүлэн оновчтой тогтоох, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангах мэргэжлийн ажилтантай болох замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ажиллах дүгнэлт гарсан.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2-т албан тушаал бууруулах заалттай ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т мэргэжил ур чадвар тэнцэхгүй захиргааны санаачилгаар цуцлах заалт /дээр дурдсан ажилдаа хариуцлагагүй хандаж байсан болон Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дүгнэлт гарсан/ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журамд зааснаар төрийн албан хаагчдын үйл ажиллагааны мэргэжлийн түвшингийн үнэлгээ хангалтгүй үнэлэгдвэл ажлаас халах, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн.
Д.М эрхэлсэн ажилдаа мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, сэтгэл дутаж ёс зүйгүй хандаж хамт олны эв нэгдлийг алдагдуулж, цаашид ажиллуулах боломжгүйд хүрч үргэлжлүүлэн ажиллуулах нь төрийн албыг хэвийн явуулахад саад болж төрийн алба мэргэшсэн чадварлаг байх шаардлагад нийцэхгүй байсан.
Шүүх хурлыг өөр хугацаа байхгүй гэж шахаж 1 дэх өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 09 цагт хийхээр зарласан нь зохион байгуулалттай байсан. Аймгийн Төрийн албаны зөвлөлөөс шаардаж ирүүлсэн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн цахим мэдээллийг шүүх хуралдааныг завсарлуулж байгаад дараа нь оруулж ирсэн нь хууль зөрчсөн. Гэрч н.Б нь манай байгууллагын хүний нөөцийн ажилтан бөгөөд намайг 2016 оны 2 дугаар сард ажлаас халагдсаны дараа байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, миний бие шүүхийн шийдвэрээр 2016 оны 10 дугаар сард ажилд орсон 2017 оны 1 дүгээр сард хамт олны заримыг нэхэмжлэгч Д.М болон манаач сахиулыг ятгаж зээл олгохгүй байгаа тул намайг өөрчлөх талаар өргөдөл бичиж ажил хийхэд саад болж байсан, ажлаас чөлөөлөх тушаалд миний оруулаарай гэсэн хуулийн заалтыг оруулж гаргаагүй ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг оролцуулж миний эсрэг мэдүүлэг өгч хуйвалдсан. Хүний нөөцийн ажилтан Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний цахим мэдээллийг шивж өөрчлөлтийг хийдэг гэтэл Хүний нөөцийн ажилтан санаатайгаар өөрчлөлтийг хийгээгүй байсныг нотлох баримт болгон мөн гэрчээр оролцуулсан нь хууль зөрчсөн. Ёс зүйн зөрчлийн талаар Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасныг хавсаргав.
Шүүх хуралдаан хийх явцад илт нэхэмжлэгчийн талд асуултууд асууж байсан, төрийн захиргааны албан хаагчийн баталгааг мэдэх үү ажлаас халахгүй байх заалттай, та хуульч атлаа ...төрийн захиргааны албан хаагчийн зохицуулсан хууль байтал Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн зэргээр асуусан. Миний бие хариу тайлбартаа ажилдаа хариуцлагагүй хандаж мод үхүүлсэн тул үр дүнгийн үнэлгээгээр “F” буюу хангалтгүй үнэлгээ авсан, мөн хамт олныг үймүүлж хов ярьж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж байсан тул цаашид ажиллуулах боломжгүй байсан.
Хяналт шинжилгээний багаас мэргэжлийн хүнийг ажиллуулах дүгнэлт гарсан мөн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журманд хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авах журмыг уншиж сонсгохыг санал болгож ажлаа хийж чадахгүй хүнийг ажиллуулаад байх хууль байхгүй гэсэн тайлбар өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд Төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх хэргийг шийдвэрлэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байсан. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус байгууллагын даргын 2017 оны Б/06 дугаар тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн. Ажлын хариуцлага, ёс зүйн талаар хамт олны хурал болон өөрт нь анхааруулж байсан хурлын тэмдэглэл бий. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т сахилгын шийтгэлийг заавал шат дараалан хэрэглэх шаардлагагүй гэсэн заалттай.
Д.М анх ажилд авахдаа байгууллага хамт олон бид бүгд сайхан сэтгэлээр хүлээн авч, төрийн албанд сургаж дадлагажуулахад анхаарч байсан. Ажлаас халахдаа ч 2016 оны сүүлчээр ажил дүгнэсний дараа халчихаагүй хувь хүний амьдралыг бодож нэлээд ажиллуулсан, Солонгосын визэнд орох хүсэлтэд тодорхойлолт гарган өгч байсан бөгөөд их хэмжээний мод үхүүлсэнд төлбөр ногдуулаагүй хариуцсан ажилтай нь холбоотой 2016 оны мод нийлүүлсэн Буянт үйлс компанийн төлөөлөгч удаа дараа ирж модны мөнгө 2.500.000 төгрөгийг нэхэж байсан гомдлыг барагдуулахад байгууллагаас анхаарч гэрээгээр зохицуулсан, уг нь Д.М өөрөө төлөх ёстой байсан.
Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч халагдах үедээ ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халахгүй байхыг хүсэлт болгож байсан. Ажлын хариуцлагын асуудлаар өөртэй нь уулзаж анхааруулж байсан хурлын тэмдэглэл бий зэргийг дурдах нь зүйтэй” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.М эрхэлж байсан Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод ойн инженер, байгаль хамгаалал судлаач, ургамал хамгаалах, экологич мэргэжилтэй байх шаардлага тавигдсан, гэтэл нэхэмжлэгчийн тухайд уг ажлын байрны шаардлагад нийцэхгүй буюу төрийн удирдлагын менежер мэргэжилтэй байна.
Маргаан бүхий тушаалаар Д.М энэхүү үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, өөрөөр хэлбэл хариуцагчаас ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.
Цаг хугацааны хувьд ч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар анх Д.М тус албан тушаалд томилох үед ажлын байрны тодорхойлолтод тавигдсан ерөнхий шаардлага дээрх байдлаар тусгагдсан, нэхэмжлэгч ч үүнтэй танилцжээ.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх”, 33 дугаар зүйлийн 33.5-д “...төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтоох”-оор тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шаардлагыг тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заахаар зохицуулсан.
Нэгэнт Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасан тусгай шаардлагыг Ойн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын хувьд нэхэмжлэгч хангахгүй байх тул түүнийг өмнө нь ажиллаж байсан гэдэг үндэслэлээр эгүүлэн тогтоох боломжгүй.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, болзлыг хангасан иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, иймд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй этгээдийг шүүхээс тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасан.
Гэвч нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны хаагчийн баталгаагаар хангагдах эрх хууль зүйн хувьд үүсээгүй, анхнаасаа ажлын байрны тодорхойлолтод заасан тухайн ажлыг эрхлэх хамгийн чухал “мэргэжил”-ийн шаардлагыг хангаагүй байх тул түүний үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэсэн нь маргаанд төдийлөн хамааралгүй боловч 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг Д.М “F” буюу хангалтгүй үнэлгээ авсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 115/ШШ2017/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасныг баримтлан Д.М “Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.С давж заалдах гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН