Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

Ү.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 797 дугаар магадлалтай, Ү.Дд холбогдох 1708009200114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2011 оны 9 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сар хорих ял шийтгүүлсэн,

2016 оны 7 дугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 1 сарын хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сар хорих ялаар тогтоосон, 2017 оны 7 дугаар сарын 3-нд хорих ангиас суллагдсан, Олгон овогт Ү.Д нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Дг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 603 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү.Дгээс нийт 64.897.406 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “иргэний нэхэмжлэгч С.Бөд 210.000 төгрөг олгосугай.” гэсэн хэсгийг нэмж, “...шүүгдэгч Ү.Дгээс нийт 64.897.406 төгрөг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Ү.Дгээс нийт 65.632.406 төгрөг гаргуулж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ү.Д гаргасан гомдолдоо: “...Би бүх хулгайн үйлдлээ өөрөө ухамсарлан буруу зүйл хийж байгаагаа ойлгоод өөрөө хүлээсэн. Гэтэл хэргээ өөрөө хүлээсэн гэж байцаалтад нэг ч удаа оруулж өгөөгүй байна. Сонгинохайрхан дүүргийн прокурор Чинбилэг миний хэргийг хянаж, надад олон удаа дарамт үзүүлж байсан. Хурдхан ялаа аваад яв гээд өөр шалгуулах юм зөндөө байхад шалгаж өгөөгүй, мөнгө хүртэл өгч байсан. Сүүлд надад “чи энэ шүүх хурлаар эвтэйхэн орохгүй бол чиний амьдрал надаас шалтгаална шүү” гээд загнаад байсан. Анх Сонгинохайрхан дүүргээс намайг шалгахад байцаагч нар миний хэрэг дээр надтай хамт баригдаж очсон Т гэдэг залууг “аав нь нас барсан байна, ийм үед нь чи хамт хэрэг хийсэн хүнээ татах гээд байгаа юм уу, ганцаараа даагаад яв” гэж хэлсэн. Иймд миний бие тухайн үед ганцаараа хэрэг хийсэн гэж байцаалт өгч байсан. Ингээд хохирол 80 гаран сая төгрөг гарсан байсан. Иймд миний бие цуг хулгай хийсэн хүн байхад яагаад ганцаараа хохирол төлөх юм бэ гээд байцаагч болон прокурор удаа дараа хүсэлт тавьсан боловч ерөөсөө тоогоогүй.

Нэмж хэлэхэд 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, дэслэгч Энхбаяр гэдэг хүн Хорих 461 дүгээр ангиас түр бичгээр авч гарсан билээ. Баянзүрх дүүрэг дэх Дарь эх гэдэг газар би хулгай хийсэн. Тэр хулгай хийсэн газар очиж зургаар баримтжуулж, хохирогч нартай уулзаж байцаалт авсан. Миний хэрэг дотор энэ хэрэг нэгтгэгдээгүй байна, нэгтгээд шалгаад өгөөч гэж байцаагч, ахмад Баянжаргал гэдэг хүнтэй 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хорихоос түр бичгээр гараад тэр Дарь эхийн айлд очиход гэрт нь хүн байхгүй, эзэнгүй байсан. Тэгээд байцаагч Баянжаргал тэр айлын үүдэнд ахиж зураг аваад баталгаажуулаад явахдаа “би энэ хохирогч нартай чинь уулзана, тэгээд хариу хэлье” гэсэн. Тэгэж хэлээд ахиж ирээгүй. Энэхүү хэргийг ямар зорилгоор хэрэгт нэгтгэхгүй байгааг ойлгохгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, дэслэгч Цолмонбаяр 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хорих газрын байцаалтын өрөөнд намайг авч уулзаж, “би чамд тус больё, байцаагч, прокурор хоёртой чинь яриад зүйл ангийг хүндрүүлэхгүй, гайгүй цөөхөн жил өгүүлье, 3 хулгайн үйлдэл байна, авчих” гэхээр нь тэгье гэсэн. Надад худлаа хэлээд хулгайн үйлдлүүдээ өгсөн.

2017 оны 7 дугаар сарын 11-нд би эмээгийндээ бүх ах, дүү нартайгаа цуг баяр тэмдэглэж байсан. 7 дугаар сарын 11-нд хохирогч Эыд миний бие хулгай хийгээгүй гэдгээ гэрчилж чадна. 2017 оны 7 дугаар сарын 11-нд эмээгийндээ хоносон, маргааш нь ч бас хоносон. Мөн Н, А, О гэсэн хохирогчтой айлд би хулгай хийгээгүй. Энэхүү хэргийг хийгээгүй гэдгээ баталж чадна. 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үүрээр авч явж, хулгайн хэрэг гарсан айлууд дээр аваачихад цуг явсан М гэдэг залуу намайг тэр айлуудаас хулгай хийгээгүйг мэднэ, гэрчилнэ. Цолмонбаяр дэслэгч “Д сүүлд нь минийх биш гээд сүйд болохгүй биз дээ, ингээд хэл ам хийлгүй энэ хулгайн үйлдлүүдийг авчих” гэж хэлснийг хажууд сонсоод сууж байсан.

Миний бие хулгай хийсэн айлуудын зарим эд зүйлс миний хөлсөлж байсан газруудад байдаг, тэр эд зүйлсээ буцаагаад эзэнд нь өгье гэж зөндөө хэлсэн, бичгээр хүртэл хүсэлт гаргаж байсан. 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар оролцоогүй, миний хэргийг өмгөөлсөн Долгорсүрэн гэдэг хүнийг би мэдэхгүй. Бас Сонгинохайрхан дүүргийн прокурор Чинбилэг гэдэг хүн оролцоогүй байна.

Түвшинжаргал гэдэг залуутай миний бие 2017 оны 7 дугаар сарын сүүлээр танилцаж, Сонгинохайрхан дүүргийн бүх хулгайн үйлдлүүдийг цуг хийсэн билээ. Цагдаа нар аав нь нас барсан гээд л гаргаад явуулсан. Намайг ганцаараа даагаад яв гэсэн. Ийм олон сая төгрөгийн хохирлыг ганцаараа миний бие төлж чадахгүй.

Иймд Т гэдэг хүнийг шалгуулмаар байна. Та бүхэн миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, хулгайн хэргийг нэгтгэж шийдэж өгнө үү. Миний хийгээгүй хулгайн хэргүүдийг ялгаж салгаж өгнө үү. Энэхүү хэргийг нэмэлт байцаалтанд буцааж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Ү.Д нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2017 оны 7 дугаар сарын 11-нээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацаанд 55 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад их хэмжээний буюу 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан, прокурор гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргаж, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүнд 8 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэрээр хорих ангиас суллагдсанаас хойш 7 хоногийн дараагаас эхлэн 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг 55 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлж, бусдад их хэмжээний буюу 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан байна.

Ү.Дгийн үйлдсэн гэмт хэргийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас 3 сарын хугацаанд олсон орлого нь 80 сая төгрөгийг давсан, хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ү.Дгийн гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.Д нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 55 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж нийт 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ү.Дгийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжийг хангасан гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл хэсэгт зааснаар түүнд 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Ү.Дд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ү.Дгийн хяналтын журмаар гаргасан“... Дарь-Эхэд хийсэн хулгайн гэмт хэргийг нэгтгэн шалгуулах, мөн хулгайлах гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх Тыг шалгуулах, хохирогч Н, А, О нарын гэрээс хулгай гэх хэргүүдийг мөрдөгч хилсээр хүлээлгэсэн” тухай гомдлын дагуу хэргийн материалыг судалж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд шүүгдэгчид холбогдох өөр үйлдлийг нэмж шалгуулах, эсхүл өөр этгээдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн зарчимд нийцэхгүй болно.

Иймд шүүгдэгч Ү.Дгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 797 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                         ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                                         ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН