| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0669/Э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 640
Ч.Уртнасанд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ч.Уртнасан, хохирогч Н.Найрамдал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 919 дүгээр магадлалтай, Ч.Уртнасанд холбогдох 1908018210543 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Найрамдалын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бадамсүрэн овогт Чүлтэмийн Уртнасан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Уртнасанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уртнасанг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Найрамдалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Найрамдал гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх миний цаашид эмчилгээ хийлгэх 3.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цаашид
мэдрэл болон компьютер оношлогооны хяналтанд эмчилгээ хийлгэх, нүдний эмчид хараа шалгуулах, нүдний уг харуулах, харах талбай үзүүлэх, тархины цусан хангамжийн эмчилгээг 3-6 сарын хугацаанд тасралтгүй хийх шаардлагатай. Компьютер оношлогоонд зүүн талын дух ба 2 талын зулайн гүнд 0.7-1.1 см хэмжээний тархины эдийн нягтрал байсан. Энэ эмчилгээ хийх зардал нь 3.100.000 төгрөг болж байгаа тул төлбөрийг шүүгдэгч Ч.Уртнасангаас гаргуулж авах хүсэлтэй байна. Хохирол төлбөр бүрэн арилаагүй тул хэргийг хянаж өгнө үү. Миний толгой өвддөг, гэмт хэргийн хор уршиг арилаагүй тул цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Би өөрөө мөнгөгүй болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байна гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогч Н.Найрамдалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын утга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой ижил байна. Анхан шатны шүүхээс хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Н.Найрамдалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Уртнасанд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Уртнасан нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг дотор иргэн Н.Найрамдалын нүүр, тохой, бугалга, өвдгөн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.
Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримт бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Н.Найрамдалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 919 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Н.Найрамдалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН