Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0192

 

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0192

Улаанбаатар хот

 

             

        “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, өмгөөлөгч Л.Нинжбат, хариуцагч Э.Э-О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0963 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Ж.Эб, Э.Э-О нарын гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:

Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 250021364 дүгээр татварын актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчийн зүгээс шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дүгээр татварын акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нар давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн Тоггоох нь хэсгийн 1-д “Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардпагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дүгээр татварын актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл”, 62.1.2-д “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол" гэж заасныг зөрчиж хууль буруу хэрэглэсэн байна.

“О” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 0 дугаартай Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичигдэж цагдаагийн байгууллагаар шалгагдаад захирал Х.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч 143,821,000.00 төгрөгийг улсад төлсөн байдаг. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг үндэслэн эрүүгийн хэргийн хохирлоор барагдуулсан 143,821,000.00 төгрөгийг захиргааны акт болгосон.

Иймд хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0963 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангав.

Нэхэмжлэгч “О” ХХК “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбоотой асуудлыг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнаж, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байхад дахин актаар нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй ...байцаагч нар актыг тавихдаа санхүүгийн анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн баримтуудад тулгалт хийхгүйгээр процесс зөрчиж, зөвхөн байцаагчийн дүгнэлт, прокурорын тогтоолд үндэслэн актаар нөхөн татвар ногдуулсан нь хууль бус ...захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн ...”гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хариуцагч нар маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлийг “...мөрдөн байцаалтын шатанд “О” ХХК-ийн захирал Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 143.821.000 төгрөгийн хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг баталгаажуулж, төлсөн дүнгээр нь акт тавьсан. Энэ нь дахин нөхөн татварыг ногдуулж байгаа асуудал биш, гагцхүү төлсөн дүнг нь баталгаажуулж, татварын программд зохицуулалт хийж байгаа хэлбэр ...Зөрчлийг татварын улсын байцаагч илрүүлж, цагдаа, прокурорын байгууллага тогтоосон учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй ...тул актаар нөхөн татвар ногдуулж, нэгэнт төлөгдсөн татварыг баталгаажуулж хаасан ...Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг үндэслэн 0 дүгнэлтийг акт болгосон ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “...нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбоотой асуудлыг сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан, хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байхад дахин актаар нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй” гэж маргасантай холбогдуулан “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар ...төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг ойлгохоор заасан ...”О” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой асуудлыг урьд нь ...татварын улсын байцаагч ...нар хяналт шалгалтаар илрүүлж, 0 тоот дүгнэлтийг бичиж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарна гэж үзэхгүй” гэж зөв дүгнэсэн байна.

Гэвч шүүх “ ...хяналт шалгалт хийх боломжгүй нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй ...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...хугацаа хамаарахгүй ...зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, төлсөн, энэ талаар маргахгүй байх тул гаргасан зөрчилд хариуцлага хүлээх зарчмын хүрээнд дээрх үндэслэл нь актыг хүчингүй болгох үндэслэлгүй ...Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т ...зааснаар актаар нөхөн татвар ногдуулсныг буруутгах боломжгүй ...Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ...32 дугаар зүйлийн 32.1-д ...заасныг хариуцагч Татварын улсын байцаагч нар зөрчиж захиргааны акт гаргасан байна ...” гэж дүгнэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаанд маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь улсын байцаагч нарын 2013 оны 0 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч татвараас зайлсхийсэн орлогод ногдох 143,821,000.00 төгрөгийн нөхөн татварыг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сан банкны 90000603 тоот дансанд төлсөн байхад хариуцагчаас 2016 онд уг зөрчилд шалгалт хийж, маргаан бүхий актаар дахин 143,821,000.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулж нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус байна.

Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хяналт шалгалтыг дахин хийсэн үү, эсхүл үргэлжлүүлж хийсэн үү, шалгалтыг журамд нийцүүлэн хийсэн үү гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй, дүгнэлтээр тогтоогдсон нөхөн татвар нэгэнт төлөгдсөн байхад тус зөрчилд дахин татвар ногдуулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, ийнхүү нэг зөрчилд давхар татвар ногдуулсан нь хууль бус байх тул хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлэх үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн акт дүгнэлт бичих үндэслэлийг хуульчлан тогтоосон 34 дүгээр зүйлийн 34.1-т “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно:”, 67 дугаар зүйлийн 67.1-т “Татварын албаны даргын шийдвэрээр татварын улсын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт, байр, агуулах /цаашид “эд хөрөнгө” гэх/-ыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно”, 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус зааж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлөөгүй, тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй, дутуу хөтөлсөн, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон, татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, хөрөнгө, баримт, байр агуулахыг битүүмжлэх шаардлага гарсан, хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох шаардлага үүссэн зэрэг тохиолдолд татварын улсын байцаагчийн акт бичигдэхээр байна.

Түүнчлэн татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “О” ХХК-ийн 2010-2012 онуудын санхүүгийн баримтыг татварын улсын байцаагч Б.У, Б.Ч нар шалгаад 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0 тоот дүгнэлт бичиж, эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байх бөгөөд мөрдөн байцаах ажиллагааны шатанд “О” ХХК-ийн захирал Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 1.438.210.000.00 төгрөгийн зөрчилд ногдох 143.821.000.00 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

Улмаар Дүүргийн 2 дугаар Прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “...Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай дүгнэлтээр “О” ХХК-ний захирал Х.Б-д холбогдох 143821,0 мянган төгрөгийн НӨАТ сайн дураараа ...төлж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг авахдаа худалдан авалт хийгдээгүй боловч улсад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэхэд эргэлзээтэй байх тул ...” гэж дүгнэж, холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2013 оны 0 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирол болох 143,821.000 төгрөгийн нөхөн татварыг төлсөн, энэ үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг улсын байцаагчийн 0 тоот дүгнэлт хүчингүй болсон гэж үзэхгүй, уг дүгнэлтийн дагуу нөхөн татвар төлөгдсөн байх тул Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэнд хамаарахгүй.

Иймд хариуцагчийн “Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 74.1-т заасны дагуу маргаан бүхий актаар нөхөн татвар ногдуулсан гэж маргасан нь үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 67 дугаар зүйл, 74 дүгээр зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд татварын улсын байцаагч акт үйлдэхээр хуульчилсан байх тул нэгэнт төлөгдсөн татварыг “хаах” гэсэн агуулгаар дахин нөхөн татвар ногдуулах тухай акт бичигдэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч нарын “ ...татвар дахин ногдуулж буй хэлбэр биш, гагцхүү төлсөн дүнг нь баталгаажуулж, татварын программд зохицуулалт хийж байгаа хэлбэр ...төлөгдсөн татварыг хаахаар тогтоож, акт бичсэн” гэж тайлбарласан нь маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж, төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох зорилгоор татвар төлөгчийн татварын тайланд тусгаж тайлагнасан татварын ногдол нь бүрэн гүйцэт эсэхийг шалган тогтоохоос гадна нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх хүрээнд татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах эрхтэй байх боловч татвар төлөгч татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон төлбөрийг бүрэн төлсөн байхад хариуцагч нар нь төлөгдсөн  татварыг “хаах” гэсэн агуулгаар дахин төлүүлэхээр акт бичсэн нь Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцээгүй, хууль бус байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь татварын хяналт шалгалтаар илэрч тогтоогдож, дүгнэлт бичигдэж, цагдаагийн байгууллагад шилжсэн байх тул түүнээс хойш буюу 2015 оны 8 дугаар  сарын 07-ны өдөр үйлчилж эхэлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлгүй, мөн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчээс нэгэнт төлсөн татварыг илүү төлсөн татвар гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нарт холбогдуулан гаргасан тус дүүргийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дүгээр актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0963 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Эб, Э.Э-О нарын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дүгээр актыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ