| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/01441/И |
| Дугаар | 192/ШШ2025/07349 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н*******,
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөр, алданги, бусдад ашиглуулж олсон орлого болон олох байсан орлогод нийт 122 936 800 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Н*******-т холбогдох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: засварын зардалд 120 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Я.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н******* нь хариуцагч Б.Г*******од холбогдуулан нийт 122 936 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 92 дугаар тогтоол, 2017.07.05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/512 дугаар захирамжаар Б дүүргийн 8 дугаар хорооны А******* өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 42 203 840 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийг Н*******т балансаас балансад шилжүүлсэн. Б.Г******* нь Нийслэлийн өмч болох Б дүүрэг, А******* ӨЭМТөвийн хуучин байрыг 2020.07.01-ний өдрөөс 2025.07.01-ний өдөр хүртэл 1м.кв талбайг 10 000 төгрөгөөр тооцон 108 мкв талбай бүхий байрыг 5 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Нийслэлийн төрийн сангийн 100200000956 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Б.Г******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул тус газраас 2021.01.08-ны өдрийн 4/26 дугаар, 2021.02.03-ны өдрийн 4/181 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч шуудангаас буцаасан, хүлээж аваагүй, манай байгууллагын зүгээс мэргэжилтнүүд түүний оршин суух хаягаар очсон боловч хаалгаа тайлж өгөхгүй буцаасан байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29/32 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай жагсаалд орж батлагдсан тул уг барилгын хувьчлах ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд Б.Г*******оос 2020.07.01-ний өдрөөс 2021.03.31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 9 720 000 төгрөг, алданги 1 479 600 төгрөг, нийт 11 199 600 төгрөгийг гаргуулж, Б.Г*******ыг Нийслэлийн өмчийн байрнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
1.2.2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн төлбөр 7 484 400 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт түрээсийн төлбөрт 17 204 400 төгрөг, алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар үнийн дүнгийн 50 хувь болох 8 602 200 төгрөг нийт 25 806 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.3.2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, зарим хэсгийг өөрчлөсөн. Үүнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад нийслэлийн өмчийн байрыг түрээслүүлж олох байсан орлого 30 744 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 16 164 000 төгрөг, тус хугацааны буюу 456 хоногийн алданги болох 2 462 400 төгрөг, нийт 49 370 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
1.4.2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, шаардлага нэмэгдүүлэхдээ түрээсийн гэрээний үндсэн төлбөр 8 640 000 төгрөг, алданги 4 816 800 төгрөг, барилгыг хууль бусаар бусдад ашиглуулж олсон 60 880 000 төгрөг, олох ёстой байсан орлого 2021 оны 03 дугаар сараас гэрээ дуусах хүртэлх түрээсийн төлбөрт олох байсан орлогыг хохиролд тооцож 48 600 000 төгрөг, нийт 122 936 800 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
1.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан тодруулж ихэсгэсэн шаардлагаа дэмжиж байгаа. Өмнөх шаардлагаас байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан байгаа. Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч түрээсийн төлбөрийг огт төлж байгаагүй, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах мэдэгдлээ өгч цуцалсан, гэрээний 2.1-д зааснаар хугацаанаас өмнө цуцалж хохирлоо төлүүлнэ гэж заасан байгаа. 2020 оны 7 сараас 2021 оны 02 сар хүртэлх 8 сарын төлбөрөө төлөөгүй учраас ноцтой зөрчил болсон. Иймд гэрээг цуцласан, энэ нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3-д заасан байгаа. Түрээсийн төлбөрийг мөнгөөр төлнө гэсэн. Засан сайжруулахаар тооцно гэсэн зүйл байхгүй. Энэ талаар зөвшөөрөл аваагүй. Иймд А******* Өрхийн эмнэлгийн байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлагагүй, түрээсийн төлбөрт 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх 8 сарын түрээс төлбөр 8 640 000 төгрөг, алданги 4 816 800 төгрөг нийт 13 456 800 төгрөг, бусдад ашиглуулж олсон орлого 60 880 000 төгрөг Чин-Өргөө ӨЭМТ-д түрээслэсэн байгаа 15 сарын хугацаанд 4 400 000 төгрөгөөр түрээс 52 080 000 төгрөг олсон, 2023 оны 7, 8 саруудад Ч ӨЭМТ-д 2 сарын түрээс 8 800 000 төгрөг, олох байсан орлого /5 жил байгуулсан /2020 оноос 2025 он хүртэл 1 800 000 төгрөгөөр тооцоод 2021 оны 03 сараас 48 600 000 төгрөгөөр тооцсон. Иймд хариуцагчийг нийт 122 936 800 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.6.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нь засвар, засан сайжруулалт хийхдээ манайхаас болон холбогдох газраас зөвшөөрөл аваагүй, түрээсийн төлбөрийг засварт тооцох талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.9-д нийслэлийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын хөрөнгийг гэрээ цуцласны дараа түрээслэгч буцаан авах эрхгүй гэж заасан, үүнийг хүлээн зөвшөөрч хариуцагч нь гэрээ байгуулсан. Тиймээс засварын зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зарим хэсгийг зөвшөөрч байгаа, байрыг чөлөөлчихсөн, одоо иргэн Ц.Б******* үйл ажиллагаа явуулж байгаа. 2020.07.01-2021.02 сар хүртэлх хугацаанд төлөөгүй нь үнэн, яагаад гэвэл тухайн өрхийн эмнэлгийн байр ашиглалтын шаардлага хангаагүй, нүүгээд 6 жил болсон байсан байр, ашиглалтгүй болчихсон байсан юм. Уг барилгыг завсар хийгээд түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж н.Ү*******тай тохиролцсон. Гэтэл дарга солигдоод ойлгомжгүй болсон. Тухайн үед байсан н.Ү*******, н.Р нар нь сайхан байшин болгоод өгчих, хэдэн төгрөг гарна түүнээс түрээс чөлөөлнө гэсэн. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр завсар оруулсан, тог цахилгаан байхгүй байсан. Гэтэл Ковид гарсан, урдаас бараа татсан орж ирэх боломжгүй болсон. Тэгээд ажил явдал гарсан. Гэтэл А******* ӨЭМТ-ийн дарга холбогдоод байрыг түрээслэсэн. 52 080 000 төгрөг дансаар орсон байдаг. Мөн өмнө нь Ц.Б*******тай түрээсийн гэрээ байгуулсан нь үнэ, гэрээгээ хийгээд явсан байдаг. Бид энэ түрээсийн төлбөртэй маргаан байхгүй. Харин бид 129 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Иймд сар болгон төлөх байсан түрээсийн төлбөр 8 640 000 төгрөг, мөн 52 080 000 төгрөг манай дансаар орсон учраас зөвшөөрч байгаа, харин оруулсан хөрөнгө оруулалтыг хасч тооцуулах саналтай байна гэв.
2.1.Шүүхэд хандаж дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Б.Г******* миний бие Нийслэлийн ,артай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ"-г байгуулсан. Тус гэрээг байгуулах үндсэн зорилго нь тухай түрээсийн байрыг засаж сайжруулан эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилготой байсан. Миний түрээсэлсэн Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А******* ӨЭМТ-ийн хуучин барилга нь тухайн үед аливаа эдгээд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй буюу 1-т. ямар ч цонх байхгүй, 2-т халуун хүйтэн ус болон дулааны шугам сүлжээ нь тасалдсан, хагарсан, 3-т хаалга, үүд нь цоож байхгүй, 4-т тухайн байр нь харуул хамгаалалтгүй эзэнгүй байсны улмаас орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдэг шууд ашиглах ямар ч боломжгүй зүйлийг надад анх хүлээлгэж өгсөн. Ингээд миний бие тус барилгыг засах шаардлагатай, уулаасаа энэ ч ойлгомжтой байсан засахгүйгээр ашиглах боломжгүй барилга тул Нийслэлийн ,рын даргатай зөвшилцөн засаж сайжруулаад ингээд засварт зарцуулсан зардлаа түрээсийн төлбөрт суутгуулан явахаар тохиролцсон юм. Гэтэл Нийслэлийн ,рын зүгээс засаж сайжруулаад ашиглах боломжтой болгосны дараа гэнэт өмнө хэлэлцэж тохиролцсон тохиролцоо болон гэрээгээ зөрчин миний нэр дээр нэхэмжлэл гаргаж байр чөлөөлүүлэх, мөнгө түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3.3-т "түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж заасан. Тус заалтын хүрээнд өмнөх удирдлагатай ярьж тохиролцсоны дагуу бид анх түрээсийн барилгыг бүрэн засварлаж нийт 120 000 000 төгрөгийн зардал гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн гэрээний 1.6-д түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн түрээсийн нөхцөлд байна." гэж заасан. Гэтэл тус хөрөнгө нь ашиглаж болох ямар ч хэвийн нөхцөлд байгаагүй тул бид зардал гарган зассан. Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3-т Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Нэгэнт түрээслүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тул миний бие түрээсийн байрыг засаж сайжруулсан, зориулалтын дагуу ашиглах боломжтой болгох зорилгоор зассан, мөн зассан зүйлийг түрээсийн байрнаас салгах боломжгүй тул засварын зардалд зарцуулсан нийт 120 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч Я.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг дэмжиж байгаа, сөрөг нэхэмжлэлийг дэмжихгүй байна. Нэхэмжлэгч нь төлөгдөөгүй түрээс, алдангийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн иргэн Б.Г******* нь Ц.Б*******тай болон ӨЭМТ-тэй түрээсийн гэрээ байгуулж, давхар түрээслүүлэн орлого олсон болох нь баримтаар тогтоогдож байгаа учраас бусдад ашиглуулан олсон орлогыг гаргуулахыг дэмжиж байна. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь цуцлагдсан талаар талууд маргаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад бусдад хууль бусаар эзэмшүүлж орлого олоод байгаа, мөн гэрээ үргэлжилж байсан бол түрээсийн төлбөрөө авах байсан тул олох байсан орлогоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-д зааснаар гэрээг цуцалсан бол хохирол гаргуулах үндэслэлтэй. Хариуцагч зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж байна, 120 000 000 төгрөгөөс хасаад үлдэх 59 000 000 төгрөгийг зөвшөөрч байна гэж байна. Давах шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 120 000 000 төгрөгийг салгаж болох хөрөнгө эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй учраас тогтоо гэж буцаасан боловч Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ гарсан, уг үнэлгээнээс нарийвчилсан тооцоо үнэлгээ гараагүй байна гэж үзэж байна. Иймд засан сайжруулалт хийсэн гэдэг талаар маргахгүй боловч уг засан сайжруулалтыг хийхдээ зөвшөөрөл аваагүй тул нэхэмжлэгч нөхөн төлөхөөс татгалзах эрхтэй гэж үзэж байна гэв. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.05-ны өдрийн 102/ШЗ2021/04645 дугаар шүүгчийн захирамж, 2020-2021 оны Түрээсийн төлбөр тооцоо, алданги, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Нийслэлийн Засаг даргын 2020.12.03-ны өдрийн Б/216 тоот захирамж, Нын 2017.10.06-ны өдрийн 2/1316 тоот албан бичиг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017.06.07-ны өдрийн 92 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017.07.05-ны өдрийн А/512 тоот захирамж, 2020.07.01-ний өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ, хавсралт, Нын 2021.01.08-ны өдрийн 4/26 тоот албан бичиг, 2021.02.03-ны өдрийн 4/181 тоот албан бичиг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019.12.02-ны өдрийн 29/32 тоот тогтоол, Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.05.05-ны өдрийн 65 дугаар тогтоол, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, 2020-2021 оны түрээсийн төлбөр тооцоо, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2023.07.02-ны өдрийн Ажлын байр хөлслөх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, төлбөрийн баримт, 2023.09.17-ны өдрийн Түрээсийн гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг
хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.05.25-ны өдрийн Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.09.06-ны өдрийн Сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрэл зураг, шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд гэсэн баримтуудыг,
гуравдагч этгээдээс шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б дүүрэг, 8 дугаар хороонд байрлах, А******* өрхийн эрүүл мэндийн төвийн барилга улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагаа, Ч ӨЭМТ-өөс 2023.07.02-ны өдрийн Ажлын байр хөлслөх гэрээг бүрдүүлж, хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Нийслэлийн ын нэхэмжлэлээс 74 336 800 төгрөгийг хангаж, үлдэх 48 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Б.Г*******ын сөрөг нэхэмжлэлээс 64 998 405 төгрөгийг хангаж, үлдэх 55 001 595 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г*******той түрээсийн гэрээ байгуулж, эмнэлгийн зориулалттай байрыг хүлээлгэн өгсөн боловч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул гэрээг цуцлаж, түрээсийн төлөгдөөгүй төлбөр болон уг түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги нийт 13 456 800 төгрөг, түрээсийн зүйлийг бусдад ашиглуулж, түрээсийн гэрээ хийж олсон орлого 60 880 000 төгрөг, түрээсийн гэрээг хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж цуцласан тул олох байсан орлогод 48 600 000 төгрөг нийт 122 936 800 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Н*******тай түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн зүйлийг хүлээн авсан боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй байснаас засаж сайжруулан засвар хийсэн тул 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 02 сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөхгүй талаар тохиролцсон байсан тул түрээсийн төлбөрийг төлнө, алдангийг бол зөвшөөрөхгүй, түрээсийн зүйлийг бусдад ашиглуулж олсон орлого болох 52 080 000 төгрөгийг зөвшөөрч байгаа, харин олох байсан орлого нь үндэслэлгүй, гэрээг нэхэмжлэгчийн санаачлагаар цуцласан, зөвшөөрсөн үнийн дүнгээс оруулсан хөрөнгө оруулалтыг хасч тооцуулах саналтай гэж маргасан.
4.Хариуцагч нь нэхэмжлэгч Н*******т холбогдуулан түрээсийн байр доголдолтой, үйл ажиллагаа явуулах ашиглах боломжгүй байсан тул засвар хийж, засан сайжруулсан боловч нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг цуцлаж, үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангаагүй тул засварын зардалд зарцуулсан 120 000 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Г*******ыг засан сайжруулалт хийж, түрээсийн байрыг засаж янзлахдаа зөвшөөрөл аваагүй, засан сайжруулалт хийх талаараа урьдчилан мэдэгдээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээндээ энэ талаар тохиролцоогүй гэж үгүйсгэсэн.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, түрээсийн гэрээ байгуулсан тул түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй, мөн гэрээг цуцласны бусад ашиглуулсны хохирлыг хариуцана, түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн гэх боловч энэ талаар зөвшөөрөл авах дүрэм, журам болон гэрээгээ зөрчсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарласан.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/512 дугаар захирамжаар Б дүүргийн 8 дугаар хорооны А******* өрхийн эрүүл мэндийн төвийн блансад бүртгэлтэй барилга байгууламжийг Н*******т балансаас балансад шилжүүлжээ.
7.2.Нэхэмжлэгч Нийслэлийн ын оноосон нэр нь Нийслэлийн ,ар болон өөрчлөгдөж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оноосон нэр дахин өөрчлөгдөн Н******* болсон болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
7.3.Нэхэмжлэгч Н******* нь хариуцагч Б.Г*******той 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А******* ӨЭМТ-ийн хуучин барилгын 108 м.кв талбай бүхий байрыг эмнэлгийн зориулалтаар түрээслүүлэхээр, гэрээний хугацааг 2020 оны 7 сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 5 жил байхаар, түрээсийн төлбөр 1 м.кв-ийг 10 000 төгрөг буюу сар бүр 1 080 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
8.Талууд түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн зүйлийг шилжүүлэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй, түрээсийн төлбөр, засварын зардлын талаар маргаж байна.
9.Зохигч талууд 2020 оны 7 сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
9.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.
9.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1.5-д түрээслэсэн эд хөрөнгийн 1м.кв талбайн үнэ 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 000 төгрөг байна. Талбайн үнэ, түрээсийн төлбөрийн хэмжээг хавсралтанд зааж өгөх бөгөөд энэ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж заажээ.
9.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд буюу гэрээний 4.6-д зааснаар түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны дотор түрээслүүлэгчийн Нийслэлийн Төрийн сан банкин дахь 100200000956 тоот дансанд шилжүүлнэ гэснийг зөрчиж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарыг хүртлэх 8 сар хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй тул гэрээний 2.4.б/-д түрээсийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахгүй удаа дараа шаардуулах, 6.1.1-д түрээслэгч түрээсийн төлбөрөө хоёр сар ба түүнээс дээш хугацаагаар төлөөгүй бол гэрээг цуцлахаар зааснаар гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн гэж тайлбарласан.
9.4.Хэрэгт авагдсан баримтаар түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчээс гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/26 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны 4/181 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн байх бөгөөд талууд түрээсийн гэрээг 2021 оны 03 сараас цуцласан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
9.5.Хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 2 сар хүртэлх 8 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээнд зааснаар сар бүрийн 25-ны дотор түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй талаараа маргаагүй боловч түрээсийн гэрээний 3.3-т түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга, байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж зааснаар түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн гэж мэтгэлцсэн.
9.6.Гэвч хариуцагч нь гэрээний 3.3-д заасан нөхцөл байдал үүссэн талаар түрээслүүлэгч талд буюу нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримтгүй, энэ талаар хүсэлт, санал тавьж байсан гэх боловч баримтаар нотлоогүй, харин гэрээг байгуулсан Нийслэлийн ,рын дарга Ш.Ү*******ыг гэрчээр дуудаж нотлуулна гэсэн боловч Ш.Ү******* нь гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан, хариуцагчаас уг хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө гаргах, санал болгох боломжгүй байсан талаараа нотлоогүй тул хүсэлтийг хүлээн аваагүй болно.
9.7.Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр Ш.Ү*******ыг оролцуулах хүсэлтийг гаргасныг тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний 183/ШЗ2021/11098 дугаар захирамжаар гэрчийн мэдээлэл тодорхойгүй гэж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны 183/ШЗ2021/15637 дугаар захирамжаар хэрэгт ач холбогдолтой гэх үндэслэлгүй гэж тус тус хангахгүй орхисон, уг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрх нь нээлттэй байхад шүүх хуралдаанд гаргасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлоогүй.
9.8.Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 2.11-д засвар шинэчлэл хийх болсон нь тогтоогдсон, орон нутгийн төсөвт уг засварыг хийх санхүүжилтийн эх үүсвэр тусгагдаагүй буюу хүрэлцээгүй зэрэг зайлшгүй шаардлагыг үндэслэн талбайн түрээсийн төлбөр /үүнд ашиглалтын зардал хамаарахгүй/-өөс тодорхой хугацаагаар түр чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх асуудлыг Өмчийн харилцааны газар хянаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлнэ, 2.12-д түрээсийн төлбөрийг түр чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх асуудлаа урьдчилан тавьж шийдвэрлүүлээгүй тохиолдолд тухайн хугацааны түрээсийн төлбөрийг түрээслэгч тал өөрөө хариуцна гэж заасан байна.
9.9.Зохигч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1.6-д түрээслэсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн нөхцөлд байна гэж заасан, хариуцагчаас түрээсийн төлбөрийг түр чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх талаараа урьдчилан санал гаргасан талаарх баримтгүй, энэ асуудлаар ямар нэгэн тушаал, захирамж гарсан талаарх баримтгүй байна гэж үзэв.
9.10.Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 2020 оны 7 дугаар сарын 01-нээс 2021 оны 2 дугаар сарыг хүртлэх 8 сарын түрээсийн төлбөрт 8 640 000 төгрөгийг /8х1 080 000=8 640 000/ болон гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй алданги 4 816 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
9.11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.7-д түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлөхөд хүрвэл төлбөрийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар алданги тооцож түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх тул хариуцагчаас түрээсийн төлбөрт 8 640 000 төгрөг, алданги 4 816 800 төгрөг, нийт 13 456 800 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
10.Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн зүйлийг 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ч ӨЭМТ-д нэг сарын 4 400 000 төгрөгөөр түрээслэж, нийт 52 080 000 төгрөгийн ашиг олсон, 2023 оны 7, 8 саруудад Ч ӨЭМТ-ийн дарга н.Б*******гаас нэг сарын 4 400 000 төгрөгөөр тооцож 8 800 000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан байх тул хууль бусаар ашиглаж олсон орлого 60 880 000 төгрөгийг гаргуулах, түрээсийн гэрээг хариуцагчийн буруугаас цуцласан тул гэрээ цуцласны улмаас учирсан хохирол буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртлэх 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх олох байсан орлогод сарын 1 080 000 төгрөгөөр тооцож, 48 600 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
10.1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
10.2.Хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын байр хөлслөх гэрээг хариуцагч Б.Г******* нь Ц.Б*******тай байгуулж эмнэлгийн зориулалттай 110 м.кв байрыг 1 жилийн хугацаатайгаар сарын 4 500 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон, мөн 2023 оны 9 сарын 17-ны өдрийн Б дүүргийн Засаг даргын тамгын газар, Б.Г******* нарын Ч ӨЭМТ байгуулсан түрээсийн гэрээгээр Б дүүргийн 32 хороо 108 м.кв талбайтай байрыг 2023 оны 9 сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр 17-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатайгаар 1м.кв-ыг 40 740 төгрөгөөр үнэлж сарын 4 400 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээ байгуулж, гэрээний зүйл болох эмнэлгийн зориулалттай байрыг бусад түрээслэсэн талаар хариуцагч маргаагүй.
10.3.Мөн түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан болох нь 2024.1.30, 2024.02.22, 2024.03.21, 2024.04.18, 2024.05.29, 2024.06.25, 2024.07.29, 2024.08.27-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Г*******ын нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн газартай байгуулсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь 2021 оны 03 дугаар сард цуцласан гэх үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслэн олсон орлого болох нийт 60 880 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
10.4.Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг хариуцагчтай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх 5 жилийн хугацаатай байгуулсан тул гэрээг цуцласан 2021 оны 03 сараас гэрээний хугацаа дуусгавар болох хүртлэх олох байсан орлого нэг сарын 1 080 000 төгрөгөөр тооцоод нийт 48 600 000 төгрөгийг гаргуулна, гэрээний нэг тал буюу хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээг цуцласан гэсэн боловч нэхэмжлэгчээс гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид өгсөн, мөн хариуцагчаас түрээсийн зүйлийг бусдад түрээслүүлэн олсон орлогыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн тул олох байсан орлого болох 48 600 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
10.5.Иймд Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэснийг хариуцагч зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул бусдад түрээслүүлэн олсон орлого болох 60 880 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс олох байсан орлого болох 48 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Хариуцагч нь нэхэмжлэгч Н*******т холбогдуулан засварын зардалд 120 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, цонхгүй, халуун хүйтэн усгүй, дулааны шугам хагарсан, хаалга, үүд цоож байхгүй, орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдэг байсан барилгыг шилжүүлэн өгсөн тул үйл ажиллагаа явуулахын тулд зайшгүй засвар хийсэн гэж тайлбарласан.
11.1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан.
11.2.Гэвч нэхэмжлэгч нь түрээсийн зүйлд засан сайжруулалт хийхдээ зөвшөөрөл аваагүй, энэ талаар мэдэгдээгүй гэж маргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1.6-д түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн нөхцөлд байна гэж заасан, мөн 2.9-д Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 2.11-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд нийслэлийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын хөрөнгийг гэрээг цуцласны дараа түрээслэгч нь буцаан авах эрхгүй, 3.8-д гэрээний хугацаа дууссанаар түрээслэсэн эд хөрөнгийг түүнээс салгаж үл болох хөрөнгө, засварын хамт бүрэн бүтэн түрээслүүлэгчид актын дагуу хүлээлгэн өгнө гэж тохиролцсон гэж мэтгэлцсэн.
11.3.Хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 2.10-д түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга, байгууламжийг засвар, шинэчлэл сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй болсныг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, дүгнэлтээр тогтоосон нөхцөлд засвар хийх зөвшөөрлийг Н*******т урьдчилан мэдэгдэнэ, 2.9-д түрээслэгч нь нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд ын зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөхийг хориглоно гэж тус тус заасан байна.
11.4.Мөн хариуцагч нь түрээсийн зүйл буюу эмнэлгийн барилгад засварын ажил хийсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Сантекникийн ажил гүйцэтгэх гэрээ, анх байсан болон засвар хийсний дараах гэрэл зургуудаар нотлоно гэсэн боловч нэхэмжлэгч нь уг гэрээнүүд нь түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнө байгуулагдсан тул засварын зардалд тооцогдох эсэх нь эргэлзээтэй гэж маргасан.
11.5.Хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд ...Улаанбаатар хот, Б дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай А******* өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх бодит үнэ цэнэ 129 996 810 төгрөг, гадна дотор засварын ажлын үнэлгээ 62 318 943 төгрөг, сантекникийн ажлын үнэлгээ 67 677 867 төгрөг гэжээ.
11.6.Дээрх баримтуудаар хариуцагч нь түрээсийн зүйлд засан сайжруулалт хийхдээ нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд засан сайжруулалт хийх талаараа мэдэгдсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
11.7.Гэхдээ талууд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн үйл баримтын талаар маргаагүй, харин түүний үнэлгээ болон уг зардлыг гаргуулах талаараа маргасан, шинжээчийн дүгнэлтээр уг засварын зардлыг 129 996 810 төгрөгөөр үнэлсэн боловч шинжээчийн тайланд хариуцагчийн 2019 оны барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ, сантекникийн ажил гүйцэтгэх гэрээг хавсаргасан байх тул нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын засварын зардал нь уг түрээсийн зүйлийн үнэлгээнээс өндөр байгаа нь эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
11.8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн зүйлд засан сайжруулалт хийхдээ мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй буруутай гэсэн боловч түрээсийн гэрээний 2.1-д түрээслүүлэгч нь түрээслэгч гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, ашиглалтын үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргана гэж заасан, 6.1.3.а/-д түрээслэгч нь эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг хангахгүй байх, дамжуулан түрээслэх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт хийх, эд хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг дур мэдэн өөрчлөх тохиолдолд түрээсийн гэрээг дангаар цуцлана гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.
11.9.Мөн гэрээний 10.2-д түрээслэж байгаа эд хөрөнгийн нэр төрөл, тоо чанар, бүтэц бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт, акт баримтыг гаргах бөгөөд эдгээд баримтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно. Хавсралт-2 эд хөрөнгө хүлээлцсэн акт гэж заасан байхад нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй, чанар бүрэн бүтэн байдлыг тодорхойлсон тайлбар жагсаалт гаргаагүй байна гэж үзэв.
11.10.Хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй боловч гадна дотор завсарын ажил хийсэн, сантекникийн ажил хийсэн тул эдгээрийг түрээсийн зүйлээс салгах боломжгүй, уг засан сайжруулалт хийсний үр дүнд барилга хэвийн ашиглагдаж байгаа гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, өөр этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан тул хариуцагчийг нийслэлийн өмчийн байрнаас албадан чөлөөлөх шаардлагагүй болсон гэж тайлбарласан.
11.11.Иймд нэхэмжлэгчээс хариуцагчийн засварын зардалд гаргасан зардал болох хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тайланд дурдсан 129 996 810 төгрөгний 50 хувь болох 64 998 405 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэв.
12.Нэхэмжлэгч Нийслэлийн ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үүрэг болон алдангид нийт 13 456 800 төгрөг, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж олсон орлого 60 880 000 төгрөг, нийт 74 336 800 төгрөгийг хариуцагч Б.Г*******оос гаргуулж, үлдэх олох байсан орлого болох 48 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Г*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардалд 64 998 405 төгрөгийг нэхэмжлэгч Нийслэлийн аас гаргуулж, үлдэх 55 001 595 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 529 634 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагч Б.Г*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 757 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 482 942 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хариуцагч Б.Г*******оос 74 336 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н*******т олгож, нэхэмжлэлээс 48 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Нийслэлийн аас 64 998 405 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Г*******од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 55 001 595 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Г*******оос 529 634 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, нэхэмжлэгч Нийслэлийн аас 482 942 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Г*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН