Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02229

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэртэй,

 

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ХК-д холбогдох,

EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 245 993 576 төгрөг, даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал 1 592 520 083 төгрөг, даатгалын хураамжийн зөрүү 53 396 137 төгрөг, даатгалын хураамжид илүү төлсөн 465 134 058 төгрөгийг буюу нийт 2 357 043 855 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ханшийн зөрүүд 78 379 084 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээний дагуу “М” ТӨХК нь даатгалын хураамжид 5 127 964 071 төгрөг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Даатгалын зүйл болох EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр HVD-ULN чиглэлийн нислэг хийхдээ хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдсаны улмаас хөөрөлтийн зурвасаас гарч, даатгалын тохиолдол бий болсноор даатгалын нөхөн төлбөрийн гэрээнүүд байгуулагдаж, даатгагчид учирсан хохирлыг “Д” ХК болон түүний давхар даатгагч компаниуд болох UIB болон McLarens хамтран ажиллаж дэс дараатайгаар нөхөн төлөхдөө 86 425.13 ам.долларыг дутуу төлснийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Ослын тохиолдол болсноос хойш В737-800 агаарын хөлгийн гэмтэлтэй хөдөлгүүрийг засварлах гэрээг Малайз улсын GE компанитай байгуулж, хөдөлгүүрийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд засварлуулсан, засварлагдсан хөдөлгүүрийг Малайз улсаас Бүгд Найрамдах Хятад ард улсын АМЕСО Beijing компани руу тээвэрлэх үед буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Тианжин боомтод тээвэрлэлтийн буруугаас болж уг хөдөлгүүрт дахин гэмтэл учирсан, хөдөлгүүрийн Малайз улс руу дахин засварт илгээж, засварлах ажил 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилсэн. “М” ТӨХК нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөлгүүрийг хүлээн авч агаарын хөлөгт суурилуулсан.

Энэ хугацаанд агаарын хөлгийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс даатгуулагч нь Aviation Lease Finance компанитай CFM 7В26 маркийн сериал дугаар 874410 хөдөлгүүрийг түрээслэх гэрээ байгуулан, хөдөлгүүрийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд буюу нийт 10 cap 7 өдөр түрээслэн ашигласан. Түрээсийн төлбөрт 592 800 ам.долларыг төлсөн. Aviation Lease Finance компаниас түрээсэлсэн хөдөлгүүрийг EI-CXV В737-800 агаарын хөлөгт суурилуулсантай холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15/230-3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15/230-4 тоот даатгалын нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулж, хөдөлгүүрийг 7 160 000 ам.доллараар даатгуулж, нийт 35 915 486.20 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагч төлсөн.

 “М” ТӨХК нь 1 сарын түрээсийн төлбөр буюу 58 100 ам.долларын нөхөн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сард байгуулагдсан ASI.160074 тоот даатгалын нөхөн төлбөрийн 4 дүгээр гэрээний /Full & Final Release/ дагуу хүлээн авсан бөгөөд даатгагч болох “Д” ХК нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

Үндсэн даатгуулагч “М” ТӨХК-ийн давхар даатгуулагч “Д” ХК болон давхар даатгагч Английн Уэллсэд 2034497 дугаар бүхий бүртгэлтэй Ллоидзын брокер Юнайтед Иншүүрэнс Брокерз компанитай байгуулсан В0902А15000422/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий /UIВ0902/ Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн Бүх эрсдэл ба хариуцлагын давхар даатгалын гэрээнд “Эд хөрөнгийн хохирол” “сэлбэг хэрэгсэл”-ийн тодорхойлолт өгсөн бөгөөд энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол зохицуулагдаж буй ижил асуудал эрсдэлийн хувьд Үндсэн даатгалын гэрээгээр тогтоосон аливаа нөхцөл журмыг дагаж мөрдөнө хэмээн заасан .Мөн В0902А15000424/01 тоот “Арилжааны тусгай дугаар бүхий /UIB0902/ Агаарын хөлгийн их бие /сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамт/-ийн дайны эрсдэл болон түүнтэй холбоотой бусад эрсдэлийн даатгал”-ын гэрээнд түрээсээр авсан хөдөлгүүрийн гэрээний үнийн дүнгээр нэмэгдэн даатгал төлөх, агаарын хөлөгтэй холбогдуулан гаргасан тодорхой шаардлагыг бүрэн хэмжээний хохирлоор тооцон хангасан тохиолдолд даатгагч нар нь салгаж авсан хөдөлгүүр, эсхүл сэлбэг хэрэгсэл, эсхүл эд ангитай холбогдуулж эд хөрөнгийг аварсны хариу төлбөр авах эрхтэй, даатгалтай холбогдуулан даатгалын хураамжид хувь тэнцүүлсэн тохиргоог хийнэ гэж заасан нь 15/230-3, 15/230-4 тоот түрээсийн хөдөлгүүрийн даатгалын хураамжийн нэмэлт гэрээнүүд талуудын хооронд байгуулагдсан үйл баримттай нийцэж байна.

Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээний 2.1-д агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт; 2.6-д агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөнд учирч болох хохиролд хүлээх хуулийн хариуцлага; 2.8-д даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, 3.5-д нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн гэмтэл, саатал, 6.8-д даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн олговор дээр нэмж оруулан даатгуулагчид төлнө гэж зааснаар даатгуулагч нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлсөн 592 800 ам.долларын үлдэгдэл 534 700 ам.долларын шаардлагыг гаргах эрхтэй байна.

Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн сааталтай холбоотойгоор зорчигчдыг “Аэромонголия” ХХК-ийн агаарын хөлгөөр Ховд-Улаанбаатар чиглэлд 68 322 779 төгрөгөөр шилжүүлэн тээвэрлэсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16/40 тоот нэхэмжлэхийн дагуу хоорондын тооцоогоор төлбөрийг барагдуулсан. Ослын улмаас зорчигчид болон нисэх бүрэлдэхүүнийг байрлуулахад нийт 2 270 000 төгрөгийн буюу нийт 70 592 779 төгрөгийн зардал гарсан тул үүнийг мөн нөхөн төлбөрт тооцож шаардах эрхтэй.

 

“Д” ХК болон “М” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээг үндэслэн JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс газрын эрсдэлд шилжүүлэхтэй холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр даатгалын гэрээний нэмэлт гэрээг байгуулсан.

Уг гэрээний 1.1-д даатгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу Боинг 767-300 /улсын бүртгэлийн дугаар JU-1011/ агаарын хөлгийн даатгалыг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 цаг хүртэл газрын эрсдэлийн даатгалд шилжүүлэх, хавсралтаар бууралтын хураамжийн хэмжээг 147 826.52 ам.доллар байхаар талууд харилцан тохиролцсон. Энэхүү нэмэлт гэрээтэй холбогдуулан Боинг В767-300, JU-1011 улсын бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлгийг түрээсийн гэрээний хугацаанаас өмнө түрээслүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслүүлэгчид 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд буцаан хүргэж өгөхөөр болсон.

Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот үндсэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2-т Агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болохоор зохицуулагдсан бөгөөд гэрээний 8.2-т даатгуулагч нь энэ талаар хүсэлтийг даатгагчид гаргах ба даатгагч даатгалын төрлийг солих талаар холбогдох арга хэмжээ авч холбогдох хураамжийг бууруулан нэхэмжлэхийг даатгуулагчид хүргүүлэхээр заасан.

Давхар даатгалын В0902А15000422/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий /UIВ0902/ Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн Бүх эрсдэл ба хариуцлагын давхар даатгалын гэрээний 11 дугаар хуудаст Агаарын хөлөг сул зогссонтой холбоотойгоор буцаан олголт хийх заалт AVN26-урьдчилж мэдэгдэл өгөх шаардлага хасагдсан ба хөлгийн их бие нислэгийн болон газар дээрх эрсдэлийн даатгалын хураамжийн хэмжээ хоорондын зөрүүг 100 хувь буцаан олгоно хэмээн заасан байхад “Д” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж даатгуулагчийн эрх ашгийг өнөөдрийг хүртэл хохироож байна.

 

Иймд даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт давхар даатгагчаас даатгуулагчид шилжүүлсэн 86 425 13 ам доллар буюу 245 993 576 төгрөг, хөдөлгүүрийн түрээсийн зардалд төлсөн 534 700 ам.доллар буюу 1 521 927 304 төгрөг, нислэгийн сааталтай холбоотой зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардал 70 592 779 төгрөг, даатгалын хураамжийн бууралт болох 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаан дахь 18 759.71 ам.доллар буюу 53 396 137 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 171 хоногийн даатгалын хураамжийн буцаалт 163 415.94 ам.доллар буюу 465 134 058 төгрөг буюу нийт 2 357 043 855 төгрөгийг “Д” ХК-аас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ханшийн тохируулгад 78 379 084 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ТӨХК болон “Д” ХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 90С1520014297 дугаар “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг байгуулж, 5 ширхэг агаарын хөлгийн их бие болон хөдөлгүүрийг, зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгөнд учирч болох хариуцлагыг, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлагыг, агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл, дайны хариуцлагыг тус тус даатгалын гэрээний зүйл хэмээн тохиролцсон.

Уг даатгалын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.5-д даатгалын зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор олон улсын нэр бүхий давхар даатгагч нарт 100 хувь давхар даатгана хэмээн заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн B090215A703401353 дугаар Давхар даатгалын гэрээг байгуулж давхар даатгалд 100 хувь даатгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох В737-800 агаарын хөлөг Ховд аймгийн онгоцны буудлаас хөөрөх үедээ чиг алдан нислэгийн зурвасаас гарсан ослын улмаас CFM 7В26 сериал дугаар 890116 бүхий хөдөлгүүр гэмтэн даатгалын тохиолдол болсон. Уг гэмтсэн хөдөлгүүрийг Малайз улсын Куала Лампур хот руу тээвэрлэж, GE компаниар засвар хийлгэсэн. Засварласан хөдөлгүүрийг Малайз улсын Куала Лампур хотоос Хятад улсын Бээжин хот руу тээвэрлэх явцад тээвэрлэлтийн буруугаас унаж дахин гэмтсэн. Ийнхүү 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэмтлээс үүссэн хохирол болох агаарын хөлгийн хөдөлгүүрийн засварлах зардал, хөдөлгүүрийг тээвэрлэх зардал, шатахууны зардал, хөдөлгүүрийг солих болон түрээсийн хөдөлгүүрийг буцаах зардал зэрэг нийт 4 179 918.77 ам.долларыг “М” ТӨХК-д давхар даатгагч нар олгосон. Дээрх нөхөн төлбөрөөс 4 093 493.64 ам.долларыг “М” ТӨХК-д олгосон. Үлдэгдэл 86 425.13 ам.долларыг нэхэмжлэгчид олгоход хариуцагчийн зүгээс татгалзах зүйлгүй болно. Харин давхар даатгагчаас уг 86 425.13 ам.долларыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн тул тухайн өдрийн Монгол банкны ам.долларын хаалтын ханш 2 426.41 төгрөгөөр тооцон 209 702 799 төгрөгийг төлнө, 36 290 776.31 төгрөгийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

Агаарын хөлгийн хөдөлгүүрт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тус тус ослоос үүссэн бүх хохирлыг “Д ХК болон давхар даатгагч нар “М” ТӨХК-д төлж барагдуулсан.

 

Агаарын хөлөгт CFM 7В26 сериал 874410 дугаар бүхий хөдөлгүүрийг Aviation Lease Finance компаниас түрээсэлж суурилуулан ба түрээсийн төлбөрт төлсөн 534 700 ам.долларыг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Давхар даатгалын гэрээний 1 дүгээр хуудасны Эрх ашиг хэсэгт Даатгуулагчийн өмнө хариуцахаар үүрэг хүлээн тогтоосон тодорхой нэг даатгалын гэрээ эсхүл гэрээ, хэлцэлүүдтэй холбогдон үүсэх аливаа хариуцлагаас давхар даатгуулагчийг бүрэн чөлөөлнө гэж зааснаар “Д” ХК нь даатгалын гэрээтэй холбоотой аливаа хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн.

Давхар даатгалын гэрээ нь онцгой нөхцөл байдал буюу дайн болсон үед агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлбөрийг олгох эсэхийг зохицуулах учир хөдөлгүүрийн түрээсийн зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Агаарын хөлөг нь Ховд аймагт осолдсоны улмаас зорчигчдыг “М” ТӨХК өөрийн зардлаар шилжүүлэн тээвэрлэж, байрлуулсан байна. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 1.1.2-т заасан зорчигчтой холбоотой зохицуулалтад нэхэмжлэгчийн шаардаж буй зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарах зардал нь даатгалын тохиолдолд ороогүй бөгөөд уг зардлыг нөхөн төлөх үүрэг хариуцагч тал хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардал болох 70 592 779.25 төгрөг гаргуулах үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

“М” ТӨХК, “Д” ХК болон давхар даатгагч нар нь нийтдээ зургаан удаа Даатгалын болон Давхар даатгалын үүргээс Бүрэн бөгөөд эцсийн байдлаар чөлөөлөх болон үүргийг дуусгавар болгох гэрээ буюу Хаалтын гэрээ байгуулсан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээтэй холбоотойгоор гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд уг актаар талуудын хооронд бий болсон бүх тооцоог хааж тооцоо нийлсэн. Гэтэл уг гэрээ дүгнэсэн актад тусгагдаагүй асуудлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

“М” ТӨХК-ийн хүсэлтээр уг агаарын хөлгийг түр хугацаагаар ашиглахгүй зогсоох болсон тул газрын эрсдэлийн даатгалд даатгуулахыг хүссэн. JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлөг нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 23 хоног, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 73 хоног, нийт 121 хоног нислэг үйлдээгүй тул газрын эрсдэлийн даатгалд шилжсэн гэж үзнэ. Иймд хариуцагчийн зүгээс JU1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийн даатгалын хураамжийн бууралтыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Нэхэмжлэгч нь агаарын хөлгийг түрээслүүлэгчид буцаасан өдөр болох 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс даатгалын гэрээний дуусгавар болох хугацаа болох 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 171 хоногийн даатгалын хураамжийн буцаалт болох 163 415.94 ам.долларыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Энэ шаардлагаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацааны 69 571.76 ам.долларыг даатгалын гэрээнд заасан ам.долларын ханшаар тооцож төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэсгээс бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

“М” ТӨХК болон “Д” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 5.9, 7.11-т ханшийн тохируулга хийхээр заасан Монгол банкны зарласан хаалтын ханш 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тендер зарласан өдрийн хаалтын ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тул тус өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ханшийн тохируулга хийгдсэн ба гэрээний 10.1.3-д ханшийн тохируулгын тооцооллыг талууд улирал бүр хийж тооцоо нийлэх ба ийнхүү тооцоо нийлснээс хойш ажлын 7 хоногийн дотор үүссэн төлбөрийн үүргийг бие биедээ барагдуулна. Хэрэв тооцооны үндсэн дээр нэмэгдэл төлбөр нь буцаалт төлбөрөөс их гарсан нөхцөлд даатгуулагч нь даатгагчид зөрүү төлбөрийг нэмж төлөх үүрэгтэй хэмээн заасны дагуу “М” ТӨХК нь “Д” ХХК-д 78 379 084.23 төгрөгийн зөрүүг төлж барагдуулах үүрэгтэй.

Энэ талаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар М ТӨХК нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн боловч одоог хүртэл төлөөгүй тул 78 379 084.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.5, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХК-аас 764 523 772.10 төгрөгийг гаргуулж “М” ТӨХК-д олгож, “М” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 592 520 083.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Д” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 78 379 084.23 төгрөгийг “М” ТӨХК төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, сөрөг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12 388 214 төгрөгөөс 12 387 279 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 55 000 төгрөгөөс 549 845.4 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 089.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид 935 төгрөгийг, хариуцагчид 154.6 төгрөгийг тус тус буцааж, хариуцагчаас 3 980 568.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 549 845.4 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу ослын тохиолдлын улмаас даатгуулагч хөдөлгүүр түрээслэхэд гарсан зардал 534 700 ам доллар, ослын улмаас зорчигч шилжүүлэн тээвэрлэх, байршуулахад гарсан зардал 70 592 779.25 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээний 3.5-д заасан эрсдэлийн улмаас хөдөлгүүрт гэмтэл учирсан даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчаас гарсан зардлыг даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдлоос үүдэлтэй хохиролд тооцох үндэслэлгүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохиролд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн.  

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ нь эд хөрөнгийн, гэм хорын, хариуцлагын даатгалын шинжүүдийг агуулсан, нэхэмжлэлийн үндэслэл нь хэн нэгэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас гаргасан техникийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэсэн атлаа уг даатгалын тохиолдол нь хариуцлагын даатгалын гэрээнээс үүдэн гараагүй гэж шийдвэрийнхээ үндэслэлийг үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх даатгалын гэрээний агуулга, обьект, хамгаалах эрсдлийг зөв тодорхойлоогүй. Учир нь гэм хор гэх ойлголтонд хамрагдаж буй “олох ёстой орлого” нь агаарын хөлгийн иж бүрэн даатгалын хувьд бизнесийн алдагдлын даатгал хэмээх даатгалын хамгаалалтанд хамаарах бөгөөд бизнесийн тасалдлын даатгал нь даатгалын тохиолдлын улмаас хуваарьт болон захиалгат нислэг тасалдан, хойшилж үүнтэй холбоотой бизнест учрах цэвэр ашиг, тогтмол зардлыг тодорхой нөхцөлтэйгээр төлөгддөг даатгалын хамгаалалт юм.

Маргаан бүхий тохиолдлын хувьд ослын тохиолдол болсноос агаарын хөлгийн гэмтэлтэй хөдөлгүүрийг засварлах хугацаанд даатгуулагч “М” ТӨХК нь даатгагч болон давхар даатгагчтай харилцан тохиролцож агаарын хөлгийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс СРМ 7В26 маркийн сериал дугаар 874410 хөдөлгүүрийг Aviation Lease Financе компаниас түрээсээр ашиглах гэрээ байгуулсан.

Энэ гэрээ нь эвдэрсэн хөдөлгүрийг засварлах хугацаанд буюу 10 сар 7 өдрийн хугацаатай байгуулагдаж, түрээсийн төлбөрт 592 800 ам.доллар төлөгдсөн.

Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээнд В737-800 Е1-СХV агаарын хөлгийн их бие хоёр хөдөлгүүрийн хамт, нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн техникийн осол, гэмтэл, саатал, гуравдагч этгээдийн болон зорчигчийн эд хөрөнгөнд учирч болох хохирлын хариуцлага, даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн олговор дээр нэмж оруулан даатгуулагчид төлнө гэж заасан тул даатгуулагч нэхэмжлэлд дурдсан шаардлага гаргах эрхтэй.

Нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн саатал гэдэг ухагдахууныг даатгуулагчийн даатгуулсан ашиг сонирхол буюу даатгалын хамгаалалтанд хамрагдсан эрсдэл эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Ослын тохиолдлын улмаас агаарын хөлөг саатаж байгаа тул тухайн саатлыг арилгах зорилгоор хөдөлгүүрийг засварт өгөх хугацаанд өөр хөдөлгүүр агаарын хөлөгт суурилуулж даатгагч, даатгуулагч хоёр харилцан зөвшилцөж агаарын хөлгийн ашиглалтын саатлыг даван туулсан үйл баримт нэгэнт тогтоогдсон, талуудын хэн аль нь маргаагүй. Дээрхи үйл баримт нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.5 дах заалт, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 заалттай нийцэж байгаа болно.

Анхан шатны шүүх эд хөрөнгийн даатгалын гэрээний хүрээнд даатгалын тохиолдлоос нөхөн төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзвэл талууд гэрээгээр В737-800 Е1-СХ\/ агаарын хөлгийг хоёр хөдөлгүүрийн хамт нийтэд нь 26 600 000 ам.доллар байхаар даатгалын үнэлгээг тохирсон, үүнээс хөдөлгүүрийн үнэ хэд болох нь тодорхойгүй тул шүүх хөдөлгүүрийн даатгалын үнэлгээг тодорхойлох боломжгүй хэмээн үзжээ.

Aviation Lease Finance компаниас түрээсэлсэн хөдөлгүүрийг 2016-05-31-ний өдөр 15/230-3, 2016-11-15-ны өдөр 15/230-4 тоот даатгалын нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулж уг хөдөлгүүрийг 7 160 000 ам.доллараар даатгуулж нийт 35 915 486 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагчид төлсөн. Агаарын хөлгийг хөдөлгүүрийн олон улсын зах зээлийн үнэ ашиглалтаасаа шалтгаалан ойролцоогоор 6 500 000 - 8 000 000 ам.доллар байх тул хариуцагчаас даатгалын тохиолдлын улмаас даатгагчаас даатгуулагчид нөхөн төлсөн 3 908 771 ам.доллар нь хөдөлгүүр зах зээлээс худалдан авах үнээс даруй 2 дахин бага байгааг анхан шатны шүүх анхаарсангүй. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Тианжин боомтод тээвэрлэлтийн буруугаас болж засварт явуулсан хөдөлгүүрт дахин гэмтэл учраагүй бол хохирол 50-60 хувиар буурах байсан. Өөрөөр хэлбэл даатгагч нь анхнаасаа даатгуулагчийн эвдэрсэн хөдөлгүүрийн оронд олон улсын зах зээл дээрээс 6 500 000 – 8 000 000 ам.доллараар хөдөлгүүр худалдан авч даатгуулагчид учруулсан хохирлыг барагдуулахын оронд талууд хохирлыг багасгах арга хэмжээг харилцан зөвшилцөж буюу даатгагчийн зааврын дагуу гэмтэл бүхий хөдөлгүүрийг засварлуулах хугацаанд түүнтэй дүүцхүйц сэлбэг буюу хөдөлгүүр түрээслэн агаарын хөлөг ашиглалтын саатлыг даван туулсан байхад үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцахгүй хэмээн анхан шатны шүүхийн хийж байгаа дүгнэлт үндэслэлгүй.

Түүнчлэн даатгагч болон давхар даатгагч нь 15/230-3, 15/230-4 тоот даатгалын нэмэлт гэрээнүүдээр Түрээсийн хөдөлгүүрийн даатгалын хураамжийг түрээсийн 10 сарын хугацаанд хүлээн авсан, “Д” ХК нь 1 сарын түрээсийн төлбөрийг төлчихөөд хөдөлгүүрийн 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх давхар даатгалын гэрээг дүгнэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “Агаарын хөлгийн их бие сэлбэг хэрэгслийн бүх эрсдэл ба хариуцлагын давхар даатгалын гэрээ”-ний “эд хөрөнгийн хохирол” гэх ойлголтонд даатгуулагчаас гарсан зардлыг хамаатуулахаар заагаагүй байх бөгөөд энд заасан эд хөрөнгийн алдагдалд гарсан зардлыг хамруулах боломжгүй гэжээ.

Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 9001520014297, 15/230 тоот гэрээний 1.5-т “Энэхүү гэрээнд хавсаргасан давхар даатгалын гэрээний нөхцөлд нь гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд гэрээний нөхцөлтэй холбоотой маргаан гарвал давхар даатгалын гэрээний нөхцөлийг баримтлан шийдвэрлэнэ”, давхар даатгалын В0902А15000422/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий/1ЛВ0902/ “ Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн “Бүх эрсдэл” ба хариуцлагын давхар даатгал”-ын гэрээний “Эд хөрөнгийн хохирол”, “сэлбэг хэрэгсэл”-ийн тодорхойлолт болон “энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол зохицуулагдаж буй ижил асуудал эрсдэлийн хувьд Үндсэн даатгалын гэрээгээр тогтоосон аливаа нөхцөл журмыг дагаж мөрдөнө” хэмээн зааснаар хөдөлгүүр нь агаарын хөлгийн сэлбэг хэрэгслийн хувьд цаашлаад эд хөрөнгө мөн болохын хувьд түүнийг ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн алдагдал ослын улмаас зорчигчдыг өөр авиа компаниар ачаа тээштэй нь тээвэрлэн гарч болох эрсдлээс сэргийлсэн үйлдийн улмаас гаргасан зардлыг анхан шатны шүүх хохиролд хамаатуулж ойлгохгүй хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Талуудын хооронд байгуулсан 90С1520014297, 15/230 тоот гэрээний 6.2-т “Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүссэн тохиолдолд даатгалын нөхөн олговрыг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос Даатгагч татгалзах эрхтэй хэмээн заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хөдөлгүүрийг түрээсэлсний зардал даатгалын эрсдэл бус, даатгалын зардал бөгөөд даатгалын гэрээгээр даатгалын хамгаалалт байхгүй, 1 сарын түрээсийн маргаан гарахгүй үүднээс төлсөн гэх тайлбарт шүүх дүгнэлт өгөөгүй.

Loss of Use” даатгалын хамгаалалт нь даатгалтай агаарын хөлгүүдэд аливаа эрсдэлийн улмаас даатгалын тохиолдлын үед даатгуулагчийн санаачлагаар тухайн осолтой шууд хамааралгүй нэмэлт зардлуудын улмаас үүсэж болох санхүүгийн алдагдлаас хамгаалдаг, энэ даатгалыг сэлбэг хэрэгслийн хувьд ашиглах боломжгүй,  ослын тохиолдол болсноос хойш СРМ 7В26 сериал дугаар 890116 бүхий В737-800 агаарын хөлгийн гэмтэлтэй хөдөлгүүрийг засварлах ажил 2016-12-06-ны өдрөөс 2017-02-07-ны өдөр хүртэл үргэлжилсэн, “М” ТӨХК нь 2017-02-28-ны өдөр сериал дугаар 890116 бүхий засварлагдсан хөдөлгүүрийг хүлээн авч Е1-СХV бүртгэлийн дугаартай В737-800 маягийн агаарын хөлөгт суурилуулсан талаар талуудын хэн аль нь маргаагүй.

Гэтэл “М” ТӨХК-иас шалтгаалаагүй, хөдөлгүүрийг буцаан тээвэрлэх, дахин засварлах ажлын үргэлжлэх хугацаагаар буюу 6 сарын нэмэлт түрээсийн төлбөрийг даатгуулагч төлж, улмаар тээвэрлэгчийн буруутай үйлдлийн үр дагаврыг даатгуулагч хариуцах ёстой, энэ тохиолдолд давхар даатгагч болон даатгагч нарыг үүрэг хариуцлага хуулинд заагдсан хэмжээгээр тодорхойлогдох ёстой. Ингэхгүй бол даатгуулагчид хохирол учруулсан этгээд юу ч төлөхгүй шударга бус давуу байдлыг олж авах боломж нээгдэх юм.

Даатгуулагч нь даатгалаас нөхөн төлбөр гаргуулах шаардах эрхийн зэрэгцээ өөр бусад гуравдагч этгээдийн эсрэг хохирол нэхэмжлэх бусад шаардах эрхтэй байдаг. Үүргийн эрх зүйн ерөнхий онолоор даатгуулагчийн хохирол нөхөн төлөгдсөн ашиг сонирхлыг сэргээсэн л бол түүний шаардах эрх дуусгавар болдог. Харин Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэг болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйл, Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээний 9.5-д “Гуравдагч этгээдийн буруугаас гарсан хохирлыг даатгагч нөхөн төлсөн бол буруутай этгээдээс нөхөн төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу гэм хорын шаардах эрх нь хуулийн дагуу даатгуулагчид шилжиж байгаа юм. Маргаан бүхий тохиолдолд засварлагдсан хөдөлгүүрийг Малайз улсаас БНХАУ-ын “АМЕСО Beijing” компани руу тээвэрлэх үед буюу 2016-10-08-ны өдөр Тианжин боомтод тээвэрлэлтийн буруугаас болж уг хөдөлгүүрт дахин гэмтэл учирсан. Хөдөлгүүрийн гэмтэл нь А51.160202 даатгалын тохиолдол болсон тул буруутай этгээдээс даатгуулагчид нөхөн төлсөн хэмжээгээр хохирлыг Даатгагч болон давхар даатгагч нь буруутай этгээдээс шаардан авах эрх нь даатгагчид шилжиж улмаар “М” ТӨХК-д төлсөн 3,9 сая ам долларын зардлаас хасагдаж тооцогдох учиртай. Гэтэл анхан шатны шүүх "Д ХК үүргээ хэрхэн зөрчсөний улмаас нэмэлт зардал гарч хохирсон буюу хоёрдогч үүргийн хүрээнд тодорхойлоогүй” хэмээн дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хураамжийн бууралт 18 759.71 ам.доллар, хураамжийн буцаалт 163 415.94 ам.долларын хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс үлдсэн 93 844.19 ам доллар, нийт 112 603.9 ам.доллар буюу 320 506 732.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байгаа болно.

 

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын 90С1520014297 дугаар гэрээг байгуулсан, “М” ТӨХК нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр даатгалын зүйл болох JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр даатгалын гэрээний нэмэлт 001 дүгээр гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр “...JU-1011 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг 2016 оны 05 дугаар сарын 31- ний өдрөөс газрын эрсдэлд шилжүүлж, хураамжийн хэмжээг 147 826.52 ам.доллароор бууруулахаар” зохицуулсан.

Дээрх нэмэлт гэрээг байгуулсны дараа давхар даатгагч нарын зүгээс агаарын хөлгийн даатгалын хамгаалалтад өөрчлөлт оруулахад агаарын хөлөг түрээслүүлэгчээс зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд тус шаардлагыг “М” ТӨХК болон түрээслүүлэгч “Аеrsale” компанийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.5.6 дахь хэсэгт “Даатгалын гэрээ цуцлагдах, гэрээнд материаллаг өөрчлөлт орох, даатгалын гэрээг хүчингүй болгох эсвэл гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болох магадлалтай аливаа үйлдэл, алдаа, үйл явдал, даатгалын хураамж эсвэл хураамжийн хэсэгчилсэн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй байх зэрэг тохиолдолд аливаа нэмэлт даатгуулагчид даатгагч нь мэдэгдэл өгөх ба Нэмэлт Даатгуулагч тус бүрийн ашиг сонирхлын хүрээнд дурдсан гэрээ цуцлалт, өөрчпөлт, үйл явдал, төлөгдөөгүй хураамжийн талаар мэдэгдлийг Нэмэлт Даатгуулагч болон хамаарал бүхий Брокер нь бүртгэлтэй цахим шуудангаар хүлээн авснаас хойш дор хаяж 30 хоногийн турш даатгалын гэрээний хамгаалалт хэвээр үргэлжилнэ" гэж заасныг үндэслэн тавьсан.

Энэхүү заалтын дагуу агаарын хөлгийн даатгалын хамгаалалтад өөрчлөлт орох тохиолдолд тус өөрчлөлт нь агаарын хөлгийн түрээслүүлэгч болон өмчлөгчийн хувьд 30 хоногийн дараа үйлчилж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш 30 хоногийн дотор агаарын хөлөгт хохирол учирвал түрээслүүлэгч болон өмчлөгч нь өөрчлөлт орохоос өмнөх даатгалын хамгаалалтын дагуу хохирлыг нөхөн төлөхийг шаардана гэсэн зохицуулалт юм. Ийнхүү давхар даатгагчаас 30 хоногийн хүлээлгийн хугацааны талаар мэдэгдсэн даруйд “Д” ХК нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/621 дүгээр албан бичгээр Нэмэлт 001 дүгээр гэрээг цуцлах /зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул/ хүсэлт хүргүүлсэн.

Ийнхүү 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт 001 дүгээр гэрээ нь 30 хоногийн дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхлэн JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлөг нь газрын эрсдэлийн даатгалд шилжих байсан бөгөөд газрын эрсдэлд шилжихээс өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “М” ТӨХК нь агаарын хөлгийг түрээслүүлэгчид буцаахаар болсноо мэдэгдсэн тул нэмэлт 001 дүгээр гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан, тус гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 90С1520014297 15/230-1 тоот даатгалын гэрээний нэмэлт гэрээг бичгээр байгуулсан, зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 189 дүгээ зүйлийн 189.1, 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4.3, даатгалын гэрээний 8.2-т заасанд тус тус нийцсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахад түрээслүүлэгчээс заавал зөвшөөрөл авсан байхыг хууль болон даатгалын гэрээгээр шаардаагүй, гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлөг нь түрээслүүлэгч “Аеrsale” компанийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд түрээслүүлэгч нь агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах аливаа эрсдэлээс хамгаалахын тулд заавал даатгалын гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг бөгөөд хэрэв даатгалын гэрээг цуцлах, өөрчлөлт орох тохиолдолд урьдчилж мэдэгдэх, зөвшөөрөл авах үүрэгтэй байхаар Түрээсийн гэрээгээр зохицуулсан байна.

Түрээсийн гэрээний нэг тал болох “М” ТӨХК нь уг үүргийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан байна. Гэтэл шүүх уг түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.5.6 дахь хэсэг буюу зөвшөөрөл авах шаардлагатай талаар зохицуулалтыг үнэлэлгүй орхигдуулж, түрээслүүлэгчийн ашиг сонирхлыг хөндөхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зохицуулсан хэрэгт хамааралтай баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн болно.

Мөн хариуцагч тал даатгалын нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх талаар нэхэмжлэгч талд цахимаар болон албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед ч тус гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн маргаж байсан.

Нэхэмжлэгч нэмэлт гэрээ нь түрээслэгчийн зөвшөөрөл олгогдоогүйн улмаас хүчин төгөлдөр болж чадаагүй, нэмэлтээр тохиролцсон хураамжийн буцаалт хийгдэх боломжгүй гэсэн албан бичгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг болно.

Гэтэл шүүх ийнхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзэн, 90С1520014297, 15/230-1 дугаар Нэмэлт гэрээний дагуу JU-1011 бүртгэлийн дугаартай Боинг В767-300 агаарын хөлгийг 2016.05.31-2016.06.25-ны өдөр хүртэл хуанлийн 25 хоногийн хугацаанд газрын эрсдэлд шилжүүлэн даатгасан даатгалын хураамжийн бууралт 18 759.71 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

JU-1011 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийг түрээслүүлэгчид хэдийд буцаан өгсөн талаар зөрүүтэй тайлбар гаргасан. “М” ТӨХК-ийн зүгээс Иргэний нисэхийн ерөнхий газрын 149 ОС/16 дугаар гэрчилгээнд заасан огноо болох 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр агаарын хөлгийг буцаан өгсөн хэмээн хураамжийн буцаалтыг нэхэмжилсэн бол “Д” ХК-ийн зүгээс түрээсийн гэрээ цуцлагдсан өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр хураамжийн буцаалтыг тооцоолно гэж маргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт JU-1011 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлээс хассан Иргэний Нисэхийн Ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 149 DС/16 тоот гэрчилгээнд “Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна” гэсэн Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь зохицуулалтыг үндэслэл болгосноос үзэхэд уг агаарын хөлгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байсан гэж дүгнэх нь эдийн засгийн хувьд болоод цаг хугацаа, хууль зүйн хувьд алдаатай болно гэж дүгнэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан 90С1520014297, 15/230 дугаар даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт “Агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд даатгалын гэрээний хугацаа дуусгавар болно” хэмээн заасан бөгөөд зөвхөн Монгол Улсын бүртгэлээс хассан гэрчилгээг үндэслэн JU-1011 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон хэмээн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлээс хассан гэрчилгээний үндэслэл болсон Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна” гэж заасны дагуу Монгол Улсад ашиглалтаас хассан эсхүл гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасах бөгөөд ашиглалтаас хассан гэрчилгээг гармагц түрээсийн гэрээ цуцлагдсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, бүртгэлийн харилцаа буюу захиргааны чиг үүрэг хэрэгжүүлсэн үйлдэл, гэрээний эрх зүйн үндсэн зарчмыг алдагдуулсан, эрх зүйн хувьд ялгаатай ойлголтуудыг хольж хутгаж хэрэглэсэн, гэрээгээр тохиролцсон асуудлыг дүгнэхдээ гэрээний оролцогч биш этгээдийн шийдвэрийг үндэслэж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

“М” ТӨХК-ийн ажилтан н.Жадамбаагийн цахим хаягаас “Д” ХК-ийн ажилтан Т.Саруулын хаяг руу “Одоогоор JU-1011 эцсийн байдлаар Түрээслүүлэгчид хүлээлцээгүй байгаа. Хүлээлцсэн тохиолдолд танайд мэдэгдье" гэх МЭДЭГДЭЛ, мөн түрээслүүлэгч “Аеrsale” компанийн ажилтны хаягаас Давхар даатгалын брокер хаяг руу “М” ТӨХК-ийн түрээсийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдсан болно" гэсэн мэдэгдлийг “Д” ХК нь татгалзлынхаа үндэслэл болгосон бөгөөд шүүхээс “М” ТӨХК-ийн болон Түрээслүүлэгчийн албан ёсны цахим шуудангаас ирүүлсэн Л1-1011 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний байдлаар түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй байсан, мөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ цуцлагдсан гэсэн үйл баримтуудыг үл харгалзан “...энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд илүү үндэслэл бүхий нотолгооны ач холбогдолтой байх тул шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Иргэний нисэхийн багц дүрэм-1 Монгол Улсад агаарын хөлгийг бүртгэх, ИНД-47 Агаарын хөлгийн бүртгэл хэсгийн 47.59-т “Гэрчилгээний хугацаа дууссаны дараах агаарын хөлгийн үйл ажиллагаа", 47.59(а)-д “Энэ дүрмийн 47.51 (а)-г үл харгалзан, Монгол Улс руу, Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээдийг 47.57(а)-ийн дагуу тухайн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй, Монгол Улсын бүртгэлийн гэрчилгээтэй байхыг шаардахгүй” хэмээн заасан.

Дээрх дүрмийн дагуу гэрчилгээний хугацаа дууссанаас хойш 28 хоногийн дотор агаарын хөлөг гэрчилгээгүйгээр нислэг үйлдэж болох бөгөөд түрээслүүлэгчид агаарын тээврийг хүлээлгэн өгөхдөө ч гэрчилгээгүй нислэг үйлдэж болох бөгөөд шүүгчийн зүгээс үүнийг мөн үл харгалзан зөвхөн гэрчилгээний огноог баримтлан шийдвэр гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Агаарын хөлгийг хүлээлгэн өгөх маягтыг /1ХХ-219-220/ нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд тус маягтын огноо нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байх боловч түрээслүүлэгч нь хүлээн авснаа батлан тамга дарж, гарын үсэг зураагүй байна.

Түүнчлэн “М” ТӨХК болон түрээслүүлэгчийн хооронд байгуулагдсан 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний 19 дүгээр зүйлийн 19.3.5 дахь хэсэгт “...Энэхүү гэрээний 19.3.3 эсвэл 19.3.4 дэх хэсэгт заасны дагуу агаарын хөлөг хүлээн авах аливаа нислэгийг дуусгаснаар мөн буцаалтаас өмнө Түрээслэгчийн засах шаардлагатай аливаа зөрүүтэй болон алдаа дутагдалтай байдлыг зассанаар Түрээслүүлэгч нь Буцаалтын гэрчилгээг М үзүүлэнд тусгагдсан хэлбэрээр үйлдэж Түрээслэгчид хүргүүлнэ. Энэ нь Буцаалтын гэрчилгээнд өөрөөр заагаагүй бол Түрээслүүлэгчийн агаарын хөлгийн хүлээн авахыг зөвшөөрсний баталгаа болно. Түрээслүүлэгчийг Буцаалтын гэрчилгээг үйлдсэнээс хойш нэн даруй Түрээслэгч нь агаарын хөлгийг Буцаалтын байршилд хүлээлгэж өгнө. Агаарын хөлгийг биет байдлаар буцааж өгөх ажиллагаа хойшилсон тохиолдолд Түрээслүүлэгч хүлээн авахыг зөвшөөрснийг үл харгалзан Түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүрэг болон бусад хүлээсэн үүргээ биелүүлсэн хэвээр байна. Үүнд: даатгал, шаардлагатай засвар үйлчилгээ, агаарын хөлгийн ажиллагаа хамаарна" гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, агаарын хөлгийг биет байдлаар хүлээлгэж өгснөөр түрээсийн гэрээ цуцлагдсанд тооцно. Биет байдлаар агаарын хөлгийг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд түрээслэгч болох “М” ТӨХК нь агаарын хөлгийн даатгалын зардлыг хариуцахаар зохицуулсан байх бөгөөд түрээслүүлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр JU-1011 бүртгэлийн дугаартай агаарын хөлгийг албан ёсоор хүлээж авсан гэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч нь гаргаж өгөөгүй байхад тус өдрөөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нийтэд илэрхий үйл баримт болох Сангийн яамнаас эрхлэн хөтөлдөг сайтын “М” ТӨХК-д холбогдох хэсгийг шүүж үзэхэд “М” ТӨХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/429 дүгээр тушаалаар В767-300 маягийн JU-1011 агаарын хөлгийг эзэмшигч Аеrsale компанид буцаан хүлээлгэн өгөх нислэгийн багийг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/434 дүгээр тушаалаар тус хөлгийг буцаан хүлээлгэн өгөх, уулзалт хийх, тохиролцох зорилгоор холбогдох албан тушаалтнуудыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал АНУ-ын Нью Мехико мужийн Росвелл хотод албан томилолтоор ажиллуулахаар томилсон байна.

Мөн, “М” ТӨХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/506 дугаар тушаалаар В767-300 маягийн JU-1011 агаарын хөлгийн техникийн баримт бичиг баримтыг хүлээлгэн өгөх ажлаар холбогдох албан тушаалтнуудыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал АНУ-ын Нью Мехико мужын Росвелл хотод албан томилолтоор ажиллуулахаар томилогджээ. /Нийтэд илэрхий баримт тул хэвлэн хавсаргав./

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, “М” ТӨХК нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар түрээслүүлэгчид агаарын хөлгийг бүрэн хүлээлгэж өгөөгүй байх бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буюу агаарын хөлгийг улсын бүртгэлээс хассан гэрчилгээний хугацаагаар даатгалын гэрээний харилцааг дуусгавар болгох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, түрээслэгч тус хөлгийн бүрэн бүтэн байдлыг хянан шалгаж хүлээн авч, агаарын хөлгийн түрээсийн гэрээ цуцлагдах хүртэл даатгалын гэрээний харилцаа үргэлжилж байсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 90С1520014297, 15/230 дугаар даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт “Агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд даатгалын гэрээний хугацаа дуусгавар болно" хэмээн заасны дагуу тус гэрээ давхар даатгалын брокероос мэдэгдсэний дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч маргаагүй.

Түүнчлэн, 90С1520014297, 15/230 дугаар даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт “Агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд даатгалын гэрээний хугацаа дуусгавар болно" гэсний дагуу түрээсийн гэрээ хэзээ цуцлагдсан талаарх баримтыг “М” ТӨХК нь “Д” ХК-д болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд дээрх албан тушаалтнуудыг томилолтоор ажиллуулахаар томилсон тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгчид шүүхийн дүгнэсэн хугацаанд тус агаарын хөлгийг хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй нь тодорхой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт “Д” ХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн 764 523 772 төгрөгөөс 320 506 732 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М” ТӨХК нь хариуцагч “Д” ХК-аас EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 86 425.13 ам.доллар, хөлгийн хөдөлгүүрийн гэмтлийг засварлах хугацаанд өөр хөдөлгүүр түрээсэлсний улмаас гарсан зардалд 534 700 ам.доллар, даатгалын тохиолдолд бий болж нислэг саатсаны улмаас зорчигч болон нисэх бүрэлдэхүүнийг шилжүүлэн тээвэрлэх, байрлуулахад гарсан зардалд 70 592 779.25 төгрөг, JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэн даатгасан 25 хоногийн даатгалын хураамжийн зөрүү 18 759.71 ам.доллар, уг агаарын хөлгийг түрээсийн гэрээнд заасан хугацаанаас өмнө түрээслүүлэгчид буцаан шилжүүлсэнтэй холбогдуулан 171 хоногийн даатгалын хураамж 163 415.94 ам.долларыг буцаан гаргуулах буюу нийт 2 357 043 855 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэлд 86 425.13 ам.доллар, JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 маягийн агаарын хөлгийн даатгалын хураамжид 69 571.75 ам.доллар буцаан төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч, ханшийн зөрүүд 78 379 084 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М” ТӨХК нь “Д” ХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ханшийн зөрүүд 78 379 084 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

 

“М” ТӨХК, “Д” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээ /цаашид даатгалын гэрээ гэх/ байгуулагдсан талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /1хх16-28/

 

Даатгалын гэрээний зүйл нь B737-800 E-CXV, B737-800 EI-CSG, B767-300 JU-1011, B767-300 ER JU-1021, B737-800 JU-1015 агаарын хөлгүүдийн их бие болон тус бүрийн хоёр хөдөлгүүрийн хамт, агаарын хөлгөөр тээвэрлэх зорчигчийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа, тээш, илгээмж, шуудан, эд хөрөнгө болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага, гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, алдагдсан, гэмтсэн, хоцорсон ачаа тээш, илтгээмж, шуудан, эд хөрөнгөд учирч болох хохиролд хүлээх хуулийн харицлага, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага, агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл, дайны хариуцлага, RB211-524H нөөц хөдөлгүүр байхаар талууд гэрээгээр тохиролцсон байна. /1хх17/

 

Агаарын хөлгийн их биеийн, агаарын хөлгийн хариуцлагын, даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлагын, зорчигчийн өмнө хүлээх хариуцлагын, агаарын хөлгийн их биеийн дайны эрсдэлийн, дайны хариуцлагын хүлээх хязгаар болон хураамжийн үнийн талаар талууд маргаагүй. Гэрээрээр “М” ТӨХК нь даатгалын хураамжид 1 980 000 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 165 000 ам.доллараар хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн, уг үүргээ гүйцэтгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх213-214/

 

Даатгалын гэрээг талууд бичгээр байгуулж, хуульд зааснаар даатгалын гэрээнд тусгах нөхцөлийг тохиролцсон тул уг гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 431.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Даатгалын гэрээний 11.5-д “даатгалын зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний дотор олон улсын нэр бүхий давхар даатгагч нарт 100 хувь давхар даатгана” гэж тохиролцсон ба даатгагч “Д” ХК нь давхар даатгалд хамруулах үүргээ биелүүлж, Юнайтед Иншүрэнс Брокерс болон Макларенс /UIB болон Mclarens/ компанид даатгуулсан нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /1хх41-55, 2хх157-175/

 

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр даатгалын зүйл болох EI-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг нь HVD-ULN чиглэлийн нислэг хийхдээ хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдсаны улмаас хөөрөлтийн зурвасаас гарч агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учирснаар даатгалын тохиолдолд бий болсон байна. /1хх236-238/

Энэхүү хөдөлгүүрийг засварлуулахаар Малайз улс руу тээвэрлэж засварын ажил 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн, засварласан хөдөлгүүрийг Малайз улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын АМЕСО Beijing компани руу тээвэрлэх үед буюу 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Тианжин боомтод тээвэрлэлтийн буруугаас болж уг хөдөлгүүрт дахин гэмтэл учирсан, Малайз улс руу дахин засварт илгээж засварын ажил 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусч хөдөлгүүрийг мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр “М” ТӨХК хүлээн авч агаарын хөлөгт суурилуулсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

1. Давхар даатгагч Юнайтед Иншүрэнс Брокерс болон Макларенс /UIB болон Mclarens/ компаниас ослын улмаас агаарын хөлгийн хөдөлгүүрт гэмтэл учирсан даатгалын нөхөн төлбөрт 4 179 918.77 ам.доллар олгосноос 4 093 493.64 ам.долларыг “Д” ХК нь “М” ТӨХК-д шилжүүлсэн, 86 425.13 ам.долларыг шилжүүлээгүй байх ба хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. /2хх1-2, 5хх19/

Нэхэмжлэгч нь нөхөн төлбөрийг үлдэгдэл 86 425.13 ам.долларыг Монголбанкнаас зарласан 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ханш буюу 2 846.32 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Монголбанкнаас зарласан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ханш буюу 2 426.41 төгрөгөөр тооцно гэж маргасан. /4хх49, 5хх5/

Анхан шатны шүүх хариуцагч нөхөн төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь гүйцэтгээгүйгээс ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өссөн, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тогтоож, Монголбанкнаас зарласан мөн өдрийн ханш буюу 2 846.32 төгрөгөөр төлбөрийг тооцох нь ам.доллар төгрөгийн ханшийн өсөлтийн үнэ цэнийг тодорхойлж байгаа талаарх дүгнэлт зөв болжээ.

Иймд хариуцагч “Д” ХК-аас нөхөн төлбөрийн үлдэгдэл 86 425.13 ам.доллар буюу 245 993 576 төгрөгийг нэхэмжлэгч “М” ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

2. “М” ТӨХК нь ослын улмаас агаарын хөлгийн хөдөлгүүр гэмтсэнтэй холбоотойгоор уг агаарын хөлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Aviation Lease Finance компанитай 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, CFM 7В26 маркийн сериал дугаар 874410 хөдөлгүүрийг сарын 58 900 ам.доллараар 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар түрээслэсэн байх бөгөөд түрээсийн төлбөрт төлсөн 592 800 ам.долларыг даатгалын тохиолдолтой холбоотой гарсан зардал гэж тодорхойлж “Д” ХК-аас нэхэмжлэхдээ “Д” ХК-ийн төлсөн 58 100 ам.долларыг хасч нэхэмжлэлээ 534 700 ам.доллараар тодорхойлжээ. /1хх56-134/

Хариуцагч уг зардал даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулан залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Aviation Lease Finance компаниас түрээсэлсэн хөдөлгүүрийг EI-CXV В737-800 маягийн агаарын хөлөгт суурилуулсантай холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15/230-3, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15/230-4 тоот даатгалын нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулж, хөдөлгүүрийг 7 160 000 ам.доллараар даатгуулж, нийт 35 915 486.20 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагч төлсөн талаар талууд маргаагүй, уг гэрээ нь маргааны зүйлд хамааралгүй болно.

Талууд даатгалын гэрээний 3.5-д “нислэг үйлдэж буй иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, техникийн осол, гэмтэл, саатлыг даатгалын эрсдэлд тооцох”-оор тохиролцсон.

Үндсэн даатгуулагч “М” ТӨХК, давхар даатгуулагч “Д” ХК болон давхар даатгагч Юнайтед Иншүүрэнс Брокерз компанитай байгуулсан В0902А15000422/01 тоот Арилжааны тусгай дугаар бүхий /UIВ0902/ Агаарын хөлгийн их бие ба сэлбэг хэрэгслийн Бүх эрсдэл ба хариуцлагын давхар даатгалын гэрээний “Эд хөрөнгийн хохирол” гэдэгт эд хөрөнгөнд учирсан хохирол, тэдгээрийг ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн хохирлыг хамааруулж ойлгоно гэж тохиролцсон. Даатгалын гэрээний 3.5-д заасан саатал нь осол болсон 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлгүүрийг засварлаж онгоцонд суурилуулсан 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх байсан. Нэхэмжлэгч компани өөр хөдөлгүүр түрээсэлж ашигласанаар саатлыг даван туулсан. Тухайн саатал бий болоогүй бол нэхэмжлэгчид өөр хөдөлгүүр түрээслэх, төлбөр төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд ийнхүү түрээслэгчийн төлбөр төлснийг даатгуулсан хөдөлгүүрийг ашиглаж чадаагүйн улмаас хүлээсэн хохиролд тооцох юм. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тодорхойлсон хохиролд бодит хохирол орох бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан түрээсийн төлбөрийг түүнээс бодитоор гарсан зардал гэж дүгнэнэ. Хохирлын тодорхойлолтыг гэм хорын эрх зүйд хэрэглэхээр явцуу утгаар анхан шатны шүүх тайлбарласан нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардаагүй тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг шийдвэрт дүгнэх шаардлагагүй байжээ.

Даатгалын гэрээний 6.8-д “даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн олговор дээр нэмж оруулан даатгуулагчид төлөх”-өөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгч нь хөдөлгүүр түрээсэлж, агаарын тээврийн үйл ажиллагаа явуулсныг учирч болох хохирлын хэмжээг багасгах арга хэмжээг авсан гэж дүгнэхээр байна.

Агаарын хөлгийн хөдөлгүүрийн түрээсийн зардал нь агаарын хөлгийн саатлын улмаас гарсан зардал буюу хохиролд хамаарах ба талууд гэрээгээр уг зардлыг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч нь даатгагчаас уг зардлыг учирсан хохиролд тооцож нөхөн төлбөрт шаардах эрхтэй юм. Иймд “М” ТӨХК нь Aviation Lease Finance компанид түрээсийн төлбөрт 534 700 /592 800-58 100/ ам.долларыг төлсөн нь нэхэмжлэх болон Голомт банкны гадаад гуйвуулгын баримтуудаар тогтоогдож байх тул уг хэмжээгээр хариуцагчаас даатгалын нөхөн олговрыг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /1хх56-92/

Түүнчлэн нэхэмжлэгч нь зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэх, зорчигч болон нисэх бүрэлдэхүүнийг байршуулахад гарсан зардалд 70 592 779 төгрөгийг “даатгалын тохиолдлын улмаас гарсан зардал” гэж нэхэмжилсэн, хариуцагч нь эдгээр зардал нь даатгалын тохиолдолд ороогүй бөгөөд уг зардлыг нөхөн төлөх үүргийг хүлээгээгүй гэж маргасан.

Талууд даатгалын гэрээний 3.8-д гуравдагч этгээд болон зорчигчийн эд хөрөнгөд учирч болох хохирлыг даатгалын эрсдэлд тооцохоор тохиролцсон. Ослын улмаас зорчигчийг шилжүүлэн тээвэрлэхтэй холбоотой 68 322 779 төгрөг, зорчигч, бүрэлдэхүүний хоол байранд 2 270 000 төгрөгийн зардал бодитой гарсан ба үүнийг “М” ТӨХК нь төлсөн тул хариуцагчаас гаргуулах нь зөв юм. /1хх184-211/

Өөрийн хүлээх хариуцлагын давхар даатгалын үүргээс чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох баримтаар агаарын хөлгийн засварын төлбөрийг өөрийн хүлээх хариуцлагын төлбөр 650 000 ам.доллар /3хх25-42/, Даатгал ба давхар даатгалын үүргээс чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох дунд хугацааны баримтаар агаарын хөлөгт тохиолдсон ослын хувьд их биеийн засварын дунд хугацааны нөхөн төлбөр болох эксесс /давсан хэсэгт үйлчлэх/ дотоод гэрээний төлбөрийн үлдэгдэл 174 626,54 ам.доллар /3хх43-61/, Даатгал ба давхар даатгалын үүргээс чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох гурав дахь дунд хугацааны баримтаар хөдөлгүүрийг засварын зардалд их биеийн засварын гурав дахь буюу дунд хугацааны төлбөр 2 822 135,20 ам.доллар /3хх62-78/, Дунд хугацааны чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох баримтаар дунд хугацааны төлбөр болгож 184 722,43 ам.доллар /3хх79-88/, Бүрэн ба эцсийн чөлөөлөх ба дуусгавар болгох баримтаар давхар даатгуулагч болон давхар даатгагч нь эцсийн төлөлт болгож 86 425,13 ам.доллар төлсний дараа /3хх89-98/ уг баримтуулаар тодорхойлогдсон үүргээс давхар даатгагчийг чөлөөлсөн, нэхэмжлэгч энэ үүрэгт холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байна.

Даатгал ба давхар даатгалын үүргээс эцсийн байдлаар чөлөөлөх ба үүргийг дуусгавар болгох баримтад ослын улмаас гаргасан бүхий л нэхэмжлэлүүдийн хувьд бүрэн ба эцсийн нөхөн төлбөр болгож 212 009,47 ам.доллар даатгуулагчид төлсний дараа давхар даатгагч ба давхар даатгагчийн нэхэмжлэл, хариуцлагууд, шаардлагууд, үйл ажиллагаануудын зардлуудаас үүрд чөлөөлж, тэдгээрийн үүрэг дуусгавар болсон байна гэсэн боловч баримтыг гүйцэтгэх хэсэгт дурдагдсан бүх талууд гарын үсэг зурах хүртэл хүчин төгөлдөр болохгүй гэж заасан ба гарын үсэг зурах 9 этгээдээс 2 нь зураагүй байх тул хэлбэрийн шаардлагыг хангаагүй, уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх эргэлзээтэй гэж дүгнэнэ.

Уг баримтаас үүдсэн эсвэл үүнийг тайлбарлахтай холбоотой маргааныг Англи ба Уэслийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх тул хариуцагчийн тайлбар болох даатгалын тохиолдолтой холбоотой нөхөн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэх тайлбарыг нотлоогүй гэж дүгнэхээр байна.

 

3. Даатгалын гэрээний 8.2-т “даатгуулагч даатгалын хугацаанд аль нэг загварын агаарын хөлгийг түр хугацаагаар ашиглахгүй зогсоох тохиолдолд газрын эрсдэлийн даатгалд даатгуулах хүсэлтийг даатгагчид гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нь JU-1011 бүртгэлийн дугаартай В737-300 агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэх хүсэлтийг даатгагчид гаргасан, талууд даатгалын 90С1520014297, 15/230 тоот гэрээнд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15/230-1 тоот нэмэлт оруулж, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00 цагаас эхлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 цаг хүртэлх хугацаанд уг агаарын хөлгийг газрын эрсдэлд шилжүүлэхээр тохиролцож, үндсэн даатгалын гэрээний хураамжийг 147 826.52 ам.доллар буюу 290 266 241.61 төгрөгөөр бууруулжээ.

Уг гэрээний нэмэлт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдал, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцлийг талууд бичгээр тохиролцсон, 431 дүгээр зүйлийн 431.4.3-т зааснаар даатгалын үнэлгээний хэмжээг гэрээнд тусгасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Уг хэлцлийг түрээслүүлэгч зөвшөөрөөгүй тул гэрээний нэмэлт хэрэгжээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна. 2011 оноор огноологдсон гэрээ баримтаар хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр Монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагыг хангаагүй байна. /4хх184-240/

Хуулийн шаардлага хангаагүй баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 Түүнчлэн В0902А15000422/01 тоот давхар даатгалын гэрээний 2 (а)-д “давхар даатгагч нараас урьдчилж зөвшөөрөл авснаас эсхүл энэхүү давхар даатгалд өөрөөр зааснаас бусад тохиолдолд, тогтоосон нөхцөл, журамд оруулсан нэмэлт өөрчлөлт, эсхүл Үндсэн даатгалд оруулсан нэмэлт, хасалт зэрэг нь энд тодорхойлсон Давхар даатгагч нарын хувьд хүчин төгөлдөр үйлчлэхгүй байх” гэж зааснаас дүгнэвэл агаарын хөлгийг түр хугацаагаар ашиглахгүй зогсоох тохиолдолд газрын эрсдлийн заалтад шилжүүлж даатгахаар тохиролцож гэрээ байгуулахад давхар даатгагчаас зөвшөөрөл авсан байхыг нөхцөл давхар даатгалын В0902А15000422/01 тоот гэрээ, 15/2130-1 тоот нэмэлт гэрээ болон хуулиар тодорхойлогдоогүй байна.

Түүнчлэн нэмэлт гэрээний 2.1, 2.2-т гэрээнд талууд гарын үсэг зурж, тамгаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно, үндсэн гэрээ болох агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний салшгүй хэсэг байх ба түүний адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тохиролцжээ.

Даатгалын гэрээний 11.1, 11.2-т зааснаар талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй, 11.4-т эрсдлийн түвшингээс хамааран давхар даатгах хөрөнгийн нэр төрөл, хувь хэмжээг хоёр тал тохиролцохоор байна. Иймд талууд нэмэлт гэрээ байгуулах талаар тохиролцсон, эрсдлийн түвшинг бууруулсан, талууд гарын үсэг зурж тамга дарж, баталгаажуулсан, нэмэлт гэрээг давхар даатгагчид даатгуулах талаар тохиролцоогүй байх тул 15/230-1 тоот гэрээний нэмэлтээр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т засантай нийцсэн, хүчин төгөлдөр, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

Уг нэмэлт гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд түүний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэсэн тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны даатгалын бууралтыг 18 759,71 ам.доллар гэж тодорхойлж нэхэмжилсэн тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

“М” ТӨХК Alc Blarney Aircraft limited компаниас түрээслэсэн JU-1011 бүртгэлийн дугаартай В737 агаарын хөлгийг улсын бүртгэлээс 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хассан нь Иргэний нисэхийн ерөнхий газрын 149 DC/16 тоот агаарын хөлгийг улсын бүртгэлээс хассан гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Даатгалын гэрээний 8.3.2-т агаарын хөлгийн түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болохоор тохиролцсон байна. Түрээсийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цуцалж дуусгавар болгосон тайлбарыг  нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Агаарын хөлгийг хүлээлгэн өгсөн 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн маягтыг нэхэмжлэгч нотлох баримтаар гаргаж өгсөн боловч түрээслэгч агаарын хөлгийг хүлээн авсан гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, түрээслэгч тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй тул агаарын хөлгийг түрээслэгч хүлээн авсан гэж үзэхгүй юм.

Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.5-т талууд тохиролцсоноор даатгалын гэрээг цуцална гэж заасан тул түрээсийн гэрээний зүйл болох уг агаарын хөлгийг улсын бүртгэлээс хассан өдөр гадаад улсад шилжүүлээгүй байх тул улсын бүртгэлийг үндэслэж мөн өдрөөр даатгалын харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлгүйгээс гадна талуудын хооронд харилцсан цахим захидлын агуулгаас дүгнэвэл даатгалын гэрээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болгосон гэж дүгнэхээр байна. /4хх83/

Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Иргэний агаарын хөлгийг ашиглалтаас хассан, гадаад улсад шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасна” гэж заасан боловч JU-1011 бүртгэлийн дугаартай B737 агаарын хөлгийг гадаад улсад шилжүүлээгүй байхад улсын бүртгэлээс хассан байгааг уг агаарын хөлгийн түрээсийн гэрээг цуцлан дуусгавар болсон гэж дүгнэхээгүй байна.

Иймд хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны буцаалт 69 571,76 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хариуцагч “Д” ХК-аас нийт 2 089 655 000 /86 425.13 ам.доллар * 2 846.32 төгрөг = 245 993 576 төгрөг, 534 700 ам.доллар * 2 846.32 төгрөг = 1 521 927 304 төгрөг, мөн 70 592 779 төгрөг, 18 759,71 ам.доллар * 2 846.32 төгрөг = 53 396 137 төгрөг, 69 571.76 ам.доллар * 2 846.32 төгрөг = 197 745 204 төгрөг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/02252 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “764 523 772.10 төгрөгийг” гэснийг “2 089 655 000 төгрөгийг” гэж “1 592 520 083.25 төгрөгт” гэснийг “267 388 855 төгрөгт” гэж,

2 дахь заалтын “3 980 568.9 төгрөгийг” гэснийг “10 606 225 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 120 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 760 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА