Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00718

 

 

 

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч, Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 183/ШШ2022/00255 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч “Н.Т.Т” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээг цуцалснаас учирсан хохирол 947,740,869 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээний үүрэгт 164,471,185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүенболор, С.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Бид 2018 онд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлж бүх даатгал болон эрсдлийн арга хэмжээг авч байсан. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан бол олох боломжтой байсан ашиг нь 553,099,706 төгрөг гэж шинжээч тогтоосон. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл 10 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажлын байраа хадгалсан ба ажилтнуудад олгосон 98,672,309 төгрөгийн хохирол учирсан. Нийт засан сайжруулсан засвар үйлчилгээнд 271,911,907 төгрөг зарцуулсан. Их дэлгүүрийн 7 давхрын 1044 м.кв талбайг шилжүүлж бид хариу төлбөрийг төлнө гэж тохиролцсон боловч түрээслүүлэгч үүргээ гүйцэтгээгүй. Их дэлгүүрийн 7 давхар галд өртсөн үйл баримтаас болоод бид талбайд хэмжилт хийлгэхэд уг талбай нь 1000.93 м.кв болох нь тогтоогдсон. Иймд хариуцагчийг гэрээний хугацаанд 24,056,947 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан хохирол 947,740,869 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улсын их дэлгүүрт гал гарч бусдад 24,023,847,554 төгрөгийн хохирол учирсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2 дугаар зүйлд зааснаар гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарах бөгөөд энэ үйл явдал нь хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хүсэл зоригоос үл хамаарч бий болсон. Хохирлыг буруутай этгээд хариуцахаар хуульд заасан. Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсны улмаас хариуцагч Н.Т.Т ХХК болон бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учирсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Н.Т.Т ХХК нь энэ хэргийн улмаас 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн яллах дүгнэлтэд зааснаар 3,000,000,000 төгрөгийн хохирол амссан болох нь тогтоогдсон тул хариуцах ёстой этгээд биш. Хохирол тодорхойлсон үнэлгээний тайлан үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн үүргээ биелүүлж олгосон цалин хөлсөө манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид Улсын их дэлгүүрийн 7 давхрыг түрээслэхээр тохирсон тул зөвхөн ашигтай талбайн хэмжээгээр тооцон илүү түрээсийн төлбөр төлсөн гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч “Н.Т.Т” ХХК-ий сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Түрээсийн гэрээний 3.1-д түрээсийн төлбөрийг нэг сарын 41,000,000 төгрөг байхаар, 3.2-т ашиглалтын зардалд цахилгаан, халуун, хүйтэн ус багтах бөгөөд тоолуурын заалтын дагуу төлөхөөр, гэрээний 3.3, 3.4-т түрээсийн болон ашиглалтын зардлыг сар бүрийн 5-ны өдрийн дотор төлж байхаар тохирсон. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөр 105,467,008 төгрөг, ашиглалтын зардал 4,180,449 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд гэрээнд заасан алдангийн хамт нийт 164,471,185 төгрөгийг “П” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Манай компани түрээсийн бодитой талбайн хэмжээгээр тооцон 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 116 хоногийн түрээсийн төлбөрт 80,395,647 төгрөг, алданги 10,058,306 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 4,180,449 төгрөг, алданги 476,940 төгрөгийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Т.Т ХХК-аас 668,398,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 5,281,856 төгрөг, хариуцагчаас төлсөн 980,306 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,499,941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Хэдийгээр шүүх гал түймэр гарсан үйл явдалд хариуцагч талын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй гэж зөв дүгнэсэн боловч түрээслэгчийг түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцлөөр хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь “Улсын их дэлгүүр” ХК нь Улсын их дэлгүүрийн барилгын хууль ёсны өмчлөгчийн хувьд тус дэлгүүрт гарсан гал түймрийн улмаас дэлгүүрийн барилга байгууламжид учирсан эвдрэл гэмтлийг сэргээн засварлах барилгын ажлыг барилгын тусгай зөвшөөрөл бүхий компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлж байсан, мөн ковид-19 цар тахалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу барилгын бүх үйл ажиллагааг улс даяар удаа дараа багагүй хугацаагаар зогсоож байсан зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Дээрхээс үзэхэд Улсын их дэлгүүрийн барилга байгууламжийг сэргээн засварлаж ашиглалтад оруулах, түрээслэгч “П” ХХК-д түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломж нөхцлөөр хангах нь түрээслүүлэгч “Н.Т.Т” ХХК-ийн хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйл, бодит нөхцөл байдал бий болсон. 

6.б. Хууль зүйн ойлголтын хувьд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг зөрчигдсөн байхыг тусгайлан шаарддаг. Үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн буруутай тохиолдолд гэрээний нөгөө тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан. Нэгэнт гэрээний нэг тал буруугүй бол нөгөө тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг шаардах эрхгүй.

6.в. Үнэлгээ гаргасан “Вендо” ХХК нь зөвхөн хариуцагчаас ирүүлсэн интерьерийн болон цахилгааны зурагт үндэслэж гаргасан дүгнэлтээ бодитой бус болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч нь гал түймрийн улмаас санхүүгийн анхан шатны баримтууд устаж үгүй болсон гэж шүүхэд тайлбарлах боловч барилгын засварын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор худалдан авсан бараа бүтээгдэхүүн болон ажлын хөлс төлсөн талаарх нэг ч ширхэг татварын баримт, банкны зарлагын гүйлгээний хуулгыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хэрэгт хавсаргаагүй байхад шүүх үнэлсэн нь үндэслэлгүй юм. Гэтэл “П” ХХК-ийн түрээсийн талбайн тохижилт, засвартай холбоотой хохирол нь Улсын их дэлгүүрийн барилгад болгоомжгүйгээр гал алдсан Б.Цэрэн-Очир, Г.Бат-Оргил нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд хамаарч байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна. 

6.д. Харин хариуцагч “Н.Т.Т” ХХК нь Улсын их дэлгүүрт гал гарсан үйл явдалтай холбоогүй, тус хэрэгт Улсын их дэлгүүрийн дээврийн барилгын ажил гүйцэтгэсэн “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Б.Цэрэн-Очир, ажилтан Г.Бат-Оргил нар буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хариуцагч нь тус гэмт хэргийн улмаас 3.7 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн хохирогч юм. Нэгэнт гэрээний нэг тал буруугүй бол нөгөө тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар орох байсан орлогыг шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тус тус ирүүлсэн түрээсийн төлбөр хөнгөлүүлэх, хойшлуулах тухай хүсэлтээс үзэхэд нэхэмжлэлд дурдсан хугацаанд орлого олох байтугай харин ч үйл ажиллагаагаа зогсоохоор байдалтай байсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн тайлангаас үзэхэд “П” ХХК нь 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “Улсын их дэлгүүр” салбараас бусад 3 салбар буюу “Фамили китчен”, “Том эн Томс”, “Стреет Китчен” салбаруудын борлуулалтын орлого нь нийт 560,957,938 төгрөг байна. Гэтэл дээрх хугацаанд “Улсын их дэлгүүр” салбар нь дангаараа 553,099,706 төгрөгийн орлого олох байсан гэж дүгнэсэн “Вендо” ХХК-ийн тайлан илтэд үндэслэл муутай байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн “Вендо” ХХК-ийн тайланг хариуцагч нь эс зөвшөөрч, шүүгчийн захирамжийн дагуу хөндлөнгийн байгууллагыг шинжээчээр томилуулах тухай хүсэлт  гаргасныг шүүх 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2021/07730 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, нэг талаас гаргаж өгсөн “Вендо” ХХК-ийн тайланг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан гэм буруугүй тул үүргийн зөрчлөөс үүссэн хохирлыг хариуцахгүй гэж маргадаг. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсантай маргадаггүй. Хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гал гарч, үүний улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй. Харин түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үүний улмаас учирсан хохирол нэхэмжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.1.8-д заасан түрээсийн талбайг түрээслэгч ашиглаад үр шимийг нь хүртэх боломжоор саадгүй хангана гэх үүргийг “Н.Т.Т” ХХК хариуцсан. Энэ үүргээ биелүүлээгүй талаар маргадаггүй. Мөн гэм хорын хохирол буюу галын улмаас учирсан хохирлыг эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад шаардах эрхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй. Бид гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг энэ нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй. Бодит байдалд гал гарсны дараа хугацаа өгөлгүйгээр засах талаар тулган шаардаагүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцэх зарчмыг хангасан, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангасан. Учир нь 7 сарын хугацаанд нэхэмжлэгч тал хүлээцтэй хандаж удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд “...адил төстэй бизнес эрхэлдэг байгууллагыг танай хаалгыг хааж оруулах гэж байна, танай тал өөрсдөө засаад орвол ор, орохгүй бол гар” гэж хэлээд үл ойлголцол үүссэн учраас гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Хэрэв хариуцагч тал гэрээний үүргээ зөрчөөгүй гэж байгаа бол манай талд нааштай санал тавих ёстой байсан. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үгүйсгэгдэж байгаа буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ярьсан. “Вендо” ХХК нь нэхэмжлэгч талын ажиллуулдаг 4 салбарын аудитаар баталгаажсан тайлангуудыг харьцуулж зөвхөн “Улсын Их дэлгүүр” салбарын олох байсан ашгийг дунджаар гаргасан. Хариуцагч талаас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч тус дүгнэлтийг үгүйсгэх, дахин шинжээч томилох үндэслэл бүхий нотлох баримт, тайлбар байгаагүй учраас шүүхээс дээрх дүгнэлтийг үнэлсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

2. Зохигчид түрээсийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Харин талууд үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн эсэх, учирсан хохирлын хэмжээний талаар маргажээ.

Нэхэмжлэгч “П” ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ “2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан бол олох боломжтой байсан ашиг нь 553,099,706 төгрөг, 10 ажилтны нийгмийн даатгалыг төлж ажлын байраа хадгалсан ба ажилтнуудад олгосон 98,672,309 төгрөг, засан сайжруулсан үйлчилгээнд 271,911,907 төгрөг, мөн хариуцагч гэрээний хугацаанд 24,056,947 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нийт 947,740,869 төгрөг гаргуулна” гэж тодорхойлжээ.

 Хариуцагч “Н.Т.Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Улсын их дэлгүүрт гал гарснаас хохирол учирсан нь түрээслүүлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, хүсэл зоригоос хамаараагүй тул хохирол хариуцахгүй” гэсэн үндэслэл зааж 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 105,467,008 төгрөг, алданги 52,733,504 төгрөг, ашиглалтын зардал 4,180,449 төгрөг, алданги 2,090,224 төгрөг, нийт 164,471,185 төгрөг гаргуулна гэсэн сөрөг шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. 

Тухайлбал: Хариуцагч талаас “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг эс зөвшөөрч шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2021/07730 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчжээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлслөгч нь хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч засан сайжруулсан засвар үйлчилгээнд 271,911,907 төгрөг нэхэмжилсэн байна. Хэргийн 2 дугаар хавтасны 98-р талд талууд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Түрээсийн байр хүлээлцсэн акт авагдсан. Уг актад “... хүснэгтэд бичигдсэн салгаж үл болох эд зүйлсийг “П” ХХК гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулахдаа бүтээн байгуулсан зүйлс тул талбайн хамт хүлээлцсэн” гэж бичсэн байна. Харин дээрх эд зүйлс нь ямар үнэлгээтэй болох нь тодорхойгүй байна.      

4. Иймд дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 183/ШШ2022/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Н.Т.Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,283,009 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН