Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0350/З |
Дугаар | 906 |
Огноо | 2016-11-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 906
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох
“Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35******* тоот актаар тогтоосон 38358.1 мянган төгрөгийн хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, “Ажбогдтрейд” ХХК-иас актын төлбөрт төлсөн 30869.0 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст харьяалалтай “Ажбогдтрейд” ХХК-ийн 2011, 2012 онуудын татвар төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шалгалт хийсэн. Шалгалт 2013 онд хийгдэж, 140.000.000 төгрөгийн төлбөр ногдуулсан 35/0001897 тоот актыг тогтоосон. Актын зарим хэсэгт маргаантай байсан тул захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлж тус шүүхээс 140.093.000 төлбөр ногдуулсныг 100.193.000 төгрөг болгон багасгасан.
Энэ үед Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан. Үүний дагуу хяналт шалгалтын актаар тогтоосон 12.503.600 төгрөгийн алданги, 26.243.150 төгрөгийн торгууль, 11.000 төгрөгийн хүү нийт 38.358.000 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах хүсэлтээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст гаргасан байдаг. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр уг хүсэлтээ дахин гаргасан.
Дүүргийн Татварын хэлтэс “Ажбогдтрейд” ХХК-ийн татварын хяналт шалгалтын төлбөр болох 100.193.000 төгрөгт төлсөн 30.869.000 төгрөгийг алданги, торгууль, хүүнд суутгасан учраас дээрх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдахгүй, нөхөн татвараа төл нөхөн татвараа төлсөн тохиолдолд төлөгдөөгүй хүү, торгууль, алдангийг чөлөөлнө гэсэн албан бичгийг өгсөн.
Бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас Татварын ерөнхий газарт хандсан бөгөөд Татварын ерөнхий газраас “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хүсэлтээ гаргаж энэ асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст хандсан. Гэтэл тус Татварын хэлтсээс 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бидэнд ирүүлсэн албан бичгээр дээрх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул танай байгууллагын энэ өдрөөс өмнө төлөгдсөн алданги, торгууль, хүү нь уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн үндэслэлгүй тайлбарыг ирүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зорилтод заасны дагуу иргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч нь хуулийг тайлбарлах эрх бүхий сүбьектээс биш, удирдах дээд байгууллагынхаа өгсөн чиглэлийн дагуу хуулийг буруу хэрэглэж, актын алданги, торгууль, хүүг тус хуульд хамааруулахгүй байгаа эс үйлдэхүйд гомдол гаргаж байна.
Хариуцагчаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойшихыг чөлөөлнө, түүнээс өмнөхийг чөлөөлөхгүй гэж тайлбарладаг. Уг маргаанд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нь эрх зүйн ач холбогдолгүй гэж үзэж байна. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нь тус хуулийг хэрэглэж эхлэх, дагаж мөрдөх хугацаа юм. Хуулийн үйлчлэлд хамрах хугацаа нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх актууд хамаарч байна. Иймд хуулийг хэрэгжүүлж эхлэх 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойшихыг чөлөөлнө гэж үзэж байгаа нь бүдүүлэг алдаа юм.
Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт татвар төлөгчийн эрхийг зааж өгсөн байдаг. Үүнд илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцуулан нэхэмжлэн авах эрхтэй гэж заасан.
Бид Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт тус компанид актаар тогтоосон алданги, торгууль, хүү нь бүрэн хамаарч байгаа. Иймд хуулиар олгогдсон хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх ёстой гэж үзэж байна.
Мөн хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг бид татварын улсын байцаагчаас шаардах бөгөөд татварын албаны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх эрхтэй. Гэтэл энэ эрхийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс эдлүүлэхгүй, үндэслэлгүй тайлбарыг өгч байна.
Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд татварыг хэрхэн барагдуулах талаар зааж өгсөн. Татвар төлөгч “Ажбогдтрейд” ХХК-ийн зүгээс актад заасны дагуу Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн торгуулийн орлого авдаг дансанд 30.869.000 төгрөгийг хийсэн. Татварын алба Татварын ерөнхий хуульд заасны дагуу эхлээд алдангийг, дараа нь торгууль, хамгийн сүүлд нөхөн татварыг тооцож авах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу торгууль, алдангийг төлсөн бөгөөд Татварын алба тооцохдоо торгуульд 16.503.600 төгрөгийг, алдангид 12.496.400 төгрөгийг суутган авсан. Бид төлбөрийг төлөхдөө алданги, торгуульд гэж ялгаж төлөөгүй. Төлөх ёстой 100.000.000 төгрөгөө барагдуулж төлсөн. Гэтэл Татварын алба өөрийн дураар татвар төлөгчид мэдэгдэлгүйгээр хуваарилжээ.
Бид 30.000.000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн төлөлтөөр төлсөн. Үүний 9 удаагийн төлөлтийг Татварын хэлтсийн хүү, торгууль төлбөр төлдөг дансанд төлсөн. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 384.000 төгрөгийг 2611017031 тоот дансанд төлсөн. Төлбөрийг нэг дансанд төлсөн байтал татвар төлөгчид мэдэгдэлгүй хуваарилж, заримд нь илүү төлөлт үүсгэсэн байна.
Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.1.4 дэх хэсэгт заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ гээд татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, буцаан олгох, тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох” гэсэн арга замыг зааж өгсөн. Хэрэв анхан шатны шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан тохиолдолд бидний төлсөн 30.000.000 төгрөг илүү төлөлтөд тооцогдоно. Иймд Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийг үндэслэн илүү төлсөн татвараа нөхөн татварт тооцуулах хүсэлттэй байна.
Хариуцагчаас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойших татварын асуудлыг чөлөөлөх боломжтой гэж мэдэгдсэн. Хэрэв 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойших татварын асуудлыг чөлөөлсөн бол татвар төлөгчид мэдэгдэх ёстой. Гэвч татвар төлөгчид ямар ч чөлөөлөлт хийгдээгүй, татвар төлөгчид мэдэгдээгүй. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Бид татварын тооцоололтой холбогдуулан маргаагүй бөгөөд торгууль, алданги, хүү нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Тус хуульд хамрагдаж чөлөөлөгдсөн тохиолдолд төлсөн төлбөрөө нөхөн татварт суутган тооцохыг тус Татварын хэлтэст даалгах нь зүйтэй.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс “Бид дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажлаа гүйцэтгэж байна” гэсэн тайлбар өгдөг. Гэтэл Татварын ерөнхий газар хуулийг хэрэгжүүлэх талаар буруу чиглэл, даалгавар өгсөн нь хууль бус болно. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс татвар төлөгчийн эрх ашгийг хохироож байна.
Хариуцагчийн зүгээс нөхөн татвар 1.000.000 төгрөгийг суутгаж, 29.000.000 төгрөгийг нь хүү, торгууль, алдангид тооцогдсон. Бидэнд гаргаж өгсөн баримтаар 1.000.000 төгрөгийг нөхөн татварт тооцсон гэсэн баримт байхгүй. “Ажбогдтрейд” ХХК-иас 2015 онд төлөлт хийхдээ 384.000 төгрөгийг 2611017031 тоот дансанд төлсөн. Бусад төлбөрийг 2611016366 тоот торгууль, алдангийн дансад төлж байсан. Тэгэхээр яагаад торгууль, алдангийн дансанд төлсөн төлбөрийг нөхөн татварт суутгасан нь ойлгомжгүй.
Татварын ерөнхий газраас өгсөн чиглэлд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нөхөн татвараа төлсөн тохиолдолд чөлөөлөгдөнө. Харин нөхөн татвараа төлөөгүй бол чөлөөлөгдөхгүй гэсэн байдаг.
Татварын албаны дансанд хүү, торгууль, алдангаа төлсний дараа нөхөн татвараа төлөөд хүү, торгууль, алдангид тооцсон 30.000.000 төгрөгөө буцаагаад авбал маргаан гарна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаруулж, нөхөн татварт суутган тооцох боломжтой юм гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нь хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацаа болохоос хуулийн үйлчлэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх асуудал тус хуульд хамаарах ёстой. “Ажбогдтрейд” ХХК-д тогтоосон актын маргаан нь уг хуулийн үйлчлэлд бүрэн хамаарна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, Б.Баярцэцэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 30.869.000 төгрөгийг төлсөн гэсэн тайлбар өгч байна. Энэ 30.869.000 төгрөгөөс 29.000.000 гаруй төгрөг нь хүү, торгууль, алдангид орсон. Үлдсэн 1.000.000 гаруй төгрөг нь нөхөн татварт тооцогдсон. 29.000.000 төгрөгөөс 20.384.000 төгрөгийг “Ажбогдтрейд” ХХК өршөөлийн тухай хууль батлагдахаас өмнө үлдсэн 9.000.000 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны дараа төлсөн. Татварын албаны зүгээс тус компанийн төлсөн 9.000.000 төгрөг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Энэ төлбөрийг нөхөн татвар болон дараагийн төлөх татварын төлбөрт суутгана. Харин 20.384.000 төгрөгийг буцаан олгохгүй, нөхөн татварт тооцохгүй гэж маргаж байгаа.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд “Ажбогдтрейд” ХХК-д тогтоосон акт нь хамрагдаж байна. Актыг тус хуульд хамрагдахгүй гэж маргаагүй бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тавигдсан бүх акт хамаарагдана. Гол нь хууль батлагдах үед төлөгдөөгүй байсан хүү, торгууль, алдангийн асуудал яригдаж байна.
2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойших төлөгдөөгүй байгаа төлбөр л Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана. Үүнээс өмнө төлөгдсөн төлбөрт ухарч өөрчлөлт хийх боломжгүй. Татварын албан нь босоо удирдлагатай учир Татварын ерөнхий газраас хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар чиглэлүүдийг өгдөг бөгөөд уг чиглэлд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги хуулийн үйлчлэл хамаарахгүй гэдгийг зааж өгсөн. Иймд тус хуулийг батлагдах өдрөөс өмнө төлсөн 20.384.000 төгрөгийг хуулийн үйлчлэлд хамаарахгүй, үүнээс хойш төлсөн нөхөн татварт тооцсон 1 сая гаруй төгрөгийг хасаад 9.000.000 гаруй төгрөг хуулийн үйлчлэлд хамаарна.
Өмнө шүүхийн шийдвэрээс тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдахаас өмнө болон хойно төлбөр төлсөн асуудал байгааг шүүх тогтоох хэсэгтээ ойлгомжгүй бичсэн байна гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс буцаасан байгаа.
Иймд “Ажбогдтрейд” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн 20.000.000 төгрөгийг буцаан олгох, нөхөн татварт тооцох боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани нь үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргахад нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарч харин тус компанид ашигтай үйл явдал болсон. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тэгш ёс, шударга байх зарчмыг огт зөрчил гаргадаггүй этгээдүүд ярихаас биш зөрчил гаргасан этгээд бид хохирлоо гэж ярих үндэслэлгүй нь үндэслэлгүй байна.
Татварын ерөнхий хуульд заасны дагуу төлбөр нь эхлээд хүү, торгуульд суутгагддаг. Харин сүүлд төлсөн 1.800.000 төгрөг нь нөхөн татварт тооцогдоно. Харин 29.000.000 төгрөг нь хүү, торгууль, алдангид тооцогдсон. Бид дээрээс өгсөн чиглэлийг үндэслээгүй, хуулийн дагуу ажилласан. 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө акт тавьсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлбөрөө төлсөн аж ахуйн нэгжүүд маш олон байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүд бүгд төлбөрөө буцаан авахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал хуулийн дагуу гомдол гаргасан байгаа тул нэхэмжлэгч талын гомдлыг барагдуулсан нь зөв гэж бодож байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК “Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35******* тоот актаар тогтоосон 38358.1 мянган төгрөгийн хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж, “Ажбогдтрейд” ХХК-иас актын төлбөрт төлсөн 30869.0 төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35******* тоот актаар 89135,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 11.0 мянган төгрөгийн хүү, 34443.52 мянган төгрөгийн торгууль, 16503.56 мянган төгрөгийн алданги, нийт 140093.08 мянган төгрөгийн төлбөрийг тогтоожээ.
Нэхэмжлэгч дээрх актын зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр актаар тогтоосон төлбөрөөс 39900.0 мянган төгрөгийн төлбөрийг хасч , 100193.1 мянган төгрөгийн төлбөр тогтоосны 38358.1 мянган төгрөг нь хүү, алданги, торгууль, 61835.0 мянган төгрөг нь нөхөн татвар байна.
Нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК дээрх актаар тогтоосон төлбөрт 2015 оны 4 дүгээр сарын 28-наас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 30869.0 мянган төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст төлжээ .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг акт нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө гарсан, уг актаар тогтоосон хүү, торгууль, алданги нь өршөөлд хамрагдах тул төлбөрт төлсөн 30869.0 мянган төгрөгийг хүү, торгууль, алдангид тооцсон Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн үйлдэл хууль бус гэж маргаж төлсөн төлбөрийг нөхөн татварт тооцуулах шаардлага гаргажээ.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:”, 74.2.”Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэж зааснаас үзвэл хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон ... захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ.
Иймд Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35******* тоот акт, актын төлбөрийн хэмжээг өөрчилсөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 206 дугаар шийдвэр нь дээрх хугацаанд хамаарч байх тул 38358.1 мянган төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөлд хамруулах нь зүйтэй байна.
Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул нэхэмжлэгчээс актыг хүлээн зөвшөөрч, 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн 20384.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцох боломжгүй, мөн Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан татварын өрийг барагдуулах дарааллын дагуу алданги, торгуульд 20384.0 мянган төгрөгийг тооцсон Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчээс торгууль, алдангид төлсөн 30869.0 мянган төгрөгөөс 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцохгүй байгаа Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг нэхэмжлэлийн шаардлагаас 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 20384.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Ажбогдтрейд” ХХК-д Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35******* тоот актаар тогтоосон 38358.1 мянган төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлсүгэй.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар “Ажбогдтрейд” ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн 10485.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгаж, 20384.0 мянган төгрөгийг нөхөн татварт тооцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн татврын хэлтсээс 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК-д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА