Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 590

 

 

 

 

 

 

 

 

 

                                   

Г.Туяацэцэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Ялтан Г.Туяацэцэгийн өмгөөлөгч С.Батзаяа,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Туяацэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Туяацэцэгт холбогдох эрүүгийн 2016 0108 0172 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Гонгорын Туяацэцэг, 1975 оны 6 дугаар сарын 10-нд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 78 тоотод оршин суух,

2006 оны 5 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 1 дүгээр сарын 29-нд эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, /РД:УЕ75061005/,

 

Г.Туяацэцэг нь урьд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас: Г.Туяацэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг батлаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Туяацэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Туяацэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.920.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Г.Туяацэцэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Г.Туяацэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруу гэж байхгүй бөгөөд миний буруугаас бүх зүйл болсон. Иймд надад ял шийтгэл оноох нь зүйн хэрэг. Гэхдээ би ял шийтгэл эдлэхдээ өвчтэй өндөр настай эх болон хүүгээ зовоох болсондоо их харамсаж байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Г.Туяацэцэгийн өмгөөлөгч С.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх ял шийтгэхдээ ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов гэжээ. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох хэрэг юм. Гэвч Г.Туяацэцэг нь ялтай байхдаа үйлдсэнээс чөлөөлөх боломжгүй болж, ял шийтгүүлж хүндэрч байна гэсэн үг. Үүнд нэмж ял шийтгэхдээ ял шийтгэлийг хүндрүүлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг зөрчин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Одоо Г.Туяацэцэг нь 64 настай эх Г.Саранцэцэг, хүү Т.Хүсэлбаатар нарын хамт амьдарч байгаа бөгөөд эх нь 2 дугаар үеийн элэгний хатуурал өвчний улмаас охин Г.Туяацэцэгийн асрамжинд байдаг. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн учруулсан хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй байгаа, ар гэрийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

                                                ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

          Г.Туяацэцэг нь урьд онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 48 дугаар байрны 20 тоотод иргэн Ч.Үүрийнтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Хохирогч Ч.Үүрийнтуяагийн “...Чимгээг, Туяацэцэг, түүний нөхөр Сарантөр нартай архи уугаад сууж байх үед Туяацэцэг нь намайг нөхөр Сарантөртэй хардаж, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, шалан дээр унах үед үсдэж чирээд толгой руу өшиглөж зодоод байсан...” /хх-6-7/,

 

          Гэрч Т.Сарантөрийн “...Туяацэцэг, Чимгээ, Үүрийнтуяа бид дөрөв архи уугаад сууж байтал Туяацэцэг нь Үүрийнтуяаг “чи хар шөнөөр Сарантөрийн утас руу удаа дараа залгаад байдаг” талаар нь асуухад Үүрийнтуяа “бид нар найз нөхөд учир залгаж байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэхэд Туяацэцэг хардаж маргаан үүссэн. Тэгэхээр нь би эмэгтэйчүүдийн хэрүүлд ороод яахав гэж бодоод гал тогооны өрөөнд ороод хоол халаагаад сууж байтал том өрөөнд ноцолдох чимээ гараад Чимгээ нь “та нар болиоч” гэх чимээ гарсан. Тэгээд би том өрөөнд орох үед Туяацэцэг, Үүрийнтуяа хоёр бие биенийгээ заамдсан байдалтай Чимгээ дундуур нь ороод салгах гэж байгаа бололтой зогсож байхаар нь би “одоо та нар боль, гэрээс гар гэж” хэлсэн чинь Туяацэцэг Үүрийнтуяагийн хүзүүнээс нь гараараа базаж байгаад хаалганы зүг түлхсэн...” /хх-9-11/,

 

          Гэрч Б.Энхчимэгийн “...Туяацэцэг Үүрийнтуяаг “чи яасан их мөнгөтэй сонин хүүхэн бэ, шөнө болсон байхад яагаад дандаа хүний нөхрийн утас руу залгаж байдаг юм” гэхэд Үүрийнтуяа “би нөхөргүй юм чинь яадаг юм” гэх мэтээр тоглоом болгоод ярьж байтал Туяацэцэгийн уур нь хүрээд “та нар одоо гэрээс гар, би өглөө ажилтай” гэж хэлсэн чинь Үүрийнтуяа босохгүй байсан. Тэгсэн чинь Туяацэцэг Үүрийнтуяагийн хүзүүнээс нь гараараа базаж босгоод хаалганы зүг “гар” гэж хэлээд түлхэх үед хаалга нь хагас онгойсон байсан учир Үүрийнтуяа духаараа хаалга мөргөж хойшоо шалан дээр саваад унасан...” /хх-12-14/ гэх мэдүүлгүүд,

         

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 08 дугаартай шинжээчийн “...хохирогч Ч.Үүрийнтуяагийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун бугалга, баруун шилбэнд цус хуралт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-19-20/, ялтан Г.Туяацэцэгийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-24-26, 27-31/ зэрэг хэрэгт цугларсан, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Ялтан Г.Туяацэцэг нь урьд 2006 оны 5 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялтай байхдаа дахин гэмт хэрэгт холбогджээ.

 

          Г.Туяацэцэгт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан, шүүхээс Г.Туяацэцэгийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

         

          Түүнчлэн ялтан Г.Туяацэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нар “…өндөр настай эх, бага насны хүүхэд нарын хамт амьдардаг, эх нь элэгний хатуурал өвчний учраас охин Г.Туяацэцэгийн асрамжинд байдаг, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэж гомдол гаргаж байгаа боловч Г.Туяацэцэгийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдалгүй, түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл зөв, Г.Туяацэцэгийг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй ба түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул ялтан Г.Туяацэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Туяацэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

 

            1. Баганхангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 27А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Туяацэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                             

                                

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                        ШҮҮГЧИД                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ