Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 591

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эрдэнэ-Отгонд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Х.Анхцэцэг,

          Цагаатгагдсан этгээд М.Эрдэнэ-Отгон, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа,

          Хохирогч Г.Бямбадорж, түүний өмгөөлөгч Д.Данзандорж,

          Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Улсын яллагч В.Төгсбаярын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцэл, хохирогч Г.Бямбадоржийн өмгөөлөгч Д.Данзандоржийн гаргасан давж заалдах гомдлоор М.Эрдэнэ-Отгонд холбогдох эрүүгийн 2014 2600 05285 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгон, 1989 оны 3 дугаар сарын 25-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр хийцийн угсрагч мэргэжилтэй, “Элит Техно Металл Сервис” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17 дугаар гудамжны 36 тоотод оршин суух,

2009 оны 8 дугаар сарын 3-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:УУ89032572/,

 

М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хэвлий, цээжин тус газарт хутгалж бие махбодид нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл...” бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан прокурорын газраас: М.Эрдэнэ-Отгонд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас М.Эрдэнэ-Отгонд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Эрдэнэ-Отгоныг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 4 ширхэг чулуу, 100 төгрөгийн дэвсгэрт, 11.5 см урттай, өргөн 2 см, бариулгүй хутга, “юүдэнтэй цамцтай гүйж яваа хүний талаарх дүрс бичлэг бүхий” CD-г Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Н.Эрдэнэ-Отгоны сэжигтний мэдүүлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, М.Эрдэнэ-Отгон нь тус хэрэгт 207 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч В.Төгсбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 тоот цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Учир нь:

Шүүх дүгнэхдээ 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хохирогч Г.Бямбадоржоор сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг биеэр нь таньж олуулах ажиллагаанууд хууль зөрчсөн байна, гаднах байдлаараа төстэй биш 3 хүний зургийг М.Эрдэнэ-Отгоны юүдэнтэй малгайтай цамц өмссөн зургийг байрлуулж хохирогч таньж байгаа хүнээ юүдэнтэй малгайтай цамц өмссөн байгаагаар нь таньж байгаагаар тайлбарласан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллагаанд сэжигтэн М.Эрдэнэ-Отгоны гэрэл зургийг ойролцоо насны гаднах байдлаараа төстэй 3 хүний гэрэл зургийн хамт байрлуулж таниулах ажиллагааг явуулсан ба хохирогч Г.Бямбадорж нь “2 гэсэн тоон дээр байгаа залуу нь намайг хутгалсан залуу мөн байна. Энэ залуу цагаан саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн байна, мөн хар өнгийн куртик шиг зүйл өмссөн байна. Энэ залуу тухайн үед гадуураа хар өнгийн куртик өмсөөгүй, энэ цамцтайгаа явж байсан” гэж тайлбарласан гэж тэмдэглүүлсэн нь өмссөн хувцсаар биш эзэн биеэр буюу царай төрхөөр нь таньж зааж байгаа болох нь тогтоогдсон.

Мөн хохирогч Г.Бямбадорж нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анх хохирогчоор тогтоогдож мэдүүлэхдээ “...саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан, надаас арай намхан, туранхай шардуу царайтай залуу байсан. Царайг нь тодорхойлж хэлж чадахгүй байна, өмнө нь харж байгаагүй залуу байсан. Одоо харвал танина. Тэр залуу хэнэггүй байрын гэмээр гөлийсөн залуу явж байсан юм…” гэсэн мэдүүлэг.

Г.Бямбадорж хохирогчоор дахин байцаагдахдаа “...намайг хутгалсан залууг харвал шууд танина, тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь “ахыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлээд би тэр залууг сайн ажиглаж харсан...” гэсэн мэдүүлэг.

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр М.Эрдэнэ-Отгоныг биеэр нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд Г.Бямбадорж нь “3 гэсэн тоог барьсан залуу нь намайг хутгалсан залуу мөн байна, би урьд өмнө зурган дээрээс нь хараад шууд таниад заасан. Одоо биеэр нь харсан чинь тэр шөнө намайг хутгалчихаад сандарч чичрээд арагшаа ухраад байсан залуу яг мөн байна, би энэ залуугийн нүүр лүү харчихаад “чи яагаад ахыгаа хутгалж байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд л би энэ залууг хараад таньж байна” гэж тэмдэглэгдсэн.

Мөн хохирогч удаа дараагийн шүүх хуралдаанд М.Эрдэнэ-Отгоныг шууд зааж энэ хүн намайг хутгалж хохироосон тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж нотолж чадаж байна гэж үзэж байна.

Туршилтыг гэрч Одон орон Геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Тунгалагийн “Би 25 дахь жилдээ ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 54 тоот албан бичигт дурдагдсан 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн сарны фоз буюу гэрэлтэх байдал зэргийг тодорхойлж байна. Тухайн үеийнхтэй адил төстэй сарны мөчлөг, шинийн 3, 4-нд шилжих шөнийнхтэй таарна. Гэхдээ ойрын хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийнхтэй төстэй нөхцөлтэй байх шөнө 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд, мөн 2016 оны 5 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-03 цагийн хооронд байх юм” гэсэн мэдүүлгийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутанд явуулсан.

Туршилтад оролцогч этгээд хар өнгийн юүдэнтэй малгайтай куртик өмссөн байх ба хохирогчоор хар өнгийн куртик өмссөн этгээдийг таньж олуулсан нь туршилт хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй гэсэн нь шүүх хэлбэрийн төдий дүгнэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хохирогч Г.Бямбадорж нь М.Эрдэнэ-Отгоныг өмссөн хувцсаар бус царай төрхөөр нь таньж байгааг туршилтаар тогтоосон гэж үзэж байна.

М.Эрдэнэ-Отгон нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...гэртээ ороход ээж Мөнхбаяр согтуу байсан. Тэгээд над руу агсам тавиад байхаар нь урлаад би гэрийн төмөр баганад аягатай цайгаа цохиод хагалчихсан. Тэгэхэд миний баруун зүүн гар аяганы хагархайд зүсэгдээд эхнэр Уянгоо миний гарын шархыг боосон. Тэгээд хэсэг гэртээ байж байгаад эмээгийн гэрт орлоо гэж эхнэртээ хэлээд..., ...гэртээ байсан шаргал өнгийн пивор иштэй хутга аваад гарсан. ...хашаанаас гараад урагшаа нилээн явсан. Тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг “зүгээр эвтэйхэн явчихаач” гэж хэлсэн чинь өөдөөс “чи муу бацаан дуугуй байгаарай” гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэр үед одоогийн өмсөж явсан саарал жинсэн өмд, хар өнгийн ботинк, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн өнгийн футболк зэрэг хувцас өмсөж явсан...” гэх мэдүүлэг нь гэрч Т.Отгонбаярын “...тухайн өдөр Эрдэнэ-Отгон саарал өнгийн өмд цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг, иргэн Т.Мөнхбаярын Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн хуудас, гэрч Т.Ганбаярын “...дуудлага өгсөн хүн мөн үү гэхэд мөн байна гэхээр нь би агсам тавьсан хүн чинь одоо байна уу гэхэд тэр эгч “нөгөө хүн маань гараад явчихсан, манай хүү байгаа юм” гэхээр нь юу болсон талаар тодруулахад “эгч нь ажлынхантайгаа жаахан уугаад ирсэн чинь манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан, манай хүү архи уудаггүй мөртлөө их огцом ууртай хүн байгаа юм, түрүүн надтай маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Бямбадоржийн хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэг, гэрэл зургаар болон биеэр таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр өгсөн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Чинбат оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь М.Эрдэнэ-Отгоныг сэжигтнээр тооцож байцаасан байцаалтын тэмдэглэл, М.Эрдэнэ-Отгоныг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байцаахад “Би уг зүйл ангийг ойлгож мэдлээ, Б.Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гэсэн байцаалтын тэмдэглэл, гэрч Ц.Мөнхбатын “...тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ агсам тавьж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага өгсөн мэдээллүүдийг шүүж үзэхэд яллагдагч М.Эрдэнэ-Отгон нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэртээ ээждээ агсам тавьж хутга аваад гарсан мэдээллийг шүүн үзэж сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг эрүүгийн төлөөлөгч нараар олуулах үүрэг өгч хэрэгт бусад ажиллагааг хийсэн байна.

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Эрдэнэ-Отгон гэх залууг өрөөнд оруулж ирсэн ба Бямбадоржийг хутгалсан этгээд гэсэн. Тэгээд бичиг үсэг сайн мэдэхгүй гэхээр тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Б.Чинбаттай уулзаж сэжигтэн М.Эрдэнэ-Отгонд хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд тэрээр зөвшөөрч өмгөөлөгч Б.Чинбатыг дагуулан өрөөнд орж ирэхэд өмгөөлөгч Б.Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчилан уулзах хүсэлт гаргасны дагуу уулзуулж эрхийг хангасан. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон байцаасан....” гэх мэдүүлгээс тодорхой харагдаж байна.

М.Эрдэнэ-Отгон нь удаа дараагийн шүүх хуралдаанд “эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсны улмаас хийгээгүй хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлсэн боловч М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр мэдүүлэг өгч буй дүрс бичлэгт бусдад зодуулсан, дарамтлуулсан байдал огт харагддаггүй, мөн М.Эрдэнэ-Отгон нь хэн гэдэг эрүүгийн төлөөлөгчид яаж зодуулсан тухайгаа буюу мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй, М.Эрдэнэ-Отгоныг эрүүгийн төлөөлөгч нар зодсон гэх асуудлыг шалгаад М.Эрдэнэ-Отгон нь Шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан болох нь шинжээч томилсон тогтоолд авагдсан, уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын №1995 тоот тогтоол хавтаст хэрэгт авагдсан байна.

Мөн мөрдөн байцаалтад мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбатыг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй, дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан.

Иймд шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэгт Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж, иргэн Г.Бямбадорж хүндээр хохирч эрх ашиг нь хөндөгдсөн факт байсаар байхад уг хэргийг бүхэлд нь цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Иймд цагаатгах тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзсэн.

Анхан шатны шүүх дүгнэхдээ 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн хохирогч Г.Бямбадоржоор сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа, 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг биеэр нь таньж олуулах ажиллагаанууд хууль зөрчсөн байна, гаднах байдлаараа төстэй биш 3 хүний зургийг М.Эрдэнэ-Отгоны юүдэнтэй малгайтай цамц өмссөн зургийг байрлуулж хохирогч таньж байгаа хүнээ юүдэнтэй малгайтай цамц өмссөн байгаагаар нь таньж байгаагаар тайлбарласан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллагаанд сэжигтэн М.Эрдэнэ-Отгоны гэрэл зургийг ойролцоо насны гаднах байдлаараа төстэй 3 хүний гэрэл зургийн хамт байрлуулж таниулах ажиллагааг явуулсан ба хохирогч Г.Бямбадорж нь “2 гэсэн тоон дээр байгаа залуу нь намайг хутгалсан залуу мөн байна. Энэ залуу цагаан саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн байна, мөн хар өнгийн куртик шиг зүйл өмссөн байна. Энэ залуу тухайн үед гадуур хар өнгийн куртик өмсөөгүй, энэ цамцтайгаа явж байсан” гэж тайлбарласан гэж тэмдэглүүлсэн нь хохирогч нь өмссөн хувцсаар биш эзэн биеэр буюу царай төрхөөр нь таньж зааж байгаа болох нь тогтоогдсон.

Мөн хохирогч Г.Бямбадорж нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анх хохирогчоор тогтоогдож мэдүүлэхдээ “...саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан, надаас арай намхан, туранхай шардуу царайтай залуу байсан. Царайг нь тодорхойлж хэлж чадахгүй байна, өмнө нь харж байгаагүй залуу байсан. Одоо харвал танина. Тэр залуу хэнэггүй байрын гэмээр гөлийсөн залуу явж байсан юм…” гэсэн мэдүүлэг. Үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ хохирогчоор мэдүүлэг өгөхдөө царай төрхийг нь тодорхойлж хэлээгүй гэдэг. Хохирогч анхны мэдүүлгээсээ эхлээд хутгалсан залууг танина гэдэг.

Г.Бямбадорж хохирогчоор дахин байцаагдахдаа “...намайг хутгалсан залууг харвал шууд танина, тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь “ахыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлээд би тэр залууг сайн ажиглаж харсан...” гэсэн мэдүүлэг.

2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр М.Эрдэнэ-Отгоныг биеэр нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд Г.Бямбадорж нь “3 гэсэн тоог барьсан залуу нь намайг хутгалсан залуу мөн байна, би урьд өмнө зурган дээрээс нь хараад шууд таниад заасан. Одоо биеэр нь харсан чинь тэр шөнө намайг хутгалчихаад сандарч чичрээд арагшаа ухраад байсан залуу яг мөн байна, би энэ залуугийн нүүр лүү харчихаад “чи яагаад ахыгаа хутгалж байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд л би энэ залууг хараад таньж байна” гэж тэмдэглэгдсэн.

Мөн хохирогч удаа дараагийн шүүх хуралдаанд М.Эрдэнэ-Отгоныг шууд зааж энэ хүн намайг хутгалж хохироосон тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж нотолж чадаж байна гэж үзэж байна.

2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2-нд шилжих шөнө туршилт хийсэн. Туршилтыг гэрч Одон орон Геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Тунгалагийн “Би 25 дахь жилдээ ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 54 тоот албан бичигт дурдагдсан 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн сарны фоз буюу гэрэлтэх байдал зэргийг тодорхойлж байна. Тухайн үеийнхтэй адил төстэй сарны мөчлөг, шинийн 3, 4-нд шилжих шөнийнхтэй таарна. Гэхдээ ойрын хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийнхтэй төстэй нөхцөлтэй байх шөнө 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд, мөн 2016 оны 5 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнийн 01-03 цагийн хооронд байх юм” гэсэн мэдүүлгийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутанд явуулсан.

Туршилтад оролцогч этгээд хар өнгийн юүдэнтэй малгайтай куртик өмссөн байх ба хохирогчоор хар өнгийн куртик өмссөн этгээдийг таньж олуулсан нь туршилт хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй гэсэн нь шүүх хэлбэрийн төдий дүгнэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хохирогч Г.Бямбадорж нь М.Эрдэнэ-Отгоныг өмссөн хувцсаар бус царай төрхөөр нь таньж байгааг туршилтаар тогтоосон гэж үзэж байна.

М.Эрдэнэ-Отгон нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...гэртээ ороход ээж Мөнхбаяр согтуу байсан. Тэгээд над руу агсам тавиад байхаар нь урлаад би гэрийн төмөр баганад аягатай цайгаа цохиод хагалчихсан. Тэгэхэд миний баруун зүүн гар аяганы хагархайд зүсэгдээд эхнэр Уянгоо миний гарын шархыг боосон. Тэгээд хэсэг гэртээ байж байгаад эмээгийн гэрт орлоо гэж эхнэртээ хэлээд..., ...гэртээ байсан шаргал өнгийн пивор иштэй хутга аваад гарсан. ...хашаанаас гараад урагшаа нилээн явсан. Тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг “зүгээр эвтэйхэн явчихаач” гэж хэлсэн чинь өөдөөс “чи муу бацаан дуугуй байгаарай” гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэр үед одоогийн өмсөж явсан саарал жинсэн өмд, хар өнгийн ботинк, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн өнгийн футболк зэрэг хувцас өмсөж явсан...” гэх мэдүүлэг нь гэрч Т.Отгонбаярын “...тухайн өдөр Эрдэнэ-Отгон саарал өнгийн өмд цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг, иргэн Т.Мөнхбаярын Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн хуудас, гэрч Т.Ганбаярын “...дуудлага өгсөн хүн мөн үү гэхэд мөн байна гэхээр нь би агсам тавьсан хүн чинь одоо байна уу гэхэд тэр эгч “нөгөө хүн маань гараад явчихсан, манай хүү байгаа юм” гэхээр нь юу болсон талаар тодруулахад “эгч нь ажлынхантайгаа жаахан уугаад ирсэн чинь манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан, манай хүү архи уудаггүй мөртлөө их огцом ууртай хүн байгаа юм, түрүүн надтай маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Бямбадоржийн хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэг, гэрэл зургаар болон биеэр таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр өгсөн мэдүүлэгт өмгөөлөгч Б.Чинбат оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн болох нь М.Эрдэнэ-Отгоныг сэжигтнээр тооцож байцаасан байцаалтын тэмдэглэл, М.Эрдэнэ-Отгоныг 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байцаахад “Би уг зүйл ангийг ойлгож мэдлээ, Б.Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгчтэй байцаалт өгнө” гэсэн байцаалтын тэмдэглэл, гэрч Ц.Мөнхбатын “...тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ агсам тавьж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага өгсөн мэдээллүүдийг шүүж үзэхэд яллагдагч М.Эрдэнэ-Отгон нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэртээ ээждээ агсам тавьж хутга аваад гарсан мэдээллийг шүүн үзэж сэжигтэн М.Эрдэнэ-Отгоныг эрүүгийн төлөөлөгч нараар олуулах үүрэг өгч хэрэгт бусад ажиллагааг хийсэн байна.

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Эрдэнэ-Отгон гэх залууг өрөөнд оруулж ирсэн ба Г.Бямбадоржийг хутгалсан этгээд гэсэн. Тэгээд бичиг үсэг сайн мэдэхгүй гэхээр тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Б.Чинбаттай уулзаж сэжигтэн М.Эрдэнэ-Отгонд хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд тэрээр зөвшөөрч өмгөөлөгч Б.Чинбатыг дагуулан өрөөнд орж ирэхэд өмгөөлөгч Б.Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчилан уулзах хүсэлт гаргасны дагуу уулзуулж эрхийг нь хангасан. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон байцаасан....” гэх мэдүүлгээс тодорхой харагдаж байна.

М.Эрдэнэ-Отгон нь удаа дараагийн шүүх хуралдаанд “эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсны улмаас хийгээгүй хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлсэн боловч М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр мэдүүлэг өгч буй дүрс бичлэгт бусдад зодуулсан, дарамтлуулсан байдал огт харагддаггүй, мөн М.Эрдэнэ-Отгон нь хэн гэдэг эрүүгийн төлөөлөгчид яаж зодуулсан тухайгаа буюу мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй, М.Эрдэнэ-Отгоныг эрүүгийн төлөөлөгч нар зодсон гэх асуудлыг шалгаад М.Эрдэнэ-Отгон нь Шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан болох нь шинжээч томилсон тогтоолд авагдсан, уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын 1995 тоот тогтоол хавтаст хэрэгт авагдсан байна.

Мөн мөрдөн байцаалтад мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбатыг гэрчээр байцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй, дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд цагаатгах тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн, бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.   

 

           Хохирогч Г.Бямбадоржийн өмгөөлөгч Д.Данзандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

Нэг. 1. Шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар: “...хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, эрүүгийн хариуцлагыг нь хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох ёстой” гэсэн энэхүү заалтыг шүүх бүрэлдэхүүн биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл энэ заалт нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт хамааралтай бус шүүгчид ч нэгэн адил хамаарагдах асуудал.

2. Энэхүү заалтыг шүүгч заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл үүнийг зөрчих, мөн хууль зүйн дээрх субьектүүд нь тухайлбал: Шүүх, шүүгдэгчээс гэм буруугүй гэдгийг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй тухайн заалтыг бүр эсрэгээр нь 3 хавтас 800 хуудас нотлох баримтуудыг үгүйсгэн шийдсэн. Шүүгч өөрөө хоёр удаа хэргийн бүрдэл дутуу байна гэж хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтад буцаачхаад түүнийхээ үр дүнг нарийвчлан тооцож баталгаажуулж чадалгүйгээр хэргийг цагаатгаж байгаа нь Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Өнөө үед хуулийг хэрэглэгдэхүүн болгохгүйгээр болох бүтээхээр нь хэрэглэдэг цаг өнгөрсөн.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан 6 үндэслэл бүхий заалтыг мөрдөн байцаалт, прокурорын байгууллага хангасан гэж үзэж яллах дүгнэлтээ бичсэн байхад түүнийг шүүх 100 хувь үгүйсгэж байгаагаа нотолсон, тодорхой баримтад дүгнэлт хийж чадаагүйг хууль хэрэглээг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна.

Хоёр.1. Цагаатгах тогтоолын дүгнэлтийн талаар. Шүүх цагаатгах тогтоолдоо 10 үндэслэл дурджээ. Өмгөөлөгчийн хувьд дурдсан 10 үндэслэлийг хууль зүйн ямар ч үндэслэлгүй гэж үзэж, зүйл бүр дээр нь тайлбарлая.

2. Хохирогч Г.Бямбадоржийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны талаар бичжээ. Тэгээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, 151.7 дахь хэсэгт заасан зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэжээ. Уг заалтад гаднах байдлаараа түүнтэй адил төстэй гэдгийг хуульд өмссөн хувцсаараа адил төстэй гэж бичээгүй байгаа. Үүнээс үзэхэд шүүгч хууль хэрэглээг бодит нөхцөл байдал, шалтгаант холбооны агуулгыг зөрчиж, цээжин пангаар тайлбарласанд харамсаж байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7 дахь хэсэгт “онцлогоор нь таньсныг тайлбарлаж тэмдэглэлд тусгана” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ худлаа, ноцтой зөрчөөгүй. Учир нь хохирогч Г.Бямбадорж нь удаа дараагийн мэдүүлэгтээ, анхны мэдүүлгээ ердөө ч үгүйсгээгүй. Харин тухайн нөхцөлд санахгүй байсан зүйлийг явцын дүнд ухаарч тодотгол хийж байсан. Ер нь Г.Бямбадоржид би үйлчлэх хугацаандаа юмыг тайлбарлах таниулахдаа удаан ухаардаг, юмыг тэр дор нь тусгах чадвар удаан, ойлгоцын ангилал нь меланхолек темпераменттай хүн юм. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчид Г.Бямбадоржийг сэтгэцийн доголдолтой гэж үзэж сэтгэц нь эрүүл эсэхийг хүртэл шалгуулж, “Сэтгэцийн үндэсний эрүүл мэндийн төв”-өөс хохирогч Г.Бямбадоржийг сэтгэцийн хувьд “эрүүл” гэсэн дүгнэлтийг хүртэл гаргасан байдаг. Шүүхийн болон өмгөөлөгчдийн үзэж байгаагаар Г.Бямбадорж нь хохирогч бус бусдыг гэмт хэрэгт гүтгэн гүжирдсэн болж, үүнийг нь мөрдөн байцаагчид, прокурорууд хууль бусаар хаацайлсан болж байх шиг. Энэ маш ноцтой асуудал гэдгийг шүүх бүрэлдэхүүн тунгааж бодоогүй ээ.

Нөгөө талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт заасан “түүний гэрэл зургийг 3-аас доошгүй гэрэл зургийн тухайд дотроос нь таньж олуулж болно” гэсэн заалтыг мөрдөн байцаах байгууллага тодорхой тогтоосон. Үүнийг шүүх бүрэлдэхүүн үнэлж үзэхгүй байгааг зөв гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх тогтоолын 1 дүгээр зүйлдээ “Г.Бямбадоржийг хохирогч бус нэг ёсондоо гэмтэн болгож, өөрийгөө хутгалсан этгээдийн нүүр царайны хэлбэр төрхийн талаар тодорхойлон мэдүүлсэн нь түүний мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна” гэжээ. Ямар үндэслэлээр ийм дүгнэлтэнд хүрч байгаагаа шүүгч нотолж чадаагүй. Нэг үнэн юм гэвэл Г.Бямбадорж болон зарим нэг гэрч хувцасны өнгө, өмссөн хувцасны байдал, газрын зүг чигийг андуурсан зүйл байсан. Энэ нь бас бодит шалтгаантай байдаг юм. Учир нь хэргийн газрын чигийг тодорхойлохдоо угийн удаан мунгинуу хүн чинь танхимд зүг чигийг тодорхойлох, схемийг ойлгохгүй яриулсан, өнгө зүсийг өөрийнхөөрөө, нутгийн хэлээр тодорхойлох андуурах явдал байсан. Үүнийг шүүгч, өмгөөлөгчид маш гайхалтай шүүрэн авч байсан юм.

Мөн хохирогч Г.Бямбадоржийн эхнэрийн мэдүүлгийг дурдаад эцэст нь хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй гэжээ. Г.Бямбадоржийн мэдүүлгийн эх сурвалж гэж юу хэлээд байна. Салбар эрх зүй дээрх эх сурвалж заавал хуулиар тодорхойлогддог болохоос биш Г.Бямбадоржийн мэдүүлгийн эх сурвалж гэж шүүгч хуулийн ямар үндслэлээр гаргаж ирсэн юм болоо. Энийг гэмт хэргийг цагаатгах ямар үндэслэл гаргаж ирэх юм бол.

4. Дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн сэжигтний дүр төрх М.Эрдэнэ-Отгоны фото зурагтай адил тохирч байна. Энийг эрүүгийн хэргийн нотолсон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн байна. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчөөгүйн гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, 79.3 дахь хэсэгт заасан заалтыг бүрэн хангасан байхад М.Эрдэнэ-Отгоны цээж зурагтай харьцуулсан гэж юу бичээд байна вэ. Хууль зөрчсөн үндэслэлийг заагаагүй дүгнэлтийг ч үгүйсгэж, нотолгоогүй байгаа нь шүүгчийн хэлдгээр ёстой “хуулийг ноцтой зөрчсөн” байна.

      5. Энд хэрэг гарсан үйлдэл цаг хугацааны тухай гэрчийн мэдүүлэг үнэлэлт өгсөн бололтой. Гэрч Г.Банзрагч шүүгчийн бичсэн шиг урьд өгсөн мэдүүлгээ ердөө ч үгүйсгээгүй. Цагаатгах тогтоолын 21, 4 дүгээр заалтанд тодорхой байгаа. Шүүгч яаж ингэж худлаа дүгнэж байна вэ, бусдын амьдрал тухайн нөхцөлд өөрийнх нь гарт байхад үүнийг олоод өгөөрэй гээд итгэл төгс байдгийг мэддэггүй юм болов уу.

      6. Гэрч Б.Ангарагийн талаар бичжээ. Дүрс бичлэгт дээрх хүнийг М.Эрдэнэ-Отгон гэдэг хүнийг таамаглах боломжгүй байна гэжээ. Дүрс бичлэгийг олон хүн үзсэн. Г.Бямбадорж уг хүнийг М.Эрдэнэ-Отгон гэдгийг мөн гэж мэдүүлдэг. Нөгөө талаар гэрчүүд ч үгүйсгэдэггүй. Ер нь маш тодорхой, тэр талын мэргэжлийн хүнийг шинжээчээр томилж шинжлүүлэх нь зүйтэй гэж үздэг. Хуралд оролцогчдын энгийн байдлаар харахад ч шүүгдэгч мөн маш адилхан харагддаг.

      7. Мөн Г.Бямбадоржийн мэдүүлгийн тухай бичжээ. Шүүгч яагаад Г.Бямбадоржийн мэдүүлгээс аль нэг хэсгийг нь үгүүлээд байгааг ойлгохгүй. Цагаатгах гэж нэг талыг бариад зүтгээд байгааг ойлгохгүй юм. Г.Бямбадоржид учирсан хүнд гэмтэл тэр газарт учирсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож байгааг хэн үгүйсгэж байгаа юм бэ, хэн ч үгүйсгэж чадахгүй.

      8. Эд мөрийн баримтын талаар. Энэ заалт нь нотлох баримтын үнэлгээнд оруулаагүй, тогтоолд тодорхой үнэлгээ өгөөгүй байна. Чулуун дээрх цус нь хүний цус байсан нь тогтоогдсон. Энэ талаар маргаан байхгүй.

      9. Дуудлагын тухай. Явцыг дурдаад М.Эрдэнэ-Отгоны авгай С.Уянгоо мэдүүлэхдээ: “...04 цагийн орчим М.Эрдэнэ-Отгон нь унтаж байсан гэжээ. Г.Бямбадорж, М.Бямбаа нар зөрүүтэй мэдүүлжээ. Иймд шүүгч М.Эрдэнэ-Отгоныг хохирогчид гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй, цаг хугацааг зөв тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсчээ” гэжээ.

      Яахаараа шүүгч цаг хугацааг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсч гэж цаг хугацааг эцэслэн дүгнээд байгааг үнэндээ сэжиглэж байна. Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны мэдүүлгийг ямар тохиолдолд нотлох баримтад тооцохгүй, эсвэл эсрэгээр нь үндсэн нотолгоонд тооцоод байгаагийн учрыг шүүгч гаргаж чадаагүй.

      10. Туршилт хууль ёсны гэж үзэхгүй гэжээ. Шүүгч Г.Бямбадоржийн мэдүүлэг анхнаасаа эх сурвалжгүй гэдэг улиг болсон зүйлээ бичжээ. Туршилт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй, хуулийн заалтыг ойлгодоггүй баймааргүй юм. Ер нь шүүгчийн цагаатгах тогтоолд Г.Бямбадорж нь хохирогч биш, гэмтэн болж байгаа юм шиг. Г.Бямбадоржийн мэдүүлгийн эх сурвалж л гэж бичээд байх юм. Түүнийхээ мөн чанар агуулгыг ердөө ч тайлбарлахгүй юм. Үүнээс үзвэл энэ үгийнхээ агуулгыг ойлгодоггүй юм шиг.

      11. Сэжигтний мэдүүлэг бусад хууль ёсны хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй гэжээ. Сэжигтэн гэж хэнийг хэлээд байна вэ. Цагаатгах тогтоолын 24 дүгээр хуудасны эцсийн хэсэгт М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр байцаагдсан мэдүүлгийг бичжээ. /1-р хавтас 124-126 хуудас/. Шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг дурдаж М.Эрдэнэ-Отгоны мэдүүлэг хөдөлбөргүй нотлогдоогүй байна гэжээ. Мөн 12 хүний гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Энэ юу хэлээд байна. Мөн “гэрч Б.Чинбатыг байцаан шийтгэх ажиллагаанд гэрчээр тогтоож мэдүүлэг авчээ” гэжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тухай бичжээ. Тэгвэл мөрдөн байцаагч Ц.Мөнхбатыг шүүгч зөвшөөрч байцаах нь битгий хэл шүүх хуралд гэрчээр байцаасан шүү дээ. Энэ нь шүүгчийн ам ажлын зөрүү тогтоол дээр тэр чигээрээ тусгагджээ.

      12. Шүүх бүрэлдэхүүн М.Эрдэнэ-Отгоныг цагаатгасан нь түүний эхний мэдүүлгээсээ буцсаныг ямар ч нотолгоогүй баримтуудыг үндэслэл болгосонд байгаа гэж үздэг. Учир нь М.Эрдэнэ-Отгон эхний мэдүүлгээсээ буцсан шалтгаанаа мөрдөн байцаагч намайг зодож, цохисноос болсон гэж хэлдэг, тэр тухай гомдлоо хаана гаргасан бэ гэхээр Хүний эрхийн комисст гэдэг. М.Эрдэнэ-Отгон нь 2 дахь удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гомдлоо хаана гаргахаа мэдэхээргүй хүн огт биш гэдгийг хуулийн ажилтнууд цөм мэднэ.

      13. Б.Чинбат нь энэ хэрэгт өмгөөлөгчийн үүргээр оролцоогүй гэж дүгнээд одоо болохоор хууль зөрчсөн тухай яриад байгаа нь шүүгч самуурч байна гэмээр байна. Одоо тухайн хэрэгт өмгөөлөгчид нь хэн байна, яагаад Б.Чинбатыг одоо асууж, мэдүүлэг авч болохгүй гэж.

      14. Мөрдөн байцаагчид өөр өөрсдийн мэдэх зүйлийг мэдүүлсэн гэрчүүд яахаараа 3 хавтас 800 хуудас хэрэгт хууль сануулж, мэдүүлэг өгсөн болгон хууль бус байдгийн учрыг нягтлан шалгаж өгнө үү.

      15. Уг хэрэгт ажилласан мөрдөн байцаагчид, хяналтын прокурорууд хилс хэрэгт хүн гүтгэсэн болж байна уу. Тэгвэл тэд албан тушаалаа урвуулан ашигласан болж байна уу.

      16. Хууль зүйн ямар ч тодорхой нотолгоо, баримтгүй зүйлийг үндэслэл болгож гаргасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин өөр бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ үү...” гэв.

 

Хохирогч Г.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ гэмт хэргийн улмаас хохирч 2 жилийн хугацаа өнгөрлөө. Анхан шатны шүүх ийм хэрэг хийсэн хүнийг цагаатгасанд гомдолтой байна...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд М.Эрдэнэ-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Г.Өлзий-Орших тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Хохирогч Г.Бямбадорж 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө найзтайгаа 2 шил архи уугаад Одонтын 11 дүгээр гудамжны үзүүрт хутгалуулсан гэдэг. Тэгээд тэр хутгалсан залуугийн нүүрний ерөнхий хэлбэр, хамар, нүд, шинж төрхийг огт дурдаагүй. Харин нүүр царайг нь санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өглөө цагдаагийн байгууллагад хүн хутгалуулсан дуудлага ирсний дагуу бие бүрэлдэхүүн очиж уулзахад Г.Бямбадорж “...би гэрээсээ гараад Одонтын 11 дүгээр гудамжны үзүүр дээр эхнэрээ тосох гэж явж байгаад бусдад хутгалуулсан...” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тэр өдрүүдийн мэдүүлэг зөрдөг. Дараа нь эмнэлэгт өгсөн мэдүүлэгтээ эхнэрээ тосох гэж яваад хутгалуулсан гэдэг. Энэ мэтчилэн мэдүүлгүүд нь зөрдөг. Г.Бямбадорж 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “... намайг хутгалсан залуугийн хутга шар иштэй байсан...” гэдэг боловч дараа нь цэнхэр иштэй болж мэдүүлгээсээ буцсан. Хохирогч өөрөө 58 настай. Тэгээд  найзтайгаа 2 шил архи уусан. Согтуу байх үедээ бусдад хутгалуулсан асуудал байдаг. 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Бямбадоржоор М.Эрдэнэ-Отгоны зургийг таньж олуулах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150, 151 дүгээр зүйл заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл зургаар таньж олуулах ажиллагаа хийхдээ энэ хүнийг ямар шинж байдлаар нь таньж байгаа вэ гэдэг талаар ямар ч тэмдэглэл хийгээгүй. Таниулж буй 4 хүнээс 3 нь энгийн хувцастай ганц М.Эрдэнэ-Отгоны зураг цайвар өнгийн цамцтай байсан. М.Эрдэнэ-Отгоныг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баривчлаад цайвар өнгийн хувцастай зургийг нь авсан байсан. Тэгэхэд Г.Бямбадорж энэ залуу цагаан цайвар өнгийн юүдэнтэй цамц өмссөн байна. Энэ цамцтайгаа явж байсан гэдгээр тайлбарладаг. Нөгөө талаар М.Эрдэнэ-Отгоныг өмссөн цагаан юүдэнтэй цамцаар нь таньсан. 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр дахин хохирогчоор М.Эрдэнэ-Отгоныг биеэр нь таньж олуулах ажиллагаа хийсэн нь мөн хууль зөрчсөн. Мөн хэргийн газраас ишгүй хутга олдсон. Энэ хутга дээрээс ямар ч хүний цус илрээгүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар авагдсан CD бичлэг, хутга, мөнгөн дэвсгэрт нь гэмт хэргийг нотолж чадахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Одонтын 11 тоотод эрэгтэй хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад шөнийн 03 цаг 35 минутад ирсэн. Мөн өдрийн 03 цаг 33 минутад түргэн тусламжийн дуудлага ирсэн байдаг. Гэтэл шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны эхнэр Уянгоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ шөнө 4 цагт хүүхдээ бие засуулах гээд сэрэхэд Эрдэнэ-Отгон унтаж байсан гэж мэдүүлдэг. Хэрэг болсон цаг үе М.Эрдэнэ-Отгон шөнө Г.Бямбадоржийн гэрийнх нь гадаа очиж хутгалсан гэдэг нь цаг хугацааны хувьд болон нотлох баримтын хувьд тогтоогдохгүй байна. М.Эрдэнэ-Отгон анх мэдүүлэг өгөхдөө цагдаагийн ажилтанд зодуулаад хийгээгүй хэргээ хүлээсэн гэж мэдүүлдэг. Тэгээд М.Эрдэнэ-Отгоныг CD бичлэг үзүүлэхээр хэнийг хутгалсан, яаж хутгалсан, хаанаас хутга авсан, ямар хувцастай байсан талаар ямар ч асуулт байхгүй. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

      Цагаатгагдсан этгээд М.Эрдэнэ-Отгоны өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт саарал малгайтай цамцтай хүний талаар хохирогч ярьдаг. Энэ хүний талаарх дүрс бичлэг ч хэрэгт авагдсан байдаг. Харин 2 дахь удаагаа мэдүүлгийг газар дээр нь шалгаад туршилт хийсэн тэмдэглэлд хохирогч эрүүл байж байгаад байцаан шийтгэх ажиллагаанд оролцоод нэлээн туршлагатай болсны дараа энэ ажиллагаанд оролцсон. Ингэхдээ тухайн хүний таньж олуулах ажиллагаагаар энэ хүнийг харах ёстой, таних ёстой гэсэн урьдчилсан бэлтгэлтэй байж байгаад энэ ажиллагаанд оролцсон. Мөн 2 гэсэн дугаартай хүнийг зааснаа больж дараа нь 4 дугаартай хүнийг заасан. Өөрөөр хэлбэл гэрэл зургаас эхний туршилтаар таньж чадаагүй. Энэ нь тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Хохирогчийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байдаг. Үнэхээр хэргийн холбогдогч хэн бэ гэдгийг тогтоолгохоор мөрдөн байцаалтын шатанд хүсэлт тавьсан. Шүүгдэгч энэ хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх бөгөөд М.Эрдэнэ-Отгоныг цагаатгахдаа түүнийг яллаж буй нотлох баримтууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлийг баримталсан нь учир дутагдалтай төдийгүй анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх ба шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Бямбадорж нь хэвлий, цээжин тус газраа хутгалуулж бие махбодид нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл...” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэг. Шүүх мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Чинбат, мөрдөн байцаагч Ц.Мөнхбат нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзнэ. Учир нь өмгөөлөгч, мөрдөн байцаагч нараас хэргийн үйл баримт, тухайлбал хэрэг хэрхэн үйлдэгдсэн, харсан болон сонссон зэрэг хэргийн талаар мэдэж байсан эсэх талаар байцаалт явагдаагүй, мэдүүлэг аваагүй, харин сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагаа хэрхэн явагдсан, түүнд хэрхэн оролцсон талаарх үйл явцыг тодруулах зорилгоор мэдүүлэг авсан байна. Тухайлбал өмгөөлөгч Б.Чинбатыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.2 дахь хэсэгт зааснаар гэрчээр байцааж болохгүй боловч, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хэрхэн явагдсан талаар гэрчийн мэдүүлэг авсан нь дээрх зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй. Үүнтэй адил мөрдөн байцаагчийг гэрчээр тогтоож байцаасан нь мөн хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаарх мэдээллийг авахдаа хэрхэн авсныг тодруулах зорилгоор хийгдсэн ажиллагаа нь үйл баримтыг тогтоох зорилгоор гэрчээр байцааж болохгүй тухай асуудалд хамаарахгүй болно.

 

Хоёр. Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон “... анх сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсны улмаас хийгээгүй хэргээ хүлээж мэдүүлсэн” гэх мэдүүлэг, мөн “М.Эрдэнэ-Отгоныг сэжигтнээр байцаахдаа хийсэн дүрс бичлэгт өмгөөлөгчийг оруулах буюу харуулах боломжтой байсан”, “дүрс бичлэгт өмгөөлөгч оролцсон байдал харагдахгүй байдаг” гэх үндэслэлүүдээр М.Эрдэнэ-Отгоны сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн төлөөлөгч нарт зодуулсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, өмгөөлөгч дүрс бичлэгт харагдахгүй байгаа нь түүнийг байцаалтад оролцоогүй гэж үзэх шууд үндэслэл болохооргүй байхад хэт нэг талыг баримталж, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлээгүй гэж үзэн үнэлээгүй явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчсөн байна.

 

Тухайлбал, шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг тэрхүү байцаалтыг авсан мөрдөн байцаагч, түүнд оролцсон гэх өмгөөлөгч нарын мэдүүлэгтэй харьцуулж, бүх талаас нь, бодит байдлаар, эх сурвалжийг магадлах аргаар шалгасны эцэст үнэлбэл зохино.

 

Гурав. Дээрх нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж, эцэст нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан эсэх, яллах нотлох баримт яагаад няцаагдаж, эсхүл батлагдаж байгаа эсэх талаар үндэслэл бүхий, хууль ёсны дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдэд ач холбогдол өгч зөв дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд улсын яллагч В.Төгсбаярын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Данзандоржийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан М.Эрдэнэ-Отгон нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэрчид нөлөөлөхийг оролдож байсан болон гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, тус шүүхийн өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол М.Эрдэнэ-Отгонд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авсугай.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ