| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0138/Э |
| Дугаар | 599 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 599
Т.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Ц.Б- болон түүний өмгөөлөгч Д.Энхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 850 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 831 дүгээр магадлалтай, Т.Т-д холбогдох 1806020612132 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Т- болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилга, хөнгөн хүнсний механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 8, ***, ял шийтгүүлж байгаагүй, З* овогт Т-нТ-.
Т.Т- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 3706 тоот 260 м.кв газрыг иргэн Ц.Б-т зарна гэж хуурч, мэхлэн 10,020,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Т-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Т.Т-г мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Т-гоос 10,020,000 төгрөгийг гаргуулж Ц.Б-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар Т.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Т- болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоол, магадлалд Т.Т-г гэм буруутай гэж үзсэн үндэслэлийг зөвшөөрөх боломжгүй юм.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Т-гийн үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байдаг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн яллах дүгнэлтэнд дурдагдсан дээрх эрүүгийн хуулийн зүйлчлэл нь ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол... гэж залилах гэмт хэргийн гадаад хэлбэр буюу үйлдлийг тодорхойлсон. Гэвч Т.Т-гийн хувьд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 370 Б тоот 260 м2 газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй нь тогтоогддог. Харин уг газрыг Д.Дариймаа худалдан авч газрын төлбөр тооцоог 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулснаар тухайн газрын өмчлөгч болсон байдаг.
Мөн магадлалад шүүгдэгч, хохирогч нар нь урьдын харилцаатай байсан нь хэрэгт авагдсан баримтаар ...тогтоогдсон гэжээ. Энэхүү урьдын харилцаа нь 630 м.кв газрыг худалдах, худалдан авахад зуучилсан Т.Т-гийн үйлдэл тухайн цаг хугацаанд дуусгавар болсон цааш нь урьдын энэхүү харилцаа үргэлжлээгүй байдаг. Харин Консулын 14 дүгээр гудамжны 370 Б тоот 260 м2 газрыг зарах сургаар хохирогч Ц.Б- нь уг газрыг худалдан авах сонирхолтой байсан боловч энэхүү хүсэл сонирхол нь биелээгүй тул 630 м.кв газрыг худалдан авахад зуучилсан Т.Т-гийн зуучлалын хөлсийг 370 Б тоотыг худалдан авах төлбөр гэж шилжүүлсэн гэж төөрөгдөлд оруулсан.
Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Б- нь гэрч Ч-той нийлж урьд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 367 тоот 631 м2 газрыг 48 сая төгрөгөөр худалдан авч, худалдан авсны зуучлалын хөлсөнд хохирогч Ц.Б- болон гэрч Чинзориг нар нь тус бүр 2 сая төгрөгийг Т.Т-д өгөхөөр болж Т.Т-гийн харилцах данс руу 3,350,000 төгрөг шилжүүлсэн, энэхүү шилжүүлсэн төлбөрийг Консулын 14 дүгээр гудамжны 370 Б тоот 260 м2 газрын худалдан авсан төлбөр гэж үзэх боломжгүй юм.
Гэрч Ч-н ...631 м2 газрыг худалдан авахад зуучилсан Т.Т-д мөнгө өгөхөөр болсон гэх мэдүүлэг, хохирогч Ц.Б- шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... Тухайн газрыг тэр үед Ч-той хамжиж авсан. Газар олж өгсөний төлөө энэ эгчид 2 сая төгрөг өгнө гэж тохирсон... гэж мэдүүлсэн байдаг.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 370 Б тоот 260 м2 газар нь урьд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 03 сарын 18-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 0051537 дугаар шийдвэрээр Л.Э-н өмчлөлд байсан. Өмчлөгч Л.Э- нь 2014 оны 08 сарын 29-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан Д.Дариймаад зарсан байдаг.
Энэхүү худалдах, худалдан авах гэрээнд хохирогч Ц.Б- гэрээний нэг тал биш бөгөөд тухайн газрын өмчлөгч нь Ц.Б- биш тул өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь нотлогдон тогтоогдож байна гэсэн магадлалд дурдсан үндэслэл нь үгүйсгэгдэх нөхцөл байдал гэж үзэхээр байдаг.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт... өөрийн дансаар 3,170,00 төгрөг, мөн өөрийн охины дансаар, мөн охины хүүхдийн сургалтын мөнгө нэхэгдээд байна, хүүхдийн хөл гэмтчихлээ гэж хэлээд мөнгө авснаа үгүйсгэсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгөөгүй, мөн авснаа хүлээгээд буцааж өгсөн гэж хэлж байгаа боловч өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна... гэж дүгнэсэн.
Энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх Г.Э гэх хүний газрыг зарна гэж хуурч Ц.Б-аас дансаар болон бэлнээр мөнгө авсан гэж дүгнэсэн. Хохирогч Ц.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... Би Т.Т- болон түүний нөхөр Б.Дорж, мөн хүүхдүүдэд нь бэлнээр уг газрын төлбөрийг өгч байсан... гэж тайлбарладаг боловч гэрч Б.Д /хх-н 51 х/ ... Ц.Б-аас 2 сая төгрөг зээлсэн, үүнийгээ тэр даруй нь буцааж өгсөн, Ц.Б энэ мөнгөө аваагүй гэж байгаад 2 сар орчмын дараа авсан гэдгээ хэлсэн..., мөн гэрч Д.Д, Д.Г нарын мэдүүлэгээр ...охины дансаар, охины хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгө нэхэгдээд байна, хүүхдийн хөл гэмтчихлээ гэж хэлээд мөнгө авсан гэх дүгнэлт... үгүйсгэгддэг.
Энэ бүхнээс үзэхэд Т.Т- нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг заасан ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдээгүй, уг гэмт хэргийн шинжийг агуулаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ц.Б-ын хүсэлтээр гэрчээр Ц.М-г оролцуулсан. Энэхүү гэрчийг шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т шүүх хуралдаанд оролцсон оролцогчийн нэрийг шийтгэх тогтоолд дурдах ёстой.
Гэвч шийтгэх тогтоолд гэрч Ц.М-н нэрийг бичээгүй нь шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд давж заалдах шатны шүүхээс Т.Т-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянасан бөгөөд энэхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийн талаар дурдаагүй.
Иймд шийтгэх тогтоол, магадлальг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаатар хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Т-д холбогдох хэргийг бодитой шийдвэрлэсэн. Тийм учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Т.Т-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагад нийцсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Т.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Т.Т- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 14 дүгээр гудамжны 3706 тоот 260 м.кв газрыг иргэн Ц.Б-т зарна гэж хуурч, мэхлэн 10,020,000 төгрөгийг залилсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Т.Т-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Т-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Т-гийн үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, ...шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоол, магадлальг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 850 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 831 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т- болон түүний өмгөөлөгч Б.Батсүх нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН