| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1192/Э |
| Дугаар | 616 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 616
Н.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 926 дугаар магадлалтай, Н.Х-д холбогдох 1906006800068 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ***, ял шийтгүүлж байгаагүй, Г улаан овогт Н-н Х-.
Н.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** тоотод байрлах өөрийн гэртээ болон тус дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны баруун талд ** дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 3.9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Х-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар түүнд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг 1 жилийн хугацаанд хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ш.Нямдоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүхээс Н.Х-д ял шийтгэл оногдуулахдаа илтэд ял хөнгөрүүлэх нэг талыг баримталж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигийн талаар бодитой дүгнэлт хийлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, хуулийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...-ий гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох”-оор тус тус заасныг зөрчиж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг шүүхийн тогтоолд заасан үндэслэл, хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.
Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно гэж тус тус тодорхойлсон.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар зөвхөн шүүхэд олгосон гэдгээр хуулийг тайлбарлаж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг зөвтгөсөн нь прокурорын эсэргүүцэлд дурдсан хууль зүйн үндэслэлийг няцаан үгүйсгэсэн хэлбэр бус, зөвхөн шүүхийн эрх хэмжээг тайлбарласан төдий заалт болжээ.
Иймд Н.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Х-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан. Түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж прокуророос эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан. Үүнтэй нийцэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих асуудал бүрэн шалгагдсан. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэг нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэндэд үр дагавар үүсгэж байдаг. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мансууруулах бодис түүний нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, эрүүгийн хариуцлагыг адил тэнцүү хэрэглэснээр төрийн бодлогыг тодорхойлох нь зүйтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар зүйлд заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг анхаарч үзээгүй. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Н.Х-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 5 хүртэлх жилийн хугацаагаар тэнсэж болох талаар зохицуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт иргэд янз бүрийн байдлаар холбогдож байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулдаг. Анхан шатны шүүх Н.Х-д ял оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийсэн болон хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 жилийн хугацаагаар хориглох, хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Н.Х- нь үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мансууруулах бодисын хамааралтай шинж тэмдэг илрээгүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаагаас гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн авга ахынхаа элэгний донор болж элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон, байнгын эмнэлгийн хяналтад байгаа зэрэг хорих ялыг биеэр эдлэхэд саад болохуйц эрүүл мэндийн шалтгаан үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс Н.Х-д заавал хорих ял оногдуулах ёстой гэж үзэж байгаа цаад нарийн учир шалтгааныг мэдэхгүй байна. Н.Х- нь айдас, тайвширлаа дарахын тулд хэрэглэсэн. Энэтхэг улсад очиход нь донор болох хүний хагалгааны талаар бичлэг үзүүлсэн бөгөөд ирээд 3 хоног унтаагүй байдаг. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад зарж борлуулаагүй. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг айдас, нойргүйдлээ дарах зорилгоор хэрэглэсэн. Н.Х- нь одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд донорт элэгний 70 хувийг өгсөн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Н.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *** тоотод байрлах өөрийн гэртээ болон тус дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны гадна тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 3.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Н.Х-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Х-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.
Шүүгдэгч Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, шүүх Н.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлийг харгалзан үзсэн байх бөгөөд, үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу элэгний донор болж, элэг шилжүүлэн суулгах хүнд мэс ажилбарт орж, нэг хүний эрдэнэт амийг аварсан, үүнээс шалтгаалан одоо байнгын эмнэлгийн хяналтанд байх шаардлагатай байгаа зэрэг хувийн эрүүл мэндийн энэхүү онцгой нөхцөл байдлыг харгалзсаныг зөв гэж үзнэ.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахыг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон байтал тус бодисыг хэрэглэхийг хориглосон үйлдлийг үүрэг хүлээлгэх албадлагын аргатай адилтган дүгнэж хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн, мөн тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, эсхүл согтууруулах ундаа хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад хязгаарлалт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Үүний зэрэгцээ, хавтаст хэргийн материалд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах талаарх прокурорын шийдвэрийн эх хувь, зарим материалыг нууцлал болон нууцлалгүй танилцуулж болох хүрээг хэрхэн шийдвэрлэсэн, уг материалыг тодорхойгүйгээр хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд тэдгээрт энэхүү яллах дүгнэлтийн хүрээнд үл хамаарах ажиллагааны явцад сэжиглэгдэн шалгагдсан хэд хэдэн хүмүүсийн үйлдэл холбогдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байгаа зэрэг асуудалд Н.Х-д холбогдох хэргийг шийдвэрлэх хүрээнд ямар нэг үнэлэлт өгөх боломжгүй байгааг үүгээр тэмдэглэж байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд хязгаарлалт тогтоосон дээрх заалтыг хүчингүй болгож, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Ц.Насанбатын бичсэн “...Н.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 3 жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН