Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 131

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Булаг 4 дүгээр гудамж, 84 тоотод оршин суух, Шарнууд овгийн Дүүжийгийн Дэлгэрбаяр /РД:ТЖ78120775, утас:9937 7461/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо /Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, ЗДТГ-т байрлах утас:9913 5644/

 

Хариуцагч: Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хороо /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, 11 Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах утас:26 09 75, 32 69 75 /-нарт холбогдох

 

“Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль хүчингүй болсны улмаас учирсан хохирол 8,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр, түүний өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны төлөөлөгч Ч.Энхбат, хариуцагч Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одсүрэн, Д.Бат-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч С.Адъяадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дэлгэрбаяр нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Д.Дэлгэрбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ард иргэдийн итгэлийг хүлээж, төлөөлөгчөөр сонгогдсон юм. Гэтэл Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулийн дүнг хүчингүй болгож тус тойрогт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин сонгууль явагдсан. Ээлжит сонгуульд миний нэр дэвшин өрсөлдөхдөө 8,200,000 төгрөгийн зардал гаргасан. Энэ нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд, аудитын байгууллагаар шалгагдан баталгаажсан байна. Дахин сонгууль явагдсан учраас миний өмнөх сонгууль үр дүнгүй болсон. Тиймээс 2016.06.29-ний өдрийн сонгуульд зарцуулсан 8.200.000 төгрөгөө Сонгуулийн Ерөнхий хороо болон Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос аль алинаас нь нэхэмжилж байна. ” гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооний төлөөлөгч Ч.Энхбат нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Аймаг нийслэлийн Сонгуулийн хороо нь тухайн аймаг, Нийслэлийн хурал түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна. Хуулийн 31.4-т сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 5-аас 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал өгөх өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна... гэсэн заалтын хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор аймгийн Сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг орон нутагт зохион байгуулах үйл ажиллагаанд аймгийн Сонгуулийн хороо нь хууль бус шийдвэр гаргасан нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалаар тогтоогдсоны улмаас 2016.06.29-ний өдрийн ээлжит сонгуулийн холбогдох хэсгийн дүнг хүчингүйд тооцож дахин сонгуулийг 2016.10.29-ний өдөр болох ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуультай хамт нэг өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргаж татан буугдсан болно. Иймд УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймгийн сонгуулийн хороо нь Сонгуулийн Ерөнхий хорооны 2016.08.31-ний өдрийн 554 тоот 8 дугаар албан бичгээр татан буугдсаныг мэдэгдсэн тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.07.27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах чиг үүрэгтэй байгуулагдсан Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, Ө.Одсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах чиг үүрэг бүхий Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Сонгуулийн Ерөнхий хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5.2-т зааснаар аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайд дээд шатны сонгуулийн байгууллага нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо болно. Мөн Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь тухайн аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохин байгуулна.” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлд аймгийн Сонгуулийн хорооны эрх, хэмжээг тодорхойлсон байна. Иймд Сонгуулийн Ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах, аймаг нийслэлийн сонгуулийн хороодод тухай бүрт нь холбогдох асуудлаар зөвлөмж хүргүүлж ажиллаж байсан болно. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий хороог гэм буруутай гэж тогтоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгч хэрэгт Сонгуулийн Ерөнхий хороог гэм буруутай гэсэн баримтыг гаргаж өгөөгүй. Сонгуулийн Ерөнхий хороо нь аймгийн Сонгуулийн хороодод шийдвэр зөвлөмж хүргүүлдэг. Сонгуулийн Ерөнхий хорооноос Дарханн-Уул аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн зөвлөмжөө хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хуулиар хүлээн үүргээ хэрэгжүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т сонгуулийн зардал нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн зүйлд сонгуулийн зардлыг хэрхэн зарцуулах талаар хуульчилсан. Хандив гэдэг нь тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж байгаа явдал юм. Нэхэмжлэгч нь хандиваа хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан байсан. Тиймээс уг мөнгөө нэхэмжлэх эрх байхгүй.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 онд Д.Дэлгэрбаяр нь сонгуульд нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл Сонгуулийн хорооны буруутай үйл ажиллагаанаас болж дахин сонгууль явагдсан. Сонгуулийн хороо сонгуульд оролцсон нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаагүй бол өнөөдрийн хэлэлцэж буй маргаан үүсэхгүй байсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Тухайн үед Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй нэр дэвшигч нь шүүхэд хандахад бүх шатны шүүх Сонгуулийн хороог буруутай үйл ажиллагаа явуулсан байна гэж үзсэн. Дахин сонгууль явагдахад Энхзаяа, Д.Дэлгэрбаяр нар оролцсон. Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Сонгуулийн төв байгууллага нь байнгын  ажиллагаатай төрийн байгууллага байна гэж заасан. Сонгуулийн Ерөнхий хорооны 2016.4.18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Соёлмаа даргатай 9 гишүүнтэй Аймгийн Сонгуулийн хороо байгуулагдаж, 2016.7.07-ны өдрийн 262 дугаартай тогтоолоор татан буугдсан. Аймгийн сонгуулийн хороо нь хуулийн этгээдийн эрхгүй. Сонгууль улсын төсвөөр явагддаг бөгөөд Сонгуулийн Ерөнхий хорооноос төсөв баталж Аймгийн сонгуулийн хороо түүнийг нь зарцуулсан. Үндэслэл муутай улстөржсөн асуудлаас болж ийм байдалд хүрсэн тул Сонгуулийн тухай дагуу хариуцлага хүлээх ёстой.  Сонгуулийн тухай хуульд бусдад учирсан хохирлыг төр хариуцна гэж заасан.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойргийн дүн хүчингүй болсны улмаас учирсан гэм хорын хохирол сонгуулийн зардал 8 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулийн 3 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигч бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 1/01  тогтоолоор ...аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болсон тул бүрэн эрхийг баталгаажуулан 04 тоот үнэмлэх олгосон байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын өрсөлдөн олонхийн санал авч аймгийн Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхтэй болсон 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай О.Энхзаяагийн хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцсэн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр О.Энхзаяаг бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй зэрэг үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын О.Энхзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолын О.Энхзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.Энхзаяаг Дархан-уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-уул аймгийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрхи шийдвэрийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/ма2016/0395 тоот магадлалаар Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр бие даан нэр дэвшигч О.Энхзаяаг сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаснаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах эрхтэй болсон Аймгийн сонгуулийн хороо ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа хууль бус шийдвэр гаргаснаас Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-д зааснаар 3 дугаар тойргийн сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон нь Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Дахин сонгуулийн тов зарлах тухай” 19 тоот тогтоолын ...Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит Сонгуулийн Дархан сумын 3 дугаар тойрогт тус тус дахин сонгууль явуулахаар зарлан, сонгууль явуулах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр” гэсэн  тогтоох хэсгээр тогтоогдож байна.

  Дээрх тогтоол Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03–08-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэсэн буюу нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын өрсөлдөн, олонхийн санал авч аймгийн Иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхтэй болсон 3 дугаар тойргийн сонгуулийн дүнд нөлөөлсөн буруутай үйл ажиллагаа буюу сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөнийг  тогтоосон байна.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр шүүх хуралдаанд хариуцагч нар эзэнгүйдүүлэх оролдлого хийж байгаа тул хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, хууль бус шийдвэр гаргасан Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороог байгуулах шийдвэр гаргасан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос ...нэр дэвшин өрсөлдөхдөө 8 200 000 төгрөгийн  зардал гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас дахин сонгууль явагдах болсноор энэ зардал ямар ч үр дүнгүй болсон тул  надад учирсан гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлж байгаа бөгөөд хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...аймаг, нийслэлийн хурлын сонгуулийн тухайн дээд шатны байгууллага нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороо болно, Сонгуулийн Ерөнхий хороо нь сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж хүргүүлэх чиг үүрэгтэй, холбогдох асуудлаар зөвлөмж хүргүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй, хандив 8,200,000 төгрөг хуульд зааснаар хандивын зорилгод нийцэн сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдсан тул нэхэмжлэх эрхгүй..., хариуцагчийн төлөөлөгч ...аймгийн Сонгуулийн хороо татан буугдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж... гэж маргаж байгаа болно.

Сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ...Нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргана, энэ нь хандив, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө байна... гэж хуульчилснаар Д.Дэлгэрбаяр иргэн Тунгалагтамираас 2,200,000 төгрөг, Алтанцэцэгээс 3,000,000 төгрөг, Нэргүйгээс 3,000,000 төгрөг хандивт авч нийт сонгуулийн орлого 8,200,000 төгрөг болсныг мөн Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар зарцуулсан зориулалтаа тайлагнасан байна.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярт нэр дэвшигчийнх нь хувьд сонгуулийн үйл ажиллагаанд нь нэмэр, тусламж болгон Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар иргэн хандив өгсөн, түүнийг нь нэр дэвшигч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан зориулалтаар нь зарцуулж хандивын зорилго биелэгдсэн байна.

Нэр дэвшигчийн хувьд бусдаас мөнгөн тусламж болгож ирүүлсэн 8,200,000 төгрөгийн хэмжээгээр орлоготой болсноос тохирох татварыг эрх бүхий байгууллагад төлсөн гэж байгаа боловч нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар сонгуулийн зардал нь өөрийн хөрөнгөөс оруулсан орлого, хандивын орлогоос бүрдэх бөгөөд нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр сонгуулийн үйл ажиллагаанд бусдаас сонгуулийн үйл ажиллагаанд зориулж болох 8,200,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулан тухайн тойрогт төлөөлөгч болон эрхээ баталгаажуулсан үр дүн нь сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийн улмаас дахин сонгууль улмаар ээлжит сонгууль явагдах болсноор үр дүнгүй болсон гэж байгаа боловч Д.Дэлгэрбаяр тухайн хандивыг өөрийгөө таниулах, сурталчлах зорилгодоо ашигласан, үр дүн нь гарсан бөгөөд өөрөөс нь шууд гарсан бодит зардал биш байна.

Иймд нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос 8,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Д.Дэлгэрбаярын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойргийн дүн хүчингүй болсны улмаас учирсан гэм хорын хохирол буюу сонгуулийн зардал 8,200,000 төгрөгийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд урьдчилан төлсөн 146 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ОЮУНДАРЬ

 

                                       

                                        ШҮҮГЧИД                                      Д.АЛТАНТУЯА

 

 

                                                                                              З.ТУНГАЛАГМАА