Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01180

 

 

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 102 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Одончимэг, Э.Э- нараас нийт 54 118 755 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Н-т төлбөр төлөгч Э.Э-, Б.Одончимэг нар нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр 151 350 000 төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон, 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот, 3 өрөө орон сууцыг 91 837 162 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 4/1165 дугаар мэдэгдлийг 2020 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч мэдлээ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хотын төвийн А зэрэглэлийн 50,45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулна ..., мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт ... талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Уг үнэлгээг гаргахдаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо нь газар зүйн байршлын хувьд ч ашигтай талбайн хувьд ч Баянзүрх дүүргийн Сансар орчмын 3 өрөө орон сууц нь 120 000 000 төгрөгөөс 150 000 000 төгрөгийн хооронд зах зээлд худалдан борлогдож байдаг. Уг байр нь зах зээлийн үнээр үнэлэгдсэн бол 120 000 000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр Б.Одончимэг, Э.Э- нараас 54 617 499 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг биөлүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот, 50.45 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 сарын 10-ны өдрийн 19290656 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 19290656/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 192900656/02 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч Б.Одончимэг, Э.Э- нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлснийг төлбөр авагчид мэдэгдэхэд зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор харөнгийн үнэлгээний Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилоход, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 91 837 162 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 4/1165 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үнэлгээг зах зээлийн үнээс хэт бууруулж гаргасан талаар нотлох баримт байхгүй байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нараас 151 350 000 төгрөгийн үнийн санал өгсөн байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 91 837 162 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлалын дагуу гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, харьцуулалтын аргыг хэрэглэхдээ орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй, хэдэн оны ямар орон сууцтай харьцуулсан нь тодорхойгүй байтал үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00102 дугаар шийдвэрээр Б.Одончимэг, Э.Эрдэнсувд нараас 54 118 755 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгож, төлбөр төлөгч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох иргэн Б.Одончимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байр, 18 тоот хаягт байршилтай, 50,45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045071 дугаартай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 59-60-р тал/

 

Төлбөр төлөгч Б.Одончимэг, Э.Э- нар шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 342 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 57-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Э.Э-ад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2019 оны 6 сарын 06, 8 сарын 26, 9 сарын 26, 10 сарын 23-ны өдөр тус тус хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 69 дүгээр байр, 18 тоот хаягт байршилтай, 50,45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045071 дугаартай, 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 23-ны өдөр битүүмжилж, 2019 оны 12 сарын 20-ны өдөр хураасан байна. /хх-ийн 64-82-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Б.Одончимэг, Э.Э- нараас үнийн санал авахад 151 350 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 83-84-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 91 837 162 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Э.Э-ад 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 85-126-р тал/

 

Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгч тайлбар болон давж заалдах гомдолдоо барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх боловч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ