Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/01035

 

 

А.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Ө-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Э-од холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, түрээсийн төлбөрт нийт 52 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран ажиллах гэрээний үүрэгт 9 731 611 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Ө- миний бие Ө.Э-той харилцан тохиролцсоны дагуу эхний удаа 2016 оны 12 сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр Ө.Э-ын Хаан банкны 5034669793 тоот данс руу шилжүүлсэн. Ө.Э- нь анх мөнгө зээлэхдээ машин угаалгын газар нээнэ гэж надад хэлж байсан. Тун удалгүй Ө.Э- нь нэмээд 10 000 000 төгрөг зээлдүүлчих гээд гуйгаад байхаар нь итгээд 2017 оны 1 сарын 25-ны өдөр Ө.Э-ын данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 10 000 000 төгрөгийг мөн л түрүүчийн гэрээтэй адил нөхцөлтэйгээр зээлдүүлнэ хэмээн ярилцсан байсан бөгөөд зээлийн гэрээг 2017 оны 4 сарын 06-ны өдөр хийсэн. Сүүлийн 10 000 000 төгрөгийн гэрээ нь 2017 оны 4 сарын 06-наас 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээтэй мөнгөнөөс гадна би Ө.Э-од 2017 оны 4 сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр 7 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлж байсан. Мөн Ө.Э-ын өмнөөс Сод Монгол групп ХХК-д түрээсийн мөнгө болох 2 000 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. 2016 оны 12 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 20 500 000 төгрөг, 2017 оны 4 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 20 500 000 төгрөг, 2017 оны 4 сарын 01-ний өдрийн 2 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 30-ны өдрийн 7 000 000 төгрөг, Сод Монгол групп ХХК-д Ө.Э-ын өмнөөс шилжүүлсэн 2 000 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Э- нь Ви ай пи кар вош ХХК-ийн захирал ажилтай бөгөөд уг компани нь авто үйлчилгээний салбарт автомашин угаалга, авто хальс, нано хамгаалалт зэрэг үйлчилгээ үзүүлдэг, хэрэглэгчдэд нэгэнт танигдсан, олон үйлчлүүлэгчтэй нэр хүндтэй компани юм. Ө.Э- 2017 оны эхээр А.Ө-тай танилцсан бөгөөд тухайн үед А.Ө- нь БНСУ-д зөвшөөрөлгүй ажиллаж байгаад баригдаад ирчихсэн, дахин виз гаргуулахын тулд бизнес эрхэлж байсан түүхтэй болох хэрэгтэй байна гэж ярьж байсан байдаг. Ө.Э-ын хувьд компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, нэмж өөр салбар үйлчилгээнүүдээ ажиллуулах зэргээр компанидаа нэмэлт хөрөнгө оруулалт оруулах шаардлага байсан учраас А.Ө-, Ө.Э- нар харилцан ярилцаад хэн хэндээ туслалцаа үзүүлж хамтарч ажиллахаар тохиролцсон байдаг. А.Ө- нь Ви ай пи кар вош ХХК-ийн ажлын байранд Ө.Э-ын нэгэнт тохижуулж, тоног төхөөрөмжөө суурилуулсан авто хальс наах үйлчилгээг хариуцаж ажиллуулах, Ө.Э- нь авто хальс наах үйлчилгээг өмнө нь 3 жил гаруй хугацаанд ажиллуулсан туршлага, байнгын үйлчлүүлэгчтэй болсон байдал, түүний өмчлөлийн суурилагдсан тоног төхөөрөмж бэлэн байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзээд энэ авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгаас 60 хувийг, А.Ө- 40 хувийг авч байх, Ө.Э- нь ашгаасаа үндсэн зээл, зээлийн хүүгээ төлж байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн байдаг. Нэгэнт ингэж тохиролцсон учир Ө.Э-, А.Ө- нарын хооронд 2 удаа 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Ө.Э- 20 000 000 төгрөгийг хүлээн авч, А.Ө- 2017 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн авто хальс наах үйлчилгээг хариуцан ажиллууж эхлүүлсэн. Энэ хэлцэл байгуулагдсан эхэн үедээ А.Ө- тухай бүр орсон орлогоо танилцуулж, сарын сүүлд ашгаасаа зээлийг хүүг тооцлоо, ашигтай ажиллаж байна гэж тайлагнаж байснаа сүүлдээ орлогоо зориудаар нуух, авто хальс наах үйлчилгээний орлогыг л зөвхөн авч байх Худалдаа хөгжлийн банкны дансанд орлогоо тушаахгүй байх, өөрийн эхнэрийн Хаан банкны дансанд орлогоо хийх зэргээр итгэл эвдсэн үйлдлүүдийг гаргаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр хуурч эхэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлуудаас болж тэдний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болж 2017 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэх Ө.Э- өөрөө авто хальс наах үйлчилгээгээ хариуцаж ажиллуулахаар болсон. Авто хальс наах үйлчилгээг А.Ө- хариуцаж ажиллуулж байсан үе нь ашиг орлого өндөртэй байдаг улирал байсан төдийгүй, орлого хангалттай орж байсныг Ө.Э- болон түүний ажилчид бүгд мэдэж байсан боловч А.Ө- нь ашиг гэж нэг ч төгрөгийг Ө.Э-од өгөөгүй. Тийм ч учраас энэ хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон боловч 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 560 тоот прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгаж байх явцад Тэд аудит ХХК-иар аудитын дүгнэлт гаргуулж байсан бөгөөд уг аудитын дүгнэлтэд А.Ө- нь авто хальс наах үйлчилгээг хариуцан ажиллуулж байхдаа ашиг олж байсныг тогтоож байсан. Иймд Ө.Э- нь А.Ө-аас зээлсэн 20 000 000 төгрөгөө хүүгийн хамтаар авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгаасаа суутгуулан бүрэн төлсөн төдийгүй, үлдэх ашгаа ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ө.Э- цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Ө- санхүүгийн анхан шатны баримт, тайланг огт гаргаж байгаагүй болох нь нэгэнт тогтоогдсон ба прокурорын тогтоолоор Тэд аудит ХХК гэх санхүүгийн аудитын байгууллагыг шинжээчээр томилж, Ви ай пи кар вош ХХК-ийн авто хальс наах үйлчилгээний 2017 оны 2 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагааны орлого, зарлага, ашгийг тодорхойлуулсан. Тэд аудит ХХК-ийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн А/18/Ш/06 тоот аудитын дүгнэлтэд А.Ө- нь тухайн үйлчилгээг эрхлэн явуулсан хугацаандаа нийт 16 219 352 төгрөгийн ашигтай ажилласан байх магадлалтай байна гэж дүгнээд нотлох баримтад тулгуурласан тооцоог дүгнэлтдээ хавсаргасан байдаг. Гэтэл Ө.Э- дээрх ашгаас өөрт ногдох хувь хэмжээг огт авч байгаагүй бөгөөд А.Ө- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ө.Э-ыг авсан зээлээ хүүгийн хамтаар огт төлөөгүй гэж дурьдаад, өгсөн зээлээ хүүгийн хамт бүхэлд нь шаардаж маргаж байгаа тул аудитын дүгнэлтэд дүгнэсэн ашиг болох 16 219 352 төгрөгийн 60 хувийг буюу 9 731 611 төгрөгийг Ө.Э- авах ёстой. Иймд А.Ө-аас Ви ай пи кар вош ХХК-ийн авто хальс наах үйлчилгээг эрхлэн явуулж байх хугацааны Ө.Э-од ногдох ашиг болох 9 731 611 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ө.Э- нь өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай болж нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон тул өөрийн найз А.Ө-тай тохиролцоог хийсэн, энэ тохиролцоогоор Ө.Э- нь А.Ө-аас мөнгө зээлж, А.Ө- нь Ө.Э-ын компанийн үйл ажиллагааны нэг хэсэг болох хальс наах үйчилгээг хариуцан ажиллуулахаар болж, тус хальс наах үйлчилгээнээс олсон орглогын 60 хувийг Ө.Э-, үлдэгдэл 40 хувийг А.Ө- авахаар тохирсон хэмээн худал бичсэн байна. Дээрх бичсэн зүйл үнэн байсан бол А.Ө- мөнгө зээлдүүлэх зээлийн гэрээг бичгээр хийгээд байхад, хамтран ажиллах тал дээр хийсэн тохиролцоо бичгэн хэлбэрээр хийх байсан болов уу. Мөн ямар ч хүн хүнд мөнгө зээлчихээд тэр мөнгөө өөрийн хөдөлмөрөөр өөртөө төлнө гэдэг худлаа асуудал юм. Ийм хамтын ажиллагааг миний хувьд хүлээн зөвшөөрөх нь байтугай Ө.Э-оос сонсож ч байгаагүй болно. Үнэхээр хамтын ажиллагааны тохиролцоо байсан бол үйл ажиллагаа явуулах эдийн засгийн асуудлаа ярилцаж байж ашгаа хуваах асуудал яригдах байсан болов уу. Бодит байдал дээр Ө.Э- нь эдийн засгийн гачигдалтай ажиллуулж байсан газрынхаа мөнгийг төлж чадахгүйн улмаас Ө.Өлзийбаатарыг оруулсан бөгөөд А.Ө- нь тухайн хальс наах үйлчилгээг дан өөрөө хариуцан ажиллуулж байсан. Үйл ажиллагааны зардлыг өөрөөсөө гаргаж, Солонгос улсаас хальс өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн, ажилчдаа цалинжуулах, үйл ажиллагааны бүх зардал болох ус цахилгаан тог гээд бүх зардлыг хариуцан төлж байсан нь хамтын ажиллагаа байгаагүй гэдгийг нотолж байна. Ө.Э- нь өөрөө өөр ажил хийхээр болсон гэж ойлгуулж байсан. Ө.Э- нь зээлсэн мөнгөө өгөхгүй хэмээн арга саам хайн А.Ө-ыг Баянгол дүүргийн цагдаад өгч шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. А.Ө- миний бие нь Солонгос улсад олон жил хар ажил хийж зовж олсон хэдэн төгрөгийг минь Ө.Э- нь зээлнэ хэмээн хуурч авчихаад одоо ингээд миний хөдөлмөрлөсөн хөдөлмөрөөр минь төлчихсөн хэмээн зүтгэж байгаа нь хэтэрхий шударга бус байна. Зээлийн гэрээн дээр Ө.Э- нь тухайн мөнгийг хүүтэй, хугацаатай авсан гэж байгаа бөгөөд тухайн зээлсэн мөнгийг хамтран ажилласан мөнгөнөөс суутган авна гэсэн өгүүлбэр байхгүй болно. Шүүхээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Э-оос 37 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 600 000 төгрөгт холбогдох хэсэг болон ногдох ашиг 9 731 611 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 344 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ө.Э- нь Ви ай пи кар вош ХХК-ийн авто хальс наах үйлчилгээг А.Ө- эрхлэн явуулж байх хугацааны ашигаас өөрт ноогдох 9 731 611 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь үндэслэлтэй бөгөөд энэхүү тохиролцоогоо нотлохоор өөрийн зүгээс нотлох баримтаа бүрдүүлж, мөн гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмаар Баянгол дүүргийн прокурорын газраас аудитын дүгнэлтийг гаргуулж, гэрч С.Зулцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атал шүүх гэрчийн мэдүүлэг болон аудитын дүгнэлтийг үнэлээгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс тайлбарын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Иймд хариуцагчийн зүгээс гаргасан хамтран ажилласан хугацааны өөрт ноогдох ашиг 9 731 611 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүхээс хариуцагч Ө.Э-оос 2016 оны 12 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг, 2017 оны 1 сарын 25-ны өдөр зээлсэн 10 000 000 төгрөг, 2017 оны 4 сарын 01-ний өдөр зээлсэн 2 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 30-ны өдөр зээлсэн 7 000 000 төгрөг, нийт 38 500 000 төгрөгийг гаргуулж хариуцагчийн төлсөн 1 000 000 төгрөгийг хасч 37 400 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 222 дүгаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж заасныг зөрчиж, 2016 оны 12 сарын 12-ний өдрийн зээлийн гэрээний хүү 3 000 000 төгрөгөөс алданги тооцож, 1 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч Ө.Э-оос нэхэмжлэгчид 2017 оны 5 сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 09-ний өдөр 100 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс гадна 2017 оны 1 сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 5 сарын 09-ний өдөр 100 000 төгрөг нийт 1 700 000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт байгаа Тэд аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийн хавсралт №2а, №2в-ээр нотлогдож байна. Гэтэл шүүхээс хариуцагчийг 1 100 000 төгрөг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд түүний төлсөн 600 000 төгрөгийг нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 37 400 000 төгрөгөөс, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9 731 611 төгрөг, хүүгээс алданги тооцсон 1 500 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 600 000 төгрөг нийт 11 831 611 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Ө- нь хариуцагч Ө.Э-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, түрээсийн төлбөрт нийт 52 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний үүрэгт 9 731 611 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2016 оны 12 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А.Ө- нь хариуцагч Ө.Э-од 10 000 000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай /хх-ийн 4-р тал/,

2017 оны 4 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч А.Ө- нь 2016 оны 12 сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2017 оны 1 сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус хариуцагч Ө.Э-ын данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-7-р тал/

Мөн зохигчид бичгээр гэрээ байгуулалгүйгээр нэхэмжлэгч А.Ө- нь 2017 оны 4 сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 2017 оны 5 сарын 30-ны өдөр 7 000 000 төгрөгийг хариуцагч Ө.Э-од тус тус зээлдүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 99-100-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч Ө.Э- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч А.Ө- нь хууль буюу гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч А.Ө- нь 2016 оны 12 сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 20 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үндсэн зээлд 10 000 000 төгрөг, түүний хүүд 3 000 000 төгрөг, алдангид 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг хариуцагч Ө.Э-оос гаргуулж, нэхэмжлэгч А.Ө-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Түүнчлэн, зохигчид 2017 оны 4 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч А.Ө- нь гэрээ байгуулсан өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагч Ө.Э-од шилжүүлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. Иймд энэхүү зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн нэхэмжлэгч А.Ө- нь хариуцагч Ө.Э-од 2017 оны 4 сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 30-ны өдөр 7 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдогсон байх тул хариуцагч Ө.Э-оос 9 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ө-т олгох үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх Сод монгол групп ХХК-д хариуцагч Ө.Э-ын өмнөөс нэхэмжлэгч А.Ө-ын шилжүүлсэн гэх 2 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, гэрч Б.Лхагвасүрэнгийн ... миний дансанд 10 000 000 төгрөгийн хүү орж ирсэн, өөр мөнгө орж ирээгүй ... гэх мэдүүлэгт үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагаас 1 100 000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх-ийн 173-р тал/

 

Иймд хариуцагч Ө.Э-оос эхний зээлийн гэрээний үүрэгт нийт 19 500 000 төгрөг /10 000 000 үндсэн зээл + 3 000 000 хүү + 6 500 000 алданги/, 2 дахь зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг, 2017 оны 4 сарын 01-ний өдөр зээлдүүлсэн 2 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 7 000 000 төгрөг, нийт 38 500 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 100 000 төгрөгийг хасч 37 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Ө.Э- нь нэхэмжлэгч А.Ө-аас авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгийн 60 хувь гэх 9 731 611 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтран ажиллах гэрээний онцлог нь талууд тодорхой үр дүнд хүрч, ашиг олох, бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтын үйл ажиллагаагаар нэгдэж, хамтын удирдлагыг хэрэгжүүлэх явдал байдаг. Гэвч талууд хамтран ажиллах гэрээ байгуулж, тодорхой ашгийг хувааж авахаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч Ө.Э- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа болон давж заалдах гомдолдоо талууд хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, ашгийг 60, 40 хувиар хувааж авахаар тохиролцсон болох нь гэрч С.Зулцэцэгийн мэдүүлэг болон Тэд аудит ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогдоно гэх боловч тухайн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээр талуудыг хамтран ажиллах гэрээ байгуулсан, хариуцагч Ө.Э- 60 хувийн ашгийг, нэхэмжлэгч А.Ө- нь 40 хувийн ашгийг авахаар тохиролцсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Гэрч С.Зулцэцэг нь Би Вип каар воош ХХК-д гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байсан тул өдөр болгон очих боломжгүй, орлого хөтлөхгүй байна гээд хуулгыг нь авч тооцсон..., ... хамтын ажиллагааны талаар гэрээ хараагүй ... гэж мэдүүлсэн. /хх-ийн 116-117-р тал/

 

Хариуцагч Ө.Э- нь дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тухайн үед Тэд аудит ХХК дүгнэлт гаргасан байх бөгөөд 2019 оны 3 сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 12-р тал/ Хэдийгээр Тэд аудит ХХК-ийн дүгнэлт хэрэгт авагдсан хэдий ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримт нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэгдэх боломжтойгоос гадна тухайн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул ногдох ашиг гэх 9 731 611 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг хангуулах талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо хүүгээс анз тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэгт төлөгдөөгүй зээл, гэрээний хугацааны хүү хамаарна. Харин зээлдэгч зээлсэн мөнгийг тогтоосон хугацаанд буцааж өгөх үүргээ зөрчсөн тохиолдолд хэтрүүлсэн хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт зааснаар тохирсон хүү төлөх ба энэхүү хүүгээс анз тооцохгүй талаар мөн зүйлийн 222 дугаар зүйлийн 222.6-т заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан г хангахгүй орхих .

 

167 167.1.1 дэх :

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00672 дугаа шийдвэрийг ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ