Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00139

 

  

А.Өлзийбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00672 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1035 дугаар магадлалтай,

 

А.Өлзийбаатарын нэхэмжлэлтэй,

Ө.Эрдэнэболдод холбогдох,

 

52,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

9,731,611 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч А.Өлзийбаатараас Ө.Эрдэнэболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, түрээсийн төлбөрт нийт 52,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хамтын ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Ө.Эрдэнэболд, 40 хувийг А.Өлзийбаатар авах, мөн тухайн зээлсэн мөнгийг хамтран ажилласан мөнгөнөөс суутган авна гэж тохиролцсон зүйл огт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нь ...талууд харилцан тохиролцож, авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгаас 60 хувийг Ө.Эрдэнэболд, 40 хувийг А.Өлзийбаатар авч байх, Ө.Эрдэнэболд нь ашгаасаа үндсэн зээл, зээлийн хүүгээ төлж байхаар харилцан тохиролцож, амаар хэлцэл хийсэн байдаг. ...Ө.Эрдэнэболд нь А.Өлзийбаатараас зээлсэн 20,000,000 төгрөгөө хүүгийн хамтаар олсон ашгаасаа суутгуулан бүрэн төлсөн, үлдэх ашгаа ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирч байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...аудитын дүгнэлтэд дүгнэсэн ашиг болох 16,219,352 төгрөгийн 60 хувь буюу 9,731,611 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00672 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Эрдэнэболдоос 37,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Өлзийбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон ногдох ашиг 9,731,611 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1035 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Ө.Эрдэнэболдын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй бөгөөд тохиролцоогоо нотлохоор өөрийн зүгээс нотлох баримтаа бүрдүүлж, мөн гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмаар Баянгол дүүргийн Прокурорын газраас аудитын дүгнэлтийг гаргуулж, гэрч С.Зулцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атал шүүх гэрчийн мэдүүлэг болон аудитын дүгнэлтийг үнэлээгүй, түүнчлэн хариуцагчийн зүгээс тайлбарын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

4.2. Мөн давж заалдах шатны шүүхээс талуудын хамтран ажиллах гэрээ байгуулж, тодорхой ашгийг хувааж авахаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна гэж үзсэн нь илт үндэслэлгүй байна.

Шүүхээс Тэд Аудит ХХК-ийн дүгнэлт хэрэгт авагдсан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримт нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсан тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэгдэх боломжтойгоос гадна тухайн дүгнэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул ногдох ашиг гэх 9,731,611 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу дээрх нотлох баримтуудыг Баянгол дүүргийн Прокурорын газраас гаргуулах хүсэлтийн дагуу шүүгч захирамжаар тус нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт хавсаргасан байна. Гэтэл тус баримтуудыг шүүхээс бичмэл нотлох баримт гэж үзээгүй, мөн үнэлээгүй нь илт үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.3. Шүүхээс хариуцагч Ө.Эрдэнэболдоос 2016.12.12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг, 2017.01.25-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөг, 2017.04.01-ний өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2017.05.30-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөг, нийт 38,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасч 37,400,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д Хүүгээс анз тооцохгүй гэж заасан ч шүүхээс 2016.12.12-ний өдрийн зээлийн гэрээний хүү 3,000,000 төгрөгөөс алданги тооцож 1,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагч Ө.Эрдэнэболдоос нэхэмжлэгчид 2017.05.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017.05.09-ны өдөр 100,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс гадна 2017.01.25-ны өдөр 500,000 төгрөг, 2017.05.09-ний өдөр 100,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт байгаа Тэд аудит ХХК-ийн аудитын дүгнэлтийн хавсралтаар нотлогдож байна. Гэтэл шүүхээс хариуцагчийг 1,100,000 төгрөг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд түүний төлсөн 600,000 төгрөгийг нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 37.400.000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9,731,611 төгрөг, хүүгээс алданги тооцсон 1,500,000 төгрөг, хариуцагчийн төлсөн зээлийн төлбөрт төлсөн 600,000 төгрөг, нийт 11,831,611 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч А.Өлзийбаатар: ...2016.12.12-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж хариуцагчид 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, 2017.01.25-ны өдөр дахин мөнгө шаардлагатай байна гэхээр нь өмнөх гэрээний нөхцөлөөр 10,000,000 төгрөгийг түрүүчийн данс руу нь шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс гадна түүний хүсэлтээр нийт 9,000,000 төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд түүний нэрийн өмнөөс Содмонгол группт түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөгийг төлсөн. ...Иймд зээл, зээлийн хүү, алданги, нийт 52,000,000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэж тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч А.Эрдэнэболд: ...өөрийн ажиллуулдаг автомашин угаалга, авто хальс, нано хамгаалалт зэрэг үйлчилгээ үзүүлдэг VIP Car Wash ХХК-д хэн хэндээ туслалцаа үзүүлээд хамтарч ажиллахаар тохиролцсон. Авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгаас 40%-ийг А.Өлзийбаатар, 60%-ийг Ө.Эрдэнэболд авахаар амаар хэлцэл хийсэн, энэ хугацаанд 20 сая төгрөгийг зээлж авсан. А.Өлзийбаатар нь 2017.02.01-ний өдрөөс 2017.10.01-ийг хүртэл авто хальс наах үйлчилгээг хариуцан ажиллуулсан. Энэ үе нь ашиг орлого өндөртэй байдаг улирал тул орлого хангалттай орж байсан бөгөөд зээлсэн 20 сая төгрөгөө хүүгийн хамтаар бүрэн суутгуулан төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ...Тэд-Аудит ХХК-ийн дүгнэлтээр 16,219,352 төгрөгийн ашигтай ажилласан нь тогтоогдсон тул дээрх ашгийн 60% болох 9,731,611 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээл авсан талаар хариуцагч мараагүй тул тэрээр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр хариуцагчаас зээлийн төлбөрт 37,400,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, харин хамтарч ажиллахаар тохирсон үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, ... хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хүүгээс анз тооцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... тул шийдвэр, магадлал үндэслэлгүй... гэжээ.

 

8.1. Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ бичгээр болон амаар байгуулагдсан, аль аль нь хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4., 43 дугаар зүйлийн 43.2.1.-д тус тус нийцжээ.

 

Талууд 2016.12.12-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, А.Өлзийбаатар 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, Ө.Эрдэнэболд гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг гэрээнд заасан нөхцөлөөр буцаан төлөх үүрэг хүлээсэн, гэрээний дагуу нэхэмжлэгч 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар маргаагүй, харин 2017.01.25-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлөөр зээлэхээр харилцан тохиролцсон гэх боловч гэрээ бичгээр байгуулаагүй, мөн 2017.04.01-нд 2,000,000 төгрөгийг, 2017.05.30-нд 7,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн нь баримтаар нотлогдсон байна.

 

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгөө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д, 282 дугаар зүйлийн 282.4.-т зохицуулсан.

 

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, ...анзын гэрээг бичгээр хийнэ, ...хууль болон гэрээнд заасан тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохирсон анзыг алданги гэнэ, ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 232.4., 232.6., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх 2016.12.12-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, алданги тооцож нийт 19,500,000 төгрөгийг гаргуулахаар, гэрээгүй шилжүүлсэн 19,000,000 төгрөгөөс төлсөн 10,100,000 төгрөгийг хасч нийт 37,400,000 төгрөгийг зээлийн төлбөрт гаргуулах, авто хальс наах үйл ажиллагаа явуулж байсан байрны төлбөрт төлсөн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэн байна.

 

Иймд нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

8.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргээс тооцох бөгөөд хариуцагчийн 2016.12.12-ны өдрийн Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг, үүнээс алданги тооцсон нь хууль зөрчөөгүй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйл нь хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг зохицуулсан байх бөгөөд энд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, хуулийн 222.6.-д заасан хүүгээс анз тооцохгүй гэх заалт тус хэтэрсэн хугацаанд тооцсон хүүгээс анз тооцохгүй гэдгийг зохицуулсан, иймд хуулийн дээрх заалтыг үндэслэн зээлийн хүү 3,000,000 төгрөгөөс алданги тооцохгүй гэх хариуцагчийн гомдол тус маргаанд хамаарахгүй тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 

8.3. Талууд хамтран ажиллах гэрээ байгуулж, тодорхой хувиар ашгийг хувааж авахаар харилцан тохиролцсон гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/00672 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1035 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ө.Эрдэнэболдоос 2020.06.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД