Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

                    2020       02         18  

             101/ШШ2020/00672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ө /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Э /-д холбогдох, 

2016 оны 12 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20,500,000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 20,500,000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 7,000,000 төгрөг, “С ” ХХК-д Ө.Э ын өмнөөс төлсөн 2,000,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ногдох ашиг 9,731,611 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“А.Ө  миний бие Ө.Э той харилцан ярилцаж, тохиролцсоны дагуу эхний удаа 2016 оны 12 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг 2016 оны 12 сарын 12-ны өдөр Ө.Э ын Хаан банкны ******* тоот данс руу миний эхнэр Б.Лхагвасүрэн нь бидний дундын эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данснаас уг мөнгийг шилжүүлсэн болно. Бид хамт явж байсан боловч би банкны гадаа хүүхдээ хараад байж байсан юм. Ө.Э  нь анх мөнгө зээлэхдээ *******-д машин угаалгын газар нээх гээд мөнгө их хэрэг болоод байна гэж надад хэлж байсан. Тун удалгүй Ө.Э  нь надтай уулзаад хөгшиндөө нэмээд 10,000,000 төгрөг зээлдүүлчих. Машин угаалгын газар эхлүүлэхэд их мөнгө шаардлагатай байдаг юм байна, найз нь ажил жигдрээд мөнгө гараад ирэнгүүт мөнгийг чинь хурдан өгнө гээд гуйгаад байхаар нь түүнд итгээд 2017 оны 01 сарын 25-ны өдөр Ө.Э ын данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 10,000,000 төгрөгийг мөн л түрүүчийн гэрээтэй адил нөхцөлтэйгээр зээлдүүлнэ хэмээн ярилцсан байсан бөгөөд зээлийн гэрээг 2017 оны 04 сарын 06-ны өдөр хийсэн болно. Сүүлийн 10,000,000 төгрөгийн гэрээ нь 2017 оны 04 сарын 06-наас 2017 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Дээрх зээлийн гэрээтэй мөнгөнөөс гадна би Ө.Э од 2017 оны 04 сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлж байсан. Одоо л ажил жигдрэх гээд байна хэмээн удаа дараа байнга гуйгаад байсан болохоор өгчихсөн юм. Мөн Ө.Э ын өмнөөс “С ”-т түрээсийн мөнгө болох 2,000,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж байсан болно. Миний хувьд учиргүй их мөнгөтэй хүн биш бөгөөд Ө.Э  нь намайг БНСУ-д ажиллаж байгаад ирсэн гэдгийг мэддэг, нэг ч гэсэн хүний амьдрал тэгшрэг дээ гэсэн бодлоор түүнд удаа дараа эхнэрээ уурлуулан байж мөнгө зээлдүүлдэг байсан бөгөөд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгийг минь энэ хүн л авсан юм. Би түүнд хүний нутагт олсон хэдэн төгрөгөө өгсөн бөгөөд Ө.Э  нь одоо болохоор өгөх ёсгүй мэт аашилж намайг бүр эрүүгийн журмаар шалгуулж их гомдоож байна. Үнэндээ хүнээ таньж чадалгүй гэр бүлийн хүнээ уурлуулан байж мөнгө төгрөгөө өгсөндөө одоо хүртэл харамсаж байна. 2016 оны 12 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 7,000,000 төгрөг, “С ”-т Ө.Э ын өмнөөс шилжүүлсэн 2,000,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тус шүүхэд Ө.Э ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ө.Э  нь өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай болж нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон тул өөрийн найз А.Ө тай тохиролцоог хийсэн, энэ тохиролцоогоор Ө.Э  нь А.Ө аас мөнгө зээлж, А.Ө  нь Ө.Э ын компаний үйл ажиллагааны нэг хэсэг болох хальс наах үйчилгээг хариуцан ажиллуулахаар болж, тус хальс наах үйлчилгээнээс олсон орглогын 60 хувийг Ө.Э , үлдэгдэл 40 хувийг А.Ө  авахаар тохирсон хэмээн худал бичсэн байна. Дээрх бичсэн зүйл үнэн байсан бол А.Ө  мөнгө зээлдүүлэх зээлийн гэрээг бичгээр хийгээд байхад, хамтран ажиллах тал дээр хийсэн тохиролцоо бичгэн хэлбэрээр хийх байсан болов уу. Мөн ямар ч хүн хүнд мөнгө зээлчихээд тэр мөнгөө өөрийн хөдөлмөрөөр өөртөө төлнө гэдэг худлаа асуудал юм. Ийм хамтын ажиллагааг миний хувьд хүлээн зөвшөөрөх нь байтугай Ө.Э оос сонсож ч байгаагүй болно. Үнэхээр хамтын ажиллагааны тохиролцоо байсан бол үйл ажиллагаа явуулах эдийн засгийн асуудлаа ярилцаж байж ашгаа хуваах асуудал яригдах байсан болов уу. Үнэн бодит байдал дээр Ө.Э  нь эдийн засгийн гачигдалтай ажиллуулж байсан газрынхаа мөнгийг төлж чадахгүйн улмаас Ө.Ө ыг оруулсан бөгөөд А.Ө  нь тухайн хальс наах үйлчилгээг дан өөрөө хариуцан ажиллуулж байсан. Үйл ажиллагааны зардлыг өөрөөсөө гаргаж, Солонгос улсаас хальс өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн, ажилчдаа цалинжуулах, үйл ажиллагааны бүх зардал болох ус цахилгаан тог гээд бүх зардлыг хариуцан төлж байсан нь хамтын ажиллагаа байгаагүй гэдгийг нотолж байна. Ө.Э  нь өөрөө өөр ажил хийхээр болсон гэж ойлгуулж байсан. Ө.Э  нь зээлсэн мөнгөө өгөхгүй  хэмээн арга саам хайн А.Ө ыг Баянгол дүүргийн цагдаад өгч шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. А.Ө  миний бие нь Солонгос улсад олон жил хар ажил хийж зовж олсон хэдэн төгрөгийг минь Ө.Э  нь зээлнэ хэмээн хуурч авчихаад одоо ингээд миний хөдөлмөрлөсөн хөдөлмөрөөр минь төлчихсөн хэмээн зүтгэж байгаа нь хэтэрхий шударга бус байдал гаргаж байна. Зээлийн гэрээн дээр Ө.Э  нь тухайн мөнгийг хүүтэй, хугацаатай авсан гэж байгаа бөгөөд тухайн зээлсэн мөнгийг хамтран ажилласан мөнгөнөөс суутган авна гэсэн өгүүлбэр байхгүй болно. Шүүхээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү хэмээн хүсч байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Ө ын нэхэмжлэлтэй, Ө.Э од холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 52,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ө.Э  нь “VIP Car Wash” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд уг компани нь авто үйлчилгээний салбарт автомашин угаалга, авто хальс, нано хамгаалалт зэрэг үйлчилгээ үзүүлдэг, хэрэглэгчдэд нэгэнт танигдсан, олон үйлчлүүлэгчтэй нэр хүндтэй компани юм. Ө.Э  2017 оны эхээр А.Ө тай танилцсан бөгөөд тухайн үед А.Ө  нь БНСУ-д зөвшөөрөлгүй ажиллаж байгаад баригдаад ирчихсэн, дахин виз гаргуулахын тулд бизнес эрхэлж байсан түүхтэй болох хэрэгтэй байна гэж ярьж байсан байдаг. Ө.Э ын хувьд компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, нэмж өөр салбар үйлчилгээнүүдээ ажиллуулах зэргээр компанидаа нэмэлт хөрөнгө оруулалт оруулах шаардлага байсан учраас А.Ө , Ө.Э  нар харилцан ярилцаад хэн хэндээ туслалцаа үзүүлж хамтарч ажиллахаар тохиролцсон байдаг. А.Ө  нь “VIP Car Wash” ХХК-ийн ажлын байранд Ө.Э ын нэгэнт тохижуулж, тоног төхөөрөмжөө суурилуулсан авто хальс наах үйлчилгээг хариуцаж ажиллуулах, Ө.Э  нь авто хальс наах үйлчилгээг өмнө нь 3 жил гаруй хугацаанд ажилуулсан туршлага, байнгын үйлчлүүлэгчтэй болсон байдал, түүний өмчлөлийн  суурилагдсан тоног төхөөрөмж бэлэн байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзээд энэ авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгаас 60 хувийг, А.Ө  40 хувийг авч байх, Ө.Э  нь ашгаасаа үндсэн зээл, зээлийн хүүгээ төлж байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн байдаг. Нэгэнт ингэж тохиролцсон учир Ө.Э , А.Ө  нарын хооронд 2 удаа 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Ө.Э  20,000,000 төгрөгийг хүлээн авч, А.Ө  2017 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн авто хальс наах үйлчилгээг хариуцан ажиллууж эхлүүлсэн. Энэ хэлцэл байгуулагдсан эхэн үедээ А.Ө  тухай бүр орсон орлогоо танилцуулж, сарын сүүлд ашгаасаа зээлийг хүүг тооцлоо, ашигтай ажиллаж байна гэж тайлагнаж байснаа сүүлдээ орлогоо зориудаар нуух, авто хальс наах үйлчилгээний орлогыг л зөвхөн авч байх Худалдаа Хөгжлийн банкны дансанд орлогоо тушаахгүй байх, өөрийн эхнэрийн Хаан банкны дансанд орлогоо хийх зэргээр итгэл эвдсэн үйлдлүүдийг гаргаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр хуурч эхэлсэн байдаг. Энэ нөхцөл байдлуудаас болж тэдний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болж 2017 оны 10 сарын 01-ны өдрөөс эхлэх Ө.Э  өөрөө авто хальс наах үйлчилгээгээ хариуцаж ажиллуулахаар болсон. Авто хальс наах үйлчилгээг А.Ө  хариуцаж ажиллуулж байсан үе нь ашиг орлого өндөртэй байдаг улирал байсан төдийгүй, орлого хангалттай орж байсныг Ө.Э  болон түүний ажилчид бүгд мэдэж байсан боловч А.Ө  нь ашиг гэж нэг ч төгрөгийг Ө.Э од өгөөгүй. Тийм ч учраас энэ хэрэг маргааныг эрүүгийн журмаар шалгуулахаар болсон боловч 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 560 тоот Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгаж байх явцад “*******” ХХК-иар аудитын дүгнэлт гаргуулж байсан бөгөөд уг аудитын дүгнэлтэд А.Ө  нь авто хальс наах үйлчилгээг хариуцан ажиллуулж байхдаа ашиг олж байсныг тогтоож байсан. Иймд Ө.Э  нь А.Ө аас зээлсэн 20,000,000 төгрөгөө хүүгийн хамтаар авто хальс наах үйлчилгээнээс олсон ашгаасаа суутгуулан бүрэн төлсөн төдийгүй, үлдэх ашгаа ч өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Э  цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Ө  санхүүгийн анхан шатны баримт, тайланг огт гаргаж байгаагүй болох нь нэгэнт тогтоогдсон ба Прокурорын тогтоолоор “Тэд-Аудит” ХХК гэх санхүүгийн аудитын байгууллагыг шинжээчээр томилж, “*******” ХХК-ийн авто хальс наах үйлчилгээний 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагааны орлого, зарлага, ашгийг тодорхойлуулсан. “Тэд-Аудит” ХХК-ийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн А/18/Ш/06 тоот аудитын дүгнэлтэнд А.Ө  нь тухайн үйлчилгээг эрхлэн явуулсан хугацаандаа нийт 16,219,352 төгрөгийн ашигтай ажилласан байх магадлалтай байна гэж дүгнээд нотлох баримтад тулгуурласан тооцоог дүгнэлтдээ хавсаргасан байдаг. Гэтэл Ө.Э  дээрх ашгаас өөрт ногдох хувь хэмжээг огт авч байгаагүй бөгөөд А.Ө  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ө.Э ыг авсан зээлээ хүүгийн хамтаар огт төлөөгүй гэж дурьдаад, өгсөн зээлээ хүүгийн хамт бүхэлд нь шаардаж маргаж байгаа тул аудитын дүгнэлтэд дүгнэсэн ашиг болох 16,219,352 төгрөгийн 60 хувийг буюу 9,731,611 төгрөгийг Ө.Э  авах ёстой. Иймд А.Ө аас “*******”-ийн авто хальс наах үйлчилгээг эрхлэн явуулж байх хугацааны Ө.Э од ногдох ашиг болох 9,731,611 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А.Ө  нь хариуцагч Ө.Э од холбогдуулан

- 2016 оны 12 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг,

- 2017 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг,

- 2017 оны 04 сарын 01-ний өдөр зээлсэн 2,000,000 төгрөг,

- 2017 оны 05 сарын 30-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөг,

- “С ” ХХК-д төлсөн 2,000,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг,

Хариуцагч Ө.Э  нь нэхэмжлэгч А.Ө т холбогдуулан  ногдох ашиг 9,731,611 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.     

             Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан дараах гэрээ нотлох баримтаар авагджээ. Үүнд:

- 2016 оны 12 сарын 12-ны өдрийн А.Ө  нь Ө.Э од 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцох  нөхцөлтэй Зээлийн гэрээ, /хх-4/

- 2017 оны 04 сарын 06-ны өдрийн А.Ө  нь Ө.Э од 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцох нөхцөлтэй Зээлийн гэрээ. /хх-6/

Дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нь 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн талаар маргаагүй боловч 2017 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд  дурдсан 10,000,000 төгрөгийг 2017 оны 01 сарын 25-ны өдөр зээлж авсан тул уг гэрээний үүрэгт хүү, алданги төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Хэрэгт 2016 оны 12 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банкны ******* дугаартай данснаас Ө.Э од шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тус данс нь нэхэмжлэгч А.Ө , түүний эхнэр Б.Лхагвасүрэн нарын хамтран эзэмшдэг данс байх бөгөөд хариуцагч нь эдгээр мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй. /хх- 5, 7, 9/

Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөнд хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги шаардах эрхтэй.

2016 оны 12 сарын 12-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан, тэдний хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдүүлэгч нь 10,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд гэрээ байгуулсан өдөр шилжүүлж өгөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ө.Э од тус зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж, 2017 оны 01 сарын 25-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан зээлийн гэрээнээс гадна 2017 оны 04 сарын 01-ний өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь эдгээр мөнгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь эдгээр мөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь банкны баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас 2,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /хх-99, 100/

Нэхэмжлэгч нь “С ” ХХК-д Ө.Э ын өмнөөс 2,000,000 төгрөг төлсөн тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шаардсан бөгөөд хариуцагч нь А.Ө  авто хальс наах үйлчилгээг ажиллуулж байх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцахаар тохиролцсон тул “С ” ХХК-д Ө.Э ын өмнөөс шилжүүлсэн гэх 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв. Нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг гарган шаардсан боловч 2017 оны 06 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх-8/

Хариуцагч нь мөнгө зээлсэн өдөр буюу 2016 оны 12 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, мөн сүүлд 600,000 төгрөгийг шилжүүлсэн талаар гэрч Б.Лхагвасүрэн мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн зээлийн төлбөрт мөнгө төлсөн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

             Хариуцагч Ө.Э  нь нэхэмжлэгч А.Ө  авто хальс наах үйлчилгээг хариуцаж ажиллуулах, олсон ашгаас 60 хувийг Ө.Э , 40 хувийг А.Ө  авах, Ө.Э  нь ашгаасаа зээл, зээлийн хүүгээ төлж байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг бүрэн төлсөн, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тул ногдох ашгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр зохицуулсан.

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч А.Ө  нь “С ” ХХК-ийн байранд хариуцагч Ө.Э ын “*******” ХХК-ийн авто хальс наах үйлчилгээг 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцан ажиллуулж байсан болох нь тогтоогдож байх боловч уг үйл баримтаар зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгч А.Ө  дээр дурдсан хугацаанд авто хальс наах үйлчилгээг эрхлэхдээ ашигтай ажилласан байдал нь хариуцагч Ө.Э од ашиг хуваарилах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Ө.Э  нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцсон, олсон ашгаас ногдох хэсгээр зээлийг төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, уг тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ө.Э оос 2016 оны 12 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 01-ний өдөр зээлсэн 2,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 30-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөг, нийт 38,500,000 төгрөгийг гаргуулахаас хариуцагчийн төлсөн 1,100,000 төгрөгийг хасч, 37,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,600,000 төгрөгт холбогдох хэсэг болон ногдох ашиг  9,731,611 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Э оос 37,400,000 /гучин долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,600,000 /арван дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгт холбогдох хэсэг болон ногдох ашиг 9,731,611 /есөн сая долоон зуун гучин нэгэн мянга зургаан зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,   хариуцагч Ө.Э оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 344,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө т олгосугай.

 

3.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР