Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/00297

 

 

М.Баярбатын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Баярбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 18-ны өдрийн шийдвэрээр надаас 55 006 500 төгрөг гаргуулж Ахим ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгө болох Ү-2201007324 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 226 байр, 28 тоот үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцох боломжийг олголгүй хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 93 060 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс илтэд багаар үнэлж, хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо хороонд байрлах, 3 өрөө орон сууцны зах зээлийн дундаж ханш 120 000 000 төгрөгөөр худалдаалагдаж байгааг үл хөдлөх хөрөнгө худалдаалах цахим мэдээллийн цахим хуудсаас харж болох юм. Мөн өнөөдрийг хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл, үнийн санал ирүүлэх тухай хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудыг хуулиар олгосон эрхийг олголгүй шинжээч томилсон нь хууль бус болжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэх тухай албан бичиг болон шинжээч томилсон тухай тогтоолыг М.Баярбатад мэдэгдээгүй. Иймд М.Баярбат миний Ү-2201007324 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр, 28 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 11-ний өдрийн 1370 дугаар магадлалаар М.Баярбатаас 55 509 690 төгрөгийг гаргуулж, Ахим ББСБ ХХК-д олгон, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Баярбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байрны 28 тоотод байрлах, 40 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан хөрөнгийг 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 18290855/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 18290855/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч М.Баярбатад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2018 оны 4/19482 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 308 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 59 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг М.Баярбат эс зөвшөөрч, 2019 оны 01 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 183/Ш32019/01185 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлж, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00306 дугаар шийдвэрээр М.Баярбатын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22б байрны 28 тоотод хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцыг 59 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж М.Баярбатад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/13135 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оюунчимэг нь М.Баярбатын оршин суух хаягт очин удаа дараа зарлан дуудах мэдэгдэл өгөхөд ирдэггүй, утсаа авдаггүй, итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд хугацаа заан хойшлуулсан тул 2019 оны 6 сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 93 060 000 төгрөгөөр үнэлэгдэж, 2019 оны 4/16268 дугаар мэдэгдлийг хүргүүлж, талуудад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/18339 дугаар мэдэгдэл, 2019 оны 9/11 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч М.Баярбатын оршин суух, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 65/7 дугаар байр, 3 тоот хаяг, итэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнион билдин 1204 тоот руу тус тус баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй болно. Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 10/07 дугаар тогтоол, 2019 оны 4/20081 дүгээр мэдэгдлийг мөн хаягаар баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба 2019 оны 10 сарын 14-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар М.Баярбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр, 28 тоотод байрлах, 40 м.кв орон сууц нь 60 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон, худалдан борлогдсон тухай 2019 оны 4/21695 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч М.Баярбатын оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 65/7 дугаар байрны 3 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч М.Баярбат нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 183/Ш32019/11862 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр, 28 тоот хаягт байрлах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Баярбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Ү-2201007324 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 226 байр 28 тоот үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь м.кв тооцож үнэлсэн байх бөгөөд шинжээч томилсон тогтоол болон хөрөнгийн үнэлгээний тайланд уг үл хөдлөх хөрөнгийн м.кв зөрүүтэйгээр үнэлж тогтоосон нь хууль бус болсон байх тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Баярбат нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00967 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 11-ний өдрийн 1370 дугаар магадлалаар нэхэмжлэгч М.Баярбатаас 55 006 500 төгрөгийг гаргуулж, Ахим ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд барьцааны эд хөрөнгө болох М.Баярбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22б байр, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007324 дугаартай, 40 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-24-р тал/

 

Нэхэмжлэгч М.Баярбат нь шүүхийн шийдвэр, магадлалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Ахим ББСБ ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 7 сарын 09-ний өдөр 183/ШШ2018/00764 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 16-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч М.Баярбатад 2018 оны 9 сарын 11-ний өдөр хүргүүлж, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22б байр, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007324 дугаартай, 40 м.кв 3 өрөө орон сууцыг 2018 оны 10 сарын 02-ны өдөр битүүмжилж, 2018 оны 11 сарын 27-ны өдөр хураасан байна. /хх-29-34-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор 2019 оны 5 сарын 27-ны өдөр үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч М.Баярбатад баталгаат шуудангаар явуулжээ. Түүнчлэн нэхэмжлэгч М.Баярбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад үнийн саналаа ирүүлэхийг утсаар мэдэгдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 сарын 06-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 53-54-р тал/

 

Нэхэмжлэгч М.Баярбат нь үнийн санал өгөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр авагч Ахим ББСБ ХХК-ийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь орон сууцыг 93 060 000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээг хариуцагч нь нэхэмжлэгч М.Баярбатад 2019 оны 7 сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар явуулсан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад 2019 оны 7 сарын 26-ны өдөр утсаар мэдэгдсэн байна. /хх-ийн 75-76-р тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шинжээч томилсон тогтоол болон хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийн м.кв-ыг зөрүүтэй үнэлж тогтоосон нь хууль бус гэх боловч үнэлгээний тайланд орон сууцны ашигтай талбайг 40.0 м.кв гэж тодорхойлсон нь шинжээч томилсон тогтоолоос зөрүүгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 62-р тал/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ