Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/02555

 

2019 оны 11 сарын 29 өдөр

     Дугаар 183/ШШ2019/02555           

Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан 00 байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, А овогт М.Б /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0 өөрийн байранд байрлах, НШШ /рд:000000/-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б миний бие А ББСБ  ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр №ЗГ17/06/00 тоот зээлийн гэрээг байгуулж, 18 сарын хугацаатай 45 000 000 төгрөгийг, 30 хоногийн 3,9%-ийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээтэй холбоотой 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00000 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А ББСБ ХХК-д зээлийн төлбөрт 55 006 500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Улмаар 000 дүгээр гүйцэтгэх баримт бичгээр 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 000 байр, 00 тоот үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцох боломжийг олголгүй хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 93 060 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс илтэд багаар үнэлж хууль зөрчсөн үйлдэл боллоо. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо хороонд байрлах, 3 өрөө сууцын зах зээлийн дундаж ханш 120 000 000 төгрөгөөр худалдаалагдаж байгааг үл хөдлөх хөрөнгө худалдаалах цахим мэдээллийн цахим хуудсаас төвөггүй харж болох юм. Мөн өнөөдрийг хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл, үнийн санал ирүүлэх тухай хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудыг хуулиар олгосон эрхийг олголгүй шинжээч томилсон нь хууль бус болжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэх тухай албан бичиг болон шинжээч томилсон тухай тогтоолыг М.Бад мэдэгдээгүй. Иймд М.Б миний Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар магадлалаар М.Б-аас 55 509 690 төгрөгийг гаргуулж, А ББСБ ХХК-д олгон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 00 байрны 00 тоотод байрлах, 40 м.кв орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18290855/00 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18290855/00 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч М.Б-ад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлийг 2018 оны 4/0000 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 59 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг М.Б эс зөвшөөрч, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/Ш32019/00000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаар шийдвэрээр М.Б-ын Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 байрны 00 тоотод хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцыг 59 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж М.Б-ад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/00000 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.О нь М.Б-ын оршин суух хаягт очин удаа дараа зарлан дуудах мэдэгдэл өгөхөд ирдэггүй, утасаа авдаггүй, итгэмжпэгдсэн төлөөлөгч П.З-д үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд хугацаа заан хойшлуулсан тул 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн үнэлүүлэхэд 93 060 000 төгрөгөөр үнэлэгдэж, 2019 оны 4/0000 дугаар мэдэгдэлийг хүргүүлж, талуудад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/0000 дугаар мэдэгдэл, 2019 оны 9/11 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч М.Б-ын оршин суух, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 65/0 дугаар байр, 0 тоот хаяг, итэмжлэгдсэн төлөөлөгч Л.З-гийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо Юнион Буйлдинг 0000 тоот руу тус тус баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй болно. Хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 10/07 дугаар тогтоол, 2019 оны 4/00000 дүгээр мэдэгдэлийг мөн хаягаар баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хоёрдахь албадан дуудлага худалдаагаар М.Бын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 000 байр, 00 тоотод байрлах, 40 м.кв орон сууц нь 60 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон, худалдан борлогдсон тухай 2019 оны 4/0000 дугаар мэдэгдэлийг төлбөр төлөгч М.Бын оршин суух Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 65/0 дугаар байрны 0 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч М.Б нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/Ш32019/00000 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тапууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч НШШт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацаанд гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэж маргасан. 

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгч нь М.Б байх бөгөөд М.Б, А ББСБ ХХК нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч М.Б зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч А ББСБ ХХК нь шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00967 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0000 тоот магадлалаар хариуцагч М.Баас 55 006 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 503 190 төгрөгийг тус тус  гаргуулан Ахим ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 183//ГХ2019/00000 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, өмчлөгч үнийн санал өгөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 210 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг  томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

НШШ 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 4/00000 тоот “...Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах эд хөрөнгийн зах зээлийн үнийг 93 060 000 төгрөгөөр тогтоосон” мэдэгдлийг М.Б-ад шуудангаар хүргүүлсэн нь тогтоогдох бөгөөд М.Б үнэлгээний талаар гомдол гаргаагүй.

 

Улмаар тус газар хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр М.Б-аас Л.З-д “...А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, санал хүсэлт, гомдол гаргах, тайлбар өгөх, гарын үсэг зурах, хариу авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах” эрхийг 3 жилийн хугацаатай  олгосон итгэмжлэлийн дагуу Л.З-д эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШ-т холбогдох Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНГӨНТУУЛ