Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00783

 

 М.Баярбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 297 дугаар магадлалтай,

 М.Баярбатын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн шийдвэрээр надаас 55,006,500 төгрөг гаргуулж Ахим ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгө болох Ү-2201007324 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 226 байр, 28 тоот үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцох боломжийг олголгүй хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 93,060,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс илтэд багаар үнэлж, хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо хороонд байрлах, 3 өрөө орон сууцны зах зээлийн дундаж ханш 120,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байгааг үл хөдлөх хөрөнгө худалдаалах цахим мэдээллийн цахим хуудсаас харж болох юм. Мөн өнөөдрийг хүртэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл, үнийн санал ирүүлэх тухай хуульд заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудыг хуулиар олгосон эрхийг олголгүй шинжээч томилсон нь хууль бус болжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэх тухай албан бичиг болон шинжээч томилсон тухай тогтоолыг М.Баярбатад мэдэгдээгүй. Иймд М.Баярбат миний Ү-2201007324 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр, 28 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.11-ний өдрийн 1370 дугаар магадлалаар М.Баярбатаас 55,509,690 төгрөгийг гаргуулж, Ахим ББСБ ХХК-д олгон, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.Баярбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байрны 28 тоотод байрлах, 40 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан хөрөнгийг 2018.10.02-ны өдрийн 18290855/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018.11.27-ны өдрийн 18290855/02 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч М.Баярбатад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2018 оны 4/19482 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул 2018.12.04-ний өдрийн 308 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 59,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг М.Баярбат эс зөвшөөрч, 2019.01.10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, 2019.01.23-ны өдрийн 183/Ш32019/01185 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлж, 2019.02.13-ны өдрийн 183/ШШ2019/00306 дугаар шийдвэрээр М.Баярбатын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22б байрны 28 тоотод хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцыг 59,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж М.Баярбатад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/13135 дугаар албан бичгээр мэдэгдэхэд санал ирүүлээгүй шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Оюунчимэг нь М.Баярбатын оршин суух хаягт очин удаа дараа зарлан дуудах мэдэгдэл өгөхөд ирдэггүй, утсаа авдаггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд хугацаа заан хойшлуулсан тул 2019.06.26-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 93,060,000 төгрөгөөр үнэлэгдэж, 2019 оны 4/16268 дугаар мэдэгдлийг хүргүүлж, талуудад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/18339 дугаар мэдэгдэл, 2019 оны 9/11 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч М.Баярбатын оршин суух, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 65/7 дугаар байр, 3 тоот хаяг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяагийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнион билдин 1204 тоот руу тус тус баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй болно. Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 10/07 дугаар тогтоол, 2019 оны 4/20081 дүгээр мэдэгдлийг мөн хаягаар баталгаат шуудангаар явуулан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба 2019.10.14-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар М.Баярбатын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр, 28 тоотод байрлах, 40 м.кв орон сууц нь 60,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, худалдан борлогдсон тухай 2019 оны 4/21695 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч М.Баярбатын оршин суух Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 65/7 дугаар байрны 3 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч М.Баярбат нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2019.10.15-ны өдрийн 183/Ш32019/11862 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байр, 28 тоот хаягт байрлах эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Баярбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.05-ны өдрийн 297 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч М.Баярбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг магадлал нэхэмжлэгч намайг 2019.05.27-ны өдөр үнийн саналаа хүргүүлсэн гэх шалтгаанаар миний хөрөнгийн м.кв-ыг буруу тооцож шинжээчээр үнэлсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Баярбат, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 Хариуцагч ...үнэлгээнд гомдол гаргах хугацаа өнгөрсөн, мөн шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн хэргийн талаар маргах эрхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 1. Нэхэмжлэгч М.Баярбатын хяналтын журмаар гаргасан миний хөрөнгийн м.кв-ыг буруу тооцож үнэлсэнд гомдолтой гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн шийдвэрээр М.Баярбатаас 55,006,500 төгрөг гаргуулж Ахим ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч М.Баярбатын үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох өмчлөлийн Ү-2201007324 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22б байрны байр, 28 тоот 3 өрөө 40 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт мөн заажээ. (хх-4-6)

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

 Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэх бөгөөд уг баримт бичгүүдийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа эхэлнэ.

 2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч М.Баярбат төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүйн улмаас, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт нэрлэн заасан барьцааны орон сууцыг битүүмжлэн, хурааж үнийн санал авах, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх ажиллагаа явуулсан, ажиллагааны мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгчид хуульд заасны дагуу хүргүүлж байжээ.

 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2019.07.25-ны өдрийн 318 тоот дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийг 93,060,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид 2019.07.25-ны өдөр баталгаат шуудангаар, 2019.07.26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь утсаар мэдэгдсэн нь хэргийн баримтаар үгүйсгэгдээгүй ба хариуцагчийн энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-д заасныг зөрчөөгүй байна. (хх 75-76)

 3. Төлбөр төлөгч М.Баярбат барьцааны үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох гомдол өмнө нь 2019.01.10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн 2019.02.13-ны өдрийн 183/ШШ2019/00306 дугаар шийдвэрээр М.Баярбатын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 22б байрны 28 тоотод хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцыг 59,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа Хөрөнгийн үнэлгээний төв ХХК орон сууцыг дахин үнэлж 93,060,000 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана.

 Нэхэмжлэгчид 2019.07.25-ны өдрийн 4/16268 тоот мэдэгдлийг хүргүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба, тэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2019.10.08-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. /хх-1/

 Хоёр шатны шүүх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй талаарх эрх зүйн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгджээ.

 Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02555 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 297 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Баярбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.УНДРАХ

                      ШҮҮГЧИД                                     П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД