Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 402

 

“Б к ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ТЕГ, тус газрын УТОХГ-т холбогдох

захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага:

“- Нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаартай “Тодорхойлолт гаргуулах тухай” Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан албан бичигт дурдагдсан агуулгаар албан хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

-Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичигт дурдсан агуулгаар албан хариу өгч, захиргааны акт гаргахыг даалгах,

- Нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан “110/18 тоот албан бичгийн хариу авах тухай” албан бичигт мөн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835 дугаар зэрэг албан бичгүүдтэй ижил агуулгаар албан хариу гаргаж, холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

- Улсын төсвийн орлого, хяналтын газарт нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай албан бичгийн агуулгад дурдсан асуудлаар албан хариуг захиргааны актаар гаргахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0374 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0483 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0374 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.1, 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасныг баримтлан “нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаартай “Тодорхойлолт гаргуулах тухай” Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан албан бичигт дурдагдсан агуулгаар албан хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичигт дурдсан агуулгаар албан хариу өгч, захиргааны акт гаргахыг даалгах, нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан “110/18 тоот албан бичгийн хариу авах тухай” албан бичигт мөн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835 дугаар зэрэг албан бичгүүдтэй ижил агуулгаар албан хариу гаргаж, холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвийн орлого, хяналтын газарт нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай албан бичгийн агуулгад дурдсан асуудлаар албан хариуг захиргааны актаар гаргахыг даалгах” тухай нэхэмжлэгч “Б к ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0483 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0483 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд:

4. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Учир нь давж заалдах шатны шүүх ...”Б к ТМЗ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл нь тодорхойгүй, холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь “Б к ТМЗ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дөрвөн үндэслэлээр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд “У ц” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М б г” ХХК-д шилжүүлэхээр болсон.

5. Ийнхүү шилжүүлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасны дагуу орлого хүлээн авагчид шилжүүлэх орлогод суутган авах татварыг зохих журмын дагуу үнэн зөв тодорхойлж ногдуулсан эсэхийг хянан, тодорхойлолт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Ингэхдээ тухайн компани нь Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал”-ын дагуу 40770,9 мянган төгрөгийн татвар ногдуулан төлөхөөр тооцооллыг гаргаж татварын албанд ирүүлсэн. Улсын төсвийн орлого, хяналтын газрын зүгээс тус компанийн хүсэлтийн дагуу тооцооллыг зөв тодорхойлж, ногдох албан татварыг төлөх нь зүйтэй талаар хариуг хүргүүлсэн. Энэ нь тухайн компанийн хүсэлтийн дагуу хийгдсэн байх ба Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн хуулиар хүлээлгэсэн үүргийн хүрээнд үнэн зөв ногдлоо тодорхойлж татвараа төлөхийг зөвлөсөн.

6. Өөрөөр хэлбэл, “У ц” ХХК нь татвар төлөгч өөрөө Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасны дагуу орлого хүлээн авагчид шилжүүлэх орлогод ногдуулан суутган авах татварыг өөрсдөө Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал”-ын дагуу тооцоолон ирүүлж үнэн зөв тодорхойлж ногдуулсан эсэхийг хянаж өгөхийг хүсэлт болгосны дагуу хянаж үзээд тооцооллыг зөв болгон ирүүлэх, татварыг төлсөн байхыг зөвлөсөн. Энэ нь тухайн компанид ямар нэг хууль бус үүрэг бий болгож буй үйлдэл биш бөгөөд тэдний хүсэлтийн дагуу асуудлыг судалж үзээд хууль тогтоомжид заасны дагуу татвар төлөгчийг ирээдүйд бий болох эрсдэлээс хамгаалсан хууль тогтоомжийг биелүүлэхийг зөвлөсөн шинжтэй баримт бичиг болно. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, хууль бус үндэслэлээр захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 483 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, өөрөөр хэлбэл шүүх маргааны үндсэн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

9. Тодруулбал, нэхэмжлэгч “Б к ТМЗ” ХХК нь хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар болон Татварын ерөнхий газарт хандан “... А15035 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “У ц” ХХК-ийг зэргэлдээ компани болох “М б г” ХХК-д нэгтгэсэнтэй холбогдуулан тус тусгай зөвшөөрлийн шилжилтээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт заасан “Эрх борлуулсны орлого олсон” хэмээн үзэж, Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцоолон Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газраар баталгаажуулах”-ыг сануулж, үүрэг болгосон байна. А/15035 тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг үндэслэн хийгдэх зохицуулалттай тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрх борлуулсны орлогод хамаарахгүй, орлого олох процесс явагдаагүй байх тул Татварын албаны зүгээс зөвлөмж болгосон Тооцооллыг хийж, хянуулах хуульд заасан үндэслэл байхгүй.

Иймд А/15038 тоот тусгай зөвшөөрлийн шилжилттэй холбогдуулан ... Албан татварын тооцоогүй тухай Тодорхойлолт гаргаж өгнө үү” гэсэн албан бичиг буюу хүсэлтийг хүргүүлсэн ба үүний хариуд Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2019 оны 01/50 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд эрх борлуулсны орлого олсон гэж үзэж татвар ногдуулахаар байна. Дээрх зохицуулалтын хүрээнд татвар төлөгч... -д Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 221.1.1. “...” чиг үүргийн дагуу .... тоот албан бичгээр зөвлөмжийг тус тус хүргүүлсэн” гэсэн хариуг, харин Татварын ерөнхий газраас 2019 оны 03/16 тоот албан бичгээр “...танай байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох албан татварын тодорхойлолт гаргуулах асуудлаар шүүхэд маргаантай байх тул маргааныг хянан шийдвэрлэгдсэний дараа гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна” гэсэн хариуг тус тус өгсөн байна.

10. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн шилжилттэй холбогдуулан албан татварын тооцоогүй тухай тодорхойлолт гаргуулах”-аар, тодруулбал, хоёр компани нэгдсэн /нэгтгэсэн учир тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан орлого олох процесс явагдаагүй, иймд Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлал хамаарахгүй гэсэн агуулгаар хүсэлт, гомдол гаргасан, харин хариуцагчаас “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар татвар ногдуулахаар байна, иймд Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тооцооллыг хийж, холбогдох материалаа дахин ирүүлэх ёстой” гэсэн агуулгатай, үндсэндээ “тодорхойлолт өгөхөөс татгалзсан” хариу өгсөн байна.

11. Гэтэл анхан шатны шүүх маргааны энэхүү үндсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй, тухайлбал хоёр компани нэгдсэн, эсхүл нэг нь нөгөөгөө нэгтгэсэн эсэх /энэ талаарх нотлох баримтыг хэрэгт аваагүй/, энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн эцсийн хэрэглэгч өөрчлөгдөх эсэх, “эрх борлуулсан” гэж үзэх эсэх буюу “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал”-д заасны дагуу татвар ногдуулах эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, “нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагч Татварын ерөнхий газар болон Улсын төсвийн орлого, хяналтын газар шийдвэрлэхгүй орхигдуулж, зөвлөмж гаргасан, үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй... Хариуцагч дээрх Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу нэхэмжлэгч байгууллагад удаа дараа зөвлөмж хүргүүлсэн байх бөгөөд уг аргачлалын дагуу нэхэмжлэгч холбогдох баримтуудыг хариуцагчид бүрдүүлж өгөөгүй байхад шүүх хариуцагчийг захирамжилсан шинжтэй захиргааны акт гаргахгүй байна гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлтүүдийг хийж хэргийг шийдвэрлэжээ.

12. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 4 шаардлага гаргасан байдлаар тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн төрлийн хувьд хоёр даалгах шаардлага байгаагаас гадна тэрхүү хоёр даалгах шаардлагын агуулга нь ижил, үндсэндээ нэхэмжлэгчийн хүсэл зориг нь “татварын тооцоогүй тухай тодорхойлолт гаргуулах”-д л чиглэгдэж байна. Гэтэл захиргааны акт гаргахгүй байгаа үндсэн хариуцагчаас /Улсын төсвийн орлого, хяналтын газар/ гадна урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг шийдвэрлэсэн Татварын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг тодруулах нь зүйтэй.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хариу албан бичиг нь тухайн компанид ямар нэг хууль бус үүрэг бий болгож буй үйлдэл биш бөгөөд тэдний хүсэлтийн дагуу асуудлыг судалж үзээд хууль тогтоомжид заасны дагуу татвар төлөгчийг ирээдүйд бий болох эрсдэлээс хамгаалсан хууль тогтоомжийг биелүүлэхийг зөвлөсөн шинжтэй баримт бичиг болно. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, хууль бус үндэслэлээр захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2019/0483 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ