Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02262

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02262

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ннэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэртэй,

 

 

 

Нэхэмжлэгч Б.Ннэхэмжлэлтэй, хариуцагч СКК ХХК-д холбогдох,

 

 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 600 504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгч Б.Ннэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Н 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оюу толгойн уурхайн сайтад орчуулагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болоход Тохиролцоо гэсэн гарчигтай хэлцэл үйлдээд, гарын үсэг зурж, ажил олгогчоос тамга дарж баталгаажуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох тухай мэдэгдэл авсан. Тохиролцооны дагуу миний бие ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр компанидаа гаргасан боловч хариу ирүүлээгүй. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/119 тоот тушаалыг гардан авсан. Ажил олгогч ажилтны хүсэл сонирхлыг харгалзан үзэлгүй, хөдөлмөрийн гэрээг ямар ч үндэслэлгүйгээр дуусгавар болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хэрнээ Оюу толгойн уурхайд хоёр орчуулагч шинээр авснаас үзвэл уг ажлын байр байнгын ажлын байр гэдгийг илтгэнэ. Иймд орчуулагчийн ажилд эгүүлэн томилж, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 600 504 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч СКК ХХК-ийн тайлбарт: Б.Н болон СКК ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болох хөдөлмөрийн гэрээ байгуулж, тохиролцоо үйлдсэн. Уг тохиролцоонд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэсэн заалтын дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дуусгавар болохыг мэдэгдэж, танилцуулсан ба 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгагдсан. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болж гэрээг дуусгавар болгох мэдэгдэх хуудсыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 14.1.7-д заасныг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан.

 

Нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр биш байсан ба захиалагч байгууллага түүний гэрээг сунгахгүй гэсэн тул бид гэрээг дуусгавар болгосон. Ажлын байранд цомхотгол хийгдсэн зүйлгүй. Захиалагч Оюу толгой ХХК-аас 2 орчуулагчийн захиалга шинээр ирснээр өөр хүмүүс томилогдсон нь үнэн. Иймд Б.Ннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нг СКК ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, СКК ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 600 504 /гурван сая зургаан зуун мянга таван зуун дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг СКК ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 558 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Байнгын ажлын байранд байгуулах хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 23.2.2-т заасантай нийцнэ. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсон эсэх талаар маргаагүй бөгөөд байнгын ажлын байранд гэрээг хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгаагүй буюу хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хуульд зааснаас дордуулсан гэж маргасан. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 129.1.9-д зааснаар ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн учраас хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн хуулиар тогтоосон гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн.

 

Шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээс өөр асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан, түүнчлэн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох шалтгаан, үндэслэлийг нэрлэн заагаагүйн зэрэгцээ хөдөлмөрийн гэрээнд заавал шалтгаан үндэслэлээ тусгасан байх гэсэн хэлбэрийн шаардлагыг тавиагүй. Шүүх дээрх заалтыг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан гол нөхцөлд хамааралгүй ба хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих зүйлүүдийг тусгасан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасанд тооцогдох юм. Иймд шүүхийн талууд хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах үндэслэлийг заах ёстой гэх тайлбар нь үндэслэлгүй байна. хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан нэрлэгдсэн буюу иргэний эрх зүйн нэг гэрээний төрөлд хамаарна. Хэргийн 16 дугаар талд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах талаарх талуудын бичгээр үйлдсэн тохиролцоо гэх баримт авагдсан. Уг баримтыг зохигчид хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах талаар санал нэгдэн тохиролцсон. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл нь хөдөлмөрийн гэрээн заасан хуанлийн он, сар, өдөр дуусгавар болсон үйл баримт юм. Хариуцагч талын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг дуусгавар болж буй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй баримт гэж үзэхгүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг хөдөлмөрийн хуульд заасан нөхцлийг дордуулсан гэх гомдлоо зохих журмын дагуу гаргаагүйн зэрэгцээ хөдөлмөрийн гэрээний хугацаа тохирсон заалтыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаагүй.

 

Хариуцагч нь дотоодод хөдөлмөр зуучлах, эрхлэх үйл ажиллагаа явуулдаг. Гэрээт компанийн захиалгагүйгээр ажилтныг ажилд авч байнгын ажил үүргээр хангах боломжгүй учир гэрээт компаниудад ажиллах ажилтнуудтай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах шаардлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хэрэгт авагдсан Тохиролцоо гэх баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Хариуцагч нь Оюу толгой ХХК-тай байгуулсан ажиллах хүч нийлүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно. Нэхэмжлэгч нь Оюу толгой ХХК-ийн Өмнөговь аймаг дахь уурхай талбайд орчуулагчаар ажил үүрэг гүйцэтгэхээр ажилд орсон нь гэрээний 2.3-т заасан ажлын байршил гэх заалтаар мөн нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдож байгааг шүүх анхаараагүй. Мөн хэргийн 15 дугаар талд авагдсан СКК ХХК-ийн 2017 оны 07 сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудаснаас харахад хариуцагч нь ажиллах хүч хүлээн авагч этгээдийн захиалга, хүсэлтээр ажилтныг ажилд авдаг учир хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах боломжгүй болохыг нотолсон баримт мөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

 Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч СКК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 600 504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Хариуцагч тал Б.Нг Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой, уурхайн сайтад орчуулагчаар ажиллуулж байгаад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай Б/119 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. /хх 21/

 

Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орчуулагчийн ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахыг харилцан тохиролцсон агуулга бүхий Тохиролцоо гэх баримт үйлдэн энэ өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай байхаар тогтоож, гарын үсгээ зурсан байна. Үүнээс үзвэл талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар гэрээг дээрх хугацаатай байхаар тохиолцсон гэж үзнэ.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байхад талуудын хэн аль нь цуцлах санал гаргаагүй, ажилтан ажил үүргээ 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэсэн болох нь талуудын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгаж, гарын үсгээ зурсан баримтаар тогтоогдож байна.

 

 

 

Хариуцагч СКК ХХК нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан орчуулагчийн ажлын байранд шинээр 2 ажилтан томилсон, тус байгууллагад орон тоо бүтцийн өөрчлөлт хийгдээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр биш гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Энэ тохиолдолд уг орчуулгын ажлын байранд тохиролцон тогтоосон хугацаа дууссан 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үргэлжлүүлэн ажиллаж байх үед буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дахин сунгалт хийсэн тухай баримт үйлдсэнийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан чөлөөтэйгээр ашиг сонирхол, хүсэл зоригоо илэрхийлэн, дахин хугацаатай гэрээ байгуулах тохиролцоо хийгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

 

 

Өөрөөр хэлбэл, ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох бөгөөд дээрх гэрээний хугацаа сунгасан баримтыг үндэслэн зохигчдыг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тухайлан тохиролцсон гэж үзэхээргүй байна.

 

 

 

Хэргийн 16 дугаар тал дахь гэрээг хугацаатай байгуулахаар харилцан зөвшилцсэн тохиролцоо нь зөвхөн өмнөх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд хамааралтай гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон, талууд дахин гэрээний хугацааг сунгахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 

 

Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 600 504 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 тоот тушаал зэрэгтэй нийцсэн байна.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

 

 

А.МӨНХЗУЛ