Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00405

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2262 дугаар магадлалтай,

Б.Н-гийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.600.504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанхуяг, өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Оюу толгойн уурхайн сайтад орчуулагчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дуусгавар болоход Тохиролцоо гэсэн гарчигтай хэлцэл үйлдээд, гарын үсэг зурж, ажил олгогчоос тамга дарж баталгаажуулсан. Ингээд хөдөлмөрийн гэрээ 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох тухай мэдэгдэл авсан. Тохиролцооны дагуу би ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан боловч хариу ирүүлээгүй. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/119 тоот тушаалыг гардан авсан. Ажил олгогч ажилтны хүсэл сонирхлыг харгалзан үзэлгүй, хөдөлмөрийн гэрээг ямар ч үндэслэлгүйгээр дуусгавар болгосонд гомдолтой байна. Иймд орчуулагчийн ажилд эгүүлэн томилж, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.600.504 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н- болон С ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болох хөдөлмөрийн гэрээ байгуулж, тохиролцоо үйлдсэн. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дуусгавар болохыг мэдэгдэж, танилцуулсан ба 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгагдсан. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болж гэрээг дуусгавар болгох мэдэгдэх хуудсыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 14.1.7-д заасныг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр биш байсан ба захиалагч байгууллага түүний гэрээг сунгахгүй гэсэн тул бид гэрээг дуусгавар болгосон. Ажлын байранд цомхтгол хийгдсэн зүйлгүй. Захиалагч Оюу толгой ХХК-аас 2 орчуулагчийн захиалга шинээр ирснээр өөр хүмүүс томилогдсон нь үнэн. Иймд Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-г С ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, С ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.600.504 /гурван сая зургаан зуун мянга таван зуун дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг С ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72.558 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2262 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14- ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэр, 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 2262 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн хувьд харилцан тохиролцож гэрээ байгуулсан эсэхдээ маргадаггүй бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь "энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” гэх заалтыг хэрхэн яаж ойлгох талаар хэргийн зохигчид болон шүүхүүд өөр өөр байр суурьтай байгаа болно. Хэдийгээр Улсын дээд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлахдаа мөн уг заалтыг хэрхэн ойлгох талаар тайлбарласан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр уг тайлбарыг иш татан нэхэмжлэлээ дэмждэг, гэвч уг тайлбар нь хуулийн нэгэн адил хүчин чадалтай биш ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тухай Улсын Дээд шүүх тус тогтоолдоо мөн чухалчилсан байдаг. Иргэний хуулийн 56.1.8-д “хэлцэл хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй” гэж зааснаас харахад аливаа хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг хуулиар л тогтоох ёстой байна. Эндээс дүгнэхэд шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ үнэхээр бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үндэслэл талуудад байсан байна уу гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх эрх хэмжээнийхээ хүрээнд үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийх боломжтой гэдэг агуулга Улсын дээд шүүхийн хууль тайлбарлах тухай тогтоолд тусгагдсанаас хөдөлмөрийн гэрээ бүрт яагаад харилцан тохиролцсон шалтгаанаа бичсэн тохиолдолд л харилцан тохиролцсонд тооцогдоно гэж тайлбарлаагүй гэж хуульч хүний хувьд ойлгож байна. “Харилцан тохиролцох” гэдэг үг нь хуулиудад олонтаа хэрэглэгддэг үг ба үгийн шууд утгаараа ч агуулгаараа ч хувийн эрх зүйн үндсэн ойлголт болох Гэрээ, гэрээнд зурсан гарын үсэг нь харилцан тохиролцсоныг илэрхийлдэг. Давж заалдах шатны шүүх талууд урьд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дахин 1 жилээр сунгахдаа буюу 2017 оны 7 сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт үйлдэхдээ харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, мөн талуудын 2016 оны 7 сарын 25-ны өдрийн Тохиролцоо нэртэй хэлцэл нь дахин үйлчлэхгүй гэх үндэслэл гаргаж, шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь эх гэрээнийхээ нэгэн адил хүчин чадалтай эх гэрээний нэг хэсэг байхад “гэрээний хугацааг сунгасан баримт” гэж томьёолсон нь, мөн дээр дурдсан Тохиролцоо нь хүчин төгөлдөр хэвээр байсаар байхад уг баримтыг хүчингүй, ямар нэгэн үйлчлэл байхгүй мэтээр үгүйсгэн гэрээний хугацааг сунгахдаа дахин байгуулах ёстой байсан гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл хийгээгүй бөгөөд Б.Н- нь хариуцагч болон Оюутолгой ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээт ажилтнаар хангах үйлчилгээний гэрээний дагуу Оюутолгой ХХК-ийн Өмнөговь аймаг дахь уурхайн төслийн талбайд орчуулагчаар ажил үүрэг гүйцэтгэхээр ажилд орсон нь Хөдөлмөрийн гэрээний 2.3-т ажлын байршил гэх заалтаар мөн нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар, мөн хавтаст хэргийн 15 дугаар талд нотлох баримтаар авагдсан “С” ХХК-ийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн Мэдэгдэх хуудсанд "Таны ...00533 дугаартай гэрээ 2017 оны 7 сарын 13-ны өдөр дуусгавар болохыг мэдэгдэж байна. Гэрээ сунгах тухай хүсэлтийг холбогдох хэлтэс рүү явуулсан ба батлагдаж ирсэн тохиолдолд танд нэн даруй мэдэгдэх болно ” гэх зэрэг нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба хариуцагч нь ажил үйлчилгээ хүлээн авагч этгээдийн захиалга, хүсэлтээр ажилтныг ажилд авдаг учир хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах бодит боломжгүй, бизнесийн байгууллага болохын хувьд гэрээгээр нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацааны турш ажил үүрэг, цалин хөлсөөр хангах үүргээ биелүүлсэн болохыг /Иргэний хуулийн 208.1/ хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэр, 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 2262 дугаар магадлалд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Б.Н-гийн “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч “С” ХХК эс зөвшөөрөхдөө хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл дурдаж, маргажээ.

“С” ХХК нь Б.Н-г Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюу-толгой, уурхайн сайтад орчуулагчаар 1 жилийн хугацаагаар ажиллуулахаар 2016 оны 7 дугаар сарын 25-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба 2018 оны 7 дугаар сарын 18-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо “...гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэл дурджээ /хэргийн 5-11, 30 дугаар тал/.

“С” ХХК нь дотоодод хөдөлмөр зуучлах эрхлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Оюу толгой ХХК-иас ирүүлсэн захиалгын дагуу орчуулагчийн ажил гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байх ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан.

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 25-ний өдөр хийгдсэн “Тохиролцоо”-ноос үзвэл зохигчид байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулахаар харилцан тохирч,  мөн өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулжээ.

Харин уг хугацаа дуусахад талуудын хэн аль нь цуцлах санал гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 18-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дахин 1 жилийн хугацаагаар байгуулсан, ингэхдээ харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг дахин 1 жилийн хугацаагаар байгуулснаа нотолж чадаагүй, энэ талаарх үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурлажээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 46 хоногийн олговорт хариуцагчаас 3.600.504 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-т нийцжээ.  

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “С” ХХК-ийг ажил олгогч гэж тодорхойлсон ба гэрээний 12.1.2,  12.1.3-т зааснаар хариуцагч нь ажилтныг компанийн дотор хуулийн дагуу өөр ажлын байранд түр томилох, эсхүл урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэх, мөн ажилтныг ажлын байнгын байрнаас гадна томилолтоор явуулах бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, “С” ХХК-ийг ажил олгогч гэж ойлгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар үгүйсгэгдээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч нь Оюу толгой ХХК-д ажилд зуучилж буйгаа нэхэмжлэгчид  ойлгуулсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/01836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2262 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 72.558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ