Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2018/01836

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Н -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “СКК” ХХК -д холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.600.504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийг төлөөлж Гүйцэтгэх захирал А.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.Н анх Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Оюу толгойн уурхайн сайтад орчуулагч, байнгын орон тоон дээр ажилд авна гэсэн зарын дагуу материалаа бүрдүүлж өгсөн. Улмаар нэхэмжлэгчтэй хариуцагч байгууллагаас холбогдож 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө гэрээний хугацаа дуусгавар болоход “Тохиролцоо” гэсэн гарчигтай хэлцэл үйлдээд, гарын үсэг зурж, ажил олгогчоос тамга дарж баталгаажуулсан. Ингээд тохиролцоо ёсоор хөдөлмөрийн гэрээ 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тус тус сунгагдсан. Миний бие тус компанид ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, ямар нэгэн алдаа, зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохыг мэдэгдье гэсэн мэдэгдэл авсан. Тохиролцооны дагуу миний бие ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр компанидаа гаргасан боловч хариу ирүүлээгүй. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” Б/119 тоот тушаалыг гардан авсан. Тэр өдрөө ажил олгогчоос “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох гэрээ” гэсэн баримтанд гарын үсэг зурахыг шаардсан. Миний бие хүлээн зөвшөөрөөгүй учир гарын үсэг зурахаас татгалзсан. Ажил олгогч ажилтны хүсэл сонирхлыг харгалзан үзэлгүй, хөдөлмөрийн гэрээг ямар ч үндэслэлгүйгээр дуусгавар болгосонд гомдолтой байна. Энэ хугацаанд нэхэмжлэгч Оюу толгойн уурхайд орчуулагчаар ажиллаж байсан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хэрнээ Оюу толгойн уурхайд хоёр орчуулагч шинээр авсан байдаг. Үүнээс нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан хэлтэст авсан байна. Эндээс үзвэл уг ажлын байр байнгын ажлын байр гэдгийг илтгэнэ. Иймд орчуулагчийн ажилд эргүүлэн томилж, 2018 оны 7 дугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.600.504 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: Б.Н болон “СКК” ХХК нар нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болох Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тохиролцоо үйлдсэн нь үнэн болно. Уг тохиролцоонд Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно” гэсэн заалтын дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дуусгавар болохыг мэдэгдэж мэдэгдэх хуудастай танилцуулсан ба 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгагдсан болно. 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болж гэрээг дуусгавар болгох мэдэгдэх хуудсыг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 14.1.7-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэснийг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан.

Манай компани хүний нөөц зуучлалын үйлчилгээ, гэрээт ажилтан зуучлалын үйлчилгээ гэсэн хоёр төрлийн үйлчилгээг эрхэлдэг. Нийтдээ 120 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Үүнээс 40 гаруй хувь нь уул уурхайн компани байдгийн нэг “Оюу толгой” ХХК. Тус компаниас анх орчуулагчийн ажлын байрны захиалга ирснээр Б.Н-той манайх гэрээг байгуулж ажилд авсан. Цалин хөлсийг манайх олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Манайх захиалга ирснээр ажилтан авдаг тул энэ тухай анхнаасаа тайлбарлаж гэрээг хугацаатай байгуулсан. Анхнаасаа түүний ажлын байр байнгын ажлын байр биш байсан. Нэхэмжлэгчийн хувьд ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Захиалагч байгууллага түүний гэрээг сунгахгүй гэсэн тул бид гэрээг дуусгавар болгосон. Ажлын байранд цомхотгол хийгдсэн зүйлгүй. Захиалагч “Оюу толгой” ХХК-иас 2 орчуулагчийн захиалга шинээр ирснээр өөр хүмүүс томилогдсон нь үнэн. Нэхэмжлэгчийн хувьд дахин ажлын байрны захиалга ирвэл түүнд ажил санал болгох боломжтой. Иргэн Б.Н нь Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод дүрэм журам, хөдөлмөрийн гэрээтэй танилцсан боловч утга агуулгыг нь ойлгоогүйн улмаас уг нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Иймд Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Н “СКК” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 3.600.504 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Нэг талаас “СКК” ХХК, нөгөө талаас Б.Н нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Н-г Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой, уурхайн сайтад орчуулагчаар 12 сарын хугацаатайгаар, үүнээс 6 сар туршилтын хугацаатай байхаар 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг, байгуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. Мөн талууд гэрээний хугацааг сунгах тухай болон цалин хөлс нэмэгдүүлэх тухай 2017 оны 7 дугаар сарын 18-нд, 11 дүгээр сарын 01-нд нэмэлт гэрээг байгуулжээ. /хх 5-13, 16-18/

Тус байгууллагын захирлын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9-д заасныг баримтлан “гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-21/

Зохигчид гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2018 оны 6 дугаар сарын 15-нд гардуулсан, нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Оюу толгой” уурхайд шинээр 2 хүн орчуулагчаар томилогдсон, нэхэмжлэгчийн ажлын байрны хувьд орон тооны цомхотгол явагдаагүй гэдэгт тус тус маргаагүй.

Харин хариуцагч дээрх ажлын байр байнгын ажлын байр биш, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж, нэхэмжлэгч байнгын ажлын байранд гэрээг хугацаагүй байгуулах ёстой, нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр гэж тус тус маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулахаар, мөн хуулийн 23.2.2-т “талууд харилцан тохиролцсноор байнгын ажлын байранд гэрээг хугацаатай” байгуулж болохоор зохицуулжээ. Дээрх хуулийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд гэрээг хугацаатай байгуулж болох нөхцлийг зохицуулжээ.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл хариуцагч “СКК” ХХК нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосноос хойш өөрийн байгууллагад “орчуулагч” ажлын байранд дахин 2 ажилтан шинээр томилсон, хариуцагч байгууллагад орн тоо бүтцийн өөрчлөлт хийгдээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ажлын байр байнгын ажлын байр биш гэсэн түүний тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах болсон үндэслэл буюу тохиролцоог тусгаагүй, хэрэгт авагдсан тус компанийн Хөдөлмөрийн дотоод журамд ямар ажлын байранд ямар хугацаагаар гэрээг байгуулж болох талаар тусгагдаагүй, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “тохиролцоо” гэсэн баримтад мөн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэлийг  тусгаагүй байна. Иймд талууд харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэх боломжгүй.

Хариуцагч гуравдагч этгээдэд хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, түүний хүрээнд “Оюу толгой” ХХК-иас ирсэн захиалгын дагуу нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээг анх байгуулсан, уг шалтгааны улмаас гэрээг хугацаатай байгуулсан, түүнчлэн захиалагч байгууллага түүний гэрээг сунгахгүй гэсэн тул гэрээг дуусгавар болгосон гэх боловч дээрх тайлбараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд тус байгууллагын Б/119 дүгээр тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  буюу 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 46 хоног байна. Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг түүнд олгосон сүүлийн гурван сарын /2018 оны 4,5,6 сар/ цалин хөлснөөс тооцвол 102.595 төгрөг байх тул олговор 4.719.370 төгрөг байна.

Гэвч нэхэмжлэгч нөхөх олговорт 3.600.504 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Нг “СКК” ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, “СКК” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.600.504 /гурван сая зургаан зуун мянга таван зуун дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгосугай.  

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “СКК” ХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72.558 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ