Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02406

 

 

Р.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02918 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У- ХК-д холбогдох,

 

Нөхөн төлбөрт 51 939 882 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.Т-,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Р.Т-ын нөхөр Г.Э- 2015 оны 5 сард ажил дээрээ ажлаа хийж байгаад нас барсан. Үүнд мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмжийг өгсөн. Хөдөлмөрийн тухай хууль болон З3 дугаар тогтоолын дагуу 2, 3 дахь удаагийн нөхөн олговроо авах гэж хоёр гурван жил хөөцөлдөж байна. Тийм учраас 36 сарын нөхөн олговор 23 046 627 төгрөгийг 2 удаа буюу 46 093 255 төгрөг, эхний удаагийн нөхөн олговорын зөрүү 5 046 627 төгрөг нийт 51 939 882 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаачийг нас барснаас хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу, мөн үйлдвэрчний эвлэлийн дагаж мөрдөх хамтын гэрээний заалтын дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж 18 243 468 төгрөгийг олгосон байдаг. Талийгаачийн дундаж цалин нэг сарын 506 000 төгрөг байсан. Түүнчлэн талийгаачийн ар гэрт оршуулгын зардал гэх мэт зүйлд 5 370 000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар бодит дүн 18 сая төгрөг өгсөн. Гэхдээ 23 сая төгрөг болох ёстой гэсэн үндэслэл ярьж байна. Гурван шинжээч тухайн үед юу гэж дүгнэсэн байдаг гэхээр талийгаачийн нэг цагийн хөдөлмөрийн хөлс болох 3810 төгрөг байна гэж дүгнэлтэд андуурч бичсэнийг Даваажав өмгөөлөгч маань хэлээд байгаа юм. Тухайн үед талийгаачийн цалин 3 313 төгрөг байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, мөн түүнчлэн түүнийг дагаж ирсэн компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар, цалингийн жишгийг нэмэгдүүлэх тухай тогтоолуудаар баталгаажсан байдаг. Мөн түүнчлэн 2013 оны 2 сарын 16-ны өдөр талийгаач нь байгууллагын захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээнд түүний нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 3 313 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт байгаа юм. Энэ хоёр зөрүү бичигдсэнээс 5 сая төгрөг гаргаж ирээд нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн эцсийн үнийг мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчийн дүгнэлтээр тогтоох биш шүүх тогтоодог гэдгийг уг нь өмгөөлөгч ах маань мэдэж байгаа байхаа бодож байна. Хөдөлмөрийн тухай хуульд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг буюу түүнээс дээш олгоно гэж байгаа. Гэхдээ хамтын гэрээнд нэг удаа олгоно гэдэг заалт байгаа. Тэгэхээр хамтын гэрээ хуулиар тогтоосон нөхцөл байдлыг дээрдүүлсэн байдлаар асуудлыг шийдэж болох боловч хамтын гэрээнд манай байгууллага бол нийт 36 сар гэж тогтоочихсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл бол 36 сарын цалинг нэг удаад өгсөн байхыг шаарддаг. Түүнээс дээш 2 буюу 3 удаа өгөхийг хүчээр шаарддаггүй гэдгийг хэлье. ... гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У- ХК-иас 1 404 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50 535 882 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37 414 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Өмнө нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6 дах хэсэгт зааснаар буцаасан. Үүнээс хойш хугацаанд хариуцагч байгууллага нь шинээр нотариатаар баталгаажуулсан гол гол баримт байхгүй байгаа нь мөн л өөрийн байгууллагын баримтуудыг дор бүр нь өөрчилдөг болохыг нотолж байна. Хамтын гэрээгээ нотариатаар батлуулаагүй нь үүнийг тодорхой нотолдог. Мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 09/092/16 тоот дүгнэлтийн 5 дах хэсэгт 5 дугаар зэргийн цалин цагт хэдэн төгрөг, сард хэдэн төгрөг байдаг вэ гэх асуултад 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/74 тоот тушаалаар осолдогч Г.Э-ын хийн гагнуурын 5 дугаар зэргийн цалин буюу цагт 3 810,62 төгрөг байхаар гэрээ байгуулсан байна. Иймд осолдогч Г.Э-ын цалин нь 640 184,1 төгрөг /16 цаг/ байх үндэслэлтэй байна гэжээ. Шинжээчид 74 тоот тушаалыг үндэслэсэн болно. Гэтэл энэ тушаалыг хавтас хэрэгт өгөхгүй байгаа нь энэ гомдлыг нотолж байна. Харин түүнээс дээш удаа олгох асуудлыг ажил олгогч, ажилтны төлөөлөл хамтын гэрээгээр зохицуулах боломжтой, энэ талаар хэрэгт хуульд заасан шаардлагыг хангасан баримт авагдаагүй байна. 3 шинжээчийн дүгнэлтийг шүүх үгүйсгэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ гэж зааснаар тус байгууллагын хамтын гэрээнд зааснаар 18 243 468 төгрөгийг олгосон нь энэ гэрээний заалтаар олгосон үйлдэл, эсхүл Цэцэгбадамын дүгнэлтээр бол Хөдөлмөрийн хуулийн заалтаар олгосон үйлдэл тул хамтын гэрээний заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаар хамтын гэрээний 1 удаа, Хөдөлмөрийн тухай тухай хуулийн 2 дах удаагийн нөхөн олговор 56 443 882 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Р.Т- нь хариуцагч У- ХК-д холбогдуулан нөхөн төлбөрт нийт 51 939 882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Р.Т-тай хамтын амьдралтай байсан Г.Э- нь хариуцагч У- ХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан байх бөгөөд ажил олгогчоос ар гэрт нь нөхөн төлбөрт 18 243 468 төгрөг олгосон нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 3-4, 31, 35-36 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т ... нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж зааснаар хариуцагч У- ХК-иас 2 болон 3 дах удаагийн нөхөн төлбөрийг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч татгалзалдаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын үндсэн болон тарифт цалинтай тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж зааснаар нэг удаа 18 243 468 төгрөгийг олгосон тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.

 

Гэвч хэргийн 76-85 дугаар талд байгаа Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ үндэслэлээр өмнө нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл, гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ