| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2017/01988/И |
| Дугаар | 210/МА2017/02591 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2017/02591
| 2017 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2018/02591 |
Х.Тулгын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/02814 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Х.Тулгын нэхэмжлэлтэй хариуцагч Тайгам-Алтай ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү 3 998 130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Тайгам Алтай ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж 42.80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 086 448 төгрөгөөр худалдаж авсан. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Тоонто гранд ХХК-иар орон сууцныхаа м.кв-ыг хэмжүүлэхэд 39.2 м.кв талбайтай гэж хэмжсэн ба гэрээнд заасан м.кв-аас 3.68 м.кв-ын зөрүү гарсан. Стандарт хэмжээ нь гэрээнд ойст тэнхлэгээс 44.78 м.кв, олгогдох талбай нь 42.80 м.кв байна гэсэн бөгөөд энэ хоорондын хэмжээ нь хүлцэх алдаа байх ёстой гэсэн. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 39.09 м.кв гэж гарсан. Иргэний хуульд барилга байгууламжтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул хариуцагч Тайгам Алтай ХХК-иас 3.68 м.кв талбайн үнэ 3 998 130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар Х.Тулгын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үед нэхэмжлэлийн шаардлага нь 2 056 021 төгрөг гаргуулах гэж байсан бол одоо 1 м.кв-ыг 1 086 448 төгрөг гэж тооцсон байна. 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд MNS:60582009 гэсэн стандартын дагуу 42,8 м.кв, ойст тэнхлэгээс 44.78 м.кв байхаар тохиролцож, үүнийг тайлбарлан өгч нэхэмжлэгч Х.Тулгаар гарын үсэг зуруулсан. 2011 оны 07 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авсан. Өмчлөх эрх 2012 оны 01 дүгээр сарын 03-нд шилжсэн бөгөөд байрны гэрчилгээнд анх гэрээнд байсан м.кв буюу 42.8 м.кв гэсэн талбайг оруулж өмчлөгчөөр тодорхойлсон. Дээрх гэрээний аль нь ч байгуулагдсан байсан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээгээр бол ажил хүлээж авсан буюу 2011 оны 07 сарын 25-наас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлж Тайгам Алтай ХХК-д мэдэгдэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч Тайгам Алтай ХХК-д холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 3.68 метр квадратын үнэ 3.998.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Тулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.920 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Тайгам Алтай ХХК-иас 129.000 төгрөг гаргуулж Уран Асар ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Орон сууцны м.кв зөрүүтэй байсан тул 2014 онд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Н.Батчимэг гэдэг шүүгч энэ асуудлаар захиргааны хэргийн шүүх дээр маргаан байна гэдэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад 2014 оны 10 сарын 6-ний өдөр 10826 тоот шүүгчийн захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгохдоо түтгэлзүүлсэн захирамжаа шийдвэрлэлгүйгээр үлдээсэн. Миний бие 2017 оны 5 сарын 24-ний өдөр уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, одоо мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн 75 дугаар зүлйийн 75.2.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байна. Шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн дотор нэхэмжлэл гаргах, Барилгын тухай хуульд зааснаар 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргана гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба би анхны нэхэмжлэлийг энэхүү 3 жилийн хугацааны дотор гаргасан, мөн 2 дахь нэхэмжлэлийг 2014 оны 10 сарын 6-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарснаас хойш 2 жил 7 сарын дараа гаргасан байхад 3 жил өнгөрсөн мэтээр үзэж хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн хэт нэг талыг баримталсан шийдвэр боллоо гэж үзэж байна. ...Өөрөөр хэлбэл шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 369/9304/6 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлсэн захирамж хүчин төгөлдөр байхад хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Тулга нь хариуцагч Тайгам Алтай ХХК-д холбогдуулж орон сууцны талбайн зөрүү үнэд 3 998 130 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 6 давхар, 53 тоотод байрлах 44.78 м.кв /MNS605852009 стандартаар 42.80 м.кв/ талбай бүхий орон сууцыг нийт 46 500 000 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг төлөхөөр, хариуцагч Тайгам-Алтай ХХК нь орон сууцны барилгыг 2011 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар зохигчид 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулснаас /хх 4-6/, хойш хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Х.Тулгад гэрээнд заасан орон сууцыг 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгсөн /хх-28/ үйл баримт тогтоогджээ.
Дээрх байдлаас үзэхэд гэрээ байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 3 сар 13 хоногийн хугацаанд гэрээнд заасан 279 айлын буюу нийтийн зориулалттай орон сууцны барилгыг барьж дуусгасан байх боломжгүй, баригдсан барилгаас тодорхой орон сууцыг нэхэмжлэгч худалдан авсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээ нь орон сууц захиалгаар барих гэрээ нэртэйгээр байгуулагдсан боловч нэхэмжлэгчийн захиалгаар уг барилгыг бариагүй, хариуцагч 2011 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны барилгаас 6 давхар, 53 тоотод байрлах орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргийг харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах, худалдах авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.
Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны талбайн нэгж үнийн талаар тодорхой заагаагүй, энэ талаар тохиролцсон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Тулга нь гэрээний зүйл болох орон сууцны доголдлын талаар хариуцагч Тайгам-Алтай ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй боловч дээр дурдсанаар орон сууцны нэг метр квадрат талбайн хэмжээ буюу нэг бүрийн үнийг тухайлан тохиролцоогүй тул дутуу шилжүүлсэн талбайн зөрүү үнийг тооцож шаардах эрхгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дээрх байдлаар үндэслэлтэй боловч зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь буруу байх тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/02814 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 820 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Н.БАТЗОРИГ