Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 18

 

       Д.А-д холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, Д.А-д холбогдох 1817002210042 дугаартай эрүүгийн хэргийг Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-н А.

Д.А- нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н-н гэрт нэвтэрч эд зүйлийг хулгайлж нийт 2,235,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.А-ыг 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н-н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2Ч3 хэмжээтэй хивс 1 ширхэг, “самсунг” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Мөнгөнцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Магадлалыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Д.А-ын анх гэрчээр өгсөн, түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэгт хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн мэдүүлгийг шалгахад "... хоолонд явсан хойгуур нь авсан ...” гэсэн мэдүүлэг нь хохирогч Б.Наранбаясгалангаас хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан мэдүүлгээр үгүйсгэгдсэн бөгөөд шүүгдэгч нь энэ талаар мөрдөн байцаалтын шатанд дахин маргаагүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн хуулийн шалгуурыг хангахгүй байгаа болно.

Харин шүүгдэгч Д.А-ын анх гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н-н мэдүүлэг, гэрч Б.Баярцэнгэлийн мэдүүлэг болон бусад баримтууд нь харилцан хамаарал бүхий, хэргийн бодит байдалд нийцэх, үндэслэл бүхий нотлох баримтууд гэж үнэлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн хуулийн заалт, шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх зөрүүтэй мэдүүлгийн алиныг нь үндэслэж “нэвтрээгүй” гэж үзсэн нь тодорхойгүй, алдагдсан гэх эд зүйлийг гэрээс хэрхэн гаргаж авсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд /хохирогч, гэрч нарын мэдүүлэг .../-ийг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Мөн магадлалын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч нь анх гэрчээр өгсөн мэдүүлгээ мөрдөгч айлгаж, дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан гэдэг боловч энэ талаар гомдол, гаргасан, гомдлыг шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь энэ талаар шүүгдэгч Д.А-оос гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд мөрдөгч нь айлгаж, дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан гэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ нь шүүгдэгч Д.А-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт болсон асуудлын талаар ярина уу гэхэд өөрөөс нь хураан авсан эд зүйл болох шар өнгөтэй нохой гутал, мөнгөн аяга зэргийг авсан, өөр ямар нэгэн зүйл аваагүй талаараа мэдүүлсэн байх ба мөрдөгчөөс ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьсныг хөтөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.А-ын хэргийг зөрчлийн шинжтэй байх бөгөөд зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэхдээ шүүгдэгч Д.А-ыг цагаатгах эсэхийг шийдвэрлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно" гэснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3 дугаар зүйлд заасан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарах боловч тухайн шүүх хуралдаанд урьд нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож байсан нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй” гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах үндэслэлийг тодорхой заасан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Энхбаяр оролцсон. Өөрөөр хэлбэл хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Иймд магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 10.6 дугаар зүйлийг ноцтой зөрчин анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн даргыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзэн тус магадлалыг хянуулж, хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.А- нь хохирогч Б.Н-н гэрт хууль бусаар нэвтэрч телевизор, хурган дээл, мөнгөн аяга зэрэг нийт 2,235,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан нь мөрдөн ажиллагаагаар тогтоогдсон хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчээс хураасан хоёр эд зүйлийг хулгайлсанд тооцож, бусад эд зүйлийг хулгайлаагүй гэж  дүгнэсэн нь үндэслэлтэй болсон.

Харин давж заалдах шатны шүүх хууль бусаар бусдын гэрт нэвтэрсэн хэргийг хохирлын хэмжээ хүрэхгүй, зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.А-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, яллах дүгнэлтэд бичигдсэн зарим эд зүйлсийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдоогүй гэж дүгнэн тус эд зүйлүүдийг авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон А.Энхбаярын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл үүссэн байхад түүнийг нарийн бичгийн даргаар оролцуулан шүүх хуралдааныг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.3 болон уг хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Д.А-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Д.Мөнгөнцэцэгийн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгуулахаар” бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Д.А-д холбогдох хэргийг хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

                                             

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН