Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/05

 

 Д.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.А холбогдох 1817002210042 дугаартай 1 хавтас 251 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан гомдолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 хос, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж нийт 2 235 000 /хоёр сая хоёр зуун гучин таван мянган/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Д А 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Б сумын 1 дүгээр баг, С 5-3 тоотод оршин суух хохирогч Б.Н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Sumsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овгийн Д А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.А хорих ял эдлэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А нь хохирогч Н гэрт тооноор нь нэвтэрсэн байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл хохирогч Н, гэрч Б хоёрын мэдүүлэгийг үндэслэж нотлох баримтын шаардлагыг хангасан гэж анхан шатны шүүх 2 жил 1 сарын ял оногдуулсан. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хоёр гэрчийн мэдүүлэг яагаад нотлох баримтын шаардалага хангахгүй байна вэ гэхээр хохирогч Н анх удаа А очиж уулзахад А хаяагаар орж авсан гэж хэлдэг. Гэтэл Н мэдүүлэгээ янз янзаар өгдөг. Анх мэдүүлэг өгөхдөө түлхүүүр тааруулж орсон байж магадгүй гэсэн байдаг. Дараа нь тооноор орсон байж магадгүй гэсэн 2 өөр мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд Н эхнэр Б нь манай нөхөр надтай утсаар ярьсан тэгэхдээ рамм сөхөгдсөн байна гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Гэхдээ хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл дээр рамм сөхөгдсөн байсан гэсэн талаар нэг ч үг өгүүлбэр байдаггүй. Харин Н мэдүүлэг дээр байдаг. Би эхнэртээ рамм сөхөгдсөн байсан гэж хэлсэн талаар мэдүүлэг байдаггүй. Харин гэрч Б мэдүүлэг нь энэ байдлуудыг нотлохгүй, эргэлзээтэй байна. Н тааж таамаглаж тооноор орсон байж магадгүй гэж хэлсэн байдаг, яг гэрт орсныг хараагүй байдаг. Б нь Н хэлсэн үгийг дамжуулж мэдүүлэг өгсөн болохоос энэ хэргийг нүдээрээ харсан гэрч биш. Тиймээс энэ хоёрын мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн гэрт А холбоотой ямар нэгэн ул мөр илэрээгүй. Харин А ярихдаа 10 дугаар сарын эхээр Н торх будаж өгөх гэж очсон. Тэгээд Н хоолондоо явах хойгуур нь гуталыг авсан гэж ярьдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлэг 10 дугаар сарын 14-өөс 25-ны хооронд би гэртээ очих үед манай гэрээс эд зүйл алга болсон гэдэг. Миний бодлоор энэ гэрт хоёр хулгай орсон юм шиг харагдаж байна. Эхний ээлжинд А гутал, мөнгөн аяга хоёрыг авсан, дараа нь 2*3 харьцаатай хивс, телевизор, гар утас зэрэг зүйл алга болсон байдаг. Харин мөнгөн аяга, гутал хоёрыг яаж алга болсон талаар мөрдөн байцаалтанд тогтоож өгөөгүй. Тиймээс энэ хэргийн зүйлчлэлийг өөрчлөж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Мөн хэргийн газар А гэмт хэрэг хийсэн гэдгийг тогтоож чадаагүй, босгоны хажууд нэг мөр байсан. Түүнийг дүгнэлт гаргах боломжгүй гээд буцаасан байдаг. Хэрвээ дүгнэлт гарсан бол энэ хэрэгт нэг эргэлзээ гарч ирэх ёстой байсан. Тиймээс энэ хэрэг эргэлзээтэй, мөрдөн байцаагчийн ур чадвар дутсан, мөрдөн байцаалтын шатанд нэвтэрсэн гэдгийг нотлож чадаагүй. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Үүнээс болоод энэ хүн 2 сар хоригдсон мөн орох оронгүй 7 настай хүүхэд дагуулаад айлаар хэсээд явж байна. Тиймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: А нь 2018 оны 10 дугаар сарын 17-аас 28-ны өдрүүдэд Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сүлдийн 5-3 тоотод оршин суух иргэн Б.Н гэрт нэвтэрч зурагт, хурган дээл, 2 ширхэг мөнгөн аяга, хазаар, ногтны өлгүүр, аргамж, булган малгай, нохой түрүүтэй гутал, 2*3 хэмжээтэй хивс, гар утас зэргийг хулгайласан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэргийг Говьсүмбэр аймаг дахь анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 63 дугаартай шийтгэх тогтоолоор А гэм буруутай гэж үзээд 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. А гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н мэдүүлэг, гэрч Баярцэнгэлийн мэдүүлэг, А эд зүйл хураан авсан тэмдэглэл, А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэгээр тогтоогддог. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны хооронд Б сумын 1 дүгээр баг С 5-3 тоотод байх Б.Н  гэрт нэвтэрч 32 инчийн телевизор, хурган дээл, мөнгөн аяга 2 ширхэг, хазаар ногтны өлгүүр, 5 метрийн урт аргамж, булган малгай, нохой түрийтэй гутал, 2х3 хэмжээтэй хивс, гар утас зэргийг хулгайлж нийт 2235000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь Б.Н  гэрээс телевизор, хурган дээл, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр, 5 метрийн урттай аргамж, булган малгай, хивс, гар утас зэргийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргээс дээрх эд зүйлсийг авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ. Харин ийнхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо “хэргийг” хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь учир дутагдалтай байна.

Харин шүүхээс шүүгдэгч Д.А нь нохой түрийтэй гутал болон мөнгөн аяга хулгайлахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нь уг зүйлийг яаж хулгайлснаа янз бүрээр буюу анх гэрчээр /хх-53-54/ мэдүүлэхдээ “... тооноор нь орж авсан” гэж, дараа нь яллагдагчаар /хх-106-107/ мэдүүлэхдээ “... хохирогч  хоолонд явсан хойно гэрт ганцаараа үлдсэн үедээ гутал, аяга хоёрыг авч гадаа нууж орхисон, хэд хоногийн дараа очиж авсан” гэж, анхан шатны шүүхийн шүүх  хуралдааны хэлэлцүүлгийн үед “ ... гэрт нь үлдсэн үедээ авч гадаа гаргаж нуусан”  гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Мөн хохирогч Б.Н /хх-26-27/ мэдүүлэгт “ ...найз нь танай гэрийн хаяагаар гутлыг чинь аваад өмсчихсөн юм ... тооноор орсон юм уу гэж асуухад найз нь тооноор чинь орж аваагүй шүү гэж хэлсэн“ гэж, мөн гэрч Б.Б /хх-34-35/ мэдүүлэгт “ ...манай нөхөр яг хаагуур хулгайч орсон байж магадгүй талаар тодорхой юм хэлээгүй ба тооноор орсон юм болов уу рамм дээшээ хөдөлсөн байна гэж хэлж байсан. Хаалганы цоож цуурга эвдрээгүй байсан талаар хэлсэн” гэж, гэрч А.О /хх-45/ мэдүүлэгт “... гутлыг нь...хаяагаар нь аваад өмсчихсөн талаараа хэлсэн. Мөнгөн аяга авсан талаараа хэлээгүй “ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлэхдээ шүүгдэгч Д.А нь тооноор орж хулгай хийсэн болох нь хохирогч болон гэрч Б.Б мэдүүлгээр нотлогдсон гэж үзжээ. Мөн шүүгдэгч нь анх гэрчээр өгсөн мэдүүлгээ мөрдөгч айлгаж, дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан гэдэг боловч энэ талаар гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч нь орон байранд буюу гэрийн тооноор нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ингэснээр шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болох ёстой боловч хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 90000 төгрөг буюу тухайн зүйлд заасан бага бус хэмжээнд хүрэхгүй байх бөгөөд шүүгдэгч Д.А бусдын 90000 төгрөгний эд зүйл хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх ба харин Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох үндэслэлтэй байна.

  Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт  “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно“ гэж заасны байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан харьяалалын дагуу шүүгдэгч Д.А Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж 30 хоногийн хугацаагаар баривчилах шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан ба шүүгдэгч нь 54 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн баривчлах шийтгэлийг хорих ял эдэлсэнд  тооцон дүйцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч Б овгийн Д А Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 цагийн албадан сургалтанд хамруулж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай.

4. Шүүгдэгч Б овгийн Д А оногдуулсан 30 хоногийн баривчлах шийтгэлийг түүний биечлэн эдэлсэн 54 хоногийн хорих ялд нь дүйцүүлэн тооцсугай.

5. Шүүгдэгч Д.А 10 цагийн албадан сургалтанд хамруулах үүргийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                           О.ОДНЯМАА