Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/63

 

гийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-н А-д холбогдох эрүүгийн 1817002210042 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, Ө-н тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овгийн Д-н А-д, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н-н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 хос, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2 235 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух хохирогч Б.Н-н гэрт тооноор нь нэвтэрч бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 хос зэрэг эд зүйл хулгайлж, нийт 90 000 /ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1.Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын эхээр Н найзтайгаа хамт Баянтал суманд ирж торх будсан. Өдөр хоёр талыг нь будчихаад Н хоолонд яваад ирэхдээ нэг архитай ирсэн. Хоол идээд, архиа уусан. Би гутал аяга хоёрыг нь аваад хойд талын шургааны доор нуусан. Тэгээд торхоо будчихаад ирсэн. Өөр бусад зүйлийг би аваагүй. Нн хоолонд яваагүй гээд байгаа. Хоолонд явсан. Мөн архинд явсан  гэв. 

 

1.2. Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төв дээр байдаг Сүлдийн 5-3 тоот гэртээ ирээд хашаагаараа ороод гэрийнхээ хаалгыг онгойлготол авдар дотор байсан авдар дотор байсан эд зүйлүүдийг энд тэндгүй тараагаад хаячихсан, зурагтны тавиур дээр байсан зурагт байхгүй болохоор нь манай гэрт хулгай орсон юм байна гэж ойлгоод сумын хэсгийн төлөөлөгчид ирж дуудлага өгсөн.

Манай гэрийн баруун хойд талд зурагтны тавиур дээр байсан 32 инчийн зурагт, чанх хойд талд авдар дотор цагаан даавуунд ороосон байсан улаан өнгийн эрэгтэй хүний хурган дотортой дээл, авдар дээр ил байсан дунд гарын мөнгөн аяга 1ш /ёроол нь салж унаад байдаг, хар тагштай/ бага гарын мөнгөн аяга 1ш /мөнгө нь дотно гадна талдаа сэтэрсэн, дээж өргөх хэмжээтэй/ бор гөрөөсний толгойгоор хийсэн хазаар, ногтны өлгүүр, 5 метр урттай суран аргамж байхгүй болсон байсан.

Манай гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй ба тооноор хулгайч орсон болов уу гэж бодож байна. Гэрийн гадуур ямар нэгэн ул мөр гэх зүйл мэдэгдэхийн янзгүй байсан ба гэр дотор нааш цаашаа явсан 1 гутлын мөр байсан. Манай гэрийн цоож бол хоёр түлхүүртэй жижиг хужаа цоож байгаа юм. Түлхүүрний нэг нь надад байдаг ба 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос ирэхдээ эхнэр Б-с нэг түлхүүрийг нь авчраад гэрээрээ орсон ба уг түлхүүрийг хаана авч явж байгаад хаяснаа санахгүй байгаа юм.

Би 32 инчийн зурагтаа 2012 онд Улаанбаатар хотын Нарантуул захаас 800 000 төгрөгөөр худалдан авч байсан. Хурган дотортой дээлийг манай ээж Цулган 2018 оны 02 дугаар сард оёж өгч байсан юм. Зах дээгүүр хурган дотортой дээл 1 500 000 төгрөгөөр зарагддаг юм байна лээ. Тэрүүгээр нь би үнэлнэ. Бага гарын мөнгөн аягыг 2009 онд Нарантуул захаас 40 000 төгрөгөөр авч байсан ба дунд гарын  мөнгөн аягыг манай эгч Батжаргал 2015 онд сумын алдарч уяач болсонд баяр хүргэж бэлгэнд өгч байсан юм, 80 000 төгрөгөөр үнэлнэ. Бор гөрөөсийн толгойгоор хийсэн өлгүүрийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны үед манай найз Б /8656..../ Өмнөговь аймгаас надад авчирч өгч байсан юм. Суран аргамжийг би өөрөө хийсэн ба 1 метр сурыг 5000 төгрөгөөр бодоход 25000 төгрөг болж байна.

Надад энэ тэр сэжиглэх хүн байхгүй. Манай хашааны урдуур болон ардуур Баянтал сумын төвөөс засмал зам орох шороон зам явдаг. Урдуур хойгуур явж байгаа хүмүүс өрх нь бүтээлттэй байгаа айлыг хараад эзгүй байна гэдгийг мэддэг л байсан болов уу. Хулгайд эд зүйлээ алдсан учраас гомдолтой байна. Манай гэрт орж хулгай хийсэн хүнийг олж тогтоон алдагдсан эд зүйлүүдийг минь төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн оройдоо гэртээ буцаж очоод дахин эд зүйлээ шалган үзэхэд авдар дотор байсан 56 размерийн эрэгтэй хүний буудаг булган малгай, орон дээр байсан 2х3 харьцаатай шар өнгийн дугариг хээтэй хивс, гэрийн баруун урдхан талд цаасан хайрцаг дотор байсан шар өнгийн нохой түрийтэй хос гутал, зурагтны тавиар доор байсан Самсунгын 2 сим ордог товчтой гар утас зэрэг эд зүйлүүд алдагдсан байсныг тухайн үед нь өөр лүү чинь ярьж мэдэгдэж байсан. Хивс нь ориг Эрдэнэт хивс байсан ба 2015 онд Нарантуул захаас 85 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нохой түрүүтэй гутал болон булган малгайг 2015 оны өвөл Нарантуул захаас гутлаа 150 000 төгрөгөөр, булган малгайгаа 350 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гутал нь нохой түрүүтэй шар өнгийн хуучирсан гутал байсан ба булган малгай нь шинээрээ шахуу байсан юм. Гар утас нь нилээн хуучирсан ажиллагаа хэвийн сим карт хийгээгүй байсан юм. Би одоо хивсээ 80 000 төгрөгөөр, булган малгайгаа 350 000 төгрөгөөр, нохой түрийтэй гутлаа 100 000 төгрөгөөр, гар утсаа 20 000 төгрөгөөр үнэлнэ.

Говьсүмбэр аймагт байдаг манай найз миний гутлыг А өмсөж явсныг таниад надад хэлсэн юм. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 3,4-ний үед А-н гэрт нь очиход эхнэр хүүхдүүд нь байхаар нь гэрээс нь дагуулж гараад уулзсан юм. Тэгээд би А-с чи найзынхаа нохой гуталтай ижилхэн гутал өмсөөд байгаа юм уу гэж асуухад эхэндээ үгүй, тийм юм байхгүй гэж байснаа тэгсэн юм аа, найз нь танай гэрийн чинь хаяагаар нохой гутлыг чинь аваад өмсчихсөн юм аа гэж хэлэхээр нь чи ганцхан гутал аваагүй ш дээ бусад эд зүйлүүдийг нь яасан юм бэ гэж асуутал урдаас юм дуугараагүй. Тэгэхээр нь би чи хаагуур орж авсан юм, тооноор орсон юм уу гэж асуухад найз нь тооноор чинь орж аваагүй шүү гэж хэлсэн. Тэгээд А би гутлыг чинь авсан нь үнэн юм чинь их юмны ард уналаа, би хохирлыг нь төлж өгнөө, чи хэдэн төгрөг авах юм бэ гэж хэлэхээр нь би 5 000 000 төгрөг авч байж хохиролгүй болно гэдгээ хэлээд А 04 дүгээр сарын 01-н хүртэл хохирол барагдуулах хугацааг өгсөн юм. Тэгээд А 03 дугаар сарын 12-нд 500 000 төгрөгөөр хоёр удаа 1 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-нд 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 250 000 төгрөг, нийт 2 750 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн юм.

Манай гэрт орж хулгай хийсэн хүнийг А мөн гэж бодож байна. Тухайн хэрэг гарах үед манай гэрээс алдагдсан эд зүйлүүдийн нэг болох миний  нохой түрийтэй гутал А-с гарч ирсэн ба А манай гэрээс миний гутлыг авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Бусад эд зүйлүүдийг А-с асуухаар юу ч хэлэхгүй байгаа юм. А хэлсэндээ байгаад миний гомдлыг барагдуулбал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хулгайд алдсан зарим эд зүйлээ эргүүлэн авлаа. Миний хулгайд алдсан зарим эд зүйл дотор 5 метр суран аргамж байсан юм. Миний хулгайд алдсан гутлыг Д.А өмсчихсөн явж байна гэж сонсоод тэднийд очиж уулзахад гэрт нь миний элдсэн сур байхыг таниад түүнд энэ миний алдсан сурны тасархай байна гэж хэлж байсан юм. Тэгээд би дараа нь энэ талаар Баянтал сумын хэсгийг төлөөлөгч П-д хэлж байсан. Тэгээд тэр А-с дээрх эд зүйлсийг хураан авсан юм шиг байна.

Мөнгөн аягыг надад манай эгч Б бэлгэнд өгч байсан юм. Мөнгөн аяганы тагш нь алга, мөнгөнүүд нь мөн байна. Аяганы гадна ёроол хэсгийн товгор хээгээр нь би мөнгөн аяганыхаа мөнгийг таньж байна. Шар үстэй түрийтэй нохой гутал миний гутал мөн байна. Хараад л шууд таньж байна. Угаасаа өмсөж хэрэглэж байсан гутлаа танилгүй яахавдээ. Би мөн энэ сурыг элдүүрээр нь таньж байна. Энэ миний алдсан сурны тасархай нь мөн байна. Би өөрөө элдсэн хүн нь байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

1.3. Гэрч Г.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр гэх сумын нутаг Элгэн гэх газраас Н-н хамт Баянтал суманд 11 цагийн үед гэрт нь ирэхэд гэрт нь хулгай орсон байдалтай байсан. Гэрт нь ороход авдрыг нь онгойлгоод дотор нь байсан хамаг юмыг нь тараагаад хаячихсан байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн. Өмнө нь би ирж байгаагүй. Өнөөдөр гэрээ янзална гээд намайг гуйхаар нь хамт ирсэн юм. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн алга... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад Н-н над руу залгаад Баянтал сум дахь гэрт хулгай орчихжээ, хоёулаа хэзээ манай гэрт ирлээ гэж асуухаар нь сайн санахгүй байна, 10 дугаар сарын 16,17-ны үед очсон юм болов уу гэж хэлсэн. Тэр өдрийнхөө орой 21 цагийн үед Н-н манай Өгөөмөрийн 127 тоот гэрт ирээд манай гэрээс хурган дотортой дээл, зурагт, аяга гэх зүйлүүд алга болсон байна лээ гэж хэлж байсан.

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сумын төв дээрх гэртээ байж байтал Н-н манай гэрт ирээд Баянтал сум орчихоод ирье гэрээсээ дээл хувцсаа авчирах гэсэн юм гэж гуйхаар нь зөвшөөрөөд миний эзэмшлийн 35-48 ГСА улсын дугаартай Т.Вингроад маркийн машинтай бид хоёр хоёулаа Баянтал сум руу явсан. Тэгээд Н-н гэрт 12 цагийн орчимд очоод хашааных нь гадаа машинаа орхиод хамтдаа гэр лүү нь орсон. Н-н гэртээ ороод зүүн талынхаа хүрэн өнгийн хөвөнтэй дээлээ аваад буцаад гарцгаасан. Тэгээд Н-н гэрээсээ гарч ирээд гэрийнхээ хаалгыг цоожлоод хашааныхаа хаалгыг хаачихаад буцаад Чойр луу явцгаасан. Тэр өдрөөс хойш би дахиж Н-н Баянтал сум дахь гэрт нь очоогүй ба 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд нагац ах Д-д оччихоод оройдоо буцаад Чойрт ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Н-н манай хашаанд байдаг манай дүү Ө-н гэрээр архи уугаад ирж очоод байсан.

Намайг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрээр нь ороход шалны дэвсгэрээ хуулаад хураачихсан, шкаф болон авдарных нь хаалга хаалттай, гэрийнх нь баруун хойд талд зурагтны тавиур дээр боронзон шаравтар өнгөтэй зурагт байсан. Авдран дээгүүр нь эд зүйл гөрөөсний толгойгоор хийсэн өлгүүр байсан үгүйг анзаараагүй. 2018 оны 09 дүгээр сард Наранбаясгалангийн хашаанд дүнзэн тор буулгах үед гэрээр нь ороход гэрийнх нь зүүн хойд хэсэгт хананд суурьлуулсан гөрөөсний хүзүү толойгоор хийсэн өлгүүр өлгөөтэй байсан. Хулгай орсон байж болох ямар нэгэн ул мөр мэдэгдээгүй. 2018 оны цагаан сараар Баянтал сум дахь гэрээр нь ороход улаан өнгийн хурган дотортой дээлээ өмссөн байсан ба учиргүй олон мөнгөн аягануудад цай хийж өгч байсан харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн үед манай хүү ирэн очин байсан ба ирэхдээ 2,3 хоноод мал хүй усалж өгөөд дэм болоод явдаг байсан. Яг хэдэн сарын хэдэнд нь ирээд хэдэнд нь буцаад явсан болохыг би санахгүй байна. Манай гэрээс явахдаа би явлаа гэж хэлээд явдаг болохоос Баянтал юм уу Чойр луу явдаг байсан эсэхийг би мэдэхгүй. 10 сард Б.Н-н байшинг янзална гэж ярьж байсан. Би Н манай хүү А-н найз нөхөр гэдгээр нь сайн танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Намайг өнгөрсөн зун А-н Чойрт байх гэрт нь очиход Н архи уугаад л байдаг байсан. А манай гэрт ямар нэгэн эд зүйл авчирч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Н над руу залгаад Баянтал суманд гэртээ ирж гэрээ дулаалах гэтэл гэрт хулгай орчихсон байна, тавиур дээр байсан зурагт байхгүй байна гэж хэлэхээр нь би цагдаад тэмдэглүүлээрэй гэж хэлэхэд цагдаа ирчихсэн байна гэж хэлж байна, авдаранд байсан миний хурган дотортой дээл байхгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод гэртээ байсан юм. Нөхөр бид хоёр 2018 оны 08 дугаар сарын эхээр Баянтал сумын Сүлд овоог тахих наадмын үеэр гэртээ ирэхэд манай гэрийн зурагт болон эд зүйлүүд бүрэн бүтэн байсан. Тэрнээс хойш би дахиж Баянтал сум дахь гэрээрээ ирээгүй ба 08 сарын сүүлээр Улаанбаатар хот руу хүүхдүүдтэйгээ явчихсан юм. Манай нөхөр гэрээ дулаалах гэж 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирэхэд эд зүйлүүд нь байхгүй болсон байсан гэж хэлсэн ба тэр үед нь алга болсон юм болов уу гэж бодсон юм. Намайг хот руу явснаас хойш манай нөхөр Улаанбаатар хот руу ирэн очин явж байсан ба Баянтал сум дахь гэрээрээ орж гарах үед нь гэрийнх нь эд зүйлүүд бүрэн байсан гэж хэлж байсан. Манай гэрээс 32 инчийн НКС маркийн телевизор, манай нөхрийн хурган дотортой дээл, 2 ширхэг мөнгөн аяга, бор гөрөөсний толгойгоор хийсэн хазаар ногтны өлгүүр зэрэг эд зүйлүүд алга болсон байсан.

Манай нөхөр яг хаагуур хулгайч орсон байж магадгүй талаар тодорхой юм хэлээгүй ба тооноор орсон юм болов уу рамм дээшээ сөхөгдсөн байна гэж хэлж байсан. Хаалганы цоож цуурга эвдрээгүй байсан талаар хэлсэн. Манай гэрт 2018 оны 04 дүгээр сараас хойш тогтож хүн амьдраагүй. Манайх хоёр гэрийн түлхүүртэй байсан ба нэг нь манай нөхөрт нэг нь надад байсан юм. 2018 оны зун 07 дугаар сард манай нөхөр Улаанбаатар хотод ирэхдээ Баянтал сум дахь гэрийнхээ түлхүүрийг олохгүй байгаа юм гэж хэлээд миний түлхүүрийг авч байсан юм. Хулгай орох үед ганц түлхүүртэй байсан ба одоо цоожоо сольсон....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 08 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 10-н хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 3 дугаар багийн нутагт байх ураны уурхайд ажиллаж байгаад гэртээ ирсэн. Би энэ  хэргийн талаар мэдээгүй. Ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Би зурагт зарна, эд зүйл зарна гэж явж байсан хүнтэй таараагүй. Надад энэ тэр гэж хэлчихээр хүн байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдрүүдэд Баянтал суманд үйл ажиллагаа би замын цайны газар орох, клонк орж бензин авах үедээ урдуур нь гарч явдгаас уг хашаанд зорьж очиж байгаагүй. Сүүлд 5-3 тоот хашаа болон баруун талынх нь Н-н хашаанд хүн амьдарч байсныг анзаарч байгаагүй. Би энэ хэргийн талаар мэдээгүй, хүмүүсээс ер нь сонсоогүй. Би зурагт зарна, эд зүйл зарна гэж явж байсан хүнтэй таараагүй. Манай суманд орон байрны хулгайн гэмт хэрэг гарлаа гэж өмнө нь ер сонсогдож байгаагүй. Тэр энэ гээд хэлчихээр хүн байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

1.9. Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед Улаанбаатар хот руу яваад 2018 оны 12 дугаар сарын 10-нд Баянтал суманд гэртээ ирсэн. Би хотод байхдаа хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийж байсан. 2018 оны 04 дүгээр сард явснаасаа хойш дунд нь Баянтал суманд ирээгүй. Би энэ хэргийн талаар мэдээгүй. Баянтал суманд өмнө нь орон байрны хулгайн хэрэг гарлаа гэж дуулдаж байгаагүй болохоор мэдэхгүй байна.Надад энэ тэр гэж хэлчихээр хүн байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 10 дугаар сард гэр ажил хооронд байж байсан. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Н манай дэлгүүр дээр ирээд манай гэрт хулгай орчихжээ, үзэж харж дуулсан юм байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Манай үхэрнүүд Н-н хашааны ойр орчмоор явдаг учраас үхэртэй явах үедээ танайх болон танай баруун талынх нь Н-н хашааны хаалга нь онгорхой байна уу, үгүй юу гэдгийн анзаараад явахад ер нь хаалга нь онгорхой байдаггүй байсан.

Надад тийм зүйл хэлээгүй. Манай нөхөр Ц-д хэлсэн байж магадгүй юм. Би Н-н гэрээр орж байгаагүй. Би Н-х хэзээнээс хойш эзгүй байсныг мэдэхгүй. Манай суманд өмнө нь орон байрны хулгайн гэмт хэрэг гарах нь гайгүй байдаг байсан. Одоо л янз бүрийн зүйлүүд дуулдаад байх шиг боллоо... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 03 дугаар сард Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ЗДТГ-т нягтлан бодогчоор ажилд орсон юм. Түүнээс хойш Баянтал суманд ажлаа хийгээд амьдарч байсан. Би энэ хэргийн талаар мэдээгүй. Би хурган дотортой дээл, мөнгөн аяга зарна гээд явж байсан хүнтэй таарч байгаагүй. 2018 оны 5 сард Баянтал сумын гаралтай Шагай гэх залуу зурагт зарна гээд явж байснаас хойш дахиж зурагт зарна гээд явж байсан хүнтэй огт таараагүй. Надад тэр энэ гэж хэлчих хүн байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2001 оноос хойш Баянтал суманд амьдарч байгаа юм. Би 2018 оны 10 дугаар сард Баянтал суманд тодорхой ажилгүй гэртээ байсан ба 11 дүгээр сарын 15-нд “Чойр Хайрхан” ХХК-н ноосны үйлдвэрт ажилд орсон юм. Би энэ хэргийн талаар сонсож байгаагүй юм байна. Би хурган дотортой дээл, мөнгөн аяга, телевизор худалдан борлуулна гээд явж байсан хүнтэй  таараагүй. Өмнө нь манай суманд орон байрны хулгайн гэмт хэрэг гарлаа гэж сонсогдож байгаагүй, би тийм хүмүүсийг мэдэхгүй. Надад энэ тэр гэж сэжиглэх хүн байхгүй  байна... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

1.13. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Н-н манайд ирээд энэ хоёр хашааны гадаа машин дотор юм яриад суугаад байсан, юу ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд цаг гарангийн дараа Н-н яваад өгсөн. Тэгээд би юу ч мэдээгүй. Тэр өдөр БНХАУ-н Хөх хот руу вагоноор явсан. Н-н гэрээс гутлыг нь хөл даараад байхаар нь гэрийн хаяагаар нь аваад өмсчихсөн талаараа хэлсэн. Мөнгөн аяга авсан талаараа бол хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.14. Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ:

Д.А Говьсүмбэр аймгаас Баянтал суманд хашаандаа байгаа торхыг будуулахаар гуйж авчирсан. Яг хэзээ вэ гэдгээ нарий сайн санахгүй байна. Ямар ч байсан хулгай гарсныг мэдээд цагдаад дуудлага өгөхөд 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байсан байна. Тэгэхээр түүнээс өмнө 10 орчим хоногийн өмнө авчирсан байх гэж бодож байна. Торх будахад тэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Өглөө 11,12 цагийн үед ирээд торхоо будаад 14 цагийн үед буцаад өөрийнхөө унаж байсан машинаар түүнийг Чойрт гэрт нь хүргэж өгсөн. Торх будах гэж хоёр цаг орчим л болсон. Торх будаж байхдаа бол бид хоёр нэг шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Торх будаж байхдаа бол бид хоёр хоол унд идээгүй. Би түүнийг ганцааранг нь хашаандаа орхиж яваагүй. Хажуунаас нь холдоогүй. Торх будахаар ирэхдээ А манай гэрт орсон. Бид хоёр архи уухдаа хулгайд алдчихаад байгаа мөнгөн аягаар архи аягалж гадаа уусан. Дараа нь надтай уулзаад хэлэхдээ А торх будахаар очихдоо гэрт байсан гутлыг чинь харчихаад дараа нь хаяагаар чинь хулгай хийсэн гэж надад хэлж байсан. А бид хоёр архиа хувааж уучихаад торхоо будчихаад явахдаа аягаа гэртээ оруулаад зурагтны хажууд тавьж орхиод гэрээ цоожлоод гарсан. Миний гутлыг А-д өмсөөд явж байна гэж надад манай Мөнхсайхан хэлсэн. Би өмнө нь манайд хулгай ороод гутал болон бусад эд зүйлээ алдсан талаараа түүнд хэлж байсан юм. М өмнө нь миний хулгайд алдсан шар гутлыг надаас гуйж өмсөөд хот руу явж байсан юм. Тэгсэн тэр харин А-д чиний надад өгч өмсгөж байсан шөр өнгийн гутлыг өмсөөд явж байна лээ гэж хэлсэн. Түүнийх нь дагуу би очиж А-той уулзахад А-д эхэндээ гүрийгээд байсан. Би очихдоо нэг шил архитай очсон. Бид хоёр хувааж уугаад архи талдаа орж байхад тэр надад хөгшин чинь чиний гутлыг гэрийн хаяагаар чинь авсан, ганц гутал л авсан, хөгшин чинь төлье чи надаас хэдэн төгрөг нэхэх юм бэ гэхээр нь би 5 000 000 төгрөг өг гэхэд төлье төлье гээд байсан. Би бусад алдсан зүйл бол түүнд хэлээгүй байхад тэр өөрөө төлье хэдэн төгрөг авах юм гээд байсан. Би тэгэхээр нь 5 000 000 төгрөг авъя гэхэд өгнө гэж хэлээд бид хоёр 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон. Би 2019 оны 03 дугаар сарын 01-нд мэдээд сарын хугацаатай хохирлыг төлж барагдуулахаар болсон. Надад 2 750 000 төгрөг цувуулж дансаар шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл мөнгөө одоо төлөөгүй байгаа. Надтай анх уулзахдаа бол ганц гутал л авсан гээд байсан. Тэгсэн хэрнээ миний хулгайд алдсан бүх зүйлийг төлье гээд байсан. Ганц  гутал авчихаад мэдээж хүн 5 000 000 төгрөг төлье гээд байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тийм учраас миний хулгайд алдсан эд зүйлийг тэр хүнээс өөр хэн авах вэ дээ. Миний хулгайд алдсан мөнгөн аягыг А-д тагшийг нь аваад дан мөнгийг нь үлдээчихсэн байсан. Би аягаа ёроол дээрх хээгээр нь таньсан. Миний гутлыг манай найз М эхлээд таньсан байсан. А-д дээр очиход бол А-д надад гутал үзүүлээгүй. Цагдаа дээр очсоны дараа гутлаа үзэхэд миний гутал мөн байсан. Угаасаа миний гутал андашгүй, хуучирчихсан, түрүүнийх нь үснүүд дарагдаад хуучирчихсан гутал байсан.  Улаан өнгийн гадартай хурган дотортой дээл байсан. Дээлийг манай ээж надад хийж өгч байсан. Мөн хулгайд алдсан зурагт НКС маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 32 инчийн шаргал өнгөтэй зурагт байсан.

Энэ хэргийг эхлээд Баянтал сумын хэсгийн төлөөлөгч П шалгаж байгаад дараа нь Г гэдэг мөрдөгч шалгаж байсан. Шалгаж байхдаа Г намайг дуудсаны дагуу Чойрын цагдаа дээр өрөөнд нь очиж уулзахад өрөөнд А өмгөөлөгч гэх эмэгтэйн хамт байж байсан. Тэгж очихдоо би А-г миний гутлыг хулгайлсан гэж бодоод очиход А өөрөө хөгшин чинь зурагтны хажууд газар уначихсан байсан мөнгөн аягыг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тооноор ороогүй, хаалгаар орсон юм байгаа биз дээ гэхэд тэгсэн гэж хэлсэн. Хажуунаас өмгөөлөгч гэх эмэгтэй намайг загнаад байсан. Би мөнгөн аягаа 40000 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд тэр эмэгтэй намайг яасан үнэтэй аяга вэ? дахиж үнэлүүлнэ, чи яахаараа хүнээс мөнгө авдаг юм гээд байсан. Тэгэхээр нь дуугарахгүй гараад явчихсан. Байцаагч ч гэсэн намайг гадаа байж бай гээд би гарсан. А надад эхлээд хаяагаар чинь хулгай хийсэн гээд байсан. Дараа нь хаалгаар орсон гэж хэлсэн. Миний бодлоор А миний машиныг гуйж унаад яваад байдаг байсан юм. Машины урд хайрцаганд гэрийн түлхүүр байдаг байсан. Түүнийг л тэр хувилуулж аваад дараа нь хулгай хийсэн байх гэж бодоод байгаа юм. Би гэрийн түлхүүрээ хаях нь бол хаяж байсан. Гэхдээ тэр түлхүүрийг хөдөө адуунд явж байгаад 2018 оны 05, 06 дугаар сард хаясан. Миний хувьд санал гомдол гээд байх зүйлгүй. Хамгийн гол нь найз нөхөд гэж явчихаад араар ирж хулгай хийсэнд жоохон сэтгэл дундуур л байна. Анх уг нь 5 000 000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон байсан. Энэ мөнгөнөөс 2 750 000 төгрөгийг өгчихөөд байгаа. Гэхдээ үнэлгээгээр 2 235 000 төгрөг гарсан байна. Үнэлгээтэй бол санал нийлж байгаа. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/

 

1.15. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баянтал суманд Монгол зоог цайны газрыг хувиараа ажиллуулдаг юм. Манай цайны газраас зүүн тийш 500 орчим метр зайтай газарт Н-н хашаа байдаг юм. Н нь манай худагт малаа усалдаг, тэр утгаараа бид нар бие биенээ мэддэг. Тэр хөдөөний мал маллдаг хүн бөгөөд Баянтал суманд манай хажууд байдаг гэртээ ирэн очин байдаг юм. Ноднин намар шиг санаж байна. Хөдөө явахдаа манайхыг хойгуур урдуур гарахдаа анзаарч байгаарай гэж хэлж байсан. Манай цайны газраас Баянтал сум руу явдаг зам тэдний хашааны урдуур гардаг юм. Тэр утгаараа надад захиж хэлж байсан байх, бусдаар бол надад эд хөрөнгөө үлдээгээд харуулаад үлдээсэн зүйл огт байхгүй. Би бол гэр хашааг нь эргэж тойрч байгаагүй. Хааяа хойгуур, урдуур нь сум явахдаа хашааных нь хаалга онгорхой байна уу, үгүй юу л гэж анзаардаг байсан. Бусдаар хашаа руу энэ тэр орж байгаагүй. Хашааны хаалга нь хаалттай бол доторх гэр нь харагддаггүй юм. Тухайн үед сэжигтэй хүн мэдэгдээгүй. Хулгайд алдагдсан гэх эд зүйлийг зарж борлуулах талаар хүн яваагүй. Миний хувьд хулгай орсон талаар нь мэдээгүй. Н өөрөө л надад хулгай ороод мөнгөн аяга өшөө юу юу  ч гэлээ дээ алга болсон гэж хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/

 

1.16. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би эхнэрийн хамт Баянтал суманд Монгол зоог цайны газрыг ажиллуулдаг юм. Би түүний хажуугаар хэдэн үхэр малладаг юм. Манай хашаанаас зүүн тийш 500 орчим метр зайтай газарт Н-н хашаа байдаг юм. Н-г бага байхаас нь танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Ноднин намар шиг санагдаад байна. Н хөдөө явлаа, хашаа харж байгаарай гэж хэлж байсан. Би за л гэж хэлж байсан. Манай цайны газраас Баянтал сум руу явдаг зам тэдний хашааны урдуур гардаг юм. Тэр утгаараа надад захиж хэлж байсан байх, бусдаар бол надад эд хөрөнгөө үлдээгээд харуулаад үлдээсэн зүйл байхгүй. Би бол урдуур хойгуур нь гарахдаа байнга л хашааг нь харж явдаг байсан. Хашааных хаалга онгойсон зүйл байгаагүй. Дотор нь байгаа гэр нь бол хашааны цаанаас харагддаггүй. Би бол хашаан дотор нь бол орж эргэж тойрч байгаагүй. Тухайн үед сэжигтэй хүн мэдэгдээгүй. Хулгайд алдагдсан гэх эд зүйлийг зарж борлуулах талаар хүн яваагүй. Хулгайд юу юу алдсаныг мэдээгүй. Миний хувьд хулгай орсон талаар ч мэдээгүй. Н өөрөө л манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/

 

1.17. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай найз Н манайд ноднин намар ирчихээд байж байхдаа Баянтал суманд байдаг манай гэрт 2018 оны 10 дугаар сард хулгай ороод гутал, зурагт, мөнгөн аяга, сур, хурган дээл, өлгүүр, булган малгай, хивс зэрэг зүйлүүдийг алдсан талаараа хэлж байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сард шиг л санагдаж байна. Он сараа сайн санахгүй байна. А манай гэрт орж ирсэн. Тэр орж ирэхдээ Н-н хулгайд алдсан шар өнгийн үстэй гуталтай төстэй гуталтай орж ирсэн. Би Н-н гутлыг яаж мэдээд байна вэ гэхээр манай нөхөр М-н өмнө нь тэр гутлыг гуйж хот руу бараандаа явахдаа өмсөж явж байсан юм. Мөн Н-н ч тэр гуталтайгаа манайд ирж байсан. Тэгээд би энэ талаар Н-д хэлэхэд Баянтал сумаас тэр манай гэрт шууд хүрээд ирсэн. Тэгээд манайд ирчихээд А-той уулзчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа ганцаараа орж ирээд А-н өмсөөд явж байсан гутал миний гутал мөн байна, өөрөө хэргээ хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхдээ ганцхан гутлыг авсан, бусдыг нь аваагүй гээд байна гэж хэлээд байна гэж хэлээд орж ирсэн. Өөр зүйл бол хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/

 

1.18. Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Н, А бид гурав найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Энэ оны 2 сард шиг санагдаж байна. Манай эхнэр надад Н-н хулгайд алдсан гутлыг А-д өмсчихсөн явж байна гээд утсан дээрээ зургийг нь дарчихсан надад үзүүлээд Н-д хэлчих үү? гэхээр нь би түүнд найз нөхдийн хооронд хов зөөж яах гээд байгаа юм, би яаж мэддэг юм  л гэж хэлсэн. Манай эхнэр Н-д гутлынх нь талаар хэлсэн юм байна лээ. Н-н өмнө нь бол 2018 оны намар Баянтал суманд байдаг гэрт нь хулгай ороод гутал болон эд зүйлүүд алдагдаж байсан талаар надад хэлж байсан. Эхнэрийн надад үзүүлсэн гутлын зураг Н-н гутлынх нь зураг мөн байх шиг байсан. Би тэр гутлыг 2 жилийн өмнө шиг санагдаж байна. Өвөл хот руу нэг удаа өмсөж явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/

 

1.19. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Н-н авга эгч нь байгаа юм. Түүнийг 2015 онд сумын алдарт уяач болоход нь баяр хүргэж дунд гарын мөнгөн аяга Улаанбаатар хотоос Мөнгөн завъяагаас худалдан авч бэлгэнд өгч байсан. Тухайн үед 120 000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан шиг санагдаж байна. Гэхдээ яг хэдээр авч байснаа санахгүй байна. Худалдаж авсан талаарх баримт байхгүй. Дотор талд өлзий хээтэй байсан шиг санагдаж байна. Ёроолны гадна талдаа дугуй дотроо товгор сийлсэн хээтэй байсан. Энэ миний Н өгсөн мөнгөн аяга мөн шиг байна. Учир нь ёроолны гадна талдаа дугуй дотроо товгор хээтэй байсан. Тэр нь зурган дээр мөн шиг харагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/

 

1.20. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

 

1.21. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

1.22. Эд мөрийн баримтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

1.23. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/

 

1.24. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын үнэлгээний комиссын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 019 дугаартай дүгнэлт, /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

1.25. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 009/041 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн мөр нь мөр дүрсийн шинж тэмдэг муу, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тоо, чанарын хувьд хангалтгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

 

Жич: Шинжилгээнд ирүүлсэн объектууд, шинжээчийн 009-041 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэн өгөв.

Хүлээлгэн өгсөн: ГСА-ийн ШШАлбаны криминалистикийн шинжээч

Цагдаагийн дэслэгч   Б.Тэмүүлэн гэжээ. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

1.26. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 009/014 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн мөр нь мөр дүрсийн шинж тэмдэг муу, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тоо, чанарын хувьд хангалтгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

 

Жич: Шинжилгээнд ирүүлсэн объектууд, шинжээчийн 009-/014 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийг бүрэн хүлээлгэн өгөв.

Хүлээлгэн өгсөн: ГСА-ийн ШШАлбаны криминалистикийн шинжээч

Цагдаагийн дэслэгч   Б.Тэмүүлэн гэжээ. /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

 

1.27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2679 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн мөнгөн аяганы суурь нь мөнгөний металлаар хийгдсэн мөнгөн суурь байна.Шинжилгээнд ирүүлсэн мөнгөн аяганы дотор хэсэг нь мөнгөний металлаар хийгдсэн мөнгөн дотор байна. Шинжилгээнд ирүүлсэн хуульсан хэсэг нь мөнгөний металлаар хийгдсэн мөнгөн хуулиас байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөн аяганы сорьц тодорхойлох боломжгүй.

Физикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхжин гэжээ. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

1.28. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 71-73 дугаар хуудас/

 

1.29. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 128-132 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.А-г 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н-н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 хос, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2 235 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс

“32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг” зэрэг эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

Хохирогч Б.Н нь “миний эд зүйлүүдийг Ариунболд авсан” гэх мэдүүлгийг өгдөг боловч шүүгдэгч Д.А нь 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх эд зүйлүүдийг авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.А-с 1,5 см өргөнтэй, 185 см урттай сур хураасан боловч ямар шинж тэмдэгээрээ хохирогч Б.Н-н сур мөн болохыг бүрэн тогтоогоогүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.А-н өмгөөлөгч Г.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...шүүгдэгч Д.А нь мөнгөн аяга 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 ширхэгийг авсан болох нь тогтоогдсон, харин бусад эд зүйлүүдийг авсан болох нь тогтоогдоогүй, хохирогч Б.Н-н гэрийн тооноор орсон болох нь нотлогдохгүй байна. Мөн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч Д.А-н эрхийг зөрчиж хөтөлж тулгаж байцааж хэргийг нь хүлээлгэсэн. Иймд шүүгдэгч Д.А хохирогчийн гэрийн тооноор нэвтэрсэн болох нь тогтоогдохгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож, хохирол нь бага бус хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх саналыг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Х.П нь айлгаж, дарамталж, хөтөлж тулгаж мэдүүлэг авсан гэж байгаа боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд холбогдох албан тушаалтанд нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн зүйл байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Харин шүүгдэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух хохирогч Б.Н-н гэрийн тооноор нь нэвтэрч бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 хос зэрэг эд зүйл хулгайлсан болох нь

хохирогч Б.Н-н “...Манай гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй ба тооноор хулгайч орсон болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-н “...Манай нөхөр яг хаагуур хулгайч орсон байж магадгүй талаар тодорхой юм хэлээгүй ба тооноор орсон юм болов уу рамм дээшээ сөхөгдсөн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.А-н 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Н-н гэрт яваад очиход хашааных нь хаалга нь нэг орохоор зайтай байсан ба хашаа руу нь яваад ороход гэр нь цоожтой, өрх нь хагас бүтээлттэй байсан. Тухайн үед миний өмсөж явсан эсгий түрийтэй гуталны баруун хөлнийх нь урд хэсгээрээ урагдсан байсан болохоор нь Н-н гуталнаас нь өмсчихье гэж бодоод гэрийнх нь тоононы хамгийн зүүн талын онгорхойгоор нь дотогш орсон юм. Тэгээд би гэрийн баруун урд хананы үзүүрт байсан шар өнгийн нохой гутал, хойд талд байсан авдарны зүүн талд газар унасан байсан амсар нь сэтэрхий жижиг гарын мөнгөн аяга байсныг аваад гэрийн тоононых нь орсон хэсгээрээ буцаад гарч явсан...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Г.Энхжаргалын гаргасан саналыг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

...1977 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Цагаандэлгэр сумын дунд сургуульд 1985-1991 оны хооронд сурч 6 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр гарч мал малласан. Үсэглэж удаан уншдаг, бичихдээ муу. 1996-1997 онд хүндэт харуулын 032-р ангид цэргийн алба хаасан. Багаасаа хөдөө мал дээр өссөн. Ер нь л мал маллаж амьдардаг. Хүүхдүүд сургуульд суух гээд төв рүү орж ирчихээд байж байна. Одоо эхнэр 3 хүүхдийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Өгөөмөрийн 133 тоотод амьдарч байна. Мал маллаж амьжиргаагаа залгуулдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би хүүхдүүдээ бүгдийг нь загнаж өсгөсөн болохоор нээх хүмүүжилгүй хүн бол биш байгаа юм. Бусадтай найрсан нөхөрсөг харилцаатай олон нийттэйгээ байдаг хүн байгаа юм. Миний хүү А Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын сургуульд 7 дугаар ангиа суралцан төгсөж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

2.3. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А нь уг дуу цөөтэй, хэрүүл ам тэнцэл хийгээд байдаггүй миний сайн хань, бид хоёр 10 гаран жил амьдарч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

2.4. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Д.А миний төрсөн дүү.  1977 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Эхээс 7-лаа, дээрээсээ 5 дахь хүүхэд байгаа юм. Бага насаа хөдөө мал дээр мал маллаж өссөн. Цагаандэлгэр сумын сургуульд 7 дугаар анги төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн цөөхөн хэдэн малтай гэхдээ өөр дээрээ тоолуулдаггүй. Ээж дээр мал нь байдаг. Тогтсон ажил хөдөлмөр байхгүй. Энэ тэнд хар бор ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Найз нөхөд ах дүү нарын дунд нэр хүндтэй. Хар ажилд сайн хүн байгаа юм. Хувийн зан байдлын хувьд үг дуу цөөтэй, даруухан, хүн тусархуу зантай. Архи тохируулж хэрэглэдэг, тамхи татдаг. Холбогдсон хэргийнх нь талаар сайн мэдэхгүй. Дүүгийн найз Н-с би юу болоод байгаа талаар асуухад А-с асуу гэж хэлэхээр дүүгээсээ асуухад би Н-н гэрээс мөнгөн аяга, гутал хоёр л авсан. Тэгэхэд нэмээд надаас хивс, зурагт нэхээд байна гэхээр нь би түүнээс чи тэд нарыг нь авсан юм уу үгүй би аваагүй гэсэн. Тэгэхээр нь би чи аваагүй юм бол яагаад түүнд тийм их мөнгө өгч тохирсон юм бэ гэхэд 2-лаа найзын хувьд хаврын их ажлын хажуугаар найзынхаа хүрээг таслаад яахав гээд би нар хоорондоо тохирсон гэж хэлсэн. Түүн рүү 2 750 000 төгрөг шилжүүлчихээд дараа нь дахиад үлдэгдэл мөнгөө шилжүүлэх гэж байгаа гэхээр нь би түүнд чамайг хулгай хийсэн гэж ойлгоно ш дээ, өмгөөлөгч ав гэж хэлээд тэр өмгөөлөгч авсан юм. 5 000 000 төгрөгөөр хоорондоо ярьж тохирсон гэсэн. Мөн би түүнд чи яагаад өмгөөлөгч аваагүй юм бэ гэхэд Баянтал сумын байцаагч өмгөөлөгч авах хэрэг биш гэж түүнд хэлсэн гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/

 

2.5.Шүүгдэгч Д.А-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 97 дугаар хуудас/

 

2.6 Шүүгдэгч Д.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2  /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А-д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Д-н А-г 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух Б.Н-н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Samsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б-н овгийн Д-н А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.А-н хорих ял эдлэх хугацааг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ