Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02181

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02181

 

 

Л.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Анхныбаярт холбогдох,

 

66 800 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Батболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Пүрэвхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 10 дугаар сард Л.Гэрлээ эгчтэй ярьж тохироод Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр байрны 1 давхрын 185 м.кв талбай бүхий байрыг 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, засч тохижуулан Сео нэртэй клубын үйл ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед би эгчтэйгээ боломжтой болохоороо худалдан авна гэж тохиролцсон. Ингээд 2011 оны 9 дүгээр сард Л.Гэрлээ эгч тус байрыг худалдана гэсэн зар өгсөн байсан учир эгчтэй уулзаад үнэ тохироод 50 000 000 төгрөгийн урьдчилгаагаа өгсөн. Гэтэл энэ дундуур нь О.Анхныбаяр орж ирээд үнийг нь нэмж, улмаар үнэ тохиролцоогүй учир зарахгүй гэж хэлсэн. Тухайн үед О.Анхныбаярт засвар хийсэн мөнгөө нэхэхгүйгээр клубыг түлхүүртэй нь хүлээлгэн өгч, миний урьдчилгаанд өгсөн 50 000 000 төгрөгийг яаралтай өгчхөөрэй гэсэн. Л.Гэрлээ нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л.Гэрлээгийн Голомт банкин дахь данс руу Сео клубын урьдчилгаа төлбөр гэж 50 000 000 төгрөг шилжүүлсэн. Миний нэхэмжилж байгаа мөнгө бол О.Анхныбаяр, О.Халиун нарын хувьд өчүүхэн мөнгө бөгөөд төлчихсөн бол би 16 800 000 төгрөгийн зээлийн хүүгийн өрөнд орохгүй байсан. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу 50 000 000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүг Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гэж үзэж Хас банкны хүүгээр тооцон 16 800 000 төгрөг, урьдчилгаанд шилжүүлсэн 50 000 000 төгрөг нийт 66 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50 000 000 төгрөгийг зарлагын баримт дээр Баатархүү гэх хүний нэрээр шилжүүлэн Л.Гэрлээгийн дансанд 50 000 000 төгрөг орсон байдаг. О.Анхныбаяр энэ 50 000 000 төгрөг нь Халиун-Од компаниас зээлсэн мөнгөний төлөлтөд орж явж байсан байх гэж тайлбарладаг. 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2075/ч тоот шүүхийн шийдвэрээр Л.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тэрнээс хойш үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байж байгаад мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 7 жилийн дараа өв залгамжлагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Л.Б- нь тус мөнгийг нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгчид хөрөнгө шилжсэн бол түүнтэй холбоотой гомдол гарах хугацааг нарийвчлан заасан. Гэтэл Л.Гэрлээг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд Л.Б- нь холбогдох байгууллагад нь хүсэлт гаргасан зүйл байхгүй. Мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т гомдлын шаардлага гаргаснаас хойш хугацаа дууссан бол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 1 жил гэж заасан байдаг. Өв залгамжлагчийн үүрэг шилжсэн гэж үзэж байгаа бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 330 тоот нотариатын танхимын лавлагааны хариуд өвлөгч О.Анхныбаяр, О.Халиун нарт шилжсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 535 дүгээр зүйлийн 535.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Анхныбаяраас 50 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Анхныбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаартай шийдвэрийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг тус шүүхэд гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэргийн материалаас үзэхэд Л.Гэрлээгийн дансанд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баатархүү-с Сео клубын урьдчилгаа гэсэн утгатай орлого орсон байдаг бөгөөд Л.Б- нь 50 000 000 төгрөг шилжүүлээгүй байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр дээр дүгнэлт хийж, 50 000 000 төгрөгийг Л.Б- нь Л.Гэрлээд шилжүүлсэн нь нотлогдсон гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана, 536.2-т "Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно" гэж тус тус заасан. Л.Гэрлээ нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 зүйлд "Өвлүүлэгч нас барсан өдрөөс, ... өв нээгдэнэ" гэж заажээ. 2012 онд Л.Гэрлээгийн өв нээгдсэн байхад шүүх Л.Б-ы гомдлын шаардлага гаргах хугацаанд огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрээ гаргасан. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсгийг баримтлан О.Анхныбаяраас 50 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Л.Гэрлээгийн өв залгамжлагч нь О.Анхныбаяр болон О.Халиун нар бөгөөд Иргэний хуулийн 535.2-т "Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ" гэж заасан байтал зөвхөн О.Анхныбаяраас 50 000 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн болно. Шүүхээс хууль буруу хэрэглэж, бодит дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч О.Анхныбаярт холбогдуулан 66 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь нэхэмжлэлдээ 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн данснаас 50 000 000 төгрөгийг авч, Голомт банк дахь Л.Гэрлээгийн дансанд Т.Баатархүүгээс Сео клубын урьдчилгаа төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн гэж тайлбарласан байна. /хх-ийн 17-18 дугаар тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б- нь Л.Гэрлээгийн дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул түүний хууль ёсны өвлөгч О.Анхныбаяраас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, хариуцагч нь Л.Гэрлээгийн дансанд нэхэмжлэгч Л.Б-аас 50 000 000 төгрөг шилжиж ирээгүй, Т.Баатархүүгээс орсон мөнгө гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Баатархүү нь Сео клубын урьдчилгаа төлбөр 50 000 000 төгрөгийг талийгаач Л.Гэрлээгийн дансанд шилжүүлсэн, эсхүл нэхэмжлэгч Л.Б- нь өөрийн 50 000 000 төгрөгийг Т.Баатархүүгийн нэрээр Сео клубын урьдчилгаа төлбөр гэж Л.Гэрлээгийн дансанд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. /хх-ийн 17-18 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Г.ДАВААДОРЖ