Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00367

 

   Л.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2181 дүгээр магадлалтай,

Л.Б-ы нэхэмжлэлтэй,

О.А-т холбогдох,

66.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б- түүний өмгөөлөгч С.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 10 дугаар сард Л.Гэрлээ эгчтэй ярьж тохироод Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр байрны 1 давхрын 185 м.кв талбай бүхий байрыг 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, засч тохижуулан Сео нэртэй клубын үйл ажиллагаа эхлүүлсэн. Ингээд 2011 оны 9 дүгээр сард Л.Гэрлээ эгч тус байрыг худалдана гэсэн зар өгсөн байсан учир эгчтэй уулзаад үнэ тохироод 50.000.000 төгрөгийн урьдчилгаагаа өгсөн. Гэтэл энэ дундуур нь О.А- орж ирээд үнийг нь нэмж, улмаар үнэ тохиролцоогүй учир зарахгүй гэж хэлсэн. Тухайн үед О.А-т засвар хийсэн мөнгөө нэхэхгүйгээр клубыг түлхүүртэй нь хүлээлгэн өгч, миний урьдчилгаанд өгсөн 50.000.000 төгрөгийг яаралтай өгчхөөрэй гэсэн.

Л.Гэрлээ нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л.Гэрлээгийн Голомт банкин дахь данс руу Сео клубын урьдчилгаа төлбөр гэж 50.000.000 төгрөг шилжүүлсэн. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу 50.000.000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүг Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гэж үзэж Хас банкны хүүгээр тооцон 16.800.000 төгрөг, урьдчилгаанд шилжүүлсэн 50.000.000 төгрөг нийт 66.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.        

Хариуцагч О.А- шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50.000.000 төгрөгийг зарлагын баримт дээр Баатархүү гэх хүний нэрээр шилжүүлэн Л.Гэрлээгийн дансанд орсон байдаг. Энэ 50.000.000 төгрөг нь Халиун-Од компаниас зээлсэн мөнгөний төлөлтөд орж явж байсан байх гэж тайлбарладаг. 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2075/ч тоот шүүхийн шийдвэрээр Л.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгчид хөрөнгө шилжсэн бол түүнтэй холбоотой гомдол гарах хугацааг нарийвчлан заасан. Гэтэл Л.Гэрлээг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд Л.Б- нь холбогдох байгууллагад нь хүсэлт гаргасан зүйл байхгүй. Мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т гомдлын шаардлага гаргаснаас хойш хугацаа дууссан бол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 1 жил гэж заасан байдаг. Өв залгамжлагчийн үүрэг шилжсэн гэж үзэж байгаа бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 330 тоот нотариатын танхимын лавлагааны хариуд өвлөгч О.А-, О.Халиун нарт шилжсэн байдаг.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 535 дүгээр зүйлийн 535.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А-аас 50.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 407.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2181 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны сарын 24-ний өдрийн 2181 тоот магадлалыг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Л.Б- нь өөрийн төрсөн эгч Л. Гэрэлийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 2 дугаар орц, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 185 м.кв талбай бүхий Сео нэртэй клубыг түрээсэлж байсан юм. Улмаар 2011 оны 10 дугаар сард уг байрыг худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд нь 50,000,000.00 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л.Гэрэлийн Голомт банкин дахь 1605014872 тоот дансанд бэлнээр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн төрсөн эгчийн охин О.А- нь тухайн байрыг өөр хүнд зарсан тул суллаж өг гэж шаардсаны дагуу 2012 оны 3 дугаар сард суллаж өгсөн бөгөөд Л. Гэрэлгийн Голомт банкин дахь дансанд тушаасан 50 сая төгрөгийг О. Анхныбаяраас гаргуулахаар 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуралдаан болж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн /Тухайн үеийн/ 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2075/11 тоот шийдвэр гарсан. Хариуцагч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд хариу тайлбар гомдол гаргахдаа ...нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн байна, мөн Л. Болдсайханы 50.000.000 төгрөгийг Халиун-Од компаниас зээлсэн мөнгөний төлөлт гэж үздэг тухайгаа, О. Халиун нь хамтран хариуцагчаар оролцох тухай мэдүүлж, тайлбарладаг. Энэхүү үйл баримт нь дээрх 50.000.000 төгрөг нь Л. Болдсайханы мөнгө гэдгийг хариуцагч О.А- мэддэг бөгөөд улмаар тодорхой нөхцөл журмаар төлөхөө илэрхийлж байсан. /2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл/ Анх нэхэмжлэгч Л. Болдсайхан нь өөрийн төрсөн эгч Л. Гэрэлийн дансанд “Сео” клубын урьдчилгаа төлбөр 50.000.000 сая төгрөгийг шилжүүлж, улмаар дээрх мөнгийг түүний төрсөн охин О. Анхныбаяраас 2013 оны 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан хэдий ч өвлөх эрхийн гэрчилгээ авагдаагүйгээс үүдэн /өв залгамжлалын асуудал шийдэгдээгүй/ О. Анхныбаярыг хариуцан зохих этгээд биш гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн 2181 тоот магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01753 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч О.А-аас 66.800.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...Л.Гэрлээгийн үүргийг өвлөн авсан” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...нэхэмжлэгч нь Халиун-Од ХХК-с зээлсэн мөнгөө төлсөн, уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй, ...О.А-, О.Халиун нар өвлөгч” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх “...О.А- нь Л.Гэрлээгийн хууль ёсны өвлөгч, ...хөрөнгүүдийг өвлөн авсан” гэж үзэж, нэхэмжлэлээс 50.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Л.Б-ы ХХБ дах данснаас 2011 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 50.000.000 төгрөгийн зарлагын, мөн өдөр Л.Гэрлээгийн Голомт банк дах дансанд Т.Баатархүүгээс Сео клубын урьдчилгаа төлбөр гэсэн утгаар 50.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгджээ.

Л.Гэрлээ нь Л.Б-ы төрсөн эгч бөгөөд тэрээр 2012 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр нас баржээ /хэргийн 18, 19, 45, 59 дүгээр тал/.       

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “...эгчтэй ярьж тохиролцоод Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр байрны 1 давхрын 185 м.кв талбай бүхий байранд хөрөнгө оруулалт хийж засч тохижуулан Сео нэртэй клуб ажиллуулж байсан, ...уг байрыг зарна гэсэн тул урьдчилгаанд 50.000.000 төгрөг шилжүүлсэн, ...эгч нас барсан тул уг мөнгийг хөрөнгийг нь өвлөн авсан О.А-аас шаардаж байна” гэснээс үзвэл тэрээр өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөн авсан хууль ёсны өвлөгчөөс төлбөр шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.А- нь талийгаач Л. Гэрлээгийн төрсөн хүүхэд буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин дээрх 50.000.000 төгрөгийг хэн шилжүүлсэн болох, хариуцагч уг мөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Т.Баатархүүгийн нэрээр шилжсэн дээрх мөнгийг нэхэмжлэгчийнх гэж үзэх, тэрээр уг мөнгийг шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.-д зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ Хариуцагчийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээ тодорхой бус байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна.

Хэргийн 6 дугаар талд авагдсан Монголын нотариатчдын танхимын 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 330 дугаар албан бичигт Д.Гэрлээгийн өмчлөлийн “Халиун-од” ХХК-ийн 1 ш нь 10000 төгрөгийн үнэ бүхий нийт 10 сая төгрөгийн 100 ш хувьцааг охин О.Халиун, О.А- нар өвлөж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаар дурдсан байх ба О.Халиун тухайн компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, О.Халиун өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй  тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 408.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ