Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2018/01753

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг угаар хороо, дугаар хороолол, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Л.Б-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг хороо, дугаар байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт О.А-т холбогдох

 

Хууль ёсны өвлөгчөөс 50,000,000 төгрөг, хохиролд 16,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 10 дугаар сард Л.Г эгчтэй ярьж тохироод Баянгол дүүргийн 2 дүгээр хороо, 14 дүгээр байрны 1 давхрын 185 м.кв талбай бүхий байрыг 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, засч тохижуулан Сео нэртэй клубын үйл ажиллагаа эхлүүлсэн. Тухайн үед би эгчтэйгээ боломжтой болохоороо худалдан авна гэж тохиролцсон. Ингээд 2011 оны 09 дүгээр сард Л.Г эгч тус байрыг худалдана гэсэн зар өгсөн байсан учир эгчтэй уулзаад үнэ тохироод 50,000,000 төгрөгийн урьдчилгаагаа өгсөн. Гэтэл энэ дундуур нь О.А орж ирээд үнийг нь нэмж, улмаар үнэ тохиролцоогүй учир зарахгүй гэж хэлсэн. Тухайн үед О.Ат засвар хийсэн мөнгөө нэхэхгүйгээр клубыг түлхүүртэй нь хүлээлгэн өгч, миний урьдчилгаанд өгсөн 50,000,000 төгрөгийг яаралтай өгчихөөрэй гэсэн. Л.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л.Гийн Голомт банкин дахь данс руу Сео клубын урьдчилгаа төлбөр гэж 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний нэхэмжилж байгаа мөнгө бол О.А, О.Халиун нарын хувьд өчүүхэн мөнгө бөгөөд төлчихсөн бол би 16,800,000 төгрөгийн зээлийн хүүгийн өрөнд орохгүй байсан. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу 50,000,000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн өдрөөс  2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүг Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол гэж үзэж Хас банкны хүүгээр тооцон 16,800,000 төгрөг, урьдчилгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөг нийт 66,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Аын төлөөлөгч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50,000,000 төгрөгийг зарлагын баримт дээр Баатархүү гэх хүний нэрээр шилжүүлэн Л.Гийн дансанд 50,000,000 төгрөг орсон байдаг. О.А энэ 50,000,000 төгрөг нь Халиун-Од компаниас зээлсэн мөнгөний төлөлтөд орж явж байсан байх гэж тайлбарладаг. 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2075/ч тоот шүүхийн шийдвэрээр Л.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тэрнээс хойш үүнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байж байгаад мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 7 жилийн дараа өв залгамжлагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Л.Б нь тус мөнгийг нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн 135 дугаар зүйлд өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгчид хөрөнгө шилжсэн бол түүнтэй холбоотой гомдол гарах хугацааг нарийвчлан заасан. Гэтэл Л.Гийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд Л.Б нь холбогдох байгууллагад нь хүсэлт гаргасан зүйл байхгүй. Мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т гомдлын шаардлага гаргаснаас хойш хугацаа дууссан бол шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 1 жил гэж заасан байдаг. Өв залгамжлагчийн үүрэг шилжсэн гэж үзэж байгаа бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 330 тоот нотариатын танхимын лавлагааны хариуд өвлөгч О.А, О.Халиун нарт шилжсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй  болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч О.Ат холбогдуулан хууль ёсны өвлөгчөөс 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 16,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч О.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Л.Б нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж  маргаж байна.

 

Нэхэмжлэгч Л.Б 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн данснаас 50,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гаргаж, Голомт банкин дахь дансанд Сео клубын урьдчилгаа төлбөрт гэж шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг Л.Ггийн хууль ёсны өвлөгч О.Ааас шаардаж байгаа нь Худалдаа хөгжлийн банкны зарлагын баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/ нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Харин хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд Л.Б нь Л.Гийн  дансанд 50,000,000 төгрөгийг “Сео клубын урьдчилгаа төлбөрт” гэж тушаасан болох нь Голомт банкны орлогын мэдүүлгээр, Л.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд Л.Б нь дээрх 50,000,000 төгрөгийг Л.Гийн өвлөгч нарт холбогдуулан жич нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлж болно” гэж дүгнэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн  төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байна.

 

Монголын Нотариатчдын танхимын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 330 тоот лавлагаанд “2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан Л.Г ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй Х ХХК-ийн 1 ширхэг нь 10000 төгрөгийн үнэ бүхий нийт 10,000,000 төгрөгийн 100 ширхэг хувьцааг охин О.Х, охин О.А нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Н.Алтанцэцэг 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өв залгамжлалын 04, 05 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. улсын бүртгэлийн дугаартай дүүгийн хороо, хороолол гудамж байр тоот хаягт байрлах автозогсоол, улсын бүртгэлийн дугаартай дүүргийн байр тоот хаягт байрлах автозогсоол, улсын бүртгэлийн дугаартай дүүргийн хороо, байр тоот хаягт байрлах автозогсоолыг тус тус охин О.А-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг дүүргийн тойргийн нотариатч Д.Б 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өв залгамжлалын 17, 18, 19 дүгээрт бүртгэж гэрчилсэн байна. гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай дүүргийн хороо, гудамж байр тоот хаягт байрлах 190.2 м.кв 5 өрөө орон сууц, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай аймгийн сум, 9-41-14, 15 тоот хаягт байрлах 1193,5 м.кв газар эзэмших эрхийг охин О.А-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ц.Э 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өв заламжлалын 09, 10 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. гэрчилгээний дугаартай дүүргийн 10-р хороо цэцэрлэгийн баруун талд байрлах 2200 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай дүүргийн хороо, байр тоот хаягт байрлах м.кв орон сууцыг охин О.А-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ц.Э 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өв залгамжлалын 25, 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна” гэжээ.

 

Дээрх лавлагаанд хууль ёсны өвлөгч О.А, О.Х нар дүүрэгт бүртгэлтэй Х ХХК-ийн 1 ширхэг нь 10,000 төгрөгийн үнэ бүхий нийт 10,000,000 төгрөгийн 100 ширхэг хувьцааг тэнцүү хэмжээгээр, бусад эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч О.А өвлөн авчээ.

 

Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаар Л.Гийн хууль ёсны өвлөгч О.А 50,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.П нь дүүгийн дүгээр хороо, хороолол гудамж  дүгээр байр зоорийн давхрын  тоот хаягт байрлах, 15м.кв талбайтай улсын бүртгэлийн дугаартай автозогсоол 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, О.Х, О.А нарын нэр дээр бүртгэгдсэн, дүүргийн хороонд байршилтай нэгж талбарын  дугаартай газар эзэмших гэрээнд О.Х, О.А  нар гарын үсэг зурсан гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тоот шийдвэрийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талууд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурсан байх ба өвлөгч О.А 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өв залгамжлалаар өвлөн авсан эд хөрөнгөдөө Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан нь өмчлөгч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч О.Ааас 50,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгох үндэстэй.

 

Хохиролд 16,800,000 төгрөг гаргуулах тухай

нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч О.Ат холбогдуулан хохиролд 16,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 50,000,000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны нэг сарын зээлийн хүүг 1,000,000 төгрөгөөр тооцож шаардсан гэж, харин түүний өмгөөлөгч С.Батболд нь хариуцагч О.А 2012 онд Л.Бы анхны шаардлагаар үүргээ гүйцэтгэж 50,000,000 төгрөгийг төлсөн бол зээлийн хүү төлж хохирохгүй байсан тул хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шаардаж байна гэж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

 

Хууль ёсны өвлөгч О.Ат 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд өв залгамжлалын гэрчилгээнүүд олгогджээ.

 

Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний  хуулийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжлэх эрхгүй байна. Иймд хариуцагч О.Ат холбогдох хохиролд 16,800,000 төгрөг гаргуулах тухай Л.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 535 дүгээр зүйлийн 535.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ааас 50,000,000 / тавин сая / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ